Сүүлийн үед иргэд амьтны гаралтай болон мах агуулаагүй бүтээгдэхүүн сонгож веган хоолыг өдөр тутамдаа түлхүү хэрэглэж эхэлсэн байна. Веган хоолыг олон талаар нь өөрт хэрэгтэй байдлаар хэрэглэж хэвшсэн нь эрүүл мэнд болон байгалийн тогтвортой байдлыг бий болгож байгаа юм. Үүнтэй холбоотойгоор манай редакц “Agnista” веган хоолны рестораныг зорьж анхны “ШҮҮМЖ”-ээ өрнүүллээ.
Хотын төвд буюу Төрийн ордны зүүн талд байрлах Лагшин төвийн нэг давхарт "Agnista" ресторан байрладаг юм байна. Миний хувьд үдийн цайны цагийн өмнөхөн буюу 11:30 цагийн үед зорьсон газартаа очлоо. Анх ороход л хоолны сайхан үнэр үнэртэж, хөгжмийн хэмнэл, цэвэрхэн тухтай орчин гээд таатай сэтгэгдлийг төрүүлж байв.

Мөн тус ресторан тасалгааны цэцгүүдийг олноор тавьж байршуулсан нь эко байдлыг бүрдүүлж чаджээ. Хэдийгээр зай талбай жижиг, цөөн хүн орох зориулалттай мэт ч зорьж ирсэн хүмүүст энэ тийм чухал асуудал биш бололтой харагдана.
Буйдан дээр тухалж аваад, хэсэг ойр орчим, үйлчлүүлэгчид, үйлчилгээний нөхцөл байдал гээд олон зүйлийг ажиглав.

Энэ өдөр үйлчлүүлэгчид тасарсангүй. Ганц энэ өдөр ч биш ер нь бүх өдрүүдэд ачаалалтай байдаг бололтой юм. Үйлчлүүлж байгаа хүмүүсийн царай, хандлага цаанаа л тааламжтай. Сонголтондоо сэтгэл хангалуун байгаа нь илэрхий. Идэж байгаа хоолноосоо кайф авч, үйлчлүүлж байгаа газартаа тухалсан байгаа хүмүүсийг хараад би ч захиалгаа яаран өгөв. Миний хувьд анх удаа үйлчлүүлж байгаа учир хоолны менютайгаа нэлээн удаан танилцсан. Энэ ч гоё юм уу, тэр нь ч дээр юм уу гэсээр худалч хүнд 20 минут болчихсон байх. Ингээд би веган хуушуур, веган банштай шөл гээд I , II дугаар хоол захиалсан. Хоол удсангүй. Ердөө 15 минутын дараа ширээн дээр бэлэн болчихлоо.
Үйлчлүүлэгчдэдээ бүх хоолоо шинээр хийж бэлтгэн хүргэдэг гэхэд арай л хурдан уу. Ахлах тогооч, бэлтгэгч, туслахууд хурдтай, ажилдаа гаршсан байна л даа.


БОР ХООЛТНУУДЫН ХОШУУРААД БАЙГАА ВЕГАН ХООЛ ГЭЖ ЮУ ВЭ?
“Agnista” веган хоолны үнэ 9900-28 000 төгрөгт багтдаг юм байна. Хоолны төрөл, сонголт өргөн. Бүр пицца, паста, стейкээс гадна хуушуур, бууз хүртэл байв. Хамгийн гол нь бүгд шинэхэн нарийн ногоо, уураг, амин дэмээр баялаг. Ер нь веган хоолны онцлог нь төрөл бүрийн нарийн ногоо болон хүний биед хэрэгтэй шош, үр зэрэг олон төрлийн ургамлаар баяжуулдагт оршино.

Ерөөсөө л тэр чигээрээ витамин, эрдэс баялаг гээд энгийн үгээр тайлбарлаж ч болох юм. Ийм төрлийн хоол үйлчилгээг төдийлөн мэдэхгүй хүмүүс цагаан хоол, веган хоолыг адилтгаж мэдэх юм. Тэгвэл энэ хоёр хоол өөр хоорондоо маш ялгаатай. Цагаан хоолонд сүү, өндөг, бяслаг, цагаан идээ түлхүү ордог бол веган хоолонд амьтны гаралтай юу ч хэрэглэдэггүй. Ногоо, жимс, шош, вандуй, оливын тос, бор гурил, жимс, буурцагт ургамал, үр тариа гэхчлэн хөвөрнө.
Веган хоолны зах зээл 4-5 жилийн өмнөхийг бодвол илүү эрэлт хэрэгцээтэй болжээ. Ковидын үеэс эхлэн хүмүүс веган хоолыг ихээр хэрэглэж идэх болсон байна. Энэ нь нэг талаараа Монголчууд зөв зохистой амьдралыг хүсэмжилж, эрүүл мэндээ боддог болсны тод илрэл. Тус ресторанаар үйлчлүүлж байгаа хүмүүсийн 80 хувь нь шахуу бор хоолтой байдаг гэдэг нь л дээрх санааг бататгаад өгчихөж байгаа юм.

