Таван настай Ши Жинпин. Зүүн гар талаасаа ах Ши Юүанпин ба аав Ши Жуншүн.
1958 он
Коммунист уламжлал
Дэлхий дахинаа нөлөөтэйн дээр олон зуун үндэстэн ястан, янз бүрийн шашны төлөөлөл амьдардаг, өргөн уудам газар нутагтай, тэрбум гаруй хүн амтай том гүрнийг удирдана гэдэг амаргүй. Удирдлага нь ухаалаг, алсын хараатай байхгүй л бол яах ийхийн зуургүй өөрийн нутагт төдийгүй хөрш орны газар руу хальсан тогтворгүй үзэгдэл, зэвсэгт мөргөлдөөн үүсгэх аюултай. Хятадын түүхэнд ийм тохиолдол цөөнгүй. Өнгөрсөн зууны 70-аад онд өрнөсөн Соёлын хувьсгал үүний тод жишээ.
Ганц намын удирдлагатай Хятадад нэг хүнийг тахин шүтэх, ганц хүн бүгдийг шийддэг нэгэн төрлийн хаант төр үүсэхэд тун амархан. Коммунист нийгэмд ийм уламжлал хамгийн том ажиглагддаг. Зөвлөлтөд Сталин, Албанид Энвер Хожа, Югославд Иосиф Броз Тито, Румынд Николау Чаушеску, Кубад Фидель Кастро гээд ганц намын тогтолцоотой улсад нэг хүн олон арван жил дангаар төр барих үед удирдагчийн тойрон хүрээлэл гэсэн тусгай “дээдийн дээд” давхарга бий болдог. Ингээд “босс”-ыг дулдуйдагч нас дээр гарсан цөөн тооны хүмүүс ба тэдний төрөл садан бүх эрх мэдлийг гартаа авч хамаг баялаг, хөгжлийн өгөөжийг эдлээд эгэл иргэд тэр бүхнээс дусал дуслаар хүртдэг болж хувирдаг нь яваандаа улс орны хөгжил, ард түмний амьдралд тун ч таагүй нөлөөлдөг. Өнөөдрийн Хойд Солонгос үүний нэг жишээ.
Хятад маягийн өөрчлөлт
Харин манай урд хөршид Мао Зэдүний дараа гарч ирсэн удирдлага энэ бүхнийг тооцож үзээд улс орноо тогтвортой хөгжүүлэхийн тулд илүү алсын хараатай байх ёстой гэж шийдэн нэг хүн олон жил дараалан бүх эрх мэдлийг гартаа байлгах боломжийг хаасан шинэ зарчим бий болгосон байдаг. Энэ зарчмын дагуу тэргүүлэгч болгон тус бүр таван жил үргэлжилсэн хоёр хугацаанд л төрийн эрх бариад насаар бага, залуу үедээ Засгийн бүх эрх мэдлийг хүлээлгэн өгнө. Дараагийн удирдагч хэн байхыг нам дотроо шийднэ. Ингэснээр Хойд Солонгос шиг улс орныг удирдах эрхийг угсаа залгамжуулан шилжүүлдэг өвөрмөц “хаан угсаа” үүсэх, ийм угсааг дагасан цөөнхийг бүлэг үүсэхээс сэргийлэв. Дараагийн удирдагч хэн болохыг намын дотор шийдэх болохоор эрх мэдлийн төлөөх намын дотоод бүлэглэлүүдийн тэмцэл үүссэн нь Америк гэх мэт улсын нам хоорондын өрсөлдөөнтэй адил болж хувирсан гэвэл онц хэтрүүлэг болохгүй байх.
Хятадын коммунистууд олон мянган жил үргэлжилсэн өмнөх түүхээ үгүйсгэхийг хүссэнгүй үе үеийн удирдлагууд өөрийн онцлогийг тусгасан онол дэвшүүлж, түүнээ илэрхийлсэн уриатай болсон гэж болно. Эхний үе нь Мао Зэдүн ба түүний хамтран зүтгэгчдийн засаглал. Энэ шатанд богино хугацаанд “цэнгэлийн манлайд хүрэх” утопи маягийн үзэл бодол ноёрхож байсан. “Гурван жил уйгагүй ажиллаад түмэн жил жаргая” гэх мэт уриатай. Олон арван жил үйлээ үзэлгүйгээр шууд л манайхан капитализмыг алгасан социализм руу гэдэг шиг л хэдхэн жилийн дотор бүгдийг хийх гэж зүтгэсэн. Эдийн засгийн хөгжил, хүн амын амьжиргаа үүнээс болж ямар түвшинд хүрсэн нь ойлгомжтой. Тэр үед урагш явдаг байсан хүн цэрэг шинель, орос дуран, цаг хилээр гарган сольдог байсныг санах хүмүүс байгаа л байх.
