Уул уурхай, геологийн салбар гэдэг бол харьцангуй том, тэргүүлэх салбар. Монгол Улсын эдийн засагт ихээхэн нөлөө үзүүлэгч тулгуур баганы нэг. Монгол улсад ажиллаж буй геологийн олон холбоодыг өөртөө нэгтгэсэн Монголын геологийн холбоодын нэгдсэн зөвлөлийн дарга геологич Я.Бат-Ирээдүйтэй ярилцлаа.
-Монголын геологийн холбоодын нэгдсэн зөвлөл яг ямар үйл ажиллагаа эрхэлдэг вэ?
-Нэгдсэн зөвлөл маань салбарынхаа хэмжээнд нэг цонхоор харьцах, бусад холбоодын нэгдэл юм. Манай зөвлөл 2020 оны нэгдүгээр сард байгуулагдаад жил гаруй хугацаа өнгөрч, өнөөдрийн байдлаар албан ёсоор 22 холбоо нэгдсэн. Өнөөдрийг хүртэл үйл ажиллагаагаа идэвхтэй явуулж байгаа. Холбооны гол зорилго холбоодын үйл ажиллагаа, тулгарч буй асуудлыг нэгтгэж төр, засагтаа уламжлах. Түүнчлэн холбогдох хууль тогтоомжид санал өгөх, энэ салбарт хэрэгжихээр хэлэлцэгдэж байгаа хууль, журмыг боловсруулах ажлын хэсэгт холбоодын төлөөллийг оролцуулах, салбарын эрх ашгийг хөндсөн асуудлаар байр сууриа төр, засгийн байгууллагуудад уламжлах хэлбэрээр ажиллаж байна. Манай салбарын төрийн болон төрийн бус байгууллагуудтай тухайлбал, Үндэсний геологийн алба, АМГТГ, Усны газар, Уул уурхайн мэргэжлийн холбоодтой хамтын ажиллагааны санамж бичиг байгуулан хамтран ажиллаж байна. Нөгөөтэйгүүр төрийн зарим нэг чиг үүргийг төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх ажлын хүрээнд Геологийн салбарын мэргэшсэн инженерүүдийг бэлтгэх, тэдгээрийн эрхийг баталгаажуулах ажлыг УУХҮЯ-тай хамтран хэрэгжүүлэх ажлыг хариуцан ажиллаж байна.
-Та 22 холбоо нэгдсэн гэж ярилаа, тэдгээр холбоод танайхаар дамжуулан төрд үгээ хүргэж байна гэж ойлгож болох уу?
-Болно, ямар нэгэн холбоонд төрд хүргэх асуудал байгаа бол түүнийгээ нэгдсэн зөвлөлөөрөө дамжуулаад хандах бүрэн боломжтой болсон гэж ойлгоход болно. Холбоо болгон төрд хандаад байвал хэцүү л дээ, ер нь боломж бололцоо муутай. Тийм учраас нэг цонхны бодлого барих бодлогын хүрээнд нэгдсэн зөвлөлийг байгуулсан.
-Геологийн 22 холбоо гэдгээ тодруулбал?
-Мэргэжлийнхээ чиг хандлагаар бие даасан ТББ байгуулагдан холбоод үүсээд байгаа. Өнөөдрийн байдлаар манай салбарт 26 холбоо үйл ажиллагаа явуулдгаас 22 нь манайд нэгдэх саналаа өгсөн. Одоогоор яг 20 холбоо нь манай нэгдсэн зөвлөлд бүртгэлтэй, албан ёсны гишүүнээр элсээд нягт хамтран ажиллаж байна. Мөн хоёр холбоо элсэхээр хандаад байгаа болно. Манай салбарт ШУ-ны маш олон чиглэл, салбарууд ордог учраас тэр чиглэл бүрээр байгуулагдсан мэргэжлийн холбоод бий. Салбарын онцлогоос хамаарч энэ салбарт ажиллаж байсан геологиуд, эмэгтэйчүүд маань нэгдэн өөрсдийн эрх ашгийг илэрхийлсэн төрийн бус байгууллагыг байгуулан эвлэлдэн нэгдсэн холбоод ч байгаа бөгөөд эдгээр нь мөн л нэгдсэн зөвлөлдөө нэгдэн ажиллаж байгаа юм. Тиймээс МГХНЗөвлөл нь энэ олон холбоодын цөм болон ажиллаж байна.
-Төрийн зарим чиг үүргийг хэрэгжүүлж байгаа гэж та хэллээ. Тэр тухайгаа дэлгэрүүлбэл?