ГЭР БҮЛЭЭРЭЭ 10 ЖИЛИЙН ТУРШ ВЕГАН ХООЛ ХЭРЭГЛЭЖ ЭРҮҮЛ, СТРЕССГҮЙ АМЬДАРЧ БАЙНА
"Agnista" 09:00-20:00 цаг хүртэл ажилладаг. Гэхдээ тун удахгүй өглөөний 07:00-23:00 цаг хүртэл ажиллахаар төлөвлөж байгаа аж. Товчхондоо, өглөө, оройн цагаар ажилладаг веган хоол идэхийг хүссэн хүмүүст зориулж ажлын цагаа сунгахаар болжээ. Нөгөө талаараа дэлхийн жишиг, цагийн зөв менежмент, зах зээлийн эрэлт хэрэгцээ, үйлчлүүлэгчдээ бодсон зөв зохицуулалт

Нэгэнт ирснийх сурвалжилгаа бүр баялаг болгох үүднээс тус рестораны зохион байгуулагч, аль эсвэл үүсгэн байгуулагч, магадгүй зүгээр л ресторанаа тодорхойлоод хэлчих хүнтэй уулзахыг битүүхэн хүсч байв. Гэтэл тус рестораны үүсгэн байгуулагч Д.Буяндэлгэр гэгч эмэгтэй өөрөө зөөгч, үйлчлэгч хийх нь холгүй үйлчилгээгээ хариуцаад менежерийн местэнд зогсож байдаг юм билээ.
Ингээд түүнд веган хоолтой холбоотой олонд хэрэгтэй мэдээлэл авахыг хүсч байгаагаа уламжиллаа. Харин тэрээр надад “Иргэдийн веган хоол, хүнс хэрэглэх болсон шалтгаан нь эрүүл мэнд болон амьд амьтны амь таслахгүй байхтай салшгүй холбоотой” гэдэг маш товч, тодорхой хариултыг өгөв.

Мөн үргэлжлүүлэн, “Веган хоолны зах зээл Монголд анх нэвтэрснээс хойш хэдийнээ 16 жилийг үджээ. Олон жил өнгөрсний дараа одоо л хүмүүс илүү сонирхож утга учрыг нь ойлгож хэрэглэж хэвшиж эхэллээ. Би анх 2009 онд “Эрдэнэт” – д веган хоолны цайны газраа байгуулсан. Үүний дараа 2015 онд Улаанбаатар хотод орж ирээд веган хоолны бизнесээ үргэлжлүүлэн эрхэлсэн. Ковид-19 цар тахал газар авахын өмнө цайны газраа улам томруулах зорилгоор өмнө нь үйл ажиллагаа эрхэлж байсан газраасаа нүүж “Agnista” веган рестораноо байгуулсан” гэлээ.
Мөн “гэр бүлээрээ эрүүл мэнддээ анхаарч веган хоолтон байхаар шийдсэн. Арван жилийн турш веган хоолыг хэрэглэхэд ямар нэгэн өвчин зовуурь илрээгүй бөгөөд эрүүл стрессгүй амьдарч байгаа даа талархаж амьдардаг” гэж ярив. Түүний ярианаас ямарваа бизнест тууштай байдал, мөн чанар, өөрийн гэр бүл эргэн тойрондоо үлгэрлэх гэдэг юм ямар чухал вэ гэдэг харагдаж байгаа биз ээ.

Ямартаа ч ресторантай танилцах нэгэн өдөр маань ийн үргэлжиллээ. Одоо харин ажилтан, үйлчлүүлэгчдийн сэтгэгдлийг дор онцолъё.
Ажилтан М.Ариунаа: Харилцаанаас хандлага бий болдог учир их чухалчилдаг
Манай “Agnista” ресторан зургаан ажилтантай. Ажил маань 2 ээлжээр гардаг болохоор ачааллаа дааж болохуйц. Миний хувьд өглөө 9:00 -5:00 цаг хүртэл ажилладаг бол нөгөө ээлжийн маань ажилтан 11:00-8:00 цаг хүртэл ажилладаг. Цайны цагаар олон хүн үйлчлүүлдэг болохоор ачаалал бага зэрэг нэмэгддэг. Гэхдээ ямарч үед хүнгүй байх нь ховор. Хоол захиалагчдаа хамгийн удаандаа л 15 минутын дотор очдог. Миний хувьд харилцааг чухалчилж, харилцаа хандлагыг бий болгоно гэдэгт итгэдэг. Тэр утгаараа ажлынхан, үйлчлүүлэгчдэдээ эерэг зөв энерги өгөхийг хүсдэг.

