
УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны гишүүн, УИХ-ын гишүүн, А.Ундраа, Үндэсний статистикийн газрын дарга хатагтай А.Ариунзаяа, НҮБ-ын Хүн амын сангийн суурин төлөөлөгч хатагтай Наоми Китахара, Швейцарийн хөгжил, хамтын ажиллагааны байгууллагын орон нутгийн захирал хатагтай Габриелла Спирли, бусад зочид төлөөлөгч, хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөл, хатагтай ноёд та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе!
Монгол улс дахь жендерт суурилсан хүчирхийллийн (ЖСХ) 2017 оны үндэсний судалгааг танилцуулахаар та бид өнөөдөр энд цуглаад байгаа билээ. 2016 оны 6 сард эхлүүлсэн энэ судалгааны ажилд нийт 21 аймаг, 9 дүүргийн 100 гаруй монгол эмэгтэй бодитой, үнэн зөв баримт нотолгоо цуглуулахаар нэг баг болж, амжилттай ажиллалаа. Тус баг Монгол улсын хэмжээнд 7300 эмэгтэйг хамруулан судалгаа явуулж, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийн талаарх бодит тоо баримт, мэдээллийг анх удаа иж бүрэн байдлаар нэгтгэн боловсруулаад байна. Судалгааны үр дүн, урьдчилсан дүгнэлтээс харахад ЖСХ (жендерт суурилсан хүчирхийлэл) болон гэр бүлийн хүчирхийлэл нь өнөөдрийн Монголын нийгэм дэх тулгамдсан асуудал болжээ. Чухамдаа энэ асуудал зөвхөн Монгол улсын хэмжээнд тулгарч байгаа асуудал биш юм. Манай орон болон бусад улсад ч энэ асуудал байсаар байна. Учир нь ЖСХ, гэр бүлийн хүчирхийлэл нь эмэгтэйчүүд, хүүхдийн эрх, тэдний бие, сэтгэцийн эрүүл мэнд, нийгмийн сайн сайханд сөргөөр нөлөөлдөг. Эдгээр асуудал нь цаашлаад Монгол улсын иргэний нийгэм, эдийн засгийн хөгжил дэвшилд ч саад учруулдаг. ЖСХ, гэр бүлийн хүчирхийллийн асуудалд бүх нийтээр анхаарал хандуулж, дорвитой арга хэмжээ авах ёс зүй, нийгэм эдийн засгийн зайлшгүй шаардлага тулгараад байна. Үүний тулд бидэнд нэн түрүүнд нотолгоонд суурилсан бодлого хэрэгтэй. Иймд ЖСХ, гэр бүлийн хүчирхийлэл нийгэмд ихсэж буй шалтгаан, гарч буй үр дагаврын талаар сайтар судалж мэдэх зайлшгүй шаардлага бий болсон билээ. Энэ судалгаанд дээрх асуудлуудыг цогц байдлаар, үнэн зөв баримтад тулгуурлан хамруулж өгсөн нь сайшаалтай.
Тогтвортой хөгжлийн хөтөлбөр 2030 -д жендерийн тэгш эрхийн асуудлыг дараах байдлаар тодорхойлсон байдаг. Жендерийн тэгш эрхийн асуудал нь нийгмийн сайн сайхан ирээдүй, тогтвортой хөгжил, шударга ёсыг хангахад нэн чухал үүрэгтэй. Тулгарч буй асуудлын талаарх бодитой судалгаа, статистик мэдээлэл, хэрэгжүүлж буй үйл ажиллагааны эцсийн үр дүн гарахгүй бол бид Тогтвортой хөгжлийн хөтөлбөр 2030 – ийг амжилттай хэрэгжүүлэх боломжгүй. Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийн талаарх судалгаа, үнэн бодит нотолгоо бүхий мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх тал дээр Австрали улс үүрэг хүлээж санаачлагатай ажиллаж байна. Австрали улс энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд НҮБ-ын Хүн амын сан, ДЭМБ, Щвейцарийн Олон улсын хөгжлийн агентлаг болон Монголын иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран амжилттай ажиллаж байгаад Австрали улсын Элчин сайд миний бие их баяртай байна. Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл нь Монгол улсын хувьд нэн тэргүүнд авч хэрэгжүүлэх асуудал учир тус хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд Монгол улсын Засгийн газартай хамтран ажиллаж байгаадаа бид бүхэн талархаж байна. Австралийн Засгийн газар нь хөтөлбөр хэрэгжүүлэх үндсэн зорилго, зорилтоо нэгэнт тодорхойлсон бөгөөд үүнд том жижгээс үл хамаарч, нийт тусламжийн хөтөлбөр хэрэгжилтийн наяас доошгүй хувьд жендерийн асуудлыг тусгах зорилго тавьсан. Австрали улс нь жендерийн тэгш эрхийн хөтөлбөрийг эрчимжүүлэх, тусламжийн хөтөлбөрт эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор өнгөрсөн онд Жендерийн тэгш эрхийн сан байгуулсан. Тус сангийн энэ оны санхүүгийн жилийн нийт төсөв 55 сая Австрали доллар байхаар баталсан. Жендерийн тэгш эрхийн сан нь эмэгтэйчүүд, охидын эсрэг хүчирхийллийг зогсоох, эмэгтэйчүүдийн манлайллыг дэмжих зэргээр жендерийн тэгш эрхийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх олон улсын хүчин чармайлтыг дэмжиж ажилладаг.