-Салбарын мэргэшсэн мэргэжилтэн, зөвлөх бэлтгэх тусгай журам гэж байдаг. Энэ журам 2020 онд шинэчлэгдэн, тухайн оныхоо эцсээр албан ёсоор ХЗДХЯ-аар баталгаажин эрхзүйн баримт бичиг болсон. Энэ хүрээнд УУХҮЯ-аас энэ салбарынхаа холбоодод эрхийг нь шилжүүлье гэдэг шийдэлд хүрсэн. Ингээд 2021 оны дөрөвдүгээр сард бид УУХҮЯ-тай албан ёсоор хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурснаар төрийн зарим нэг чиг үүрэг, ТББ-аар гүйцэтгүүлэх эрхзүйн үндэс бий болсон.
Үүний дагуу маш олон төрлийн ажил хийхийн зэрэгцээ бэрхшээлүүдийг ч туулсан. Мэргэжилтнүүдээ бэлтгэх дүрэм, журам түүнчлэн нэгдсэн зөвлөлийн дэргэд мэргэшсэн мэргэжилтний зөвлөл, ёс зүйн хороо гэх мэт цогц нэгжүүдийг сайн дурын үндсэн дээр, шилдэг геологичид, эрдэмтэн мэргэд, мэргэшсэн мэргэжилтнүүдээс бүрдүүлэн байгуулсан. Энэ зөвлөлөөрөө дамжаад тодорхой хэмжээний сургалтыг явуулж, мэргэжлийн ерөнхий таван чиглэлийн хүрээнд тус салбарын мэргэшсэн мэргэжилтэн, зөвлөх инженерүүдийг бэлтгэж байгаа. Мэргэшсэн мэргэжилтэн, зөвлөх инженерүүдийн эрхийг сунгах, дахин сургалтад хамруулах, журмын дагуу шинээр шаардлага хангаж байгаа мэргэжилтнүүдийг инженерийн зэрэг цолыг нь олгох асуудал 2021-2022 онд манай нэгдсэн зөвлөл дээр тууштай хэрэгжиж, биеллээ олон бодит ажил болоод явж байна. Холбоодынхоо дэргэд салбар зөвлөл байгуулан түүгээрээ дамжуулан сургалт явуулдаг. Нэгдсэн зөвлөлийн хувьд сургалтыг бүгдийг нь зохион байгуулах, хариуцах, удирдлагаар хангах гэх мэт төрийн өмнө хариуцлага хүлээдэг.
-Өнгөрсөн онуудад танайхаар дамжин хэдэн хүн мэргэшсэн болон зөвлөх инженер болсон бэ?
-Жил гаруй хугацаанд журамд заасны дагуу, шаардлага хангасан 342 хүнд мэргэжлийн тодорхой чиглэлээр нь Монгол Улсын зөвлөх болон мэргэшсэн инженер гэсэн зэрэг цолыг олгосон байна. Том ч ажил болсон. Жижиг сажиг бэрхшээлийг энд дурдаад яах вэ. Мэдээж энэ том салбарт бэрхшээл, алдаа оноо, хойшид анхаарах зүйл бишгүй л байна.
Өнгөрсөн оны алдаа оноогоо дүгнэн хэрэгжүүлэх ажлын гол журмууддаа нэмэлт, өөрчлөлт хийх ажлыг цаг алдалгүй хийж хэрэгжүүлэх нь Нэгдсэн зөвлөлийн чухал анхаарах ажлын нэг хэсэг болоод байгаа бөгөөд саяхан бид МГХНЗ-ийн төлөөлөх зөвлөлийн хурлаар хэлэлцэн журамд орох өөрчлөлтүүдийг баталгаажуулаад байна. Эдгээр журмын өөрчлөлт нь дараагийн сунгалт болон мэргэжлийн зэрэг дэв олгохоос эхлэн мөрдөгдөж эхлэх юм.
-Зөвлөх болон мэргэшсэн инженер болохын тулд ямар шалгуур хангасан байх ёстой вэ?
