Монголд кино үзээд хэрэггүй, цагийн гарз гэдэг үг ард хоцорчээ. Цаг хугацаа өнгөрөх тусам тайз, дэлгэцийн уран бүтээл илүү өндөр шаардлагыг хангаж байна. Тэгвэл урлагийн салбарт олон арван уран бүтээлээ үзэгч олонд хүргэж байдаг “Эмоци” продакшн 10 жилийн нүүрийг үдлээ.
Тус продакшн 10 жилийнхээ ойн хүрээнд “Баян боол” уран сайхны киног бүтээжээ. Киноны нээлт гуравдугаар сарын 3-ны өдрийн 17:30 цагт Корпорэйт Конвэйншн центрт боллоо. Энэ үдэш олны танил эрхмүүд киног үзэхээр уригдан ирсэн харагдана. Мөн ирсэн зочдоо коктейлиор дайлан, дуучид уран бүтээлээ хүргэж байгаа нь нээлтийг улам илүү чимж өгсөн юм.
БАЯН ХҮН БООЛ БАЙЖ БОЛОХ УУ?
2019 онд ОХУ-д анх хийсэн “Холоп” киноноос сэдэвлэн, албан ёсны эрхтэйгээр бүтээсэн “Баян боол” киног “Хүлэгү пикчерс”, “Милл” кино компани, “Эмоци” продакшн хамтран бүтээжээ.
Нэрнээсээ aвхуулаад үзэгчдийн анхаарлыг өөртөө татаж байгаа тус уран бүтээл нь хүнд зайлшгүй байх ёстой чухал чанарыг энгийнээр харуулсан. Мөн хэт их мөнгөнөөс болж амьдралыг үнэлэх үнэ цэнэ, өөрийгөө алдаж болохгүй гэх гэгээрлийг үзэгчдэд илүү хүргэхийг зорьжээ.
Ямар ч хүнийг хайр өөрчилж чаддаг гэдгийг харуулж чадсан тус уран бүтээл олон хүний сэтгэлийн утсыг хөндөж, нэгийг бодогдуулсан гэдэгт итгэлтэй байна.
ТӨГС БАЙГАЛИЙН ҮЗЭМЖ
Зураг авалтын объект ирсэн үзэгчдийн анхаарлыг ихээхэн татсан юм. Үзэсгэлэнт байгалийн зураг авалт үнэхээр л киног гайхалтай харагдуулж байсан. Мөн кино бол хамтын уран бүтээл байдаг. “Баян боол” киноны зураачийн багийнхан зураг авалт эхлэхээс 1 сарын өмнө эзэнгүй хээр талд өөрсдөө хүрээ барьж тосгоноо босгосон байна. Киноны зураг авалтыг Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд хийжээ.
Байгалийн өнгийг кинонд илүү тусгаж өгсөн нь хүн мөнгөнөөс болж байгалиас авах мэдрэмжээ алдаж болохыг харуулсан. Дараа нь илүү байгальтай ойр болоход тэр мэдрэмжийг бага багаар авч өөрийгөө илүү таньж мэдэх өнцгийг өгсөн мэт санагдлаа. Амьдралдаа зоригтой алхам хийж өөрийгөө ялан дийлэх нь ямар чухал болохыг ч кинонд тусгаж өгсөн байна. Ингээд бодохоор тус бүтээл үнэхээр 10 жилийн хөдөлмөрийг харуулж буй бүтээл мэт санагдана.
“Баян боол” кинонд эмэгтэй гол дүрийг бүтээсэн Жүжигчин Б.Номинтой уулзаж товчхон хэдэн асуулт асууж ярилцлаа.
Б.НОМИН: ХАЙР ХҮНИЙГ ӨӨРЧИЛЖ БОЛДОГ
“Баян боол” МУСК-ны нээлт, мөн “Эмоци” продакшны 10 жилийн ойн баяр болж байгаад баяр хүргэе. Та энэ үдшийн сэтгэгдлээсээ хуваалцаач.
Өнөөдөр “Эмоци” продакшны маань 10 жилийн ой болж байна. 10 жилийнхээ ойд зориулсан мөн 2023 оны хамгийн анхны бүтээлээ маш амжилттай хийж үзэгчдэдээ хүргэлээ. Нэг ёсондоо айдас, догдлол гээд бүх юм давхадсан өдөр байлаа. Үнэхээр гайхалтай үдэш тохиож байна.
Гол дүрд тоглосон сэтгэгдэл болон өөрийн дүрийн онцлогийн талаар үзэгчидтэй хуваалцаач.
Мэдээж маш том уран бүтээлд гол дүрийн ролийг авахад хамгийн эхэнд хариуцлагатай, чадварлаг ажиллах хэрэгтэй юм байна гэж бодсон. Мөн миний дүр эгэл жирийн монгол бүсгүйн дүр байгаа. Хайр хүнийг өөрчилж болдог гэдгийг киногоороо дамжуулан харуулахыг зорьсон. Эд мөнгөн дээр амьдрал тогтдоггүй, амьдрал гэдэг олон зүйлээр баялаг байдаг гэдгийг залуучууд болон залуу хосууд маань энэ киноноос ойлгоосой гэж хүсэж байна.
