Урин дулаан цаг ирсэнтэй зэрэгцэн зуны фестиваль, шоу, арга хэмжээнүүд өргөн хүрээнд зохион байгуулагдсаар байна. Тэр дундаа нийслэлчүүддээ соёлыг түгээх их үйлсэд Нийслэлийн тодотголтой олон газрууд нэгдсэн. Хотын захиргаанаас ч энтертаймент төрлийн ажлыг идэвхтэй дэмжиж байгаа энэ үед, Чингисийн талбайд 8 өдрийн турш нийслэлчүүддээ үүд хаалгаа нээсэн “БҮТээлч БолГОЁ” олон улсын арга хэмжээ, үзэсгэлэн худалдааны талаарх сурвалжилга мэдээллийг бэлтгэн хүргэж байна.
Товчхондоо, ЦЭГ-ийн онцлох сурвалжилгаар “БҮТээлч БолГОЁ” гар урлал, үндэсний язгуур урлагийн хосолсон арга хэмжээ, хөтөлбөрийг хүргэж байна.
Найман өдрийн турш үндэсний брэнд, тэр дундаа гар урлалын үйлдвэрлэлийг иргэд, олон нийтэд сурталчлах, цаашлаад олон улсын зах зээл буюу гадныханд сурталчилах томоохон зорилтыг дэвшүүлэн ажиллаж байгаагаа зохион байгуулагчдын зүгээс онцолж байв.
10 орны 160 гаруй гар урлаач, уран бүтээлч хүрэлцэн ирж, мөн цахимаар 120 уран бүтээлч оролцох гайхалтай 8 хоног. Ид дундаа хэд хэдэн сюрпризтэй гээд л бодчих. Давтагдашгүй бүтээл, монгол үйлдвэрлэлээ дэмждэг хэн бүхэнд нээлттэй гэдгийг энд онцлох нь зөв байх.
Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн сэтгэл зүрх шингэсэн орчин нөхцөл, чимэглэл, найрсаг үйлчилгээ. Тэд асар хоорондын зай, чимэглэл, орчин нөхцлийг бүрдүүлж, залуучуудын бүтээлч орон зайг өөрсдөө бий болгожээ.
Бизнес эрхлэгчдээ дэмжсэн, нийслэлчүүддээ нэгэн сайхан үдшийг бэлэглэсэн урлаг соёлынхон тайзнаа ээлж дараалан гарч, хөг аялгуу нэмнэ. Үүнд, “VOICE” шоуны ялагч ЭНГҮҮН, дуучин ЯДАМ нарыг онцлон нэрлэмээр байна. Мөн ерөнхий зохион байгуулагч Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв /НЖДҮҮДТ/ ТӨҮГ-т алга ташмаар байна. Тайзны чанх хойно ногоон зүлгэн дээр гэр бүл, найз нөхөд, хамт олноороо цуглаж инээмсэглэл тодруулах олон нийтийг харахад их хотын амар амгалан, соёл, бүтээлч өдөрлөг гэж энийг л хэлэх байхдаа гэж бодогдоно. Тэр утгаараа арга хэмжээ, хөтөлбөрийн зохион байгуулагчид үндсэн зорилгодоо хүрчээ.
Урлагийн тоглолт, амьд хөгжим, загварын шоугаар нээлтээ хийсэн “БҮТээлч БолГоё” өдөрлөг ийнхүү өнөөдөртөө золголоо. Өдөрлөгийн хоёрдахь өдөр ийнхүү ид дундаа үргэлжилж байна.