-Салбартаа мэргэжлээрээ 10-с доошгүй жил ажилсан, түүнээс нарийн мэргэшлээр таваас доошгүй жил ажиллаж байж мэргэшсэн болно. Үүнийгээ гурван удаа гурав гурван жилээр сунгасны дараа тэр хүний зөвлөх болох эрх нь нээгдэж байгаа юм. Шууд Монгол Улсын зөвлөх инженер болно гэсэн үг биш шүү дээ. Олон жил өөрөөр хэлбэл 19 жил мэргэжлээрээ энэ салбартаа үр бүтээлтэй ажиллаж байж хүртдэг. Бидний мэргэжил чинь бусад мэргэжлүүдийг бодвол их онцлогтой, маш өргөн хүрээний олон ШУ-ны салбарыг хамаардаг, эх дэлхийгээ судалдаг учраас өргөн цар хүрээтэй мэдлэг боловсролтой байх ёстой, түүнийгээ ч ажлын талбар, олон жилийн туршлагаас олж авдаг.
Орд нээсэн байлаа гэхэд түүнийхээ нөөцийн тооцоог хийж чаддаг арга аргачлалыг бүрэн эзэмшсэн байх гэх мэтчилэн төрөл бүрийн мэргэжлийн туршлага эзэмшиж явсаар зөвлөхөө авах хэмжээнд хүрэх жишээтэй. -Та өөрийнхөө тухай яривал? -Миний хувьд геологийн салбарт 37 жил ажиллаж байна. Энэ хугацаанд үйлдвэрлэл, ШУ-ны салбар, төрийн байгууллага гээд олон шатны байгууллагад ажиллажээ. Олон жилийн судалгааны ажлын хүрээнд хамтарсан судалгааны ганц сэдэвт таван ном, Монгол улсын 1:1 000 000 масштабын геологийн зураг болон мэргэжлийн сэтгүүл хэвлэлүүдэд эрдэм шинжилгээний 40 гаруй өгүүллэг, нийтлэл бичсэн байна.
Кембрийн өмнөх Монгол орны судалгаанд өөрийнхөө амьдралын олон жилийг зориулсан. Харин сүүлийн 15 жил хайгуулчин болсон. Манай мэргэжил эх дэлхийгээ танин мэдэх газрын гүний болон гадаргуугийн судалгаа давхар хийдэг. Дэлхий анх үүссэн цагаас өнөө цагийг хүртэлх геологийн хөгжлийг иж бүрнээр нь судлахаас гадна газрын хэвлийд бүрэлдсэн орд, илрэлүүдийг илрүүлэн тогтоож эх орны түүхий эдийн баазыг бэхжүүлэх, цаашилбал геополитикийн хар хайрцагны бодлогыг бий болгоход гардан оролцож байна. Ерөнхийдөө маш их нөлөөтэй, цаанаа агуулга ихтэй ийм том салбар. Хэрвээ геологи байхгүй бол уул уурхай байхгүй л гэсэн үг, хоёулаа хамт оршиж байж энэ салбарт хөгжил дэвшлийг бий болгохоос гадна улс орны эдийн засгийн суурь хөгжлийг бүрдүүлэх юм. Бид цаашдаа хөгжье, урагшилъя гэвэл газрын гүн дэх баялгаа ашиглах л ёстой.
-Уул уурхай, геологи, зам тээвэр гээд ажил яригдахад орон нутаг, иргэд, малчдын хооронд үл ойлголцол үүсдэг. Энэ тухайд?
-Хамгийн том асуудал, сүүлийн үеийн хөгжлийн нэг гацаа бол уул уурхайн салбар газар орныг сүйдэлж, нутгийн иргэдийг амьдрах нөхцөлгүй болгож байна гэсэн иргэд, малчдын ойлголт юм. Гэтэл яг үнэндээ бодит байдал дээр бол малчид биш зарим хүмүүсийн атгаг санаа, ашиг хонжоо хайж байгаа явдал юм. Төр байгаа л бол хуулиараа энэ асуудлаа маш сайн зохицуулах хэрэгтэй. Тэгж байж энэ салбар хөгжинө. Уул уурхайн салбар экспортын бүтээгдэхүүний 90 гаруй хувийг бүрдүүлж байна. Энэ салбар маань газар нутгийн гурван хувийг л ашиглаж байна, Гэтэл манай улсын газар нутгийн хэмжээ ямар билээ. Ойлголтын асар их зөрүү байна, үүнд манай салбарын хамт олон анхнаасаа анхаарал хандуулж байгаагүй юм байна. Орон нутгийн иргэдэд энэ салбарыг танин мэдүүлэх талаар илүү ажилласантай холбоотой байх. Тулаад уулзаад ярихад ойлгох чадвартай, үүний цаана харин ямар нэгэн улстөрийн зорилго, ашиг хонжоо хайгчдын эрх ашиг явж байгаа нь энэ салбарыг муухай харагдуулж байна. Шантаажчид бий болжээ.