Дараагийн удирдагч Дэн Саяопин илүү прагматик хүн байв. Уриа нь “Хулгана барьж чаддаг л бол муур хар эсвэл цагаан зүстэй байх нь хамаагүй”. Хятад маягийн онцлогтой социализм байгуулахын тулд коммунист намын удирдлага дор капиталист зарчмаар ажилладаг нийгэм цогцлуулах. Улс орноо гадаадын хөрөнгө оруулалт, техник, технологид нээлттэй болгох. Эдийн засагт голлон анхаарч, үзэл суртал нь хоёрдугаарт тавигдав.
Гурав дахь үеийн удирдагч Жан Зэмин Хятадын Коммунист намын гурвалсан төлөөллийн онолыг удирдлага болгосон. Гурван төлөөлөл гэдэг нь нэгд, орчин үеийн үйлдвэрлэлийн ашиг сонирхлыг буюу шинэ хөрөнгөтнүүдийн эрх ашгийг төлөөлөх. Хоёрт, орчин үеийн шаардлагад нийцсэн соёлын хөгжлийн дэмжих буюу үзэл суртлыг бүхэлд нь хянах. Гуравт, хүн амын дийлэнх буюу баяжиж чадаагүй эсвэл чадваргүй олонхын эрх ашгийг хамгаалах замаар бүгд эрх тэгш гэсэн коммунист бодлогыг цаашид тууштай явуулах.
Дөрөв дэх үеийн удирдагч болох Ху Жинтао нь шинжлэх ухааны үндэслэлтэй хөгжих чигийг гаргав. Тулгараад байгаа асуудлыг шийдэхдээ үзэл суртал бус харин шинжлэх ухааны үндэслэлийг голчлох. Үүнийг дагаад манай урд хөрш дотоодын асуудлыг шийдэхдээ илүү алсын хараатай хандах болж ажилчдын цалин хөлс, татвар суутгал, гадаадын хөрөнгө оруулалт зэрэгт үнэхээр шинжлэх ухааны үндэслэлтэй хандах болсон гэж болно. Өөрөөр хэлбэл хулгана барьдаг муурны зүсэнд анхаардаг болсон гэх юм уу даа. Хятад хямд ажиллах хүчтэй гээд хаа нэгтээгээс ирсэн гадаадын хөрөнгө оруулагчид тэдэнд хамгийн муу, хүнд ажлыг хэдхэн зоос төлсөн болоод хийлгэдэгт шүүмжлэлтэй хандах болж, дотоодын нөөц боломжийг анхаарч эхлэв. Шинжлэх ухааны хөгжил улс төр, үзэл суртлаас ангид гэдгийг намын бүх шатанд нэг мөр хүлээн зөвшөөрөв. Мөн эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангахад хотжилт чухал ач холбогдолтой гэдгийг энэ шатанд маш сайн ойлгосон гэж болно.
Одоо үе
Тэрээр шинэ түүхэнд анх удаа “Хятад мөрөөдөл” гэсэн ойлголт гаргаж ирэв. Үүнээс өмнө дэлхий дахин “Америк мөрөөдөл” л гэж мэддэг байсан. “Америк мөрөөдөл” нь хүн болгоныг үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, өөрийн гэсэн байр суурьтай байх боломжоор хангахтай зэрэгцэн тухайн хүнийг боломж, чадварынхаа хэмжээгээр хөгжих, хөлжихөд садаа болохгүйг хэлдэг гэж болно. Манай урд хөршийн мөрөөдөл нь арай өөр, хувь хүн гэхээс илүүтэйгээр улс, үндэстнийг бүхэлд хамарсан шинжтэй.