Кино зураг авалтыг хийхэд хэр их хугацааг зарцуулсан вэ?
“Баян боол” киноны зураг авалт, бэлтгэл ажил нийлээд 3 сарын хугацааг зарцуулсан. 1 сарын хугацаанд киноны зураачийн багийнхан хот хүрээ босгох том ажлыг дааж хийсэн. Мөн жүжигчид, арын албаныхан нэг сарын хугацаанд хээр талд байршиж ажилласан. Бас хотын зураг авалт гээд мөн нэг сарын хугацааг зарцуулж 3 сарын хугацаанд нэгэн уран бүтээл үзэгчдийн хүртээл болон амиллаа.
Таны хувьд кино зураг авалтын хамгийн хүнд сцень ямар хэсэг байсан вэ?
Киноны маань зураг авалтыг 9 сарын сүүлээр хийсэн. Тухайн үед хангай газар зураг авалттай болохоор хүйтэн болчихсон байлаа. Энэ үед бүх эмэгтэй жүжигчид маань дан дээлтэй, нимгэн хувцастай зураг авалтаа үргэлжлүүлж байсан. Хүнд хэцүү мэт санагдаж байсан ч эргээд харахад маш том дурсамж болон үлджээ. Хамтын бүтээл гэдэг тэр үедээ л хэцүү мэт санагдаж байдаг хэрнээ даваад гарсан байхад маш сайхан мэдрэмж, дурсамжуудыг амьдралд бий болгож байдаг.
Амжилттай яваа хүний ард дэмжигч, туслагчид байдаг. Таныг хамгийн ихээр дэмжиж, тусалж байсан хүн тань хэн вэ?
Аав, ээж болон нөхөр, хоёр хүү маань намайг хамгийн ихээр дэмжсэн. Хүдэр сум руу 1 сарын хугацаатай хоёр хүүгээ орхиод явсан. Энэ хугацаанд хүүхдүүдээ санаж уйлах тохиолдол энүүхэнд л байлаа. Яг ард маань асаалттай байж хүүхдүүдийг маань харж өгсөн хоёр ээж дээ, мөн нөхөртөө энэ боломжийг ашиглаад үнэхээр их баярлалаа гэж хэлмээр байна.
Нууц биш бол дараагийн уран бүтээлийн төлөвлөгөөгөө гаргасан байгаа болов уу ?
Тун удахгүй “Эмоци” продакшн маань шинэ тайзны уран бүтээлээ үзэгч олондоо хүргэхээр бэлдэж байгаа. Жүжиг үү? шоу тоглолт уу ? гэдгийг нууц хэвээр нь үлдээе.
Танаас үлгэрлэж байдаг маш олон залуус байгаа. Мөн жүжигчний мэргэжлээр суралцахыг хүсдэг, суралцаж байгаа залууст хандан юу зөвлөмөөр байна вэ?
Хүн өөрийнхөө дуртай зүйлийг хийж амьдрах ёстой гэж би боддог. Юу хүсэж байгаа гэдгээ сайн ойлгоод мэргэжлээ сонгох хэрэгтэй. Хэн нэгний үгэнд автаж битгий мэргэжлээ сонгоорой гэж зөвлөмөөр байна.
Чи өөрийнхөө амьдралыг чи өөрөө шийдэх болохоор хэн нэгний нөлөөнд бүү автаарай. Өөрөө өөртөө үнэнч байгаарай гэж хэлье.
Бэлтгэсэн:Н.Цацрал
More from Шүүмж
ЦЕМЕНТ БА БОДЛОГЫН ЗӨРҮҮ
Олон нийтийн сүлжээгээр олны танил “нөлөөлөгч” эрхэм нэгэн бичлэг постолсноор хэсэгтээ Монголчуудыг ярих сэдэвтэй байлгав. Уг бичлэгт дотоодын цементний үнэ …
ОНЦЛОХ СУРВАЛЖИЛГА: “БҮТээлч БолГОЁ”
Урин дулаан цаг ирсэнтэй зэрэгцэн зуны фестиваль, шоу, арга хэмжээнүүд өргөн хүрээнд зохион байгуулагдсаар байна. Тэр дундаа нийслэлчүүддээ соёлыг түгээх …
ШӨНӨ БУУСАН ААДАР: БҮХ ЖҮЖИГЧИДДЭЭ АЛГА ТАШИЦГААЯ
Өрхийн тэргүүн гэр бүлээ бүтэн байлгах ёстой юу? Хайртай хүмүүс чинь эвдрэлцэж, муудалцаж, хайрыг ойлгохоо больчихвол та юу хийх вэ? …