-Монгол орны өнцөг булан бүрээс сүүлийн 60 гаруй жилийн туршид цуглуулсан хүдэр, ашигт малтмал, өнгөт эрдэнийн чулуу гэх мэтчилэн 5000 гаруй нэр төрлийн эрдэс чулууг дэлгэн тавьсан-
Ардын багш, Доктор/SsD/, Төрийн соёрхолт, Профессор, Геологи эрдэс баялгийн музейн эрхлэгч Ж.Лхамсүрэнтэй ярилцлаа.
-Монгол Улсад геологийн алба үүссэний 83 жилийн ойн баярын мэндийг хүргэхийн ялдамд бидний урилгыг хүлээн авсанд талархаж буйгаа илэрхийлэх байна.
-Баярлалаа, геологичдын өдрийг тохиолдуулан дөрвөн зүг, найман зовхистод ажиллаж, амьдарч буй мэргэжил нэгт нөхөддөө, шавь нартаа сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж, ажлын амжилт хүсч байна, багшаас нь. Геологичийн хөдөлмөр бол эрдмийн ажил. Учир нь геологич хүн хөлдөө тээглэсэн чулууг хүртэл сонирхож, гараараа барьж үздэг, судалдаг байх ёстой. Магадгүй тэр нь дор хаяж 200 гаруй сая жилийн настай чулуу байж мэдэх юм. Голын хайрга, чулууны хэлтэрхий байна гээд үл тоомсорлож болохгүй. Ер нь геологич хүн нүд нь нээлтэй, алхаа бариад явж байгаа л бол эрдмийн ажлаа хийж байна гэж бодож явах ёстой. Чулуу хумсын төдийхөн байлаа ч олон зуун сая жилийн настай тэр хэрээр асар их юм үзсэн, адал явдлыг туулсан байгалийн гайхамшигт үзэгдлийн гэрч байдаг юм шүү дээ. Ер нь геологичдын ажлын онцлогийг тэр бүр хүмүүс мэддэггүй.
МУИС дээр Геологийн салбар нээх тухай СнЗ-ийн тогтоол 1960 онд гарч, тэр намраа шинэ хичээлийн жилийн нээлтийн хонхоо цохиж байлаа. Тэр цагаас өнөөдрийг хүртэл хэдэн мянган геологчийг манай сургууль бэлдэж, улс орондоо хүлээлгэж өгчээ. Тэр хэрээр Монголын үндэсний геологи бэхжсэн байж таарна. Мөн тэдний дундаас хөдөлмөрийн баатар, гавьяат, төрийн соёрхолтууд төрсөн байна. Геологи шинжилгээний газар 1957 онд байгуулагдан жинхэнэ геологичид эрдэмтэн мэргэдтэй мөр зэрэгцэн ажиллаж, эрэл хайгуул, судалгаа, шинжилгээгээ хийж, бодлогоо боловсруулж байв. Үүний үр дүнд дэлхий дахинд тогтоогдсон стандартын дагуу Монголын нийт нутаг дэвсгэрийн геологийн зургийг гаргасан юм шүү дээ.
-Таны энэ салбарт хөл тавьсан түүх уншигчдад маань сонирхолтой байх нь дамжиггүй. Геологич гэж ямар мэргэжил эзэмшсэн хүнийг хэлдэг вэ гэдгийг мэдэхгүй хүүхэд их сургуулийн босго алхсан тухай олон түүхийг сонсч байлаа?
-Ер нь бол тийм тохиолдол олон байдаг. Багш нь1953 онд Дорноговь аймгийн Сайншандын арван жилийн сургуулийг онц дүнтэй төгссөн. Ямар мэргэжил эзэмших тухай төсөөлөл байхгүй нөхөр харайлгаж явлаа. Гэхдээ орос хэлнийхээ багшаас дэлхийд нэр хүнд бүхий Ломоносовын нэрэмжит Москвагийн улсын их сургууль гэж байдгийг, “ Өрөө бүхэнд нь нэг хоноод явахад 70 жил болдог гэсэн” гэх явган яриаг нэг бус удаа сонссон, тэр сургуульд элсэхийг дотроо мөрөөддөг байв. Сургууль тарж, би хөдөө гэр рүүгээ явах санаатай шуудангийн машин олоод сууж байтал “Лхамсүрэн гэж хүүхэд байна уу, аймгийн захиргаан дээр дуудаж байна” гэх нь тэр. Гайхсан нөхөр яваад очтол “Хотоос дуудсан чамайг. Өнөө орой галт тэргээр явуулна“ хэмээсэн.
-Чухам юуны учир таныг онцолж дуудсаныг та сонирхож амжсан уу?
-Үгүй, үгүй. Надаас гадна онц дүнтэй сургуулиа дүүргэсэн хэд хэдэн хүүхдийг дуудсан байсан. Маргааш өглөө нь холбогдох хүмүүстэй уулзан шалгалт өгөөд Москвагийн Геологийн их сургуульд суралцах хуваарь авсан. Монгол орны эрдэс баялгийг дэлхийн хоёрдугаар дайнаас хойш оросууд эрчимтэй судалж эхэлсэн тул үндэсний боловсон хүчнийг бэлтгэх шаардлагын дагуу Москвагийн Геологи хайгуулын дээд сургуульд сурах аз надад тохиосон хэрэг. Сургуулиа 1959 онд төгсч ирээд Тэрэлжид Горхийн болорын уурхайгаас ажил амьдралынхаа гарааг эхэлсэн түүхтэй.
