Тавантолгойн IPO хийх асуудлыг хэрэгжүүлсэний дараа эрх баригчид амлалтаа биелүүлэх зайлшгүй шаардлагатай
УИХ-ын хаврын ээлжит чуулганыг дүгнэж, өнөөдөр УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат мэдээлэл хийлээ.
Улс орны эдийн засгийн өсөлт хэдий байгаа ч гэсэн хаврын чуулганаар ард түмний амьжиргааг дээшлүүлэх бодит нэг ч зүйлийг эрх баригчид хийж чадаагүй нь амьдрал дээр нотлогдож байна. Мөн эрх зүйн хүрээнд төлөвлөгдсөн гол ажлуудаас бодлогын шинж чанартай төслүүдийг хэлэлцэж амжсангүй. Тухайлбал, Үндсэн хуулийн өөрчлөлт, Улс төрийн намуудын тухай, Сонгуулийн тухай хууль гэх мэт төрийн тогтолцоотой холбоотой асуудлын нэгийг ч хэлэлцэж чадаагүй. Эдийн засгийн ач холбогдолтой Хөдөлмөрийн тухай, Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулиуд хоёр чуулган дараалан хэлэлцэгдэж чадсангүй. Түүнчлэн УИХ-ын дэгийн тухай хууль батлагдсан ч УИХ-ыг хариуцлагажуулах асуудал бүрэн утгаараа хуульд туссангүй. Үндсэн хуулийн өөрчлөлтөөр бид УИХ-ын гишүүний хариуцлагыг арай өөр өнцгөөс харах шаардлагатай учир зайлшгүй яригдах болно.
Валютын урсгалыг Монголд орж ирэх хуулийн зохицуулалтыг эрх баригчид буцаасан нь буруу
Татварын багц хуулийн төслийн тухайд бүлгээс ажлын хэсэг байгуулаад, дүгнэлт гаргахаар ажиллаж байгаа ч намрын чуулган руу шилжиж байна. Ялангуяа уул уурхайн баялгийн татварын компаниудаас ижил авах асуудалд голлон анхаарах ёстой. Хаврын чуулганы үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн Валютын зохицуулалтын тухай хуулийн төсөл уналаа. Засгийн газраас энэ хуулийг баталчихвал валютын ханшид нөлөөлөх болно гэж үзэж байгаа боловч бодит чанар дээрээ Монголын уул уурхайн баялаг гадагшаа үнэ төлбөргүй гарч байгааг хүлээн зөвшөөрөөд байгаа юм. Ямар ч байгууллага, иргэн худалдан авсан барааныхаа төлбөрийг тухай худалдан авсан газартаа төлөх үүрэгтэй. Хэрвээ энэ өөрчлөлтийг хийсэн бол манай баялгийн мөнгө гадаад орлогоос дотогшоо орж ирэхгүй, оффшорыг үүсгэдэг байдлыг зогсоох байлаа. Уул уурхайн баялгийг гадаадад зараад, валютын урсгал Монголд орж ирэхгүй байгаа учир бид үргэлж валютын хомсдолд байна. Эдийн засаг хэдий өсч, валютын орлого нэмэгдэж байгаа ч гэсэн валютын ханш яагаад саваад байгаа юм гэдэгт хариулт өгөх хуулийн зохицуулалтыг эрх баригчид буцаасан нь буруу.
Эрх баригчид стратегийн 10 гаруй ордыг Тавантолгой шиг тус тусад нь өмчилж авах оролдлого хийж байна
Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах ажлыг эрчимжүүлэх тогтоолыг УИХ 10- хан хоногийн дотор хэлэлцсэн. Тогтоол түүхий зүйл маш олон байсан. Ардчилсан нам эрх баригчидтай хамтарч зөв голдиролд нь оруулахын төлөө эдийн засгийн эргэлтэд оруулж, үр ашигтай ажиллуулах ёстой гэдэгтэй санал нэг байсан учраас хэлэлцээрийн ширээний ард суусан. Хэрвээ бид Тавантолгойг нээлттэй компани болгох гэж л байгаа бол толгой компанийг нь иргэдийн мэдэлд өгч, нийт монголчууд баялгаасаа ашиг хүртэх Үндсэн хуулийн заалт руу орох нь зөв гэж ойлголцсон. Гэтэл эрх баригчид Тавантолгойн асуудлыг "Эрдэнэс Монгол"-той холиод байж болохгүй гэж хамгийн сүүлийн өдөр ярьж эхэлсэн.