Ши Жинпин “Хятад мөрөөдөл” гэдгийг товчхондоо Хятадыг баян, хүчирхэг гүрэн болгох, хятад үндэстнийг эрчимтэй хөгжүүлэх, ард түмнийг элбэг хангалуун амьдрах нөхцөлийг бүрдүүлэх гэж тодорхойлсон байна. Үүний тулд гурван шаардлага хэрэгтэй гэнэ. Нэгд, улс орон өрнөдийг эсвэл Оросыг дагахгүй өөрийн гэсэн Хятадын онцлогтой замаар хөгжих ёстой. Хоёрт, мөрөөдлөө биелүүлэхийн тулд эх оронч үзэл, өөрчлөн шинэчлэлт, инноваци дээр тулгуурласан Хятад маягийн сэтгэлгээ, онцлогийг хөгжүүлэх хэрэгтэй .Гуравт, Хятадын бүх хүчийг нэгтгэх ёстой.
Туулсан амьдрал
Хятадын бүх хүчийг нэгтгэх гэдэгт Ши Жинпин онцгой анхаарах олон зүйл амьдралд нь тохиолдсон гэж болно. Эндээс л Ши Жинпиний туулсан амьдрал, хэлсэн үг, хийсэн үйлдэл онцгой чухал болж ирнэ.
Ши Жинпин 1953 онд Шэнси мужийн Фупин хошуунд төржээ. Түүний эцэг Ши Жунсүн нь 1930-аад онд Мао Зэдүний ойрын хүрээлэлд багтдаг байсан бөгөөд 1949 онд БНХАУ-ыг тунхагласны дараа Төрийн зөвлөлийн дэд сайд хүртэл өндөр албан тушаал хашиж байсан нөлөө бүхий хүмүүсийн нэг байв. Иймд Ши Жинпиний бага нас нь тухайн үеийн эгэл хятад айлын хүүхдүүдтэй зүйрлэхээргүй элбэг, хангалуун орчинд өнгөрсөн биз. Үүнээс болж Ши Жинпинийг Хятадын намын өндөр албан тушаалтнуудын хүүхдүүд буюу “хунтайж нарын бүлэглэл”-ийн төлөөлөгч гэж үздэг.
Намын дотор болсон ээлжит удаагийн уралцааны дараа эцэг нь намын эсрэг хуйвалдаан зохион байгуулсан хэрэгт буруутгагдан 1965 онд Хэнань муж руу цөлөгдсөн төдийгүй “Соёлын хувьсгал”-ын үеэр бараг арваад жил шоронд хоригдсон байна. Энэ бүхэн Ши овогт хүүгийн амьдралыг орвонгоор нь эргүүлсэн нь мэдээж. Элбэг хангалуун амьдралтай байсан хүү яах ийхийн зуургүй л эгэл амьдралын хатуу бэрхийг биеэр туулж мэдэрсэн байна. 1969 онд түүнийг “хөдөлмөрөөр хүмүүжүүлэх” аянд хамруулан тухайн үеийн хамгийн ядуу Янчуань мужийн Шэнси нэртэй тосгон руу цөлжээ. Энд тэрээр долоон жилийн турш сууц болгон зассан агуйд, тоосгон дээр даавуу дэвсэн амьдарсан гэж зарим эх сурвалж дурдсан байна. Тэргүүлэгч өөрөө байнгын ганцаардал, хүнд ажил, бөөс хуурс гэх мэт олон бэрхийг давж гарсан гэж ярьж байжээ.
Намын дотоод хагарал, зөрчил ямар таагүй үр дагаварт хүргэдгийг яс махаараа мэдэрсэн болохоор тэрээр Хятадын бүх хүчийг нэгтгэхийг нэн чухал гэдгийг ойлгосон биз.
Дэвшсэн он жилүүд
Ши Жинпин тэр бүх бэрхшээлийг туулахдаа Хятадын Коммунист намаас нүүр буруулсангүй. 1971 онд эвлэлийн гишүүн болж, 1974 онд эцэг нь шоронд байсан ч намын гишүүн болж чаджээ. 70-аад оны дундуур шийтгэгдсэн намын гишүүдийн хүүхдүүдийг Бээжинд эргэн ирэхийг зөвшөөрсний дараа Цинхуа их сургуулийн хими технологийн ангид элсэн суралцсан байна.