-Тэр үед төрийн дэмжлэг ямар байв?
-Маш сайн байсан. Тухайн үед бидний даргаар Цэрэндорж гэж эдийн засагч ажиллаж байв. Асуудал тулгарахад сайд нарын өрөөгөөр ороод л шийдвэрлүүлдэг байсан тийм цаг байсан юм.
-БНМАУ ч шинэ цагийн Монгол Улсын адил байгалийн баялгаа эдийн засгийн эргэлтэд оруулж, валютын нөөцтэй болох сонирхолтой байж ээ?
-Тийм ээ. БНМАУ хэд хэдэн том уурхайтай,түүнд нь оросууд олборлолт явуулдаг байв. Цэнхэр мандал, Бэрх гээд хэд хэдэн том уурхай 1950-иад оны үед бий болсон юм шүү дээ. Мэдээж, улсын эдийн засгийн том хөдөлгөгч хүч нь байсан байж таарна.
-Сүүлийн үед уурхайд геологичийн ажлыг мэргэжлийн бус нөхдүүд хавсарч ажилладаг болсон гэх мэдээллийг сонсох болсон. Ийм байж болох юм уу?
-Үнэн хэрэгтээ төр засаг ч, олон нийт ч геологийн салбарын онцлог, нийгэмд гүйцэтгэх үүргийг ойлгохгүй байна. Геологичдын гаргасан тойм нөөцийг үндэслэн шууд л техникээр ухаж эхэлдэг. Дээр нь уурхайнууд дээр геологичид ажилладаггүй нь харамсалтай. Уурхайн ажил эхлэхээс хаагдах хүртэл уурхайн геологич ажиллах ёстой юм шүү дээ. Яагаад гэвэл газрын хэвлийг ухах явцад өөрчлөлт гарч болно, шинж чанар нь хувирна, тэр бүхнийг нүд алгасалгүй судлах үүргийг геологич хүлээдэг. Зэс олборлож байтал гүнд нь гэнэт алтны судал гараад ирж ч болно. Үүнээс болж их алддаг.
-Олон улсын геологийн экспедицүүдийн гүйцэтгэсэн үүргийг та хэрхэн үнэлж байна вэ, өнөөдрийн өндөрлөгөөс?
-Монгол орны байгалийн баялгийг анх гадаадын экспедициүд дайрч, тогтоож судалсан байдаг. Дани, Америк, Шведийн эрдэмтэд ажиллаж байсан баримтууд бий. Тэд алт, зэс, жонш гэх мэтчилэн 90 орчим нэр төрлийг илрүүлж, заримд нь тойм судалгаа хийсэн байдаг. Бид ч өнөөдөр эх орныхоо баялгийг гүйцэд судалж чадаагүй байгаа. Хангай, Хэнтийн уулархаг нутгийг атираатын бүс гэдэг. Энэ нь ашигт малтмалаар нэвчсэн гэсэн үг. Олон мянган жилийн газар хөдлөлт зэрэг элдэв үзэгдэлд дээш доош хөдлөн нугалаа үүссэнийг атираа гэж байгаа юм.
Манай нутаг дэвсгэр өвөрмөц тогтоцтойн дээр олон төрлийн ордтой. Ийм улс ховор. Хангай, Хэнтийн хөвчийн уулархаг нутаг асар их баялагтай ч маш муу судлагдсан. Оюутолгой гэхэд зэсийн илрэлтэй гэдэг нь маш эрт тогтоогдсон байсан. Манайд дөрвөн том зэсийн орд илэрсний нэг нь энэ.Хотын экспедици барилгын материал голлож байсан бол Чойрын геологийн экспедици хайлуур жоншны тал руугаа мэргэшсэн. Харамсалтай нь тэр үед гаргаж авсан бүх баялгийг оросууд л авдаг байсан шүү дээ. Оросын металлургийн үйлдвэрийн нийт хэрэгцээний 30 орчим хувийг монгол жонш эзэлж байсан. Жонш бол асар чухал стратегийн ач холбогдолтой, түүхий эд. Өөрөөр хэлбэл жоншгүйгээр металл хайлуулах үйлдвэр ажиллаж чадахгүй хоолны давстай л адил зүйл. Оросын Өвөр Байгаль тэр аяараа баялаг.
-Геологи хайгуулын салбар 83 жилийн түүхтэй ч 60 гаруй жилд БНМАУ-ын бодлого үйлчилж, улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн. Сүүлийн 23 жилд буюу зах зээлд шилжсэнээс хойш хэчнээн орд газрыг шинээр нээсэн бол?
