УИХ дахь Монгол Ардын намын бүлгийн өнөөдрийн хуралдаанаар Төрийн өмчийг 2018-2020 он хүртэл хувьчлах Үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл, зээлийн хүүгийн дээд хязгаар тогтоох болон мөнгө хүүлэлттэй тэмцэх тухай хуулийн төслийн талаар хэлэлцлээ.
Бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа, дэд дарга Я.Содбаатар, ажлын албаны дарга Н.Энхтайван нар мэдээлэл өгсөн юм.
Бүлгийн гишүүд өмч хувьчлалын тухайд Засгийн газраас оруулж ирсэн хувилбарыг зарчмын хувьд дэмжжээ. Ингэхдээ хувьчлахаар оруулж ирсэн обьектуудыг ил тод, нээлттэй байх зарчим баримталж, бодлогоо тодорхой болгон эргэж танилцуулах нь зүйтэй гэсэн саналыг гишүүдийн зүгээс гаргасан байна.
Мэдээллийн дараа МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа, дэд дарга Я.Содбаатар нар сэтгүүлчдийн асуултанд хариуллаа.
-Өмч хувьчлалтай холбоотойгоор төсөвт ямар хэмжээний орлого нэмэгдэж байгаа вэ. Төрийн өмчийн анхны үнэлгээг хэрхэн хийж байгаа вэ?
Д.Хаянхярваа: -Засгийн газар ямар хэлбэрээр хувьчилбал төрийн өмчит компани үнэд хүрэх вэ, үнэ цэнийг нь хэрхэн өсгөх вэ гэдэгт саналаа гаргаад явна. Энэ жил өмч хувьчлалын орлогоор төсөвт хөрөнгө тавиагүй. Ер нь обьектуудыг хувьчилна гэдэг зөвхөн орлого хөөж байгаа асуудал биш. Ойролцоогоор 200 гаруй тэрбум төгрөг олно гэсэн тооцоо Засгийн газар дээр байгаа. Хамгийн гол нь компанийн засаглалыг хэрхэн сайжруулах, яаж олон нийтэд нээлттэй болгох вэ гэдэгт анхаарч, тур дундаа олон нийтийн хяналтын дор төрийн өмчит компаниуд үйл ажиллагаагаа шударга, зөв явуулдаг болох чиглэлийг барьж байгаа.
Я.Содбаатар: -Төрийн өмчийн үр ашгийг дээшлүүлэх чиглэлд бодлогын хувьд тодорхой арга хэмжээ авах ёстой. Төрийн өмчийн компаниудын засаглалыг сайжруулах зайлшгүй шаардлагатай. Сүүлийн хоёр жилд эдгээр компанийн ашигт ажиллагаа нэмэгдэж байгаа. Манай төрийн өмчийн нийт компаниуд 800 гаруй тэрбум төгрөгийн ашигтай ажилласан. Энэ удаагийн өмч хувьчлалаар аль болох нээлттэй хувьцаат компанийн хэлбэрт шилжүүлнэ. Иргэдийн болон хөндлөнгийн хяналтыг оруулж ирэх, компанийн засаглалыг сайжруулах чиглэлд анхаарч байгаа. Монгол Улсын аюулгүй байдалтай холбоотой салбаруудын хувьчлалыг түр хойш нь тавьсан. Аль аж ахуйн нэгжийг хэдэн төгрөгөөр хувьчлах вэ гэдэг асуудал бодлого батлагдсны дараа тодорхой болно.
-Зээлийн хүүгийн хязгаар тогтоох асуудалд МАН-ын бүлэг ямар байр суурьтай байгаа вэ?