"Эрдэнэс Монгол" бол Монголын баялгийн ганц толгой компани. Тавантолгойг нээлттэй болгож л байгаа бол "Эрдэнэс Монгол" гэдэг толгой компанийг ард иргэдэд нь тодорхой хувийг эзэмшүүлж, хяналт тавих, ашиг хүртэх боломжийг нь нээж өгөх чухал шийдэлд хүрэх байсан ч харамсалтай нь чадсангүй. Харин эрх баригчид стратегийн 10 гаруй ордыг Тавантолгой шиг тус тусад нь өмчилж авах оролдлогыг хийж харагдлаа. Өөрөөр хэлбэл, стратегийн бүх ордын нийлбэр Монгол Улсын уул уурхайн баялгийг 15 хэсэг хувааж идэх тухай ойлголт руу явж байна. Үүнийг нэгтгэдэг, ашгийг нь нийтэд хүртээлтэй болгох толгой компанийн асуудлыг хойш нь тавьж байгаа нь "Эрдэнэс Монгол" компанийн хувь заяаг бүрхэг болж байгаа шийдэл юм. Тавантолгойн IPO хийх асуудлыг хэрэгжүүлсэний дараа эрх баригчид амлалтаа биелүүлэх зайлшгүй шаардлагатай. Энэ УИХ-ын даргын индэр дээрээс хэлэгдсэн үг. Ирэх хоёр жилд Монголын эдийн засгийн өсөлт 10 хувьд хүргэж, 5800 ажлын байр нэмэгдэж, Монгол Улсын экспортын орлогыг 2.5 тэрбум ам.доллароор нэмж өсгөж, улсад татварын орлогоос 400 саяас 1.2 тэрбум доллар нэмж орж ирнэ гэсэн. Би үүнийг МАН-ын шинэ амлалт гэж харж байгаа. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд МАН-ын 2016 оны сонгуулийн амлалт огт хэрэгжээгүй. Ард түмэн амлалтуудаас нь юуг ч хүлээхгүй байгаа. Эхний амлалтаа хэрэгжүүлж чадаагүй байхдаа Тавантолгойгоор эрх баригчид дахин том амлалтуудыг өглөө. Бид үүнийг хянаж, хэрэгжүүлэхийг шаардах болно.
Хоёр сайдын ауудлаар Үндсэн хуулийн цэцэд хандсан
Хаврын ээлжит чуулганаар У.Хүрэлсүхийн Засгийн газрын хууль зөрчсөн ёс зүйгүй үйлдлүүдийг шүүмжилж, өөрсдийн байр суурийг илэрхийлж байсан. Тухайлбал, хууль зөрчсөн хоёр сайдын асуудлыг бид гаргаж тавьсан. Мэдэгдэл, шаардлагаа Засгийн газарт хүргүүлсэн. Харамсалтай нь бидэнд тодорхой хариулт өгөөгүй. Өөрсдийгөө өмөөрөөд л өнгөрсөн. Тиймээс Ардчилсан нам уг асуудлаар Үндсэн хуулийн цэцэд хандаад байгаа. Цэцийн шийдвэр гарахаас шалтгаалж бид асуудалд хандах болно.
Захиргааны ерөнхий хууль эрх зүйт төрийг үгүйсгэсэн, Үндсэн хуулийг зөрчсөн учир завсарлага авсан
Захиргааны ерөнхий хууль орж ирж, нэлээн зөрчилдөөнтэй асуудал үүсгэсэн. Энэ хууль эрх зүйт төрийг үгүйсгэсэн, Үндсэн хуулийг зөрчсөн хууль. Үүнийг эрх баригчид ганцхан зүйлээр хаацайлах гэж оролдож байгаа боловч үнэн хэрэгтээ Монгол Улсын иргэн хуулийн этгээд Засгийн газрын буруутай шийдвэрээс хохирлоо барагдуулах газаргүй болгох оролдлого хийсэн. Тиймээс бид Захиргааны ерөнхий хууль дээр завсарлага авсан. Мэдээж намрын чуулганаар хуулийг үргэлжлүүлэн хэлэлцэх байх. Захиргааны ерөнхий хуулиар улстөрийн шийдвэр, захиргааны шийдвэр хоёрыг ялгахгүй нэгтгэж хоморголон оруулж ирсэн нь буруу.