Бидний санхүүжилтээр хэрэгжүүлсэн зарим санал, санаачилга, хөтөлбөр, үйл ажиллагаанаас дурдъя.
Хүчирхийлэлд өртсөн охид, эмэгтэйчүүдэд анхан шатны тусламж, үйлчилгээ үзүүлэх НҮБ-ын хамтарсан хөтөлбөр – хүчирхийлэлд өртсөн охид, эмэгтэйчүүдэд хохирогч, даван туулагч төвтэй тусламж, үйлчилгээг олон улсын стандартад нийцсэн түвшинд үзүүлэх.
НҮБ-ын Хүн амын сангийн дэмжлэгээр хэрэгжүүлсэн нэг цэгийн үйлчилгээний төвүүд – гэр бүлийн хүчирхийлэлд өртөгсдөд сэтгэл зүй, эрүүл мэнд, хамгаалалтын нэгдсэн үйлчилгээ үзүүлэх.
Мөн 2016 онд батлагдсан Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулийн шинэчилсэн хувилбарт бид зөвлөмж өгч ажиллаж байна. Энэ хууль болон бусад холбогдох хууль нь Монгол улсын хэмжээнд ЖСХ, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох юм. Монгол улсын Засгийн газар, олон улсын байгууллага, бусад оролцогч тал цаашид авч хэрэгжүүлэх хөтөлбөр, арга хэмжээг зөв тодорхойлж, амжилттай хэрэгжүүлэхэд энэ судалгааны үр дүн, үнэн бодит тоо баримт ихээхэн ач холбогдолтой юм. Энэ судалгаа нь Гэр бүлийн хүчирхийллээс сэргийлэх, хамгаалах Монгол улсын үндэсний хөтөлбөр-ийг идэвхжүүлж, амжилттай хэрэгжүүлэхэд түлхэц болно гэдэгт миний бие итгэж байна. УИХ-ын гишүүн А.Ундраагийн нээлтийн үеэр хэлсэн үгэнд миний бие их талархаж байна. Тэрээр “УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо энэ судалгаанд ач холбогдол өгч, цаашид анхаарч ажиллах болно” гэж хэлсэн билээ. Эцэст нь хэлэхэд Австрали улс жендерт суурилсан хүчирхийллийн бүх хэлбэрийг зогсооход Монгол улстай хамтарч, дэмжин ажиллах болно гэдгээ мэдэгдэж байна. Та бид эмэгтэйчүүд, хүүхдүүд, цөөнхийн эрхийг хамгаалахын тулд өөрсдийн зүгээс чадах бүхнээ хийх хэрэгтэй байна. Ялангуяа төрийн удирдах албаны хүмүүс энэ тал дээр илүү ач холбогдол өгч, анхаарч ажиллах шаардлагатай байна. Монгол улс жендерт суурилсан хүчирхийлэл, гэр бүлийн хүчирхийлэлгүй улс орон болохын төлөө та бид, бүгд хүчээ нэгтгэцгээе!
Та бүхэнд амжилт хүсье!
More from Австралийн Элчин сайдын яам Монгол Улс
Австралийн Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрийг 5 жилээр сунгав
Өнөөдөр Сангийн сайд Ч.Хүрэлбаатар болон Австралийн Элчин сайд Жон Лантри нар Австралийн Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрийг тавн жилээр сунгах гэрээнд …
Монгол, Австралийн Гадаад Харилцааны Яам хоорондын 3 дугаар зөвлөлдөх уулзалт боллоо
Монгол, Австралийн Гадаад харилцааны яам хоорондын ээлжит буюу 3 дугаар зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотноо 9 дүгээр сарын 6-ны өдөр болж, …
Австрали Улсын хилээр хүүхэдтэй гарах бичгийн тухай
Иргэн Та хүүхдээ бусадтай эх орон руу нь буцаах тохиолдолд Хүүхэдтэй хилээр гарах бичиг Элчин сайдын яамнаас авна. Харин хүүхдээ …