Түүнийг дуулж эхлэхэд уул тал өндөлзөж, намсаж, үүлс хөвж, нуур аяархан мэлмэрнэ. Дуулахад нь хүмүүс нутаг, аав, ээж, тэртээд үлдсэн бага насандаа эрхгүй очно. Хүний зүрхний ховдол бүрээр дуугаа хадааж, сэтгэлийн доторх түмэн үймээнийг онгичихдоо тэр үг бүрийг эгшгээр амилуулан хүний сэтгэл зүрхэнд “өрж”, хоолойныхоо цараагаар амьтай бүхэн рүү түрж дуулна. Түүний цуурайтуулсан аялгуу бүхэн сэтгэлийн нуур руу юүлж, давалгаалж, эргээсээ халина. Монгол Улсын Ардын жүжигчин Шарын Чимэдцэеэ гэх гайхалтай эмэгтэйг бид зуун дамнан ингэж л сонсож ирсэн. Хязгааргүй, төгсгөлгүй, зах нь үл харагдах тал нутаг шиг дуусаж, дундрашгүй, ширгэшгүй хоолойтой тэр өнөөдөр ч залуу сайхан үеийнх шигээ цангинуулан дуулж байна. Харьшгүй авьяас гэж л энэ байх.
Хүний авьяас билиг тулна гэж байдаг бол Ш.Чимэдцэеэ гэх эгэл, энгийн мөртлөө эрхэмсэг энэ эмэгтэйгийнх хэдийнэ тулсан. Сэтгэл сэмлэж бодол хөврөөж дуулна гэдэг хоолойн чадалтайнхаас гадна ухааны цар хүрээ, бие, сэтгэлээрээ аялгуу эгшгээ тээхийн илрэл болов уу. Тэр ингэж л дуулсаар Монголын урлагт 50 жил болжээ. Залуу сайхан наснаасаа эхлэн их урлагт авьяас билгээ “сойж”, давтагдашгүйгээр өөрийгөө бүтээж ирсэн ардын болоод уртын дууны “ээж” түүнийг хөргийнхөө хойморт урьсан минь энэ. Магад түүний хоолой, үзэсгэлэн гоо, авьяас билигт онож буух үггүй ч байж мэдэх. Түүнийг үгээр илэрхийлшгүй байх ч өчүүхэн сэтгүүлчийнхээ хувьд зүрхлэн бичиж сууна.
–ХООЛОЙ ГЭХ ГАЗАР МЭНДЭЛСЭН ХОВОР ДУУЧИН–
“Мандах наран зүгт нутаг минь байдаг юм
Маргах юмгүй тэнд дулаахан байдаг” хэмээн цангинуулах тэр бол мандах наран зүгт буюу Сүхбаатар аймгийн Уулбаян сумын Хоолой гэх газарт төрсөн. 13 хүүхэдтэй айлын дунд охин болон мэндэлсэн тэрбээр төрөхөөсөө л урлагийн хүн байж. Тэгэхээр тэр хүний ертөнцөд дуулах учиртай л мэндэлсэн нэгэн аж. Энэ тухай нэгэн ярилцлагадаа Хоолой гэдэг газар ховорхон сонсогддог нэр. Намайг төрснөөс хойш олон айл тэр газар өвөлжиж байсан ч надаас хойш хүүхэд төрсөнгүй. Цаг нь ирэхээр дуучин хүн төрөх байх аа гэж боддог юм” гэж ярьсан байдаг. 15 настайдаа урлагийн үзлэгт анх удаа “Жаахан шарга” дуугаар оролцсоноос хойш урлагийн зам нь нээгдэж, уртын дуу шуранхайлах болсон тэр л үеэс урлагтай амьдрал, хувь заяагаа холбох болжээ. Монгол төдийгүй дэлхийг уртын дуугаар “нурааж” явсан Н.Норовбанзад эрхмийн шавь болж, гайхамшигтай өв соёлыг тээх үүргийг авьяас болоод хувь тавилан нь түүнд “оногджээ”.
