VOO original series, Oi entertainment-ийн бүтээл “No Rules” олон ангит киноны 2-р бүлэг “New word” нэртэйгээр эргэн ирлээ. Тус кино эхний бүлгээ хийснээсээ хойш үзэгчдийн анхаарлыг ихэд татаж, кино шүүмжлэгчдээс өндөр үнэлгээг аваад байсан юм.
Киноны тухай товч танилцуулга: Эрдэс хот нь хууль, дүрэм журамтай боловч хууль сахиулах хүчнийхэн мөнгөтэй хүмүүсийн талд үйлчилдэг, гэмт хэргийн бүлэглэлүүд хүчирхэгжсэн хот юм. Хилс хэргээр баривчлагдсан Хүлэгийн эсрэг талд хар тамхи, хориотой наймаа, авлигын мафи байх бөгөөд үнэн, шударга ёсны төлөөх тэмцэл хурцаар өрнөнө. Дүрэмтэй хэрнээ “дүрэмгүй” Эрдэс хотын гэмт бүлэглэлийн эсрэг мөрдөгч Хангай, хэлмэгдсэн Хүлэг нар хамтран тэмцэнэ.
Нээлтээсээ өмнө бүтээлээ толилуулав
Тус уран бүтээлийн нээлтийн үйл ажиллагаа 2023.03.09-ны үдэш Корпорат зочид буудалд боллоо. Арга хэмжээнд олны танил эрхмүүдээс гадна уран бүтээлчдийн гэр бүл, ойр тойрных нь хүрэлцэн иржээ.
Дүрийн чиг үүргүүд өмнөх бүлгээсээ л тодорхой байсан. Энэ удаа ч гэсэн эсрэг талын дүрүүдийг илүү хурц тусгаж өгсөн нь эерэг дүрээ тодотгож өглөө. “Эрдэс” хэмээх зохиомол хотод өрнөдөг тус киноны зураг авалт хаана хэрхэн хийгдсэн нь үзэгчдийн анхаарлыг татсаар байгаа. Тэгвэл зураг авалтыг Улаанбаатар хотын хамгийн нууцлаг, сонирхолтой объектууд дээр хийжээ. Мэдээж нэмэлт засал чимэглэл хийж, цоо шинэхэн хотыг нийслэлдээ бүтээсэн. Товчхондоо Улаанбаатар хотод “Эрдэс” гэдэг шинэхэн хот үүссэн гэсэн үг.
Мөн хоёрдугаар бүлэгт шинэлэг олон зүйлсийг тусгаж өгсны нэг нь метроны буудал байв. Ер нь л мөнгөн тэмдэгтээсээ эхлээд бүхий л зүйлс монгол ахуйгаас өөр, содон ертөнцийг илэрхийлнэ. Киноны нэгдүгээр бүлгийн агуулга, жүжигчдийн нүүр хувиргалт, үйл явдал, өрнөл гээд бүх зүйлс нь үзэгчдийн шар үсийг босгож байсан. Гэхдээ олон үзэгчдийн байр суурь гэхээсээ илүү сурвалжлагч миний тухайн үеийн мэдрэмж байсныг ч үгүйсгэхгүй. Хоёрдугаар бүлгийг миний хувьд ний нуугүй хэлэхэд эсрэг дүрийн баатраар хөглөгдөж үзэв. Тэр баатар киног жинхэнэ утгаар нь чимэж байна лээ. Угаас “No Rules”-ын гол илэрхийлэмж нь эсрэг дүрүүдээр тодорно. Хар бараан хүнд үзэгдэл байсхийгээд давтагдах ч хайр дурлал, гэрэл гэгээтэй сценүүд хамгийн нандин хэсэг болон үзэгчд фенүүдийнх нь сэтгэлд мөнхөрнө.
“Oi” entertainment эхний 2 ангиа ирсэн зочиддоо дэлгэсэн. Киног 2 цаг гаруй хугацаанд үзэж сонирхсон надад үргэлжлэл төгслөл таамаг төдий үлдэв. Өөрөөр хэлбэл кино цааш яаж өрнөхийг мэдэхгүй юм. Үүгээр өгүүлэмж өндөртэй кино гэдгийг хэлэхийг хүслээ.
Өөрийнхөө дүрээр хэлэх гэсэн санаагаа гайхалтайгаар илэрхийлж үзэгчдийн сэтгэлд хүрч чадсан жүжигчдийн нэг бол яахын аргагүй Билэгтийн дүрд тоглосон жүжигчин Б.Болорчулуун байлаа. Ингээд киноны гол дүр Б.Болорчулуунтай цөөн хором ярилцлаа.
Б.Болорчулуун: Хөлөндөө бэртэлтэй киногоо үргэлжлүүлэх л хамгийн хүнд байсан
Өмнө нь ихэвчлэн эерэг гэгээлэг дүрүүдэд тоглож байсан уран бүтээлч залуу “No Rules” кинонд хэрцгий алуурчны дүрд тоглоно. Хүчтэй эсрэг талын дүр бөгөөд киноны эхний ангийг үзэхэд Билэгтийн дүрээс харцаа ч салгаж чадаагүйгээ нуухгүй. Хоёрдугаар цувралд түүний дүр бүр төгсрөнө. Тэр харц, биеийн хэлэмж, өгүүлэмж, хөдөлгөөн… Дүрийг эзэгнэх гэдэг л энэ байх.
