Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Залуучуудын хөгжлийн салбар зөвлөлөөс зохион байгуулж буй салбар бүрийн оюутнуудтай хийх уулзалт өнөөдөр ХААИС-ийн оюутнуудын дунд зохион байгуулагдлаа. Уулзалтад 300 гаруй оюутан, суралцагчид болоод тус сургуулийн удирдлагууд оролцсон юм.
Мөн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд М.Ганхүлэг, Нийслэлийн Засаг даргын орлогч, Нийслэлийн залуучуудын зөвлөлийн салбар зөвлөлийн дэд тэргүүн З.Төмөртөмөө, НИТХ-ын Төлөөлөгч, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн ОНӨТҮГ-ын захирал Ү.Оюунзул, Нийслэлийн Хүнс хөдөө аж ахуйн газрын Газар тариалан, мал аж ахуйн хэлтсийн дарга Х.Сүхбаатар, Нийслэлийн Мал, эмнэлгийн газрын Мал эмнэлгийн хяналт, эрсдэлийн үнэлгээний хэлтсийн дарга М.Түмэннаст нар оролцож, оюутнуудад чиглэсэн боломжуудын талаар ойлголт, мэдээллийг өгсөн юм.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд М.Ганхүлэг “Амьдрал өөрөө тэр чигээрээ шалгуур. Хүнийг сонсож чаддаг, сонсож байгаагаа бичиж тэмдэглэж авдаг, хүний нүдрүү эгцэлж харж чаддаг чадваруудын талаар оюутнуудтай ярилцлаа.
Сурч байсан сургууль дээрээ ирж, оюутнуудтай боломжуудын талаар ярилцаж байгаадаа сэтгэгдэл их өндөр байна. Хүнс хөдөө аж ахуйн салбар бол нэлээн өргөн цар хүрээтэй салбар. Энэ салбарын бодлого тодорхойлох ажлыг хийгээд багагүй хугацаа өнгөрсөн байна. Салбарын боловсон хүчнүүдийг чадавхжуулах, бодлогын түвшинд анхаарах, нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай байгаа. Яамны зүгээс Нийслэлтэй хамтраад хөдөө аж ахуйн салбарын оюутнууд руу чиглэсэн олон талт ажлыг зохион байгуулахаар болж байна. Мөн Хүнс, хөдөө аж ахуйн яамны Дэд сайдын дэргэд оюутан залуучуудын “Хурдасгуур” клубыг байгуулах санаачилга гарч, эхлүүлэхээр болсон” гэдгийг онцолсон юм.
Нийслэлийн Засаг даргын орлогч, Нийслэлийн Залуучуудын зөвлөлийн салбар зөвлөлийн дэд тэргүүн З.Төмөртөмөө “Монгол Улс бол хөдөө аж ахуйн орон. Тэр утгаараа энэ салбарын оюутнууд, боловсон хүчин гэдэг туйлын чухал. Бид энэ удаагийн уулзалтаараа Хөдөө аж ахуйн их сургуулийн оюутнуудад хэд хэдэн боломжийг олгож байгаа талаараа танилцуулсан.
Нэгдүгээрт, Сонгинохайрхан дүүргийн 21-р хороонд байрлах 43га талбай дээр төмс, хүнсний ногоо тариалах боломжийг иргэдэд нээлттэй болгож, бүртгэл ажил эхэлсэн байгаа. Тодруулбал, Улаанбаатар хотын төвийн 6 дүүргийн 650 иргэнийг хүнс, хүнсний ногоо тариалах боломжоор хангана. Мэргэжлийн агрономичдын удирдлаган дор өөрсдөө хүнсний ногоогоо тариалж, ургацаа хурааж авах юм. Энэ боломжийг мөн энэ салбарын оюутнуудад олгож байна.
Хоёрдугаарт, гарааны бизнес эрхлэх сонирхолтой оюутнууддаа хандаж, бүлэг баг болоод төсөл хөтөлбөрт хамрагдаач ээ гэж уриалж байгаа” гэсэн юм.