УРЛАХУЙН УХААН БА ҮНДЭСНИЙ БРЭНД
Жилээс жилд монголчууд үндэсний брэндээ улам дэлгэрүүлж орчин цагийн өнгө төрхийг үндэсний хувцас, гоёл чимэглэл гээд бүхий л зүйлд, хэв шинжийг нь алдагдуулахгүй урладаг болсон. Энэ дундаа гар урлалын бүтээлүүд илүү чамин бөгөөд ажиллагаатай байдаг. Техник технологи асар хурдацтай хөгжин үйлдвэрлэлийн үйл ажиллагаа улам хялбар болохын зэрэгцээ хүний гараар бүтээгдсэн гар урлалын бүтээгдэхүүний эрэлт хэрэгцээ, үнэ цэнэ өсч байна. Нөгөө талаар гар урлалыг сонирхон суралцагч, сэтгэмж өндөртэй шинэ залуу уран бүтээлчдийн хүрээ ч өргөжин тэлсээр байгаа нь харагдаж байна.
Зүгээр л уйдаагаа гаргахын тулд хийдэг зүйл биш, нас насныхны хобби сонирхол болон өөрчлөгдөж, дэлхий нийтээрээ жил бүр тухайн жилийн гар урлалын чиг хандлагыг хүртэл зарлан танилцуулж, хүүхэд залуусыг гараар урлахуйд уриалан дуудах болжээ. Монгол улсын хувьд гар урлалын бүтээлээр дэлхийн зах зээлд өрсөлдөхүйц чадалтай гэдэг нь энэ л өдөрлөгөөс тод харагдана.
Эсгий эдлэл, модон эдлэл, зүү хатгамал, үндэсний хувцас, уран баримал, уран зураг, гоёл чимэглэлгүйгээр “БҮТээлч БолГОЁ” өдөрлөгийг төсөөлөшгүй.
Энэ бүх бүтээгдэхүүн монгол хүний сэтгэлгээ болон хөдөлмөрийн үр шим. Үүний зэрэгцээ гар урлалыг хүний сэтгэлийн амар амгалан байхуйд хэчнээн ач тустай талаар судалгаа хүртэл хийгдэж, ялангуяа оёх, нэхэх урлал нь стресс тайлдаг болохыг олон төрлийн судалгаа ч нотолсоор байгааг энд дурдах нь зөв байх.
ИРГЭДИЙН АМРАЛТ ЗУГААЛГЫН БҮС ЧИНГИСИЙН ТАЛБАЙ БОЛЖЭЭ
Чухам яагаад ингэж хэлж байгаагийн учрыг та бүхэн гадарлаж байгаа биз. Чимээ аниргүй, түүхийн дурсгалт газар аятай болчихсон байсан Чингисийн талбайд өмнө нь жилийн ойгоогоороо зураг хөрөг татуулах гэж хүмүүс цугладаг байсан гээд хэлчихвэл хэлсдэхгүй. Товчхондоо, аливаа тэмдэглэлт өдрөөрөө зурвасхан дайраад зураг даруулаад өнгөрөх газар төдий болчихсон байлаа.
Харин өдгөө хүмүүс элдэв арга хэмжээнд оролцох гэж, их хотын соёлыг шагших гэж энд тэндээс цугладаг болжээ. Бараг л иргэдийн амралт зугаалгын бүс болчихож. Нөгөө талаараа чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх цэг ч гэж хэлж болох юм.
Хажууханд налайсан нэгэн эмээ, өвгөндөө хэлж байгаа үгийг энд хавчуулмаар байна. “Хуучин цагт төв талбайд энэ мэт өргөн хүрээтэй арга хэмжээ нүдний гэм болсон байсан. Одоо олон сайхан уран бүтээлч ирж иргэдэд үнэ төлбөргүй тоглолт тавьдаг болж. Нар буухаар эндээ ирээд тухалчихаж баймаар болсон байна” гэж дуу өндөртэй хэлж сонсогдов. Үүнийг уншиж байгаа та ч санал нэгдэх байх. Би ч санал нэг байна.
Өдрийн ачаалал, стрессийг их хотын соёлоор сольцгооё. Зүлгэн дээр инээмсэглэн суух дүр төрхүүд өнөд үргэлжлээсэй.