1978 онд Дэн Саяопин хоёр дахь үеийн удирдагч болж Хятадыг удирдаж эхлэхэд эцэг нь суллагдан алдаад байсан бүх байр сууриа эргүүлэн авч, Гуандун мужийн намын дарга, захирагчийн албыг давхар хашдаг болов. Үүнээс төд удалгүй 1979 онд сургуулиа дүүргэсэн Ши Жинпин Төрийн зөвлөл ба Төв цэргийн зөвлөлийн хэрэг эрхлэх газар нарийн бичгийн даргын ажлыг хийж. Цааш явсаар 1982 онд Батлан хамгаалахын сайд Ген Бяо генералын нарийн бичгийн дарга болсон ч хөдөө орон нутаг руу явах хүсэлт гаргаад Хэбэй мужийн Чэндин хошууны Намын хорооны орлогчоор ажиллаж.
1983 онд хошууны намын дарга ба Ардын зэвсэгт сэргийлэхийн даргын албыг хашив. Энэ албан тушаалд тэрээр Дэн Сяопиний хэрэгжүүлж эхэлсэн муурны өнгө биш харин хулгана барих чадвар чухал гэсэн зарчмыг анхлан амьдрал дээр туршин хэрэгжүүлсэн хүмүүсийн нэг болсон гэдэг. Ингээд өөрийн хошуунд аялал жуулчлалыг түлхүү хөгжүүлэн эдийн засгийг сайжруулж, ард иргэдийн амьжиргааг дээшлүүлсэн байна.
1985 онд тэнгисийн эрэг орчмын Фужань мужийн Сямэнь хотын дэд даргаар очив. Хот нь Тайваниас ганцхан хоолойгоор зааглагдсан, эдийн засгийн тусгай бүс. Энд Ши Жинпин нь гадаадын хөрөнгө оруулагчдыг татан хамтарсан үйлдвэр байгуулж эхэлсэн анхны дарга нарын нэг болов. Хожим түүний туршлагыг Хятад даяар авч хэрэгжүүлсэн гэж зарим шинжээч онцолжээ. Энэ муждаа тэрээр тууштай карьер хийсээр 1995-2002 онд Фужан мужийн Намын хорооны орлогч дарга, мужийн цэргийн нэгдүгээр комиссар болсон байв. 2000 онд мужийн дарга болсон бөгөөд энэ хугацаанд Тайванийн бизнес төлөөлөлтэй эдийн засгийн бат бэх холбоо тогтоосон аж. Энэ хугацаанд мөн Хятадын коммунист намын их сургуульд суралцан хуульчийн мэргэжил давхаар эзэмшсэн байна.
2002 оны арваннэгдүгээр сард Ху Жинтао дөрөв дэх үеийн удирдагчаар гарч ирэхэд Хятадын Коммунист намын төв хорооны гишүүн болов. 2002-2007 онд Жэчан мужийн намын хорооны дарга, батлан хамгаалах дайчилгааны хорооны тэргүүлэгч, Нанжин мужийн цэргийн тойргийн намын хорооны даргаар ажиллаж байв.
Ингэж ажиллаж байхдаа тэрээр авилгын эсрэг тууштай тэмцэгч гэсэн тодотголтой болсон. Эдгээр жилд Ши Жинпин нь намын дотор карьер хийхтэй хавсран олон мужийн цэргийн тойргийн намын даргаар ажиллаж байсан тул армийнхны дунд байр суурьтай, нэртэй болсон нь ойлгомжтой.
Иймд 2007 онд Шанхайн намын хорооны ларга Чэн Лянтюй авилгын хэргээр баривчлагдахад зургаан сарын турш энэ хотын намын даргаар ажиллав. Харин Шанхайн намын хорооны даргын ажлыг хийж байсан хүн БНХАУ-ын тэргүүлэгч болдог бичигдээгүй хууль үйлчилдэг гэдгийг энд анхаарах хэрэгтэй. Энэ хугацаанд авлигад идэгдсэн өмнөх даргын тойрон хүрээллээс хотыг цэвэрлэхэд онцгой анхаарсан гэсэн таамаг бий. Тэр жилдээ Төв хорооны Хонконг ба Макаогийн хэрэг эрхэлсэн бүлгийн тэргүүлэгч, Тайванийн хэрэг ба гадаад бодлога хариуцсан бүлгийн орлогч болж, Намын сургуулийн дарга болсон нь энэ бичигдээгүй хуулийг баталж байгаа юм.