Үргэлжлүүлэн НИТХ-ын Төлөөлөгч, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн ОНӨТҮГ-ын захирал Ү.Оюунзул “Цаг хугацааны үнэ цэнийн тухай эргэцүүлэмж яриаг оюутнуудтайгаа өрнүүлээ. Оюутан цагийн оновчтой сонголт, алдааны талаар ярилаа. Боломж үргэлж бидний дэргэд байдаг. Боломжийг харин алдаж болохгүй. Оюутан байхдаа сургалтын тэтгэлэг авч байсан сайхан дурсамжаа хүүрнэлээ.
Миний хувьд оюутан ахуйдаа дотуур байранд 4 жилийг үдсэн. Энэ цаг хугацаандаа маш их зүйл сурсан гэж боддог. Бусадтай ойлголцох, бусдын орон зайг хүндэтгэх, өөрийнхөө орон зайг бусдад ойлгуулах гээд олон зүйлийг ойлгож авсан. Мөн өөрөө цагийн ажил хийж, бусад найзууддаа цагийн ажил олж өгч, сургууль дээрээ хөдөлмөр зуучлалын төв байгуулаад ажлуулдаг байлаа. Цагийн ажил хийж байсан маань өөрийгөө ажлын талбар дээр бэлтгэж байсан гэсэн үг. Түүнчлэн, сурагч байхаасаа мэтгэлцээн, тэмцээн уралдаануудад их оролцдог байсан нь өнөөдрийн миний хувьд бий болсон амжилтын түлхүүр гэж боддог. Бүх зүйлд сайн байх гэж хичээгээд хэрэггүй. Нэг л зүйлд онцгой, чадвартай байгаарай гэж оюутнууддаа хандаж хэлмээр байна. Өөрийн гэсэн үнэ цэнэтэй, өөрийгөө хүлээн зөвшөөрдөг, өөрийнхөө хувьд чадахаараа хичээж, хөдөлмөрлөж, сурчихсан оюутан байгаарай гэж мөн захимаар байна.
Өдгөө ногоон байгууламж, байгаль орчны салбарт хүчин зүтгээд 7, 8 жил болсон байна. Энэ бол миний амьдралдаа хийсэн хамгийн зөв сонголтуудын нэг. Өнөөдөр бидний өмнө тулгамдсан бэрхшээлтэй, нэн шийдвэрлэвэл зохих зүйл юу вэ гэвэл уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, дэлхийн дулаарал байгаа. Дэлхий дээр байгаа нийт хүн амын 10 хувь нь байнгын усны асуудалтай амьдарч байна. Ус өөрөө шавхагддаг хүчин зүйл. Тиймээс бид усаа хайрлах ёстой, гамнах хэрэгтэй. Нийслэлийн хүн ам буюу бид жилд дунджаар 2 сая тонн хог хаягдал хаядаг. Үүний 10 хувийг дахин боловсруулдаг гээд бодохоор үнэхээр харамсалтай. Монгол Улсын байгаль орчны нөхцөл байдал өнөөдрийн энэ цаг үед ямар байга вэ гэхчлэн асуудлаар оюутнууддаа сүүлийн үеийн мэдээлэл, ойлголтыг өглөө” гэв.
More from Нийгэм
ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТЫГ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВӨӨС ЭХЛҮҮЛЛЭЭ
Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Золбоо “ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТ”-аа Эрүүл мэндийн төв, Өрхийн эрүүл мэндийн төвөөс эхлүүллээ. Эрүүл мэндийн төв 1963 …
ЭС, ЭД, ЭРХТЭН ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ ТӨВИЙН НАЙМАН ДАВХАР БАРИЛГЫН АЖИЛ ЭХЭЛЛЭЭ
Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах төвийн найман давхар, 120 ортой, 18 мянган метр квадрат 15 мэс …
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 14, 15 ДУГААР ХОРООНЫ ИРГЭД З.ТӨМӨРТӨМӨӨД ХҮҮХДҮҮДИЙН АЯ ТУХТАЙ СУРЧ БОЛОВСРОХ НӨХЦЛИЙГ ХАНГАСАНД ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЛЭЭ
Чингэлтэй дүүргийн 14, 15 дугаар хорооны иргэд үр хүүхдүүдийнх нь ая тухтай сурч хүмүүжих боломж нөхцлийг бүрдүүлэхийн төлөө их зүйл …