Уран бүтээлчийн хувьд хамгийн анхны эсрэг талын дүрээ чадварлагаар бүтээлээ гэж харж байна. Сэтгэгдэл өндөр үү?
Би өөрийгөө дүр бүтээсэн гэж хэлэхгүй. Дүр бүтээх тал дээр арай болоогүй байх гэж чамлаж байгаа.
Найруулагч маань киноны дүрүүд дээр тулж чадварлаг ажилласан. Миний дүр бол нэмэх, хасах хязгаар зөв, буруу гэж байдгийн хар бараан, мууг нь харуулдаг. Билэгт гэдэг хүн яагаад ийм хүн болох болсон талаарх замналыг хоёрдугаар бүлэгт илүү гаргах болно. Мэдээж ийм замаар явах юм бол ихийг алдана. Буруу замаар явбал ийм үр дүнд хүрнэ гэдгийг илүүтэй харуулахыг уран бүтээлчдийн зүгээс зорьж ажилласан. Үзэгчдэд нэгийг бодогдуулж, хоёрыг тунгаах уран бүтээл хийсэн гэдэгт итгэлтэй байна.
Олон ангит кино хийнэ гэдэг амаргүй. Зураг авалтын үеэр танд хүндрэлтэй асуудал юу байв.
Хөлны жагтан холбоос тасарч бэртэл авсан. Хагалгаанд ороод 3 сар гам барих ёстой болсон. Гэвч бидний хувьд зураг авалтаа зогсоох цаг хугацаа байхгүй тул би үргэлжлүүлэн зураг авалтандаа орсон.
Кинон дээр гарах Билэгтийн дүр жүжигчин Б.Болорчулуун хоёрт адилхан зан чанар байгаа юу?
Билэгтэд надтай адилхан нэг ч зүйл байхгүй. Эсрэг тэсрэг, газар, тэнгэр шиг л хоёр туйл хэмээн бодогдсоор ирсэн. Эхний бүлэг дээр энэ дүрийг аваад ажиллахад өөртөө нэлээн итгэлгүй байсан. Гэхдээ хувь уран бүтээлчийнхээ хувьд дүрээ илүү сайн бүтээхийг зорьж ажилласан.
“No Rules” олон ангит киноны бэлтгэл ажил, зураг авалт гээд хэр их хугацааг зарцуулсан бэ?
“No Rules” кино бүтэн 3 жил 6 сарын төсөл болжээ. 2020 онд эхний бүлгээ эхэлж байсан. Одоо 2023 онд хоёрдугаар бүлэг маань гарлаа. Тэгэхээр цаг хугацааны хувьд удаан бэлтгэгдэж, өндөр шаардлага тавьсан. Уран бүтээлчид бүхий л зүйлээ зориулж, усалж хийсэн болохоор үзэгчдэд хүрч 2 дахь бүлгээ гаргаж чадлаа. Ам бардам хэлэхэд, энэ цуврал маань нэгдүгээр бүлгээ давсан уран бүтээл болсон.
Нууц биш бол “Oi” entertainment-ийн дараагийн уран бүтээл төлөвлөгдсөн байгаа юу?
2024 он хүртэлх “Oi” entertainment-ийн уран бүтээлийн ажлын төлөвлөгөө төлөвлөгдсөн байгаа.
Төрөл жанрыг нь хэлээд хэрэггүй байх. Тун удахгүй шинэ 16 ангитай уран бүтээлээрээ дахин үзэгчидтэйгээ уулзах болно. Бид бэлтгэл, ажил зураг авалтдаа орчихсон байгаа. Мөн гадаадын 2-3 орон руу очиж судалгаа хийхээр төлөвлөж байна.
More from Шүүмж
ЦЕМЕНТ БА БОДЛОГЫН ЗӨРҮҮ
Олон нийтийн сүлжээгээр олны танил “нөлөөлөгч” эрхэм нэгэн бичлэг постолсноор хэсэгтээ Монголчуудыг ярих сэдэвтэй байлгав. Уг бичлэгт дотоодын цементний үнэ …
ОНЦЛОХ СУРВАЛЖИЛГА: “БҮТээлч БолГОЁ”
Урин дулаан цаг ирсэнтэй зэрэгцэн зуны фестиваль, шоу, арга хэмжээнүүд өргөн хүрээнд зохион байгуулагдсаар байна. Тэр дундаа нийслэлчүүддээ соёлыг түгээх …
ШӨНӨ БУУСАН ААДАР: БҮХ ЖҮЖИГЧИДДЭЭ АЛГА ТАШИЦГААЯ
Өрхийн тэргүүн гэр бүлээ бүтэн байлгах ёстой юу? Хайртай хүмүүс чинь эвдрэлцэж, муудалцаж, хайрыг ойлгохоо больчихвол та юу хийх вэ? …