Ингээд л түүний хоолойны цар хүрээ, хязгааргүйн чанадаар “Уяхан замбуу тивийн наран”, “Үлэмжийн сайхан хорвоо”, “Тэнгэр ээж минь өршөө”, “Тэнгэрийн нулимс шиг аялгуу”, “Сэцэн мандухай”, “Гүнзгий зүрхний амраг”, “Тэмээн зэрэглээ”, “Бэрийн өглөө”, “Хослон жаргая”, “Бүсгүй хүний заяа”, “Алсын газрын зэрэглээ”, “Мандах наран зүгт нутаг минь байдаг”, “Бүүвэйн дуу”, “Жаахан шарга”, “Алгирмаа”, “Ээжийнхээ ачийг яалаа даа” дууг сонсох хувь тавилан бидэнд ч “оногдсон” билээ. Иймээс бид азтай. Нүдээ аниад сонсоход, эхлэл, өрнөл, төсгөлийн зайд бийрээр зураг зурж байгаа мэт амилуулах хоолойны ай савд саатаж, уйлж, дуулж, өмөрч, сэмэрч сууна гэдэг үнэхээр том хувь заяа. Ийм л гайхамшигтай, увдис дүүрэн. Ер үлэмжийн сайхан хорвоодоо тэнгэрийн нулимс шиг аялгууг дуулах л гэж ирсэн мэт “цэлэлзэн мэлтэлзэж”, “урсаж” дуулахыг нь яана.
–ЭЭЖЭЭС ЭХЛЭЛТЭЙ ҮЗЭСГЭЛЭН ГОО–
Залуудаа харчуулын нүдийг унагаж, халуун гол шиг зүрх сэтгэлд нь төрх байдлаараа ч, дуу хоолойгоороо ч “туучиж” явсан түүний үзэсгэлэн гоо ээжээс нь эхлэлтэй гэнэ. Тэр “Миний ээж үнэхээр сайхан бүсгүй, хүний сайхан гэвэл миний ижий л байлаа. Манай сумын наадмыг үзэх гэж биш, миний ээжийг харах гэж л олон хүн ирдэг байсан. Миний ээж адуу шиг уртаашаа судалтай юм шиг том цагаан шүдтэй, гоё исгэрдэг, өвөл бол дандаа сормуус нь цанатай явдаг, маш урт гэзэгтэй, намайг бодвол хүүхэн шиг хүүхэн байсан” гэж ээжийнхээ тухай, ээжийнхээ гоо сайхны талаар харагдтал ярьсан байдаг. Тэгвэл тэр өөрөө ч ээжээсээ дутахгүй сайхан эмэгтэй. Дүрлэгэр том алаг нүд, өргөн шанаа, яралзсан цагаан шүд, өндөр бие гээд Монголын сайхан эмэгтэйчүүдийн тэргүүнд зүй ёсоор ордог. Одоо ч сайхан хэвээр. Сая хийсэн тоглолт дээрээ ч тэр, сүүлд тоглолтод оролцож байхдаа ч тэр сайхан монгол хувцсаа өмсөөд, сайхан яриа өрнүүлээд, залуугаасаа дутахгүй дуулж зогсоно лээ. Тэгэхээр Ш.Чимэдцэеэ гэх эмэгтэйн сайхан төрх байдал ээжээс нь улбаатай байна. Мөн дуулах авьяас нь хүртэл ээжээс нь заяасан юм билээ. Ээж нь хад, чулуу уярам хоолойтой хүн байсан тухай нь ч ярьдаг. Тэгэхээр ээжийнхээ сайхан хоолой, үзэсгэлэнтэй төрхийг нь тэр хэвээр нь “хуулж” төрөөд л цангинуулан дуулдаг аж. Одоо харин дуу хоолойгоороо ч, үзэсгэлэнтэй төрх байдлаараа ч хариагүй, хэзээний л Ш.Чимэдцэеэ тэр хэвээрээ байгааг давтан өгүүлье.
– “ТЭНГЭР ЭЭЖ МИНЬ ӨРШӨӨ” БУЮУ ШҮЛЭГЧ Ш.ЧИМЭДЦЭЕЭ–
“Тээж төрүүлсэн ачийг нь
Тэтгэж хариулах завгүй яваа
Тэнэгхэн хүү намайгаа
Тэнгэр ээж минь өршөө…” гэх дууг мэдэхгүй хүн үгүй. Монгол Улсын Ардын жүжигчин Ш.Чимэдцэеэ шүлгийг нь бичиж, дуулснаар өдгөө монголчуудын ээжийн тухай дууны шүтээн нь болсон. Тэр сайхан эмэгтэй, сайхан ч дуучнаас гадна гайхалтай шүлэг бичдэг нэгэн. Багаа байхаас л шүлэг бичиж, “Тэнгэр ээж минь өршөө”, “Дуунд залбирсан тавилан”, “Тавилан” гэх дууныхаа үгийг бичсэн байдаг. Шүлгийн гурван ч номтой юм билээ. Гэхдээ шүлгээсээ илүү дуулах авьяас нь дахин давтагдашгүй болохоор дуугаар нь бид сайн мэднэ. Хөх дээлтэй гарч ирээд, залбирч байгаад л “Тэнгэр ээж минь өршөө” дуугаа дуулахад уйлахгүй хүн үгүй. Тэрхэн мөчид увдис шингэв үү гэмээр л гайхамшигтай дуулж, ээжтэй орчлонг харин ч нэг дэвтээж, зөөллөх шиг болдог. Ер тус дууны ая нь эгшиглэж, Ш.