“Шинэ сэргэлт-Улаанбаатар” Олон Улсын хөрөнгө оруулалт, түншлэлийн форумын үеэр НИТХ-ын Төлөөлөгч, “Эмээлт эко аж үйлдвэрийн парк”-ийн захирал Б.Мягмартай ярилцлаа.
-1990 оноос хойш малын түүхий эдийн бодлого алдагдаж бүхэлдээ БНХАУ-ын мэдэлд шилжсэн. Үүнийг хүлээн зөвшөөрөх үү.
– Хятадын бизнес эрхлэгчид эхлээд түүхий эдийн үнийг тэнгэрт гартал хөөрөгдөж арьс шир, ноос, ноолуурын ченжүүд бий болсон. Тэгээд зогсохгүй өндөр үнээр авах болсон түүхий эд дотоодын үйлдвэр эрхлэгч нарт хүртээмжгүй болж арьс ширний үйлдвэр, савхин эдлэлийн үнэ унаж хэрэгцээ багассан. Үүний оронд хятадын чанар муутай савхин куртик, гутал орлон экспортоор орж ирэх болсон түүхтэй. Арьс ширний том үйлдвэрүүд уналтад орж тоног төхөөрөмж нь Хятадын төмрийн хогонд явсан түүхтэй. Энэ үеэс түүхий эдийн бодлого бүрэн алдагдаж Манжийн хааны үе рүүгээ бүрэн ухарсан гэхэд болно. Харин 2023 оноос эхлэн малын түүхий эдийн салбар сэргэх гэж чармайж байна.
-Арьс ширний үйлдвэр барих ажлыг эсэргүүцэх хүн байхгүй болов уу?
-Монгол хүн бүр арьсаа элдээд гутлаа хийж чадахаа больсон, ноос ноолуураа угаагаад даавуу хийдэг уламжлалаа мартсан гэж шүүмжилдэг. Энэ шүүмжийг хүлээн авахад эмзэглэх зүйл үгүй л дээ. Засгийн газар бодлогоор арьс ширний үйлдвэр барих асуудлыг дэмжсээр байгаа. Гэтэл санаатай, санаагүй арьс ширний үйлдвэрийн байгуулах газрыг өөрчилсөн нь санхүүжилт босгоход бэрхшээл болсон асуудал бий. Жишээлбэл V цахилгаан станцыг Эмээлтэд, Улиастайд, Багануурт, IV цахилгаан станцын дэргэд, Хөлийн голд барина гээд төөрүүлж байгаад орхидог. Үүнийг бид давтмааргүй байна.
-Арьс ширний үйлдвэрүүдийг Дархан руу нүүлгэх асуудал яригддаг энэ талаар?
-“Бүх зам Ром хүрдэг” гэсэн эртний үг байдаг даа. Бүх борлуулалт, зах зээл, дэд бүтэц, аж үйлдвэрүүд Улаанбаатар хотод төвлөрч байна. Энэ талаар Дэлхийн банкнаас Санхүү, эдийн засгийн судалгаа хийхэд Эмээлт ”өгөөж”-тэй гэсэн дүн гарсан. Олон жилийн турш Эмээлтэд дагуул хот байгуулна аж үйлдвэрийн парк байгуулна гэж газраа хүртэл төлөвлөж, “Аргалант-Эмээлт” дагуул хотын эдийн засгийн тусгай бүс байгуулах зорилтыг хэрэгжүүлэхээр хөдөө аж ахуйн паркийг хөгжүүлэхээр 539 га талбайн ТЭЗҮ, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний тодотголыг хийгээд байна. Санхүүжилтийн хувьд Нийслэлийн зүгээс “Улаанбаатар хотын өрсөлдөх чадвар, нөхөн сэргээлтийг дэмжих” төслөөр суурь дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг хийж, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд арьс ширний үйлдвэрүүдийг нүүлгэж, бохирдож үлдсэн газрыг нөхөн сэргээж, дахин төлөвлөх зорилготой төслийг хэрэгжүүлэхээр Дэлхийн банктай хамтран ажиллаж байна. Энэ төслийг УИХ, Засгийн газар, салбарын яам дэмжсэнээр арьс ширний үйлдвэрлэлд “шинэ сэргэлт” бий болох юм. Энэ хүрээнд Эмээлтэд хэдий хэмжээний арьс шир болон завод ноос үйлдвэрлэх хүчин чадал болон төслийн бүрэлдэхүүн хэсгүүдийн талаар ХХААХҮЯ болон мэргэжлийн холбоотой зөвшилцөн хамтран ажиллаж байна.
-Дэлхий дээр савхин эдлэлийн бизнес хэр ашигтай байгаа вэ?
-Арьсан эдлэл эд материалаас гоо сайхан, бараа бүтээгдэхүүнээс эхлээд эрүүл мэнд, шинжлэх ухааны ололт нээлтэд орж байна. Техник технологи нь хүртэл өндөр түвшинд гарсан. Нэг үхрийн арьсыг гэхэд арван удаа хуулж байх жишээтэй. Ажил хариуцсан цагаасаа эхлэн Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбоотой хамтран ажиллаж үйлдвэрүүдийн үйл ажиллагаатай танилцсан. Манай дотоодын үйлдвэрүүд барууны шаардлага хангахуйц түүхий эд бэлдэж, олон оронд экспортолж байгааг хараад бахархах сэтгэл төрсөн. Энэ бол ахиц шүү. Цаашид үйлдвэрүүд Эмээлт рүү нүүснээр үйлдвэрлэлээ өргөжүүлж, шинэ техник технологи нэвтрүүлж, өрсөлдөх чадвараа нэмэгдүүлж, улмаар бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх өргөн боломжийг бий болгох юм.
