Хууль, хяналтын байгууллгаас Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, УИХ-ын гишүүн Т.Аюурсайханыг нүүрсний хулгайн хэрэгт холбогдуулан өнгөрсөн долоо хоногт яллагдагчаар татаж, өчигдөр (2023.02.06) Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс түүнд хилийг хориг тавьж, Монгол Улсын хилээр гарахыг хориглосон билээ.
Тодруулбал, шүүхээс Т.Аюурсайханд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх, түүнийг дахин гэмт хэрэг үйлдэхээс болон хэргийн оролцогч нарт нөлөөлөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор тодорхой хүнтэй уулзахыг хориглох болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн юм.
Тэгвэл эл шийдвэртэй холбоотойгоор УИХ-ын гишүүн, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Т.Аюурсайхан өнөөдөр (2023.02.07) УИХ, Засгийн газрын гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлт гарган, УИХ-ын дарга болон Ерөнхий сайдад хүргүүлжээ.
Тэрбээр энэ талаар өөрийн албан ёсны фэйсбүүк хуудсанд мөн дараах мэдэгдлийг тавиад байна.
УИХ, Засгийн газрын гишүүнээс чөлөөлөгдөх тухай
Улсын Их Хурлын гишүүнээс болон Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын албан тушаалаас чөлөөлөгдөх хүсэлтээ Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нарт гаргалаа.
Улсын Их Хурлын нэр бүхий гишүүний зүгээс намайг “нүүрсний” гэх хэрэгт нэр холбогдуулж мэдээлэл хийснээс үүдэн миний нэр хүндийг унагахад чиглэсэн шат дараатай, зохион байгуулалттай үйл ажиллагааг нийгмийн сүлжээгээр явуулах болсноор багагүй хугацаа өнгөрлөө. Олон нийтийн дунд ч томоохон эргэлзээ, хардлага бий боллоо. Над руу чиглэсэн энэхүү дайралтыг хэн нэгнийг хуулийн хариуцлагаас мултлах, зайлсхийлгэх зорилготой бусдын зохион байгуулалттай явуулга, үйл ажиллагаа гэж үзэхээс өөр аргагүй байна. Миний бие уг асуудлаар цаг тухайд нь зохих няцаалт, мэдэгдлүүдийг хийж ирсний зэрэгцээ хууль хяналтын байгууллагаар нэг мөр шалгуулж эцэслэхээ удаа дараа илэрхийлж, энэ чиглэлээр зохих алхмуудыг авч хэрэгжүүлж ирлээ.
Миний бие Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрх, халдашгүй байдлаас татгалзаж байж албан тушаалын аливаа нөлөөлөл, саад тотгоргүйгээр зохих ёсоор шалгуулж, хууль, шүүхийн өмнө үнэн мөнөө тогтоолгох хүсэлтэй байна.
Энэ асуудал нь надаар зогсохгүй Засгийн газрын нэр хүндэд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй байгаа тул үүнээс сэргийлэх үүднээс Засгийн газрын гишүүн, сайдын албан тушаалаас ч сайн дурын үндсэн дээр чөлөөлөгдөх нь зүйтэй гэж үзлээ.
Засгийн газрын гишүүн миний бие хууль хяналтын байгууллагад шалгагдахын хажуугаар сайдын албыг эрхлэх нь ёс зүйн хувьд зохимжгүй учраас Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын албан тушаалаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргалаа.
Улсын Их Хурлын гишүүнээр хоёр удаа сонгогдон ажиллахдаа миний бие улс эх орон, ард түмнийхээ эрх ашгийн талд ямагт байж, улс төрийн тодорхой бүлэглэл, нөлөө бүхий хүмүүсийн эрх ашгийг хөндөж, тэмцэж, зүтгэж, хамтран зүтгэгч эрхэм нөхдийнхөө хамтаар олон бодит үр дүн гаргаж ажилласан билээ.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарт хийж, хэрэгжүүлэхээр өмнөө тавьсан зорилтоо энэ хүрээд орхиж байгаа хэдий ч, дөрвөн ч Засгийн газар дамнан яригдсан Нийгмийн даатгалын багц хуулийн төслүүдийг яамныхаа хамт олны дэмжлэгтэйгээр Улсын Их Хурлаар хэлэлцүүлэх шийдвэр гаргуулсандаа баяртай байна. Энэхүү хуулийн төслүүд батлагдвал нийгмийн даатгалын шимтгэл төлөгч иргэд, хөдөлмөрчид болон тэтгэвэр авагч ахмадуудын олон жилийн хүлээлт, хүсэлт, зүй ёсны шаардлагад нийцсэн хууль эрх зүйн орчин бүрдэнэ гэдэгт итгэж байна.
Надад өндөр итгэл хүлээлгэж, Улсын Их Хурлын гишүүнээр хоёр удаа сонгож, намайг дэмжиж, эрч хүч, урам зориг өгсөөр ирсэн иргэд сонгогчиддоо чин сэтгэлээсээ талархаж байгаагаа илэрхийлье.
Т.Аюурсайхан
More from Улс төр
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ДАРГААР БАТ-ЭРДЭНИЙН ЗОЛБОО СОНГОГДЛОО
Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн үр дүнгээр Сонгинохайрхан дүүргийн Монгол ардын нам Нийслэл, дүүрэгтээ 100 хувийн …
ЕРӨНХИЙ САЙД ДОРНОГОВЬ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА
Дорноговь аймагт баригдаж буй Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа. Газрын тос боловсруулах үйлдвэр нь Хамтарсан Засгийн газрын …
ХАМТАРСАН ЗАСГИЙН ГАЗАР 2024-2028 ОНД 14 МЕГА ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛНЭ
Төсөл-1 "Гашуунсухайт-Ганцмод" "Ханги-Мандал" "Шивээхүрэн-Сэхээ" хилийн боомтуудын хил дамнасан холболтын төмөр зам, ачаа тээврийн шилжүүлэн ачих терминалыг ашиглалтад оруулна. Үр дүн: Экспортын …