Чимэдцэеэ гараад ирэхэд л хамаг сэтгэл хачин болж, өөрийн эрхгүй хязгааргүй дууны чанадад автдаг. Тэгээд хэсэг саатаж, “Тэнгэр ээж минь өршөө” дууг сонслоо. Уйллаа, дагаж дууллаа, эрхгүй сэтгэл хачин болов. Дотогшоогоо хамаг бүхнээрээ нуран унаж байгаа мэт мэдрэмж авлаа. Хүмүүс ер түүний дуунаас ийм л мэдрэмж, шаналал авдаг болов уу. Дэлгэгдэж, эсвэл хумигдаж, эс бөгөөс сэтгэлээрээ нугарч, хугарч, цэлэлцэж, мэлтэлцэж, алс руу очиж, буцаж ирж л сонсдог байх. Түүний дуунд хүнийг хааш нь ч хүргэх ид шид, увдис бийг эхлэлд өгүүлсэн. “Аялгуу шингээсэн дууг минь, ачит ээж минь уу даа” гэж дууных нь үгэнд гардаг шиг, аялгуу шингээсэн дууг нь ард түмэн ёстой л нэг бүх эд, эс, сэтгэлээрээ аягалан ууж байгаа гэмээр.
–АРГАДАЖ, ХОРГОДТОЛ ДУУЛНА–
“Уяхан замбуу тивийн наран” дууг олон ч уран бүтээлч дуулсан. Гэхдээ Ш.Чимэдцэеэ шиг аргадаж, хоргодож дуулсан нь үгүй юм шиг. Нарны тухай, нарны энэхэн чөлөөнөөс явмааргүй нэг тийм хоргодом мэдрэмж төрөм дуулжээ. За тэгээд араас нь “Жаахан шарга” бол мандах наран зүгийн нутгийг нүдэнд харагдтал зурж, халуу шатам шаргал говьд нэг л мэдэхэд очсон байх. Дуугаар энд тэнд очоод байдаг бол түүний дуунуудаар хаа л бол хаа хүрч болох байна. Их сайхан нар мандаж байгаа мэт эхлээд, огцом өргөж, намсгаж, буцааж өргөөд, жаргааж төгсгөх нь эрхгүй сайхан. Уртын дууны энэ л хөг эгшиг, заагийг мэдэхгүй хүнд ч сонсоод ингэж ойлгом дуулах нь хэд билээ. Ээж нь хүүгээ говьд хөтөлж яваа мэт, ингэн тэмээ уйлж байгаа мэт, нутгаа санаад алс газар дуу дуулж суугаа хүн мэт хамаг бүхнийг уярч, холын хол бодолд аялуулах мэт дуулах нь хэчнээн билээ. Ер түүний дууг сонсож байгаа хүн алсын замд морьтойгоо бодол болон шогшуулж яваа мэт л санагддаг. Ш.Чимэдцэеэ яг л ингэж дуулж байна. Ямар ч саад тотгоргүй цээл сайхан хоолойгоор шаглаж, урлаж, урсган дуулж байна. Тэгэхдээ хамаг дэлхийн юмсыг аргадаж, хайрлаж, энэрч, хүмүүний цэнхэр дэлхийд хоргодтол дуулж байна.
–ГУРВАН АКТАВ АВДАГ ДУУЧИН–
Түүний дуулах дууны далайц, давтамж нь гурван актав юм билээ. Гурван актав авдаг дуучин гэж дууны судлаач, мэргэжилтнүүд ярьдаг. Үнэхээр тийм гэмээр цээл хоолойгоор, цар хүрээ өргөн дуулдаг. Ёстой л нөгөө тэнгэрийн цээлд хүртэл дуулна гээч. Цуурайтуулж, шуранхайлж, хадааж, цангинах гээд дууны дээд цэг бүрт хүрч, хязгааргүй дуугардаг дуучин. Хоолойн цараа бол багтаж ядам. Амьдыг сэргээж, амьсгал үелзтэл дуулна. Үүгээрээ тэр Монголын талын хамгийн гоё хоолойтой дуучин гэгддэг.
Тэр дуулахдаа уудам талд, усны мандалд, ургаж байгаа мод, цэцэгст, орчлонгийн энэхэн орон зай бүхэнд хүрч, очиж, сэтгэл зүрхээрээ дуу хоолойгоо улам тэлж дуулна.
