Өрхийн тэргүүн гэр бүлээ бүтэн байлгах ёстой юу? Хайртай хүмүүс чинь эвдрэлцэж, муудалцаж, хайрыг ойлгохоо больчихвол та юу хийх вэ? Өнөөгийн нийгэмд хайртай хүндээ ч итгэж чадахгүй болчихсон юм гэж үү! Эрх мэдэл, өнгө мөнгөнд донтож, нийгэмд нэгнийхээ дээр ноёлж, хууль цаазад бүү хэл хэн хэнийхээ итгэл үнэмшилд ч эзэн суухыг завдагч хүмүүсээр дүүрчээ.
Хамгийн сайн мэднэ гэж бодсон хүн чинь танаас урваж, араас чинь хутгалахыг ч үгүйсгэхгүй. Тэд юу нууж байгааг ямар үед илүү мэдрэх бол…
Соёлын гавьяат зүтгэлтэн, нэрт сэтгүүлч, зохиолч Ц.Балдорж агсны 70 насны ойд зориулан “Мөрөөдлийн театр”-ын уран бүтээлчид албан ёсны эрхтэйгээр “Шөнө буусан аадар” жүжгийг үзэгчдийн хүртээл болгоод байгаа билээ.
Тус жүжиг тоглогдоод 15 дахь хоногийг ардаа орхисон байна. Тэгвэл өчигдөр /2023.03.15/ СТӨ-д хачирхалтай гэмээр тайз засалттай, шинэхэн найруулгатай уран бүтээл болох “Шөнө буусан аадар” жүжиг улаан хивсний ёслолоо хийлээ.
Хүндэтгэлийн арга хэмжээнд салбар салбарын уран бүтээлчид, олны танил эрхмүүд хүрэлцэн ирсэн байв. Ковид цар тахал гарч удаан хугацаанд иргэд хөл хорионд орсон. СТӨ жүжиг үзэхээр ирсэн олны хөл хөдөлгөөнд дарагдаагүй уджээ. Хоёр цаг үргэлжилсэн “Шөнө буусан аадар” жүжгийн тайз засалтад гоёл чимэглэл, сүрлэг баримал харагдсангүй. Зөвхөн жүжигчид төвтэй тайз засалт. Мэдээж гол хэрэглүүр болох ширээ, жижиг хэрэгсэл байсан. Энэ нь жүжиг, жүжиглэлт, жүжигчдийг үзэгчдэд илүү ойртуулж байлаа.
ХУДАЛ ХУУРМАГ БА ҮНЭН
Хэн нэгэнд худлаа ярих нь өөрөө гэм нүгэл. Гэхдээ хайртай хүнээсээ урвах нь түүнээс ч илүү ганцаардал гунигийг авчирна. Ганц л амьдрах амьдралдаа ганцаардлыг мэдрэх нь тэр чигээрээ там. Биднийг тойрсон энэ их худал хуурмагаас зүрхээ бүтэн авч үлдэж чадах болов уу?
Ялзрал, завхайрлыг харсан ч хараагүй мэт амьдарсаар байгаа энэ гэр бүлд хэрэгтэй чухал зүйл бол ердөө л үнэн. Ийм үзэгдэл бодит амьдралд байдаг. Бид ч гэсэн хажуудаа байгаа үнэнээс зуурч нүднийхээ хаалтыг авах цаг иржээ.
Бороо тэдний гэр бүлийн гэм нүгэл, бузар булайг угааж арилгасан. Бороо орсоор л байх жүжгийн өрнөлд бүх үнэн хэдийнээ дэлгэгдэж эхэлнэ. Харин бороо дуусахад нэг өрх айлын амьдрал өөрчлөгдөнө.
ХАЙРЛАЖ, ӨРӨВДӨХ ЗЭРЭГЦСЭН ХОРВОО
Жүжиг, кино хоёр тэс өөр. Жүжгийн хувьд тайзан дээр гарсан л бол алдах эрхгүй. Дахиж авах сцень байхгүй гэсэн үг. Хоёр цагийн турш үзэгчдтэйгээ хамт амьдарна. Нүдний харц, амны хайрцаг, биеийн хэлэмж, царайны хувирал, хоолойны өнгө бүх зүйл бодитоор хүрдэг. Ингээд бодохоор ямарваа жүжигт тоглосон онцлох жүжигчдийг дурьдахгүй байж чадашгүй нь.
“Мөрөөдлийн театр”-ын урилгыг хүлээн авч тус жүжигт тоглосон МУГЖ Д.Ганцэцэг энэ өдрийн гал байв. Түүний харц, хоолой, хөдөлгөөн гээд жүжиглэлтийн хувьд ярих юм байхгүй. Зүгээр л төгс гээд хэлчихье. Дэлгэц, тайзны бүтээлд хөрвөх чадвар нь дэндүү гайхалтай юм.
Аадарт цохиулсан үзэгчид түүнийг хайрлаж, өрөвдөж, шоолж байсан. Тэр энэ өдөр Ганцэцэг биш Энхээ байж чадсан.
