ДЭМБ, ЭМЯ-хамтран 2018 оны Дэлхийн эрүүл мэндийн өдрийг угтан Хэвлэл мэдээллийн байгууллагад ажиллаж буй нийт сэтгүүлч, уран бүтээлчдийн дунд “Бүх нийтийн эрүүл мэндийн хамралт: хэнд ч , хаана ч” сэдэвт нийтлэл, нэвтрүүлгийн уралдааныг зарласан. Уг уралдаанд нийтлэлийн төрлөөр гуравдугаар байр эзэлсэн Өнөөдөр сонины сэтгүүлч Ч.Болортуяагын Хүчээр бус хүслээрээ ажиллах жор-Халдварт бус өвчнийг бууруулахад эрүүл, аюулгүй ажлын байр чухал- нийтлэлийг бүрэн эхээр нь хүргэж байна.
Өглөө ажилдаа, орой гэр рүүгээ яардаг хүнийг хамгийн аз жаргалтай гэдэг. Манай улсад ийм жаргалтай хүн хэр олон байгаа бол. Замын түгжрэл, утаа, таагүй харилцаанаас болж бухимдаж, ажлын цагаа яаж дуусгах вэ гэж аргаа барж сууна уу. Бид сэрүүн байх хугацааныхаа ихэнхийг буюу хуулийн дагуу өдөрт найман цагийг ажлын байрандаа өнгөрүүлдэг. Ажил, мэргэжлийн онцлогоос шалтгаалж, үйлдвэрийн эсвэл уурхайн ажилчид амсхийх завгүй зүтгэж байхад дэлгэц ширтээд тоглож суудаг нөхөд ч бий. Ямартаа ч долоо хоногт хамгийн багадаа 40 цагаа зориулдаг ажлын байрыг эрүүл, аюулгүй байлгахад тухайн байгууллагын удирдлага анхаарах цаг болжээ. ДЭМБ-аас ажлын байрыг XXI зуунд эрүүл мэндийг дэмжих тэргүүлэгч орчин байх болно гэж үзэж буй. Орчин үеийн, завгүй залууст ажлаа хийх үү, амрах уу гэсэн сонголт өгөх бус, амарч буй мэтээр ажиллах боломжоор хангах нь ажлын бүтээмж болон ажилчдын бие махбодь, сэтгэл зүй, эдийн засагт сайнаар нөлөөлдөг байна.
Урьдчилан сэргийлж, эрт үед нь илрүүлж, оношлох боломжтой халдварт бус өвчинд манай улс сүүлийн 20 гаруй жил “дарлуулжээ”. Нас баралтын шалтгааны 77 орчим хувийг халварт бус өвчин эзэлж байна. Угтаа бол агаар дуслын замаар халдварладаггүй уг өвчнөөс сэргийлэх боломж бидний гарт бий. Үүнийг шийдэх нэг гарц нь эрүүл, аюулгүй ажлын байр бүрдүүлэх. Өөрөөр хэлбэл, ажил дээрээ дасгал хөдөлгөөн хийх, урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах, эрүүл, зөв хооллох, спортоор хичээллэх, цэвэр, аюулгүй, архи, тамхигүй орчин бүрдүүлэх зэрэг нь халдварт бус өвчнөөс сэргийлэх энгийн хэрнээ үр дүнтэй арга юм. Манай улс 2016-2020 онд 10 мянган хүнд ногдох зүрх, судасны өвчлөлөөс шалтаалсан нас баралтыг 17.4, хорт хавдраар амиа алдагсдын тоог 10.5 хүртэл бууруулах зорилт дэвшүүлсэн. Энэ зорилтод хүрэхийн тулд нийгмийн эрүүл мэндэд анхаарал хандуулах хэрэгтэй байна.
Хүн амын дунд амьсгал, зүрх, судас, хоол боловсруулах, шээсний замын өвчин тэргүүлж буй бөгөөд эдгээр нь ид хийж үр бүтээх, хөдөлмөрийн насныхныг онилжээ. Залуусын дунд сэтгэл түгшилт 18.5, нойргүйдэл 17.1, архаг ядаргаа 16.2, сэтгэл гутрал 6.6, архинд донтох эмгэг 6.2 хувийг тус тус эзэлж буй. Тоон мэдээллээс харахад халдварт бус өвчин хүн амын дунд хөвдний түймэр мэт тархсан байна. Харин эрүүл, аюулгүй ажлын байр бүрдүүлж, хүн бүр эрүүл мэндээ анхаарч эхэлбэл халдварт бус өвчнийг бууруулахад хувь нэмрээ оруулах юм.