Я.Содбаатар:-Зээлийн хүүг бууруулах нь Монголчуудын хүсэн хүлээж байгаа асуудал юм. УИХ дээр өнгөрсөн хавар, намрын чуулганы үеэр цогцоор нь ярьсан. Арилжааны банкны хуулиудыг хэлэлцэх хүрээнд ч уг асуудлыг хөндсөн. Намрын чуулганы үеэр Г.Занданшатар нарын гишүүд Зээлийн хүүгийн дээд хязгаар тогтоох тухай хуулийн төслийг өргөн барьсан. Тухайн үед мэргэжлийн байгууллага буюу Монголбанкнаас энэ хуулийг цогцоор нь оруулж ирэх нь зүйтэй гэдэг үндэслэлээр хойшлуулсан. АН-ын бүлэг тухайн үед “зээлийн хүүгийн дээд хязгаарыг захиргааны аргаар тогтоож болохгүй” гээд хэвлэлийн бага хурал хийж байсан. Энэ удаа УИХ-ын гишүүн С.Эрдэнэ Зээлийн хүүгийн дээд хязгаарыг тогтоох, мөнгө хүүлэлттэй тэмцэх тухай хуулийн төслийг оруулж ирсэн. Энэ хууль хамрах хүрээ, боловсруулалт болон Мөнгө хүүлэлттэй холбоотой зохицуулалт гээд олон талаас учир дутагдалтай байна гэдгийг Эдийн засгийн байнгын хорооны гишүүд үзсэн. Ингээд асуудлыг цогцоор нь оруулж ирэх нь зүйтэй гэдэгт санал нэгдсэн. Зээлийн хүүг бууруулах нь зөв. Энэ хүрээнд хийгдэж байгаа бодлогын баримт бичгүүдтэйгээ уялдуулах ёстой. Монголбанк Зээлийн хүүг бууруулах стратегийн баримт бичиг боловсруулж дууссан байгаа. Энэ сарын дундуур дуусна. Зээлийн хүүг бууруулахдаа захиргаа, эдийн засгийн аргыг хосолмол байдлаар хэрэглэх нь оновчтой гэсэн байр суурьтай байгаа. Дан захиргааны аргаар зээлийн хүүг бууруулах гэж оролдсон орнуудын гашуун туршлага бий. Эдийн засгийн аргаар дангаар нь бууруулах гэж олон жил ярьсан ч үр дүнд хүрээгүй. Тиймээс энэ хоёр аргыг хослуулж хэрэглэх нь зүйтэй.
Д.Хаянхярваа: -Зээлийн хүүг бууруулах асуудалд шоу хэлбэрээр хандаж болохгүй. Тиймээс мэргэжлийн хүмүүсийн дуу хоолойг хэвлэл мэдээллийнхэн олон нийтэд хүргэх нь илүү оновчтой болов уу. Нэг хэсэг нь Зээлийн хүүг бууруулах хууль боловсруулж байхад нөгөө хэсэг нь эсэргүүцээд байгаа юм шиг буруу ойлголтыг нийгэмд өгч байна. Банкны системийг эдийн засгийн цусны эргэлт гэж үздэг учраас МАН-ын бүлэг энэ асуудалд маш нухацтай, тооцоо судалгаатай, мэргэжлийн хүмүүсийн үгийг сонсч ул суурьтай хандах ёстой гэж үзэж байгаа. Бүлэг ямар нэгэн улстөр, хэн нэгэн гишүүний санаачилсан хууль гэдэг өнцгөөс биш эдийн засгийн үр ашгийн талаас харж байгааг хэлмээр байна.
More from Улс төр
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ДАРГААР БАТ-ЭРДЭНИЙН ЗОЛБОО СОНГОГДЛОО
Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн үр дүнгээр Сонгинохайрхан дүүргийн Монгол ардын нам Нийслэл, дүүрэгтээ 100 хувийн …
ЕРӨНХИЙ САЙД ДОРНОГОВЬ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА
Дорноговь аймагт баригдаж буй Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа. Газрын тос боловсруулах үйлдвэр нь Хамтарсан Засгийн газрын …
ХАМТАРСАН ЗАСГИЙН ГАЗАР 2024-2028 ОНД 14 МЕГА ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛНЭ
Төсөл-1 "Гашуунсухайт-Ганцмод" "Ханги-Мандал" "Шивээхүрэн-Сэхээ" хилийн боомтуудын хил дамнасан холболтын төмөр зам, ачаа тээврийн шилжүүлэн ачих терминалыг ашиглалтад оруулна. Үр дүн: Экспортын …
6 Comments
318796 534562Vi ringrazio, ho trovato che quanto scritto non sia completamente corretto 164349
377537 801795so significantly great details on here, : D. 488406