-Ордыг нээнэ гэдэг нь харьцангуй ойлголт. Жишээлбэл, аль нэг газраас чулуу оллоо гэдэг нь анхны мэдээллээ өгч байгаа хэрэг. Түүний дагуу геологичид эрлийн ажлаа явуулдаг. Илрэл төдий бус том зүйл байна гэж үзвэл геологи хайгуулын ажил хийнэ. Нөгөөтэйгүүр, орд илэрлээ гэхэд жинхэнэ орд мөн үү, олборлоход ашиг байна уу, үгүй юу, өөрөөр хэлбэл уурхай байгуулж болох уу, үгүй юу гэдэг нь өөрөө асуудал. Геологичид нэгэн цагт олборлож болох, ийм хэмжээний нөөцтэй гэдгийг нь тогтоосон хойноо орд оллоо гэж хэлдэг. Энэ маягаар найман мянга гаруй орд илрүүлж, 200 гаруйг нь эдүгээ олборлож буй.
-Геологичийн хамгийн нандин зүйл нь бол алх байж мэднэ. Та энэ салбарт 62 жил ажиллахдаа хэчнээн алхны цаана гарав?
-Алх тийм амар жагсаалаас гардаг эд биш. Энд тэнд мартах гэх мэтээр 3-4 алхны цаана гарсан. Геологийн алхыг хүн элээж барахгүй л дээ.
-Геологи, эрдэс баялгийн музейг нээх санаа хэдийд төрөв. Таны хэдэн жилийн хөдөлмөр, зүтгэлийн үр дүнд бий болов?
-Оюутнуудтайгаа улсынхаа өнцөг булан тохой бүрээр явж судалгаа хийдэг. Тийн явж байхдаа маш сонирхолтой, дэлхий дахинд анх олдож буй өвөрмөц шинж чанартай дээж материалуудыг цуглуулж явсаар “Геологи, эрдэс баялгийн музей”-г байгуулсан. Эхэндээ сургалтын хөтөлбөртөө ашиглаж байгаад 1965 оноос олон нийтэд үзүүлдэг болсон. Дэлхий дээр байж болох бүх төрлийн эрдэс чулуу Монголд байдаг. Үүгээрээ манай орон хосгүй. Манай музейд Шишгэд голын сав газраас 1970 онд олдсон том ногоон хаш чулуунаас эхлээд олон сонирхолтой үзмэр бий. Монгол оронд анх удаа олдсон шинэ эрдсүүд ч бий. Өмнөговиос урьд хожид үзэгдээгүй шинэ чулуулаг олж музейдээ байршуулсан.
-Музей хэчнээн нэр төрлийн үзмэртэй вэ?
-Манай музейг Монгол орны эрдэсийн өв соёл гэж хэлж болно. Монгол орны өнцөг булан бүрээс сүүлийн 60 гаруй жилийн туршид цуглуулсан бүх төрлийн эрдэс, хүдэр, ашигт малтмал, өнгөт эрдэнийн чулуу, ус, тос гээд байгалийн тансаг чулуунуудыг биет байдлаар нь дэлгэн харуулсан байгаа. Энд нийт 5000 гаруй нэр төрлийн эрдэс чулуулгийн зүйлүүд тавигдсан. Чулуулаг бүрхүүл гэж ярьдаг. Дэлхийн чулуун мандал нь тэр чигээрээ ашигт малтмал болон эрдэнэсийн зүйл юм. Чулууны далд шидийг илрүүлэн хүнд харуулж, бариулж болох хэлбэрт оруулан охь дээжүүдээ музейдээ үзмэр болгон дэлгэсэн.
Э.БАТ-ЭРДЭНЭ
More from Уул уурхай
УУЛ УУРХАЙ, ГАЗРЫН ТОСНЫ ТӨВ ЛАБОРАТОРИЙН ЗАСВАР, ШИНЭЧЛЭЛИЙН АЖЛЫН НЭЭЛТИЙН АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО
Ашигт малтмал, газрын тосны газарт БНСУ-ын Олон Улсын Хамтын ажиллагааны байгууллагын (КОЙКА) буцалтгүй тусламжаар “Монгол улсын агаарын чанарыг сайжруулах хүрээнд …
УУХҮЯ-НААС ЗОХИОН БАЙГУУЛСАН ЗЭСИЙН БАЯЖМАЛЫН БИРЖИЙН АРИЛЖАА ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ БНХАУ-ЫН ЖҮНТЯОШАНЬ ГРУПП ОРОЛЦОЖ БАЙНА
Монгол Улс 56.5 сая.тн зэс металлын баталгаат нөөцтэй ба 2023 оны гүйцэтгэлээр 1,525.0 мянган.тн зэсийн баяжмалү экспортод гаргасан. Цаашид Оюу …
СХД-ИЙН АВТО ЗАМУУДАД 26 ТН ДАВС, 40 ТН БОДИС ЦАЦАН АЖИЛЛАЖ БАЙНА
11 дүгээр сарын 04-ний өдрийн орсон цаснаар нийтийн эзэмшлийн зам талбайд халтиргаа гулгаа үүсээд байна. Тиймээс дүүргийн зам цэвэрлэгээний 8 …