Ингээд 2012 онд Ши Жинпин Намын ерөнхий нарийн бичгийн дарга, Цэргийн төв зөвлөлийн тэргүүлэгч болсон түүхтэй.
Туулсан амьдрал нь нэг иймэрхүү. “Хунтайж нарын бүлэг”-ийн хувьд намын элитүүдийг хар багаас мэддэг, цөлөгдөн хатуу бэрхийг давсан, тосгоны намын дарга гэсэн хамгийн бага албан тушаалаас эргэн дээшилж гадаадын хөрөнгө оруулагчдын татах анхны алхмуудыг хийлцсэн, шат ахиж явахдаа армийнхны дунд танил талтай, нэр хүндтэй болсон, хоёр ч дээд мэргэжилтэй болсон, албан тушаал ахиж явахдаа л авлигатай тэмцэгч гэдгээрээ нэртэй болсон гээд олон онцлог зүйл энэ хүнд байна.
Хийсэн үйлдэл
Ши Жинпинийг Хятадын тэргүүлэгч болох үед алгуурлалгүй шийдэх шаардлагатай олон асуудал хуримтлагдсан байв. Нэн тэргүүнд авлигаас болж Хятадын коммунист намын нэр хүнд ард олны дунд ихээхэн унасан явдал. Цаашид энэ чигээр үргэлжилбэл Зөвлөлтөд тохиолдсон хувь тавилан урд нь бүртийж эхлэх нь гарцаагүй байв. Өрнөдийн хэвлэл мэдээлэлд гарсан нийтлэлээс үзвэл Ши Жинпин байдлыг маш соргогоор мэдэрсэн бөгөөд Хятадын удирдлагуудын өмнө “Зөвлөлт холбоот улс яагаад задрав? Зөвлөлтийн Коммунист нам сүйрсэн шалтгаан” сэдвээр нууц илтгэл тавьсан юм байна. Энэ нууц илтгэлдээ тэрээр эдгээр асуултын хариуг тун товч өгчээ. Тухайлбал, “Оросуудын итгэл үнэмшил, хүсэл эрмэлзэл нь тууштай хатуу биш байснаас болж ялагдсан. Явсаар эцсийн бүлэгт Горбачев ганц хоёрхон удаа үг хэлсний дараа агуу том намын амьдрал дуусч, ЗХУ задран унасан юм. Ийм хэцүү үед эр шиг хүн зан гарган урагш гарч тэр бүхнийг эсэргүүцэх хүн нэг ч гараагүй” гэсэн гэнэ. Цаашлаад намын гишүүдийн дотор хээнцэрлэх, тансаглах хандлага газар авсан, ёс суртахуун унасан зэрэг нь ард түмний намд итгэх итгэлийг бууруулж байна гээд яаралтай арга хэмжээ авахгүй бол бид Горбачев шиг байдалд орж Зөвлөлт шиг задарч магадгүй гэж.
Иймд нэн тэргүүнд намын эгнээг авлигачдаас цэвэрлэх кампанит ажил эхлүүлсэн юм. Хятадын коммунист намыг ирээдүйд удирдаж магадгүй гэгдэж байсан Бо Силай, Гуанжу хотын намын дарга Вань Цинлян, Нийгмийн аюулгүй байдлын сайд асан Чоу Юнкан, Чунчин мужийн дарга Ван Лижүн, Хятадын Төмөр замын яамны Лю Чижүн гээд олон арван өндөр албан тушаалтнуудыг авлига, эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан хэрэгт буруутган шүүж цаазар авах, бүх насаар нь хорих гэх мэт хүнд ялаар шийтгэв. Хууль бусаар олсон мөнгөө гадаадад амьдардаг хүүхэд, хамаатнуудын нэр дээр шилжүүлэх замаар хариуцлагаас мултарч байсан намын 1000 гаруй гишүүнд арга хэмжээ авч албан тушаалаас нь буулган бусдыг нь гадаадад байгаа төрөл саднаа нэн даруй Хятад руу эргүүлэн татахыг шаардсан.