-Дотоодын үйлдвэрлэгчид нүүх сонирхолтой байгаа юу?
– Хан-Уул дүүргийн 20-р хороо орчимд үйл ажиллагаа явуулж буй арьс шир, ноос ноолуурын үйлдвэр болон Харгиа цэвэрлэх байгууламжийн нөхцөл байдал хүндрээд удаж байна. Дээр нь тэр орчмын ус, хөрсний бохирдол, Туул голоо хамгаалах зэргээс гадна үйлдвэрүүд нүүнэ гэсэн хүлээлтээс болж олон жил өргөтгөл шинэчлэл хийж, өрсөлдөх чадвараа нэмэгдүүлж чадахгүй, дээр нь үйлдвэрээс гарах хаягдал ус нь стандарт шаардлага хангахгүйн улмаас 30 орчим үйлдвэрээс дөнгөж бага оврын урьдчилсан цэвэрлэх байгууламжтай 6 үйлдвэр нь үйл ажиллагаа явуулж байна. Түүнчлэн тэр орчимд амьдарч буй иргэдийн зүгээс эрүүл мэнд, аюулгүй байдлын талаар гомдол санал гаргах зэрэг тоочоод байвал зайлшгүй нүүх хэрэгцээ шаардлага маш олон бий. Мэдээж төвхнөсөн, ажлын байраа бэлдсэн үйлдвэрлэгчид нүүхэд өртөг зардал их гарах нь ойлгомжтой. Гэхдээ үүнийг үл хайхран Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбоо болон үйлдвэрлэгч нар Эмээлт рүү нүүх хүсэлтээ илэрхийлсээр байна. Тийм учраас энэ удаагийн форумаар бид зоригтой шийдвэр гаргаж “Нүүх суух” гэсэн асуултад цэг тавих хэрэгтэй гэж үзэж хамтран ажиллах гэрээ байгуулсан. Ерөнхийдөө Эмээлт эко аж үйлдвэрийн парк барина гэсэн дээд түвшний тогтоол гарахад үйлдвэрлэгчид бизнесмэнүүд үйлдвэрээ өөрсдөө босгочихно, төрийн зүгээс шаардлагатай дэд бүтцийг бий болгож, төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд парк үйл ажиллагааны чиглэл бүрээрээ хөгжих боломж бүрдэх юм. Иймээс үзэл санаа, итгэл дутагдаад байгааг хэлэх хэрэгтэй. Эмээлт эко аж үйлдвэрийн парк нь нийт 539 га талбайд улс, нийслэлийн төсөв, гадаадын хөнгөлөлттэй зээл, хувийн хэвшлийн эх үүсвэрээр 1.3 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай тооцоо гарсан. Энэ нь арьс шир, завод ноос, ноолуур, мах, дайвар бүтээгдэхүүн боловсруулах, хүлэмж, ойн аж ахуй, олон улсын худалдааны төв, бизнес инкубатор, үйлдвэр сургалтын төв зэрэг чиглэлээр хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг кластераар хөгжүүлэхийг төлөвлөж байна. Ингэснээр их наядын борлуулалт эргэлдэх бизнесийн орчин бүрдэнэ гэсэн судалгаа тооцоо гарсан.
Д.САРУУЛ
More from Ярилцлага
🔴СҮХБААТАР ДҮҮРГИЙН АЖИЛ ОЛГОГЧДЫН УУЛЗАЛТ ХЭЛЭЛЦҮҮЛГЭЭС ШУУД ДАМЖУУЛЖ БАЙНА
🔴СҮХБААТАР ДҮҮРГИЙН АЖИЛ ОЛГОГЧДЫН УУЛЗАЛТ ХЭЛЭЛЦҮҮЛГЭЭС ШУУД ДАМЖУУЛЖ БАЙНА https://www.youtube.com/watch?v=NVUD4zfGtz0
Д.Батдулам: Ажил олоход хүндрэлтэй иргэдийг олон чиглэлийн сургалтад хамруулж, ажлын байранд зуучилж байна
Нийслэл хийгээд дүүргүүдийн хөдөлмөр, халамжийн хэлтэс, албадууд иргэд рүү чиглэсэн олон талт ажлыг цаг алдалгүй зохион байгуулж байгаа. Нэн ялангуяа …
Б.Батцэцэг: БНХАУ-ын шинэ үеийн удирдлагатай ажил хэрэгч харилцаа тогтоож, хамтын ажиллагааг идэвхжүүлэх нь айлчлалын зорилго байлаа
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгтэй саяхан БНХАУ-д хийсэн ажлын айлчлалын нь үр дүнгийн талаар ярилцлаа. Тэрбээр 2023 оны 5 дугаар сарын …