Ёстой л, “Уудмын цээлд би дуулж байна” гэх шиг өөрийгөө зарлаж, баталж дуулдаг. Тэрбээр “Тэнгэрээс юм уу эсвэл язгуур болон хязгаарын чанадаас өөр нэгэн зүйлийг энэ газар дээр буулгаж байгаа юм шиг л санагдаад байдаг” хэмээн дуулж байх үеийн мэдрэмжээ хуваалцсан байдаг. Үнэхээр сонсож байгаа хүнд ч өөр мэдрэмж, өөр газар очсон мэт зүйл буудаг. Хамгийн сүүлд гэхэд тэр Н.Норовбанзад багшийнхаа захисан захиасыг биелүүлж, “Гандан уулын цэцэг” дууг дуулж байсан. Эл дууг олон хувилбараар сонссон ч эрхгүй ургуулж, тарьж, “амилуулж” л байна лээ. Энэ нь “Нас явсан ч хоолой нь хэвээр байна даа” гэсэн сэтгэл дүүрэн бодлыг олон хүнд төрүүлж, “Мөн ч гайхамшигтай, аргагүй цул авьяас юм даа” гэж гайхах нь бий.
–ДАХИАД ТҮҮН ШИГ ДУУЧИН МЭНДЛЭХ ГЭЖ УДНА–
Ардын дуучин Ш.Чимэдцэеэ шиг дуучин Монголд төртөл удна гэхэд хэтийдэхгүй болов уу. Багтаж ядсан их авьяас, дуусаж, дундрашгүй их хоолойны чадал, сайхан гоо зүс, уран яруу үг хэллэг гээд уран бүтээлчийн хувьд өв тэгш гэж хэлж болох түүн шиг хүн, тэр тусмаа гурван актавын айд хадаан дуулдаг дуучин төртлөө удах байх. Өөрийнх нь хэлснээр Хоолойт гэх газарт түүнээс хойш хүн төрөөгүй бол тэнд төрөх нэгэн л түүнийг залгах, уран бүтээлийг нь үргэлжлүүлэх нэгэн байх болов уу. Тэгээд л “Жаахан шарга” дууг дахин хадааж, “Уяхан замбуу тивийн наран” дууг уяртал дуулж, “Үлэмжийн сайхан хорвоо” дууг нүдний өмнө зурж, уйлтал дуулах биз ээ. Тэр бол Дарьгангын сайхан хүүхнүүдийн нэг, дууг угт нь тулгаж, хоолойныхоо цараагаар “зодож”, дуулдаг дуучин. Ээждээ шүүдрийн дуслаар цай чанаж өгсөн эмэгтэй. Үгс хэлхэж, шүлэг тэрлэсэн ээж. Уудмын цээлд, жаахан шаргын нутагтаа тэр одоо ч дуулж байна. Ардын жүжигчин Ш.Чимэдцэеэ өнө мөнхдөө дуулсаар байна.
эх сурвалж: ergelt.mn
More from One VS One
Б.БАТЦЭЦЭГ: ОЛОН УЛСЫН ТАВЦАН ДАХЬ МАНАЙ УЛСЫН НЭР ХҮНД МЭДЭГДЭХҮЙЦ ӨССӨН
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгтэй ярилцлаа.-Энэ онд манай улс гадаад харилцааны чиглэлээр идэвхтэй, олон онцлог үйл явдлуудаар дүүрэн жил болж өнгөрлөө. …
С.СҮХБОЛД: МОНГОЛ УЛС АНУ-ТАЙ ШУУД НИСЛЭГ ҮЙЛДЭХ ШУУД НИСЛЭГ ҮЙЛДЭХ ЭРХ ЗҮЙН ОРЧНОО БИЙ БОЛГОХОД БЭЛЭН БОЛСОН
Өнөөдрийн ярилцлагын зочноор Гадаад харилцааны яамны Олон улсын гэрээ, эрх зүйн газрын захирал Сүхээгийн Сүхболдыг урьж оролцуулж байна. Юуны өмнө …
Г.ГАНБИЛЭГ: “ШИНЭ СЭРГЭЛТИЙН БОДЛОГО”-Д УЛС ОРЫНХОО ЭДИЙН ЗАСГИЙГ ХӨЛ ДЭЭР БОСГОХ ТОМООХОН ТӨСЛҮҮД ХЭРЭГЖҮҮЛЭХЭЭР ТУСГАГДСАН БАЙНА ЛЭЭ
ШУТИС, ГУУС-ийн Эрдэс боловсруулалт, инженерчлэлийн салбарын эрхлэгч, доктор(Ph.D) Г.Ганбилэгтэй уул уурхайн салбарт мэргэжилтэн бэлтгэхэд гарч буй хүндрэл, өнөөгийн нөхцөл байдлын …