Одоо хууль, эрхзүйн орчин боловсронгуй сайн болж, юм өөрчлөгдөж байна. Нөгөө талаар малчдыг ч буруутгах арга байхгүй, тэдний шаардлага ч мөн адил зохих ёсных. Гэвч дунд нь хэсэг бүлэг хүмүүс л нөхцөл байдлыг хүндрүүлж байгаатай хүн болгон санал нийлэх байх. Хувиа бодох биш, улс эх орныхоо эрх ашгийг нэгдүгээрт тавих хэрэгтэй, хүн болгон ухаарч маш сайн бодох хэрэгтэй. Бид XX зууны амьдралаар амьдарч болохгүй шүү дээ, дэлхий нийтээрээ урагш үсрэнгүй хөгжиж байна. Уул уурхайн орчин үеийн технологи өдрөөс өдөрт яаж хөгжиж байна гэдгийг хүн бүхэн л мэдэж байгаа. Байгаль газар орондоо ээлтэй технологи бий болж байна. Тухайлбал “Уран” гэсэн эрдэс сонсонгуут л газар орон, мал хордуулж байна гэх, түүн шиг худал юм байхгүй шүү дээ. Энэ талаар хамгийн наад захын шинжлэх ухаанч мэдлэггүй байгаа гэдэг нь харагдаад байна. Бүр боловсролтой хүмүүс нь ч энэ талаар анхны мэдэгдэхүүнгүй юм шиг ярьж байна. Тэгэхээр ингэж муйхарлах цаг өнгөрсөн гэж бодож байна. Ер нь уул уурхайн үйл ажиллагаа орон нутгийг иргэддээ ил тод байх, нуугаад байх зүйл юу байгаа юм. Ил тод байлгаж, орон нутгийн иргэдийг хяналт тавих боломж, нөхцлөөр бүрдүүлэх хэрэгтэй.
-Монголд уул уурхай эрхэлж байгаа гадаадын хөрөнгө оруулалттай болон дотоодын ААН, компаниуд нөхөн сэргээлт хийх тал дээр ямар байдаг юм бол. Хариуцлагатай байж чаддаг уу?
-Би хувьдаа 100 хувь хариуцлагатай гэж хэлнэ. Орчин үеийн уурхайнууд өөр болсон, Оюутолгой, Эрдэнэт үйлдвэр гээд байна. Эрдэнэт үйлдвэр гэхэд ойжуулах төсөл хэрэгжүүлж байна, илүүдээ гарсан мөнгө биш шүү дээ. Тэр мөнгөөрөө үйлдвэрээ улам боловсронгуй болгох тоног төхөөрөмж авч болох л байсан. Гэвч тэд хариуцлагатай байна. Нөхөн сэргээлт хийх үүрэгтэй, түүнийгээ ч бодитоор хэрэгжүүлж байна. Уурхайнууд эхний ээлжид техникийн нөхөн сэргээлтийг бүрэн хийдэг, хууль нь ч тийм. Харин дараа нь биологийн нөхөн сэргээлт хийж байна. Томоохон уул уурхайн компаниуд хажуудаа байгаль орчны мэргэжилтнүүдтэй болж байна. Байгальдаа улам л ээлтэй болж байна.
-Хайгуулын салбарын тухайд юу ярих вэ?
-Өнөөдөр хайгуулын салбар яагаад доголдоод байна гэхээр биднийг уул уурхай гэдэгтэй адил хүлээж аваад байгаад л гол асуудал нь оршиж байна. Геологи цэвэр ШУ дээр тогтдог, нөгөө талдаа шинэ ордыг нээдэг, нөөцийг тогтоодог. Компанийн хувьд олон жил хайгуул хийгээд маш их хэмжээний мөнгө зарж, эрсдэл үүрсний дараа аз тохиовол нөөц илрүүлдэг. Гэтэл тэр олсон нөөцөө шууд ашиглаж болох уу, үгүй юу гэдэг нь ч мөн эргэлзээтэй. Ашиглалтын лиценз авсан ч түүнийгээ ашиглахгүй эдийн засгийн үр ашигтай болгох үүднээс нэмэлт хайгуул хийх, олборлолт явуулахад ашигтай байх техник технологи хүлээх, хөрөнгө оруулагч олох гээд энэ салбарт яривал бэрхшээл бий. Геологи асар их өндөр эрсдэл үүрдэг салбар, тиймээс нээж илрүүлсэн баялгийг зөв, үр ашигтай, ил тод, ард түмэндээ хүртээмжтэй ашиглах нь манай уул уурхайн салбарынхны том зорилт. Лицензтэй компаниуд боломж байвал өөрсдийн хөрөнгөөр эсвэл төслөө бичиж гадна, дотны хөрөнгө оруулагч татан оролцуулдаг.
Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар геологийн судалгаа хийхэд ордын хайгуул хийх боломж бараг байдаггүй, яагаад гэвэл дэндүү өндөр өртөгтэй байдаг учраас ерөнхий эрлийн ажлыг нь хийгээд чиг баримжааг нь гаргаж түүндээ тодорхой хугацааны дараа тендер зарлаад хэн боломжтой нь авдаг. Ер нь уул уурхайн салбар том зургаар нь харахгүй бол жижиг зургаар нь харж ажил явуулах боломж байдаггүй. Геологийн салбарт бодлогын түвшинд нэг хэцүү зүйл байгаа нь хайгуулын ажил явуулахад орон нутгийн иргэд, малчдын эсэргүүцэлтэй тулгардаг явдал. Малчид маань геологийн судалгааны ажлыг уул уурхайтайгаа хольчихоод байгаа. Бид хэр хэмжээний геологи, хайгуулын ажил хийнэ, төдий хэмжээгээр авдран доторхоо мэднэ гэсэн үг. Авдран доторхоо мэдэж байгаа хүн нэг өөр ярина биз дээ, мэдэхгүй бол юу ярих вэ дээ. Хэнтэй юу ярих, улс орны геополитик, бодлогын түвшний асуудал үүнийгээ мэдсэнээр өөрөөр яригдана. Хэдийгээр газар дор байгаа ч манай л баялаг учраас гадны хөрөнгө оруулагчидтай ярихад маш их дөхөмтэй болно биз дээ. Тиймээс геологийн судалгаа бол улс эх орны болон уул уурхайн салбарын амин сүнс нь юм. Бидний хийсэн түүхий эдийн судалгааг үндэслэн улс эх орон цааш хөгжинө. Манай улсын хувьд шороон ордын нөөц шавхагдаад дуусаж байна, үүнийг ашиглаж байна гээд “нинжа” нар маш их хэмжээгээр байгаль сүйтгэсэн. Энэ бүхэн чинь эргээд уул уурхайг муухай харагдуулдаг. Мэргэжлийн геологийн байгууллага чинь газрын гадарга, байгаль орчиндоо хор хөнөөлтэй ажил хийдэггүй гэж хэлэхэд болно. Олон хүний нөр их хөдөлмөр зарцуулдаг ч бид өнөөдрийн байдлаар төр засгаасаа тийм ч тэтгэмж, ийм ч хүнд нөхцөлд ажиллаж байна гэж нэг ч удаа асуудал тавьж байгаагүй. Яагаад гэвэл геологичид дэндүү тэсвэр хатуужилтай, байгальдаа дэндүү хайртай хүмүүс байдаг.
More from Ярилцлага
🔴СҮХБААТАР ДҮҮРГИЙН АЖИЛ ОЛГОГЧДЫН УУЛЗАЛТ ХЭЛЭЛЦҮҮЛГЭЭС ШУУД ДАМЖУУЛЖ БАЙНА
🔴СҮХБААТАР ДҮҮРГИЙН АЖИЛ ОЛГОГЧДЫН УУЛЗАЛТ ХЭЛЭЛЦҮҮЛГЭЭС ШУУД ДАМЖУУЛЖ БАЙНА https://www.youtube.com/watch?v=NVUD4zfGtz0
Д.Батдулам: Ажил олоход хүндрэлтэй иргэдийг олон чиглэлийн сургалтад хамруулж, ажлын байранд зуучилж байна
Нийслэл хийгээд дүүргүүдийн хөдөлмөр, халамжийн хэлтэс, албадууд иргэд рүү чиглэсэн олон талт ажлыг цаг алдалгүй зохион байгуулж байгаа. Нэн ялангуяа …
Б.Батцэцэг: БНХАУ-ын шинэ үеийн удирдлагатай ажил хэрэгч харилцаа тогтоож, хамтын ажиллагааг идэвхжүүлэх нь айлчлалын зорилго байлаа
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгтэй саяхан БНХАУ-д хийсэн ажлын айлчлалын нь үр дүнгийн талаар ярилцлаа. Тэрбээр 2023 оны 5 дугаар сарын …