“Сүрьеэгүй ирээдүйн төлөө хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлье” уулзалтаар хэлэлцсэн Монгол Улс дахь сүрьеэгийн тархалт, өнөөгийн нөхцөл, байдлын талаарх зарим тоо баримтыг доор оруулав. Уулзалтад ХӨСҮТ-ийн Сүрьеэгийн тандалт, судалгааны албаны дарга Э.Оюунчимэг, НЭМҮТ-өөс албаны дарга С.Гэрэлмаа, Монголын эрүүл мэндийн сэтгүүлчдийн “Цагаан үзэг” холбооны тэргүүн, доктор Д.Ариунцэцэг нар болон эрүүл мэндийн сэтгүүлчид оролцов.
СҮРЬЕЭГИЙН ИЛРҮҮЛЭЛТ 10.7 ХУВИАР БУУРЧЭЭ
Манай улсад сүрьеэгийн өвчлөл дэлхийн дунджаас 3-4 дахин өндөр байгаа аж. Дэлхийн хэмжээнд өдгөө 9.8 сая хүн уг өвчинд өртсөн бол манайд эл тоо 14 мянга байна. Тодруулбал, 100 мянган хүн тутамд уг өвчин 437 тохиолдож байгаа нь харьцангуй өндөр үзүүлэлт юм. Үүнээс олон эмэнд тэсвэртэй сүрьеэ 100 мянган хүн тутамд 32, хүүхдийн өвчлөл үүнээс 12.3 хувийг эзэлж байгааг ХӨСҮТ-ийнхөн хэлсэн. Тэгвэл манай хоёр хөршид сүрьеэгийн өвчлөл 100 мянган хүнд 46-59 бүртгэгдсэн байх жишээтэй.
ЭМЧИЛГЭЭНИЙ ҮР ДҮН 88 ХУВЬТАЙ БАЙНА
Хүн төрөлхтний 98 хувь нь амьдрах хугацаандаа сүрьеэгийн нян тээдэг бөгөөд бүгд өвчилдөггүй нь тэдний амьдралын зөв дадал, хоол, хүнсний зохист хэрэглээтэй нь холбоотой гэнэ. Манайд өвчлөл ийнхүү өндөр байдаг нь ядуурал газар авсан, шим тэжээлтэй хоол, хүнсийг нийтээр хэрэглэж чаддагүй нь гол шалтгаан болжээ. Харин азаар, Монголд уг өвчний эмчилгээний амжилт, чанар дэлхийн дунджаас өндөр байна. Тодруулбал, сүрьеэгийн эмчилгээний үр дүн 88, олон эмэнд тэсвэртэй нь 66 хувьтай байгааг албаныхан хэлсэн юм.
ӨВЧТӨНҮҮДИЙН 74 ХУВЬ НЬ ЯДУУРАЛД ӨРТСӨН
Сүрьеэгийн тархалт их байгаагийн хэрээр өвчтөн, түүний гэр бүлийнхний 74 хувь нь уг өвчний шалтгаантайгаар санхүүгийн дарамт, ядууралд ямар нэг байдлаар өртсөн судалгаа байна. Эдүгээ илрүүлж чадаагүй сүрьеэгийн 10 000 тохиолдол байх магадлалтайг ч албаны хүмүүс мэдээллээ. Тодруулбал, манай улсад уг өвчний илрүүлэлт дөнгөж 20.8 хувьтай байгаа юм.
ӨНГӨРСӨН ОНД СҮРЬЕЭГИЙН 2709 ШИНЭ ТОХИОЛДЛЫГ ИЛРҮҮЛЖЭЭ
Сүүлийн гурван жилд гэхэд л илрүүлэлтийн хувь 31.5-аас 20.8 болтлоо буюу 10.7 хувиар буурчээ. Гэтэл төвийн болон зүүн бүс, төмөр зам дагуух аймаг, орон нутгуудад уг өвчний тархалт өндөр хэвээр байгаа бөгөөд сүрьеэгийн илрүүлэг ийнхүү буурсан нь цар тахлын улмаас эмч, мэргэжилтнүүд коронавируст өртсөн, тоног төхөөрөмжийн дутагдал, иргэдийн идэвх, үзлэг багассан нь голлон нөлөөлсөн гэнэ.
291 ХҮҮХЭД СҮРЬЕЭГЭЭР ӨВЧИЛСӨН БАЙНА
Эсрэгээрээ хүүхдийн сүрьеэ өссөн байна. 2021 онд 291 хүүхэд уг өвчнөөр өвдсөн бөгөөд цаана нь илрүүлээгүй 800 тохиолдол байх магадлалтай гэсэн тооцоо ч гаргаж. Уг үзүүлэлтийг 2018 оныхтой харьцуулахад хүүхдийн сүрьеэ 3.9 хувиар өсжээ. Түүнчлэн жил бүр уг өвчний улмаас 200 гаруй хүн нас барсаар байна. Иймд сүрьеэгийн өвчлөлийг дорвитой бууруулахад чиглэсэн хариуцлагатай хамтын ажиллагааг бэхжүүлэх, судалгаа, шинжилгээнд сүүлийн үеийн шинжлэх ухаан, инновацыг нэвтрүүлэх, хүүхэд болон өсвөр үеийнхний эрт илрүүлгийн тогтолцоог бий болгоход шаардлагатай хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхийг ХӨСҮТ-ийнхөн хэллээ.
Сүрьеэгийн өвчлөлийг бууруулахад хэвлэл мэдээллийн байгууллагууд тэр дундаа сэтгүүлчдийн оролцоог нэмэгдүүлэхэд талууд хэрхэн хамтран ажиллах талаар санал солилцлоо. Энэ удаагийн уулзалт хэлэлцүүлэгт Орон нутгийн хэвлэл мэдээллийн холбоо “Цагаан үзэг” холбооны хамтын ажиллагааны хүрээнд орон нутгийн сэтгүүлчид тус уулзалт, хэлэлцүүлэгт цахимаар холбогдож мэдээлэл солилцсон нь онцлог байлаа.
More from Эрүүл мэнд
ЭМЧ Т.НАВЧАА: COVID-19-ЫН ХАЛДВАРЫН ШИНЭ ТОХИОЛДЛУУД ХҮҮХДҮҮДЭД ЛАРИНГИТААР ИЛЭРЧ БАЙНА
ЭМЯ-наас томуу, томуу төст өвчний талаар мэдээлэл өгсөн. Энэ үеэр, Анагаах ухааны доктор Т.Навчаа мэдээлэл өглөө. Тэрбээр, COVID-19-ын халдварын шинэ …
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВ МЭС ЗАСАЛ, ГЭМТЛИЙН ТАСГААР ҮЙЛ АЖИЛЛАГААГАА НЭМЭВ
Сонгинохайрхан дүүргийн “Эрүүл мэндийн төв” мэс засал, гэмтлийн тасгаар үйл ажиллагаагаа нэмлээ. Дүүргийн “Эрүүл мэндийн төв” нь иргэдэд чанартай, хүртээмжтэй …
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ӨРХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВҮҮД ISO 9001:2015 ОЛОН УЛСЫН ЧАНАРЫН СТАНДАРТЫГ НЭВТРҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ
Дүүргийн 12,13-р хорооны хүн амд эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээг үзүүлж байгаа “Алтанцэгцүүхэй” ӨЭМТ нь Холбооны Бүгд Найрамдах Герман …