Сар шинийн баяр дөхөж, зах, худалдааны төвүүд олны хөлд хэдийнээ дарагджээ. Баярын бэлтгэл дан ганц хэвийн боов, ууц, буузаар тогтохгүй. Иргэд ирсэн зочныхоо гарыг цайлгах бэлгийг энэ жил нухацтай сонгож худалдан авч байгаа харагдана.
Цар тахлын улмаас сүүлийн гурван жил ёс төдий тэмдэглэсэн гэдэг утгаараа энэ жилээс монголчууд сар шинээ өргөн хүрээнд тэмдэглэх шинж, төлөвтэй байна. Учир нь “Мөнгөн завъяа”, “Зоос гоёл” зэрэг алт, мөнгөний дэлгүүрүүд эдгээр өдрүүдэд хөл хөдөлгөөн ихтэй байгаа юм.
Тиймээс олны эрэлт хэрэгцээ болсон алт, мөнгөн эдлэлийн үнэ ханшийг сурвалжлахаар бид “Мөнгөн завъяа” төвийг зорьсон юм.
Тус худалдааны төвийн хаалгаар орох төдийд л ажлын өдөр байсан хэрнээ үйлчлүүлэгч олонтой байлаа.

“МӨНГӨН ЗАВЪЯА”-Д ХӨӨРӨГНИЙ ҮНЭ 1.0 САЯАС ЭХЭЛЖ БАЙНА
Сар шинийн баярын гол гангараа бол мэдээж хөөрөг байдаг. Тиймээс бид хамгийн эхэнд хөөрөгний тасгаар орлоо. Үнэ ханш, хэлбэр хэмжээ, орц материалаасаа хамаараад олон төрлийн хөөрөг лангуун дээр алаглана.
Худалдагчаас үнийн мэдээллийг тодруулахад “өмнөх жилтэй харьцуулахад хөөрөгний үнэ харьцангуй тогтвортой байгаа” гэлээ. Гэхдээ хамгийн хямд хөөрөг 1.000.000 саяас эхэлж байгаа гэхээр хөөрөгний дундаж үнэ 3-4 саяд хэлбэлзэнэ.
Алтан нуухтай мөнгөн ултай халтар манан хөөрөг, алтан нуух мөнгөн ултай Тархитай халтар манан хөөрөг гэх мэтчилэн үйлчлүүлэгчид ихэвчлэн хуучин, уламжлал болсон загварын, мөн боломжийн үнэ ханштай хөөрөг сонгож байгаа харагдана.
Хөөрөгнийхөө онцлогоос шалтгаалаад “тэнгэрт тулчихсан” үнэтэй нь ч байна. Цааш бид иргэдийн өдөр тутмын гангараа басхүү хэрэглээ болсон мөнгөн эдлэл, гоёл чимэглэлийн лангууны үнэ ханшийг сонирхлоо.

ХАМГИЙН ХҮН БАГАТАЙ ЛАНГУУГААР “АЛТНЫ ТАСАГ” ТОДОРЛОО
Бум бужигнаж, түм түжигнэж байхад нэг лангуу арай хүн цөөнтэй, ачаалал багатай харагдана. Энэ бол алтан эдлэлийн лангуу. Бусад лангуугаа бодвол хамгийн үнэтэй бараа бүтээгдэхүүнтэй гэдэг утгаараа ийм байхыг үгүйсгэхгүй.
Тухайлбал, алтан эдлэлийн граммын үнэ 240-270 мянгын хооронд зарагдаж байна. Энэ лангууны гоёл чимэглэлийн хослолын доод үнэ нь 2-3 сая төгрөгт худалдаалагдаж байна. Цаашлаад 10-20 саяын үнэ нь дийлдэхээргүй алтан хослолууд ч өрөөстэй. Гэхдээ энэ төрлийн бараа бүтээгдэхүүнээс сонгож авах иргэн цөөнгүй байдаг талаар худалдагч онцолно лээ.
Мөн энэ жил хүмүүс алтан бөгж ихэвчлэн сонирхож авах болжээ. Учир нь хүмүүс гэр бүлийн хүмүүстэй бөгж өгөх нь энэ жилийн бараг тренд болсон гэхэд хилсдэхгүй гэж худалдагч хэлж байлаа. Гэхдээ залуучууд алтан эдлэл гэхээсээ монет авах нь элбэг. Монетын хослол мэдээж алтан эдлэлээс хамаагүй өртөг багатай, дундаж үнэ нь гэхэд 300-500 мянган төгрөгийн хооронд худалдаалагдаж байна.

ҮНИЙН ХУВЬД БОЛОМЖИЙН, ГАЙХАЛТАЙ ХОСЛОЛ ДОМБО, МӨНГӨН АЯГА
Сар шинийн баярын сургаар гадаад валютын ханш тэнгэрт хадаж, Эрээний наймаачдын хамар сөхөгддөг цаг ард хоцорчээ. Монголд үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнээр цагаан сарын бэлгээ бэлтгэж буй хүмүүстэй цөөнгүй таарлаа. Тухайлбал, хүмүүс мөнгөн аяга, домбыг аав, ээж, ах, дүүдээ бэлэг болгон ихээр авах болжээ. Бүр хослуулан авдаг талаар домбо, мөнгөн аяга зардаг худалдагч тодотгож байлаа.
Биднийг мөнгөн аяга, домбоны лангуугаар ороход харьцангуй хөл хөдөлгөөн сийрэг болж эхэлсэн юм. Мөнгөн аяганы хувьд граммаасаа хамаарч үнэ хоорондоо адилгүй байдаг талаар худалдагч хэлсэн. Мөн хээ угалз, хийц хэмжээ их чухал гэж онцолсон юм. Жишээлбэл, грамм багатай дундаж хэмжээтэй мөнгөн аяга 170-280 мянган төгрөгийн хооронд худалдаалагдаж байхад, грамм ихтэй адил хэмжээтэй мөнгөн аяга 300-450 мянган төгрөгийн хооронд худалдаалагдана. Ихэвчлэн энэ мэт дунд гарын мөнгөн аягыг хүмүүс сонирхож авдаг. Мөн домбо хамт дагалдуулж авах болсон гэж хэллээ. Домбо 1-2 литр багтаамжтай бөгөөд 299-399 мянгын үнэтэй зарагдаж байна.


Бэлтгэсэн: Н.Цацрал
More from Шүүмж
ЦЕМЕНТ БА БОДЛОГЫН ЗӨРҮҮ
Олон нийтийн сүлжээгээр олны танил “нөлөөлөгч” эрхэм нэгэн бичлэг постолсноор хэсэгтээ Монголчуудыг ярих сэдэвтэй байлгав. Уг бичлэгт дотоодын цементний үнэ …
ОНЦЛОХ СУРВАЛЖИЛГА: “БҮТээлч БолГОЁ”
Урин дулаан цаг ирсэнтэй зэрэгцэн зуны фестиваль, шоу, арга хэмжээнүүд өргөн хүрээнд зохион байгуулагдсаар байна. Тэр дундаа нийслэлчүүддээ соёлыг түгээх …
ШӨНӨ БУУСАН ААДАР: БҮХ ЖҮЖИГЧИДДЭЭ АЛГА ТАШИЦГААЯ
Өрхийн тэргүүн гэр бүлээ бүтэн байлгах ёстой юу? Хайртай хүмүүс чинь эвдрэлцэж, муудалцаж, хайрыг ойлгохоо больчихвол та юу хийх вэ? …