Д.ГАНЦЭЦЭГ: Ц.БАЛДОРЖ ГУАЙ ЭХ ОРНЫХОО ИРЭЭДҮЙН ТӨЛӨӨ ЗОРИГТОЙГООР АЛХАХ ТӨРИЙН ТҮШЭЭ ТӨРӨӨСЭЙ ГЭСЭНДЭЭ ЭНЭ ЗОХИОЛЫГ БИЧСЭН БОЛОВ УУ.
Ингээд жүжгийн гол дүрийг бүтээсэн МУГЖ Д.Ганцэцэгтэй цөөн хором ярилцах завшаан олдов.
“Шөнө буусан аадар” жүжиг тоглогдоод хагас сар болжээ. Үзэгчдийн эерэг сэтгэгдлээр бялхаж байна уу?
Урлаг, уран бүтээлээр хүмүүс өөрсдийнхөө оюуныг цэнгүүлдэг болжээ. Нийт 10 мянга гаруй хүмүүс “Шөнө буусан аадар” жүжгийг таалан соёрхлоо. Жүжигт дуртай, театрт хайртай, театрын уран бүтээлийг мэргэжлийн хэмжээнд үзэж үнэлж, дүгнэдэг нийт үзэгчдэдээ талархлаа илэрхийлж байна.
Таны хувьд дүрээрээ юу илэрхийлэхийг зорьсон бэ?
Би Энхээ гэх эмэгтэй дүр дээр ажилласан. Тэрээр УИХ-ын гишүүн Тэрбишийн гэргий, гурван хүүхдийн ээж. Нийгмийн давхарга болгон ялзралыг эзлээд байна. Нийгмийн төлөөлөл, хүн болгон эвдрэл рүү орж байгаа юм биш биз гэсэн эмзэглэл дор дүрээ бүтээсэн. Магадгүй Энхээ гэх эмэгтэйн дүрийг хараад зарим нэгэн үзэгчид өөрийгөө тольдох байх. Нөгөө нэг нь ийм байж болохгүй юм байна гэсэн тусгалыг олж харах болов уу гэж найдаж байна.
Үзэгчид “Шөнө буусан аадар” жүжгийг үзээд юу ойлгоосой гэж бодож байна вэ?
Өнөөдрийг хүртэл би нэг л зүйлийг бодож жүжгээ бэлдсэн. Миний өөрийн зүгээс өгөх гэсэн санаа, бодол бол хүн болгон хүүхэд байхдаа маш сайхан зүйлийг хүсэж мөрөөдөж байдаг. Мөн өөрийгөө, улс орныхоо, дэлхийн нийтийн ирээдүйг гоёор төсөөлдөг. Яг л тэр бодол шигээ сайхан, гоё сэтгэлээ битгий алдаасай гэх санааг өгөхийг зорилоо.
Жүжгийн төгсгөлийг үзэгчид их ярьсан. Хамгийн гоё хэсэг гээд л. Та юу гэж бодож байна?
Жүжгийн төгсгөлд УИХ-ын гишүүн Тэрбиш хэмхэрхий ширээгээ түрээд гэр бүлээ эвлэлдэн нэгтгээд суулгадаг. Зохиолын төгсгөлийг анх уншихдаа энэ бол ширээ биш юм байна. Харин Монгол Улс гэж харсан.
Ц.Балдорж гуай Монголчуудыг эвлэлдэн нэгтгэх, эх орныхоо ирээдүйн төлөө зоригтойгоор алхах төрийн түшээ төрөөсэй гэсэндээ энэхүү зохиолыг бичсэн юм болов уу? гэж бодсон.
Тэрнээс биш энгийн нэг гэр бүлийн драм байсан бол гол дүрийн гэрийн эзнийг УИХ-ын гишүүн гэж тодорхойлохгүй байсан байх. Тийм учраас мэдлэгтэй, сэтгэлтэй төрийн түшээ гарч ирж дэлхийн хэмжээнд улс орноо удирдан залаасай гэж хүсэж байна.
Бэлтгэсэн:Н.Цацрал
More from Шүүмж
ЦЕМЕНТ БА БОДЛОГЫН ЗӨРҮҮ
Олон нийтийн сүлжээгээр олны танил “нөлөөлөгч” эрхэм нэгэн бичлэг постолсноор хэсэгтээ Монголчуудыг ярих сэдэвтэй байлгав. Уг бичлэгт дотоодын цементний үнэ …
ОНЦЛОХ СУРВАЛЖИЛГА: “БҮТээлч БолГОЁ”
Урин дулаан цаг ирсэнтэй зэрэгцэн зуны фестиваль, шоу, арга хэмжээнүүд өргөн хүрээнд зохион байгуулагдсаар байна. Тэр дундаа нийслэлчүүддээ соёлыг түгээх …
NO RULES: “ЭРДЭС” ХОТЫН ГАЙХАМШГААР ДАХИН АЯЛЪЯ
VOO original series, Oi entertainment-ийн бүтээл “No Rules” олон ангит киноны 2-р бүлэг “New word” нэртэйгээр эргэн ирлээ. Тус кино …