Үйлчлүүлэгч Ц.Эрдэнэбат: Веган хоолыг энэрэнгүй хүнс гэж үзээд хэрэглэж эхэлсэн
Би “Agnista” веган хоол рестораны байнгын үйлүүлэгч, веган хоол идээд 6 жил болж байна. Веган хоолыг энэрэнгүй хүнс гэж үзээд хэрэглэж эхэлсэн. Веган хоол нь хүний эрүүл мэндэд хэрэгтэй олон хэрэгцээт хүнсийг агуулдаг. Тийм дээ ч идэх тусам илүү давуу талуудыг нь мэдэрсэн. Одоо санасныг бодвол веган хоол илүү өргөн сонголттой болсон байна. Сайхан амттай, эрүүл мэндэд тустай веган хоолоор үйлчилдэг “Agnista” рестораны хамт олонд баярлалаа.

Үйлчлүүлэгчид С.Лхамсүрэн & Н.Доржим-Аригчаа
С.Лхамсүрэн: Би 2009 оноос хойш веган хоол идэж байна. Одоо 73 настай, амьд амьтны амь таслахаас хол явах хэрэгтэй юм байна гэж боддог болсон. 14 жилийн турш веган хоол идэхэд эрүүл мэндэд ихээхэн тустай гэдгийг мэддэг болсон. Өмнө нь энэ талаар мэддэггүй байлаа. Одоо бол илүү их ойлголттой болсон. Мөн “Agnista” рестораны хоол маш их таалагддаг. Орчин нь хүртэл цэвэрхэн бөгөөд хааяа найзыгаа дагуулаад ирж хооллох дуртай.
Н.Доржим-Аригчаа: Би веган хоолтон биш хааяа найзтайгаа “Agnista”-д ирж веган хоол иддэг. Бор хоол иддэг ч гэсэн долоо хоногийн хоёроос гурван хоногт веган хоол идэж эрүүл мэндээ анхаардаг. Одоо үед веган хоолыг хөгшин залуугүй хэрэглэж хэвшсэн байна. Найз маань олон жил веган хоолыг хүнсэндээ хэрэглэсэн, түүгээр нь ч би их бахархаж явдаг.

Ташрамд зөвлөхөд, Цагаан хоолыг гэлтгүй ямар ч хоолыг хэтэрхий олон төрлийн амтлагчаар амтлаад байвал эрүүл мэндэд сөргөөр нөлөөлнө гэж тус рестораныхан онцолж байлаа. Ер нь тийм. Ажиглаад байх нь ээ зарим хоолны газрууд ашиг орлогоо бодож амтлагч хэтрүүлсэн хоолоор үйлчилдэг нь нууц биш. Гэтэл энэ нь эргээд тухайн үйлчлүүлэгчид эрүүл мэндийн талаасаа ямар хор хөнөөлтэйг тайлбарладаггүй. Тэгэхээр энэ талын асуудлыг хаа хаанаа бодох л хэрэгтэй. Мөн веган хоолны нууцаас дахин сонирхолтой мэдээллийг хүргэх болно гэдгээ уншигчдадаа амлаж байна.

Ийнхүү “Agnista”-гаас хүргэж буй сурвалжилгаа тус рестораны үүсгэн байгуулагч Д.Буяндэлгэр эгчийн хэлсэн “хүний эрүүл мэндийг давсан ашиг орлого гэж байж болохгүй” гэдэг үгээр өндөрлөе.
Сонирхолтой, амттай, дуршил өдөөсөн өдөр байлаа.
Бэлтгэсэн:Н.Цацрал
More from Шүүмж
ЦЕМЕНТ БА БОДЛОГЫН ЗӨРҮҮ
Олон нийтийн сүлжээгээр олны танил “нөлөөлөгч” эрхэм нэгэн бичлэг постолсноор хэсэгтээ Монголчуудыг ярих сэдэвтэй байлгав. Уг бичлэгт дотоодын цементний үнэ …
ОНЦЛОХ СУРВАЛЖИЛГА: “БҮТээлч БолГОЁ”
Урин дулаан цаг ирсэнтэй зэрэгцэн зуны фестиваль, шоу, арга хэмжээнүүд өргөн хүрээнд зохион байгуулагдсаар байна. Тэр дундаа нийслэлчүүддээ соёлыг түгээх …
ШӨНӨ БУУСАН ААДАР: БҮХ ЖҮЖИГЧИДДЭЭ АЛГА ТАШИЦГААЯ
Өрхийн тэргүүн гэр бүлээ бүтэн байлгах ёстой юу? Хайртай хүмүүс чинь эвдрэлцэж, муудалцаж, хайрыг ойлгохоо больчихвол та юу хийх вэ? …