Манай улсад ажилчдынхаа эрүүл мэнд, хөдөлмөр аюулгүй байдлыг нэн тэргүүнд тавьдаг албан байгууллага цөөнгүй. Тэднийг алдаршуулж, жил бүр “Эрүүл, аюулгүй ажлын байрыг эрхэмлэгч байгууллага”-ыг шалгаруулдаг билээ. Өнгөрсөн онд шилдгээр шалгарсан зарим байгууллагын сайн жишгээс сонирхуулъя. Дэлхийд Монголын нэрийн хуудас болсон үндэсний үйлдвэр “Говь”. Тус компанид 2000 орчим хүн ажиллаж байна. Тэд бүгд хөдөлмөр, аюулгүй байдлын инженер гэнэ. Учир нь үйлчлэгчээс эхлээд дарга хүртлээ ажлын байран дахь аюулгүй байдлын эрсдэлээ үнэлж, мэдээлдэг аж. Аюулыг арилгахаас нааш ажиллахгүй байх эрх нь тэдэнд бий гэнэ. Уг компанийн Хөдөлмөр, аюулгүй байдал, эрүүл ахуй, байгаль орчны албаны дарга А.Цэрэнтогтох “Хөдөлмөрийн аюулгүй байдлын цаана монгол хүний амь нас, эрүүл мэндийг золиосолж ноолууран цамц хийхгүй гэсэн санаа агуулагддаг. Өнгөрсөн онд байгаль орчин, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндэд нэг тэрбум 900 орчим сая төгрөг зарцуулсан. Аюулгүй ажиллагаа гэдэг бизнесийн салшгүй хэсэг. Олон улсад өрсөлддөг компанид гурван шаардлага тавигддаг. Нэгт, хүнээ яаж хамгаалж байна, хоёрт, байгаль орчинд ээлтэй үйл ажиллагаа явуулах, гуравт хууль дүрмийн дагуу ажиллах. Нэг хүн үйлдвэрийн осолд орж, ажиллах боломжгүй болбол тухайн өдрийн ажлын бүтээмж буурна. Харин урьдчилан сэргийлэх арга хэмжээ авснаар бүтээмжид шууд нөлөөлдөг. Осолгүй ажилласан цагаар бүтээмжээ хэмждэг юм” гэж ярив. Харин тус албаны инженер Б.Даваа “Манай компани эмнэлэг, хоол үйлдвэрлэл, аюулгүй байдлын үйлчилгээг цогцоор нь шийдсэн. Жил бүр ажилтнуудаа нарийн мэргэжлийн эмчийн үзлэг, шинжилгээнд хамруулдаг. ХСҮТ-тэй гэрээ хийж, ажилчдаа үзлэг шинжилгээнд оруулж, эмчилгээг нь эндээ хийсэн. Мөн ажилдаа ойрхон хувийн цэцэрлэгтэй хамтран ажиллаж, төлбөрийн 50 хувийг нь байгууллагаас гаргадаг. Хүн амын дунд таргалалт их байгаа учраас ажилчдаасаа судалгаа авч, зургаан сарын турш хамгийн их жин хаясан хүнийг шагнаж урамшуулсан шүү” гэв. 2000 орчим хүнийг тогтвортой, сэтгэл ханамжтай ажиллахад тохь тухтай, цэвэр цэмцгэр, эрүүл, аюулгүй ажлын байр татах хүч нь болдог болов уу. Сумын эмнэлгийн дайтай ажиллаж буй тус компанийн эмнэлэгт өдөрт 50-60 хүн үзүүлдэг байна. Физик, бумба, зүү төөнүүр, шарлага, тариа, эмэгтэйчүүд гээд олон төрлийн эмчилгээ хийлгэх боломжтой учир ажилчид нь гадагш гаралгүй, үнэ өртөггүйгээр эрүүл мэндийн асуудлаа шийдчихдэг юм байна.
Бидний очсон дараагийн газар нь уул уурхай, зам, барилгын тоног төхөөрөмж болон сэлбэг хэрэгсэл нийлүүлдэг “Трансвест” компани. “Манай ажил 17.00 цагт тардаг. Бидэнд 10 минут л байна” гэсээр тус компанийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, байгаль орчин хариуцсан газрын дарга Б.Ганжигүүр угтав. Тэд өглөө цагтаа цугларч, орой яг л цагтаа ажлаа дуусгадаг гэнэ. Эрүүл мэндийн асуудал тулгарлаа гэхэд туслах хүн байхгүй учир ажлын байранд ганцаараа үлдэхийг зөвшөөрдөггүй аж. Тэрбээр “Эрүүл, аюулгүй орчин эмх цэгцээс эхэлдэг. Энэ нь зөвхөн ХАБ-ын ажилтнуудад хамаатай биш. Хүн бүрт аюулыг мэдээлэх хуудас бии. Ажлаа эхлэхээс өмнө аюулгүй байдлыг нягтлан шалгаад уг хуудаст бичиж, мэдээлдэг. Жилд нэг хүн 200 орчим сая төгрөгийг эрүүл мэнддээ зарцуулах боломжоор хангаж өгдөг юм. Эрүүл, аюулгүй орчин бүрдүүлсэн болохоор хүмүүс тогтвор суурьшилтай, сэтгэл ханамжтай ажилладаг. Улаанбурхан дэгдэхэд вакцин авчирч, бүх хүнээ дархлаажуулсан. Ер нь эрсдэлийн өмнө алхдаг. Аюулгүй ажиллагаанд оруулж буй нэг төгрөг тутамдаа 4.6 төгрөгийн ашиг олж байгаа. Осол гараагүй, эмчилгээний зардал төлөөгүй, тоног төхөөрөмж эвдрээгүй бол компанид ашиг болно” гэв. Тус компанийн ажилчид бүгд галын хор ашиглаж сурсан төдийгүй, хаана эрсдэлтэй нөхцөл үүссэн тэр бүгдийг илрүүлэх чадварт суралцжээ. Аюулгүй байдал бол аз биш, сонголт гэсэн зарчмыг тэд баримталдаг.