Ашигтай ажиллаж байгаа төрийн өмчүүдийг хувьчлахаар бүдэг агуулгатай дэндүү хямд нэгж хувьцааны үнэлгээтэй оруулж ирсэн
Төрийн өмчийг 2016-2018 онд хувьчлах үндсэн чиглэлийн тухай тогтоолын хүрээнд ашигтай ажиллаж байгаа Төрийн банк, Хөрөнгийн бирж, МИАТ зэргийг хөрөнгийн биржээр хувьчлах гэсэн бүдэг агуулгатай дэндүү хямд нэгж хувьцааны үнэлгээтэй орж ирсэнийг УИХ түр хойшлуулсан байгаа. Үүнд Засгийн газар тодорхой тайлбар өгөхгүй байгаагаас энэ тогтоолын төсөл хойшилсон. Ялангуяа Төрийн банкны асуудалд онцгой анхаарах ёстой. Засгийн газрын нэг том дутагдал нь алдаатай хууль эрх зүйн тогтоол оруулж ирчихээд, буцааж татаж авахгүй зүтгүүлээд байгаа нь хувийн ашиг сонирхолдоо дэндүү хөтлөгдөж байгаа мэт харагдаж байгаа юм.
Хүүхдийн мөнгийг 100 хувь олгох асуудалд анхаарч ажиллах болно
Хаврын чуулганаар хүүхдийн мөнгөний асуудал ОУВС-гийн шаардлагаар 80 хувь гэж тогтоосон. Ардчилсан намын 100 хувь олгох ёстой гэсэн шаардлага хэрэгжээгүй. Хүүхдийн мөнгийг улс төржүүлж болохгүй. Одоо 80 хувьд нь олгоно гэчихээд сонгууль дөхөөд ирэхээр хүүхдийн мөнгийг 100 хувь олгож эхэлсэн учир биднийг дэмжээрэй гэдэг хуучин арга тактикаар ажиллаж болохгүй шүү гэдгийг эрх баригчдад анхааруулна. Харин бид 2019 оноос хүүхдийн мөнгийг 100 хувь олгох асуудалд анхаарч ажиллах болно. Намрын чуулганаар бид Ардчилсан намын үзэл бодол, ардчиллыг шингээсэн томоохон нийгэм, эдийн засгийн шинж чанартай бодлогын хэмжээний асуудлуудыг УИХ-д тавьж, шаардаж ажиллахаар зэхэж байна.
Онцгой албан татварыг нөхөн олгох тухай хууль зэрэг хулгайгаар орж ирсэн хуулиудаар завсарлага авсан
Хаврын чуулганы эцсээр гурван хуулийн төслөөр завсарлага авлаа. Хаврын чуулган дуусч байгаатай холбоотойгоор хулгайгаар орж байгаа хуулиуд гэж хэлж болно.
Тухайлбал,Онцгой албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн тухайд Монгол Оросын хувь нийлүүлсэн "Улаанбаатар төмөр замын нийгэмлэгийн өөрийн хэрэгцээнд импортоор оруулах дизель түлшийг онцгой албан татвараас чөлөөлсүгэй" гэдэг-хууль орж ирсэн. Хамгийн хачирхалтай нь уг хуулийг мөрдөх хугацаа нь 2017 оны нэгдүгээр сарын 01-ны өдрөөс эхлэн гэж орж ирсэн. Өөрөөр хэлбэл, 2018 оны зургадугаар сард онцгой албан татварыг нөхөн олгох тухай хууль орж ирсэн. Гэтэл энэ хууль нь өөрөө хууль тогтоомжийн хуульд заасан аргачлалаар хийгдээгүй учир завсарлага авсан.