СУРГАХУЙН УХААНААР БУСДЫГ ТЭТГЭНЭ
Энэ өдөр бизнес эрхлэгч, урлан бүтээгчдэд дан ганц бүтээгдэхүүнээ зарж худалдах чухал биш харагдана. Харин хийсэн бүтээснээ тайлагнах, танилцуулах, тэр л ертөнцдөө бусдыг татан оролцуулах хүсэл эрмэлзэлтэй байгаа нь илэрхий.
Өөрөөр хэлбэл, гар урлалын сургалт, сургахуйн ухааны орон зай ч энд бүрджээ.
Ингээд үзэсгэлэн худалдааг бүтэн тойрч явсны эцэст “БОДУЯА” урлангийн өвөрмөц бүтээлүүд дээр ирлээ.
Уг бүтээлүүд хонины ноосыг эсгий болгож 100 хувь гар ажиллагаагаар цүнх, малгай хийдгээрээ онцлогтой. Хамгийн сонирхолтой нь хүүхдийн арт бүтээлийг эсгийн дээр буулган урлажээ.
Бид “БОДУЯА” урлангийн шавь Д.Ганцэнгэлтэй цөөн хором ярилцсан.
Тэрбээр “Өнөөдрийн байдлаар манайх 300 гаруй бүтээлтэй энэхүү үзэсгэлэн худалдаанд оролцож байна. Энэ дундаа малгай, цүнх, хүүхдийн арт бүтээлүүд гээд 4-5 төрлийн бүтээл байгаа. Малгайг янз янзаар өмсөж хэрэглэх мөн хүүхдүүдийн эсгийгээр буулган урласан бүтээлийг жаазлан тавьснаараа онцлогтой. Хүн бүр манай БОДУЯА урлангийн сургалтад хамрагдаж өөрийн цаг хугацааг гэр бүлтэйгээ бүтээл хийж үр бүтээлтэй өнгөрөөж болно. Хүүхдийнхээ хийсэн бүтээлийг эсгий болгоод хадгалах нь хамгийн өвөрмөц шийдэл, шинэ санаа шүү гэж хэлмээр байна” гэв.
Хониноос авч байгаа цэвэр ноосыг эсгий болгож хийдэг тул асар өндөр ажиллагаатай явагддаг байна. Өөрөөр хэлбэл, 100 хувь гар ажиллагаа ордог. Гэхдээ өөрөө дуртай, эрмэлзэлтэй байвал хөдөлмөр ихээр шаардсан ч хийж чадна гэж тэр онцолсон.
Ингээд ЦЭГийн онцлох сурвалжилга өндөрлөж байна. Эцэст нь тодотгож хэлэхэд, “БҮТээлч БолГОЁ” өдөрлөгийг жишиг арга хэмжээгээр нэрлэе!
More from Шүүмж
ЦЕМЕНТ БА БОДЛОГЫН ЗӨРҮҮ
Олон нийтийн сүлжээгээр олны танил “нөлөөлөгч” эрхэм нэгэн бичлэг постолсноор хэсэгтээ Монголчуудыг ярих сэдэвтэй байлгав. Уг бичлэгт дотоодын цементний үнэ …
ШӨНӨ БУУСАН ААДАР: БҮХ ЖҮЖИГЧИДДЭЭ АЛГА ТАШИЦГААЯ
Өрхийн тэргүүн гэр бүлээ бүтэн байлгах ёстой юу? Хайртай хүмүүс чинь эвдрэлцэж, муудалцаж, хайрыг ойлгохоо больчихвол та юу хийх вэ? …
NO RULES: “ЭРДЭС” ХОТЫН ГАЙХАМШГААР ДАХИН АЯЛЪЯ
VOO original series, Oi entertainment-ийн бүтээл “No Rules” олон ангит киноны 2-р бүлэг “New word” нэртэйгээр эргэн ирлээ. Тус кино …