УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар “Төрийн өмчийг 2018-2020 онд хувьчлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн үзэл баримтлалын хэлэлцэх эсэхийг хэлэлцэв. Энэ үеэр УИХ-ын гишүүн З.Нарантуяагийн хэлсэн үгийг онцлон хүргэж байна.
Тэрбээр "Төрийн өмчийг 2018-2020 онд хувьчлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөлд эргэж харах хэд хэдэн зүйл байна. Өнөөдрийн байдлаар 50 орчим төрийн өмчийн 100 хувь болон тодорхой оролцоотой компаниуд хөрөнгийн бирж дээр хувьцаат компани гээд бүртгэлтэй байгаа. Эдгээр компаниудын жижиг хувьцаа эзэмшигчид ямар ч үр дүн, өгөөж хүртэхгүй байгаа. Төрийн мажоритар хэсэг нь компани сайн удирдаж чадахгүй байгаа учир өгөөж нь иргэдэд очихгүй байгаа. Тиймээс өөрчлөлт шинэчлэлт хийх зарчим нь зөв. Гэхдээ УИХ-ын нэг тогтоолоор хувьчлах үндсэн чиглэл нэрээр 10 гаруй объектуудад ганцхан баримтлах зарчим, хэрэгжүүлэх хэлбэр гээд маш ерөнхий юм оруулж ирж байгаа нь учир дутагдалтай байна. Үүнийг ингэж хувьчилж болохгүй. Тиймээс уг асуудлыг буцаагаад, объект тус бүрт нь тохирсон цаашид баримтлах бусад хөгжлийн бодлогуудтай уялдуулж, ямар үр дүн хүсэн хүлээж байгаагаа маш сайн тооцоо, судалгаатай оруулж ирэх хэрэгтэй. Ардчилсан намын бүлгийн хурал дээр холбогдох байгууллагуудын тайлбарлаж байгаагаар бол үнэндээ хувьчлах асуудал дээр Засгийн газар нэгдмэл байр суурь, алсыг харсан дүн шинжилгээ судалгаа байхгүй байгаа юм билээ. Ийм түүхий байдлаар энэ том объектуудыг ингэж оруулж ирж байгаа нь үнэхээр хариуцлагагүй асуудал. Тухайлбал, Хөрөнгийн биржийн тухайд гэхэд л 21.3 тэрбум төгрөгийг Лондонгийн хөрөнгийн биржтэй байгуулсан хамтын ажиллагааны гэрээний дагуу. Гэтэл ямар үр дүнд хүрсэн юм. Тус гэрээний үндсэн агуулга манай хөрөнгийн биржийг бусад улсын хөрөнгийн биржид хүлээн зөвшөөрөх тэр хэмжээнд хүргэж хөгжүүлээд манайтай хамтарч бусад гадаад зах зээл рүү арилжаанд оролцох боломжийг хангах зэрэг маш олон том зорилтуудыг тавьсан хэлцэл. Гэтэл эдийн засгийн байнгын хороо тэр хэлцлийн үр дүнг нэг авч хэлэлцэх хэрэгтэй байгаа юм. Бид манайд хөрөнгө оруулах гэж байгаа тэр хөрөнгө оруулагчдыг дагаж дэмжих ази талын хөрөнгийн биржтэй хамтарч ажиллах ёстой юм билээ. Гэтэл бид Лондон тал руу явчихсан. Лондон гэхээр манай уул уурхайн салбарт хөрөнгө оруулсан Английн ямар ч компани алга. Тиймээс энэ асуудлыг цэгцлэхгүйгээр зүгээр л Лондонд өрөндөө тодорхой хэмжээг нь өгөөд, үлдсэн хэсгийг нь зарна гэж байгаа бол зүйгээр мөрөөдлийн жагсаалт шүү. Ийм хариуцлагагүй ажил байхгүй. Эдгээр объектуудыг IPO гаргаж, хөрөнгийн биржээр хувьчлах гэж байгаа бол эхлээд хөрөнгийн биржийг ажиллагаанд оруулах ёстой. Үндэсний хэмжээнд өөрийнхөө үнэт цаасны компанийг бусдын жишгээр гадаад санхүүгийн зах зээлтэй холбох гол гүүр болох энэ байгууллагаа жаахан бодолтой хувьчлахгүй бол болохгүй" гэв.