Ши Жинпиний өмнө тулгарсан дараагийн нэг асуудал нь Хятадад баян ядуугийн ялгаа эрс нэмэгдсэн явдал. Хятадад сая ба түүнээс дээш ам.долларын хөрөнгөтэй сая гаруй хүн байгаа нь лут үзүүлэлт ч гэлээ хоногт 1-2 ам.доллараар гол зогоодог 150 сая гаруй хүн амьдарч байна. Эрс ялгаатай байдал цаашид даамжирвал бослого, үймээн дэгдэх нь гарцаагүй. Иймд нийгмийн асуудалд онцгой анхаарах арга хэмжээ авч эхэлжээ. Хятадын хөдөө тосгоны оршин суугчид Хукоу нэртэй тусгай зөвшөөрөлгүйгээр том хотуудад нэвтэрч ажиллах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд хамрагдах эрхгүй. Гэтэл хотуудад тусгай зөвшөөрөл авалгүйгээр орж ирж ямар ч эрхгүйгээр хамгийн бага цалин авч ажиллаж байгаа хүний тоо 260 саяд хүрсэн тухай мэдээ байна.
Хотжих нь эдийн засгийн хөгжлийг тууштай өндөр байлгах гол хүчин зүйлийн нэг гэж үзэж байгаа Засгийн газрын хувьд ийм олон сая эрх мэдэлгүй уурлаж бухимдсан хөдөөнөөс ирсэн цагаачид байна гэдэг хэзээ дэлбэрэхийг нь мэдэхгүй тэсрэх бөмбөгөн дээр сууж байгаатай адил. Иймд Ши Жинпин нь хөдөөний иргэдийг Хукоу зөвшөөрөл авах замыг хялбаршуулах, хотод ажиллаж байгаа хөдөөний иргэдийн эрүүл мэндийн болон бусад даатгалд хамруулах шат дараалсан арга хэмжээ авч эхэлсэн.
Ингэснээр цаашдаа том хотуудад хөдөөнөөс шилжин суурьшсан 10 сая хүнд шинэ ажлын байр бий болгоно гэсэн зорилт тавьжээ. Мөн яваандаа хөдөө ба хотын оршин суугчдын амьжиргаа, цалин хөлсний ялгааг арилгах арга хэмжээ авсан байна.
Дараагийн нэг асуудал нь экспортод чиглэсэн эдийн засаг. Экспортод чиглэсэн эдийн засаг нь өрнө дахин хямрахад Хятад даган хямардаг хамааралтай байдалд орсон гэдгийг 2008 он харуулсан. Иймд цаашид аажмаар Хятадын эдийн засгийг дотоодын зах зээлд голлон чиглүүлэх арга хэмжээг авч эхэлсэн байна. Үүний тулд мөн л хүн амын дийлэнх нь хотжих, хотын иргэн болох шаардлагатай гэдгийг онцолж.
Олон улсын тавцанд Хятадын байр суурийг илүү тууштай, илүү хатуу байр сууринаас хамгаалж эхэлсэн. Япон, Вьетнамтай булаацалдаж байгаа арлууд, Энэтхэгтэй булаацалдаж байгаа Ладак нуур орчмын газар нутгийг тойрон болсон, болж байгаа үйл явдал үүнийг гэрчилнэ. Хятад цаашид өөрийн эрх ашгийг хамгаалахын тулд шаардлагатай гэж үзвэл зэвсгийн хүч ч ашиглаж магадгүй хэмжээнд хүрсэн, дэлхийн хүчирхэг гүрэн гэсэн мессежийг энэ бүх үйлдэл олон улсад явуулж байгаа хэрэг. Өөрийн эрх ашгийг хамгаалахад орчин үеийн зэвсэгт хүчинтэй байх шаардлагатай гэдгийг Ши Жинпин нэг бус удаа онцолсон. Энэ тал дээр ч онцгой анхаарал тавьж байгаа. Өөрийн гэсэн нисэх онгоц тээгчтэй болж зэвсэглэлдээ авсан, ийм онгоцон дээрээс хөөрөх чадвартай онгоцыг өөрсдөө үйлдвэрлэсэн.