Дараагийн завсарлага авсан Ерөнхий боловсролын сургуулийн хоол, үйлдвэрлэл үйлчилгээний тухай хуулийн төсөл гэнэт орж ирсэн хууль. Энэ хуулийн төсөл Ардчилсан намын бүлэгт танилцуулагдаагүй, хуулийн төсөл урьдчилж огт тараагдаагүй. Тооцоо судалгаагүй, эдийн засгийн ачаалал даахгүй, хүүхдийн эрүүл мэндэд харшиж болзошгүй энэ хуулийг зайлшгүй судалж үзэх шаардлагатай гэж үзсэн. Өнөөдөр Монгол Улсад 309 мянган гаруй бяцхан иргэд "Үдийн цай" хөтөлбөрт хамрагдаж байна. Харин Б.Ундармаа нарын гишүүдийн оруулж ирсэн хуулийн төслийн зардлын энгийн тооцоог нь харахаар зөвхөн хоолны зардалд нэг бүрийг 2400 төгрөгөөр тооцоод 137 тэрбум төгрөгийн асуудал яригдахаар байгаа. Гал тогоо, тогооч, үйлчлэгч нарын орон тоог нэмэхээр 178 тэрбум төгрөг шаардлагатай байгаа юм. Нийтдээ 300 тэрбум төгрөгийг төсвөөс шаардаж байна. Гэтэл энэ зардлыг төсөв даах эсэхт хариу байхгүй. Ийм л хариуцлагагүй хуулийн төсөл орж ирсэн учраас зайлшгүй судалгаа хийх шаардлагатай. Гурав дахь нь Захиргааны ерөнхий хууль.
Хэн нэгний идэж, уусан өрийг эдийн засгийн орлогоор төлж байгаа мэтээр худал мэдээлэл цацах нь буруу
Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хаврын чуулганы хуралдаан завсарлах өдөр өр дарсан гэх хэтэрхий улстөржсөн мэдээлэл хийсэн. Дим Сан Бондыг анх 2015 оны зургадугаар сарын 24-ны өдөр Ардчилсан намын Засгийн газар МАН-ын намын Засгийн газар хамтарч ажиллаж байхдаа 100 сая ам.доллартой тэмцэх хэмжээний бондын 7.5 хувийн хүүтэй авсан. Тэгвэл энэ бондын өрийг энэ Засгийн газар 2017 оны аравдугаар сарын 27-ны өдөр 5.6 хувийн хүүтэй авсан "Гэрэгэ" бондын зөрүү мөнгө болох 300 сая ам.доллароор төлж байгаа юм. Өөрөөр хэлбэл, сүүлд авсан бондын мөнгөнөөс өмнөх бондын мөнгийг төлж байгаа болохоос биш ард түмний хийж бүтээсэн орлогын татвараас эсвэл эдийн засгийн өсөлтөөс буй болсон мөнгөнөөс төлөгдөөгүй. Энэ Засгийн газар гарснаасаа хойш "Хуралдай", "Гэрэгэ" бондын нийтдээ 1.4 тэрбум ам.долларын зээл авсан. Хуралдай бондын нэг хэсгийг буюу 580 сая ам.долларын "Евро" бондыг төлсөн. Харин өнөөдөр Гэрэгэ бондын хэсгээс Дим Сан бондыг төлж байгааг хэлэх ёстой.
More from Улс төр
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ДАРГААР БАТ-ЭРДЭНИЙН ЗОЛБОО СОНГОГДЛОО
Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн үр дүнгээр Сонгинохайрхан дүүргийн Монгол ардын нам Нийслэл, дүүрэгтээ 100 хувийн …
ЕРӨНХИЙ САЙД ДОРНОГОВЬ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА
Дорноговь аймагт баригдаж буй Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа. Газрын тос боловсруулах үйлдвэр нь Хамтарсан Засгийн газрын …
ХАМТАРСАН ЗАСГИЙН ГАЗАР 2024-2028 ОНД 14 МЕГА ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛНЭ
Төсөл-1 "Гашуунсухайт-Ганцмод" "Ханги-Мандал" "Шивээхүрэн-Сэхээ" хилийн боомтуудын хил дамнасан холболтын төмөр зам, ачаа тээврийн шилжүүлэн ачих терминалыг ашиглалтад оруулна. Үр дүн: Экспортын …
1 Comment
2031 772476What other people have stated and in some uncommon cases, suicide may occur. 685385