УИХ-ын гишүүн Л.Болд:Ийм тархай бутархай уудам нутагтай орон шуудан харилцааныхаа асуудлыг хувьчлаад, буруу гарт өгчихвөл яах юм
-Төрийн өмчийг 2018-2020 онд хувьчлах үндсэн чиглэл батлах тухай тогтоолын төслийн асуудлаар УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хурал дээр нэг бүрчлэн нухацтай ярилцсан. Ийнхүү нэг бүрчлэн ярилцсан нь маш зөв байсан гэж бодож байгаа. Учир нь улс орны хувь заяаг шийдэх ийм салбаруудын хувьчлалын асуудал учир нэг нэгээр нь ярилцаж, ойлголт, чиглэлүүдээ тодорхой болгосон. Гэтэл байнгын хорооны хурал дээр ганцхан асуудал болгоод оруулж ирээд, бүхэл нь яриад, заримыг нь асуугаад, хариулахыг нь хариулаад, хариулах сонирхолгүй байгаа асуудлаа мартуулаад хариуцлагагүй хэлэлцүүлэг хийж байна. Уг асуудлаар аль нал намын төлөөллөөс ороод ажлын хэсэг гарна гэж ойлголоо. Ажлын хэсэг нэлээд хариуцлагатай ажиллахгүй бол болохгүй шүү гэдгийг хэлмээр байна. Ер нь энэ Их хурлаас эхлээд конпанчилсан хэлэлцүүлгүүдийг хийдэг байдлыг болих хэрэгтэй байна. Бид 1990-ээд онд иймэрхүү кампаничилсан хувьчлалуудыг хийсэн. Тухайн үед 100 хувь төрийн өмчтэй нийгмээс 2-3 үе шатаар зах зээлийн нийгэм рүү шилжсэн учир тайлбарлаж болно. Үрэгдсэн зүйл олон ч бий болсон зүйл ч олон байгаа. 100 хувь төрийн өмчөөс баялаг бүтээгддэг байсан бол өнөөдөр 80 гаруй хувь нь хувийн өмчөөс бүтээгдэж байна. Энэ нь бидний хамгийн том ололт. Харин одоо кампаничлах асуудал үлдээгүй. Та бүхэн энэ хувьчлах гэж байгаа байгууллагуудынхаа жагсаалтыг сайтар хар. кампаничилж хувьчлаад 60 хувийг нь онож, 40 хувийг нь алдсан гэж тооцоод үз. Тэгвэл эдгээрээс юу алдаж болох уу. Зам засвар арчлалтын компаниудыг буруу хувьчлаад алдаа гаргачихлаа гэхэд Монгол Улс замгүй болох нь. Үүнээс болж иргэн бүр хохирох гээд байна. Манай улс шиг ийм байршилтай улс орон өөрийн агаарын тээвэргүй МИАТ-ын хувьчлал нь буруутаад гадны компани тодорхой хувь эзэлдэг болоод манай нисэх онгоцнуудын гадаадад байхад нь баривчилбал яах юм. Хэн хариуцлага хүлээх үү. Ийм тархай бутархай уудам нутагтай орон шуудан харилцааныхаа асуудлыг хувьчлаад, буруу гарт өгчихвөл яах юм. Монгол шуудан дампуурчихвал Монгол Улс харилцаа холбоо шуудангийн үйлчилгээгүй болох уу. Манай Улс хөдөө аж ахуйн орон биз дээ. Хөдөө аж ахуйн түүхий эд Монгол Улсын стратегийн бүтээгдэхүүн байтал буруу хувьчлал явуулчихвал яах юм гээд дандаа Монгол Улсын хувь заяаг шийдэх асуудал байна. Гэтэл ийм асуудлуудыг бид бөөнөөр нь яриад сууж болж байгаа юм уу. Хувьчлах байгууллага бүр нэг нэгээр нь оруулж ирж салбар бүрийн хувь заяаг нь шийдэх учиртай. Гэтэл наймаалцаж, тохиролцоод, чи энийг нь би энийг нь авна гэсэн мэт хардлага дор улсын хувь заяаг шийдэх асуудлыг кампаничилж болохгүй.
УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат: Төрийн банкийг хувьчлах асуудлыг яагаад яаран оруулж ирэх болов
Авто зам засвар арчлалтын /АЗЗА/ компаниудыг хувьчлах асуудал зам тээврийн бодлоготой хэрхэн уялдаж байгаа юм бэ. Хэрвээ бид бүгдийг нь хувьчилвал дараа нь төрөөс АЗЗА-г дэмжихэд орлого, борлуулалтын асуудал дээр ямар зохион байгуулалтын өөрчлөлт орох юм. Хувьчлагдсан компаниуд чинь яаж орлоготой ажиллах юм. Хаанаас худалдан авалтыг ямар журмаар хийх юм гэдгийг тодруулж өгөөч. Хоёрдугаарт, ЗТХЯ бичиг Засгийн газраас орж байгаа санал хоёр мөр зөрүүтэй орж ирээд байна. Яагаад ийм байгаа юм. Би Засгийн газрын бодлого нэгдсэн байдлаар орж ирэх ёстой гэж боддог. ЗТХ-ийн сайдын Засгийн газарт өгсөн бичигт үе шаттайгаар хувьчлах нь зүйтэй. 2018 онд МИАТ-ыг судлах ёстой гэсэн байтал Засгийн газраас шууд хувьчлахаар оруулж ирж байна. Тодруулбал, АЗЗА-г 100 хувь хувьчлаад, МИАТ-ын 49 хувийг маш яаралтай хувьчлах хэрэгтэй гэсэн байна. Яагаад ингээд салбарын сайд, Засгийн газрын бодлого хоёр зөрөөд байгаа эсэхт тодорхой хариулт өгөөч. Төрийн банкийг хувьчлах асуудлыг яагаад яаран оруулж ирэх болов. Төрийн банк байгуулагдсан түүхийн тухайд Зоос банк Олон овоотын гэх гайтай алтны уурхайгаас болоод Төрийн банк болсон. Дараа нь Төрийн банк нь Хадгаламжийг банкийг унагахдаа мөн л Олон овоотын уурхайгаас болсон гэж орж ирсэн. Гэтэл одоо Төрийн банк Олон овоот болон "Жаст"-д өртэй, өргүй гэсэн гэх маргаан яваад байна. Үүнээс болж Төрийн банкны хувьчлал явах гээд яараад байгаа гэх хардлага олон нийтэд байгаа. Тиймээс энэ талын маргаантай зүйл байгаа эсэх яаран хувьчлах стратегийн хөрөнгө оруулагч гэж хэн юм. Тэр стратегийн хөрөнгө оруулагч гэж нэрлэсэн хүн нь яагаад 75 хан тэрбум төгрөгөөр үнэлэх гээд байгаа юм гэдэгт тайлбар өгөх хүн байна уу.
Д.Дуулим
More from Улс төр
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ДАРГААР БАТ-ЭРДЭНИЙН ЗОЛБОО СОНГОГДЛОО
Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн үр дүнгээр Сонгинохайрхан дүүргийн Монгол ардын нам Нийслэл, дүүрэгтээ 100 хувийн …
ЕРӨНХИЙ САЙД ДОРНОГОВЬ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА
Дорноговь аймагт баригдаж буй Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа. Газрын тос боловсруулах үйлдвэр нь Хамтарсан Засгийн газрын …
ХАМТАРСАН ЗАСГИЙН ГАЗАР 2024-2028 ОНД 14 МЕГА ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛНЭ
Төсөл-1 "Гашуунсухайт-Ганцмод" "Ханги-Мандал" "Шивээхүрэн-Сэхээ" хилийн боомтуудын хил дамнасан холболтын төмөр зам, ачаа тээврийн шилжүүлэн ачих терминалыг ашиглалтад оруулна. Үр дүн: Экспортын …
2 Comments
57003 448146Read More HERE. I bookmarked it. 767303
328399 277535hello I was quite impressed with the setup you used with this internet site. I use blogs my self so very good job. definatly adding to bookmarks. 789528