Үүнтэй зэрэгцэн дэлхийг хамарсан хямралын үеэр аль нэг талд оролгүй өөрийн гэсэн бодлогыг тууштай явуулж, Хятад олон ашигтай гэрээ байгуулж чадсан онцлогтой. Крымийн хямралын үеэр Оросоос 30 жилийн хугацаатай 400 тэрбум ам.долларын шатдаг хий худалдан авах гэрээ байгуулсан нь үүний нэг жишээ. Нэг талаас Оросыг хүнд байдалд орохоос аварч найдвартай түнш гэдгээ харуулсан, нөгөө талаас барууны шахалтад ордог жижиг улс байхаа больсон гэдгээ баталсан
Хятадын №1 хүн болсны дараа анх удаа айлчилсан улс нь ОХУ байв. Уулзалтын үеэр хоёр улс 30 гаруй стратегийн чухал гэрээнд гарын үсэг зурсан юм. Үүнээс болж өрнө дахин, ялангуяа Америкийн судлаачид Ши Жинпин Путин хоёр Америкийн эсрэг цэрэг, улс төрийн, эдийн засгийн эвсэл байгуулан түүнээ бэхжүүлж байна гэх хардалт төрүүлсэн юм. Мөн Хятадын удирдагчид Өмнөд Солонгос руу айчлахаас өмнө эхлээд заавал Хойд Солонгосын удирдагчтай уулздаг байсан уламжлалыг эвдэн Сөүлд түрүүлж айлчилсан нь олны анхаарлыг ихэд татсан билээ. Тэр бүү хэл Ши Жинпинийг Сөүлд буух үеэр Хойд Солонгосын ойрын тусгалтай пуужин далай руу харваж туршилт хийснийг зарим шинжээч Хойд Солонгос уурлаж, гомдож байгаагаа илэрхийлж байна гэж тайлбарлаж байв.
Гэр бүл
1980-аад оны эхний хагаст Ши Жинпин нь Их Британид суугаа Хятадын Элчин сайд Кэ Линлиний охинтой гэр бүл байжээ. “WikiLeaks” сайтын ил болгосон америк дипломатчдын мэдээгээр хосууд Бээжингийн баруун хэсэгт орших өндөр албан тушаалтнуудын амьдардаг Наньшагоу дүүрэгт амьдардаг байсан бөгөөд бараг өдөр болгон шахуу хэрэлдэж маргалддаг байж. Удалгүй Кэ нь Хятадыг орхин Англид амьдрахаар явснаар гэр бүл салжээ.
1980 оны сүүлээр Ши Жинпин нь Хятадын ардын чөлөөлөх армийн дуу бүжгийн ансамблийн удирдагч Пэн Лиюаньтай гэр бүл болов. Пэн Лиюань нь ансамблийн хамтаар Хятад даяар аялан тоглолт хийж байнга явдаг, ардын дуу дуулаач гэдгээрээ Хятад даяар алдартай нэгэн байв. Иймд 2007 онд Ши Хятадын коммунист намын Төв хороонд сонгогдох хүртлээ олны дунд нэг их нэр гараагүй, ямар ч байсан өрнөдийн сэтгүүлчид түүнийг нэртэй дуучин Пэн Лиюаний нөхөр гэдгээр нь гол төлөв мэддэг байсан гэх.
Пэнь Лиюань дуулах чадвараа зөвхөн Хятадаар хязгаарлаж байгаагүй гэдгийг хэлэх хэрэгтэй. Тэрээр өөрийн ансамблийн хамтаар дэлхийн олон нэртэй театруудад тоглолт хийж ая дуугаа өргөн барьж байжээ. Тухайлбал, Нью-Йоркийн Линкольн төв, Вена хотын Улсын дуурийн театр гэх мэт газарт дуулж байв.
Пэнь Лиюанийг хошууч генерал цолтой гэж өрнөдийн хэвлэлүүдэд бичих нь их. Үнэн хэрэгтээ тэрээр армийн албан хаагч биш энгийн нэгэн бөгөөд одоо хашиж байгаа албан тушаалын цол нь хошууч генерал юм байна.
Хятадын өмнөх удирдагчдын эхнэр нь эртний уламжлалын дагуу нөхрийнхөө сүүдэрт дарагдан байгаа үгүй нь мэдэгдэхгүй даруухан чимээгүй амьдардаг байлаа. Гадаадад айлчлахад дагаж явна гэж бараг байдаггүй. Харин тав дахь үеийн удирдагч Ши Жинпин энэ байдлыг эрс өөрчлөв.
“Хятадын мөрөөдөл”-ийг хэрэгжүүлэхэд “хүн бүрийн хүчин зүтгэл” чухал, эмэгтэйчүүдийн гүйцэтгэх үүрэг эрэгтэйчүүдийнхээс дутахааргүй чухал, хуучирсан сэтгэлгээнээс салах хэрэгтэй гэдгийг харуулан тэргүүн хатагтайн хамт Орост айлчилсан юм.