Зөвхөн нийслэлийн томоохон компаниуд ингэж ажилладаг гэвэл эндүүрэл. Хөдөө, орон нутагт ч эрүүл ажлын байр бүрдүүлсэн нь олон. Тухайлбал, Дундговь аймгийн Нэгдсэн эмнэлэг гадаад, дотоод орчноо сайтар тохижуулж, ая тухтай ажиллах нөхцөл бүрдүүлжээ. Эмч, ажилчдаа урьдчилан сэргийлэх үзлэгт 74-85 хувь хамруулж, хор тайлах халуун шингэнээр үйлчилж, дархлаажуулалтад 100 хувь хамруулсан байна. Сэтгэл байхад бүтэхгүй зүйл үгүй гэдэг шиг хүнээ бодсон цагт ажлын бүтээмж аяндаа сайжирна. Энэ нь эцэстээ нэг хамт олны бус, гурван сая хүний эрх юм. Халдварт бус өвчнөөс сэргийлэх энгийн алхам амьдралын ихэнх цагаа өнгөрүүлдэг ажлын байрны эрүүл, ахуйгаас эхлэх нь. Жилд нэг удаа ажилчдаа эрүүл мэндийн үзлэгт оруулдаг, чанартай хоол хүнс хэрэглэх нөхцөл бүрдүүлээд өгчихвөл хүчээр бус хүслээрээ ажиллах хүн олон болох вий. “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн хүрээнд ч тухайн байгууллага аль нэг лабораторитой хамтран ажилчдаа зохион байгуулж, нийтээр нь вирус илрүүлэх шинжилгээнд хамруулж яагаад болохгүй гэж. Хотжих тусам хүрээгээ тэлж буй халдварт бус өвчнөөс сэргийлэх боломж нь байна, харин бидэнд сонголт бий. Хүн бүр чанартай эрүүл мэндийн үйлчилгээг шаардлагатай газраа, хэрэгцээтэй үедээ санхүүгийн хүндрэлгүйгээр олж авах боломжтой байхыг бүх нийтийн эрүүл мэндийн хамралт гэж үзэн, дэлхий нийтээр уриалж байна. Эм авах уу, талхаа авах уу гэсэн сонголтын өмнө хэн ч бүү зогсог.
More from Эрүүл мэнд
ЭМЧ Т.НАВЧАА: COVID-19-ЫН ХАЛДВАРЫН ШИНЭ ТОХИОЛДЛУУД ХҮҮХДҮҮДЭД ЛАРИНГИТААР ИЛЭРЧ БАЙНА
ЭМЯ-наас томуу, томуу төст өвчний талаар мэдээлэл өгсөн. Энэ үеэр, Анагаах ухааны доктор Т.Навчаа мэдээлэл өглөө. Тэрбээр, COVID-19-ын халдварын шинэ …
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВ МЭС ЗАСАЛ, ГЭМТЛИЙН ТАСГААР ҮЙЛ АЖИЛЛАГААГАА НЭМЭВ
Сонгинохайрхан дүүргийн “Эрүүл мэндийн төв” мэс засал, гэмтлийн тасгаар үйл ажиллагаагаа нэмлээ. Дүүргийн “Эрүүл мэндийн төв” нь иргэдэд чанартай, хүртээмжтэй …
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ӨРХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВҮҮД ISO 9001:2015 ОЛОН УЛСЫН ЧАНАРЫН СТАНДАРТЫГ НЭВТРҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ
Дүүргийн 12,13-р хорооны хүн амд эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээг үзүүлж байгаа “Алтанцэгцүүхэй” ӨЭМТ нь Холбооны Бүгд Найрамдах Герман …
2 Comments
444474 11849Ive exactly the same difficulty sometimes, but I generally just force myself via it and revise later. Great luck! 185752
388098 970437I agree with you. I wish I had your blogging style. 68415