Орост хийсэн айлчлал Ши Жинпиний хувьд Хятадын төрийн тэргүүн болоод гадаадад хийж байгаа анхны айлчлал байсан тул Пэн Лиюань тэргүүн хатагтайн хувьд ч гадаадад хийж байгаа анхны албан ёсны айлчлал байв. Түүний өмссөн зүүсэн, хэлж ярьж байгаа болгоныг Хятад, Оросоос эхлээд Америк хүртэл дэлхий даяар анхааралтай ажиглаж байсан гэвэл онц хэтрүүлэг болохгүй.
Иймд Орост айлчлал хийсний дараа Хятадын интернэтэд Пэн Лиюанийн фэн бүлэг хэд хэд нээгдсэнд гайхах зүйлгүй.
Үүнээс гадна тэргүүн хатагтай нөхрийнхөө тунхагласан улс төрийн бодлогыг тун идэвхтэй дэмждэг гэдгээ олон зүйлээр харуулсан юм. Намын гишүүд, өндөр албан тушаалтнууд жирийн иргэдэд хүндлэлтэй хандах ёстой тухай яригдаж эхлэхэд тэргүүн хатагтай симфони найрал хөгжмийн тоглолтын тасалбар авах гээд жирийн хүмүүсийн адил дугаарлан зогсч байгаа зураг интернэтээр тархаж жинхэнэ дуулиан тарьж байлаа.
Үндэсний үйлдвэрлэлийг дэмжих тухай эрчимтэй яриа дэгдэхэд Пэн Лиюань Европт хийсэн цуврал айчлалын үеэр Хятадад үйлдвэрлэсэн “Nubia Z5 mini” загварын ухаалаг утас барьдгаа харуулсан. Дээр нь тэргүүн хатагтай өмсч зүүдэг бүх хувцсыг Хятадын дизайнерүүд гаргасан гэдгийг хэвлэл мэдээллийн хэрэгслүүд ихэд сайшаасан өнгөөр онцлон бичдэг.
Хөдөө ба хотын ялгааг арилгах, ДОХ-той тэмцэх тухай яригдаж эхлэхэд хөдөөгийн сургуулийн дэмжих хөтөлбөрт оролцон, Шаньси мужид ДОХ-ын халдвартай хүүхдүүдэд зориулагдсан анхны сургууль байгуулах ажилд гардан оролцсон.
Сычуань мужид болсон газар хөдлөлийн үеэр хохирсон хүмүүст туслах аян өрнөхөд тэргүүн хатагтай тэнд үнэ төлбөргүй концерт тоглож, охин Ши Минжэ нь тус мужийн жижиг сургуульд сайн дурын туслагчаар ажиллаж байв.
Энэ бүхний дээр Пэн Лиюань сүрьеэ ба ДОХ-оор өвдсөн хүмүүст туслах Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын сайн санааны элч, дам тамхидалтын эсрэг тэмцэгч гэдгээрээ алдартай.
Товчхон хэлэхэд Ши Жинпиний гэргий нь Хятадын тэргүүн хатагтай нарын тухай ягшмал ойлголтыг дотооддоо төдийгүй олон улсын тавцанд эергээр өөрчилж нэг төрлийн хувьсгал хийсэн гэж болно.
More from Lifestyle
“Таван толгой түлш”-ийн баруун бүсийн үйлдвэрийг нүүлгэнэ
БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ өнөөдөр “Таван толгой түлш” компанийн баруун бүсийн үйлдвэрт ажиллалаа. Тэрбээр энэ үеэр баруун бүсийн үйлдвэрийг 2022 оны …
Дэлхийн загварын шоунд манлайлсан Монгол хүүхдүүд
Монголын загварын ертөнц ихэд өсөлт дэвшилттэй спортынхноос дутахгүй амжилт гаргаж явааг бид алгасах учиргүй. Тэгвэл чадварлаг ах эгч нарынхаа араас …
Ирээдүйн хүргэндээ арай л эрт санаа зовоод байна уу даа Анхаа минь!
Жүжигчин хүн бийлэгжүү айлд бэр ордгоос хүргэн болсон нь ховор. Тэгвэл марзан төрх, хошин яриатайгаараа алдартай Г.Анхбаяр “MCS”-ийн нэгэн захирлын …