Хүүхдийн мөнгөний асуудлаас болж иргэд, олон нийтийн шүүмжлэл газар авч байна. Учир нь иргэдийн бүртгэл, мэдээлэл алдаатай байгаагаас хүүхдийн мөнгөнөөс хасагдсан айл, өрх цөөнгүй байгаа юм. Тэгвэл энэ талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангаас зарим зүйлийг тодрууллаа.
-Гарсан алдааг иргэдтэйгээ хамтарч 14 хоногийн дотор засаж залруулах болно-
-Өчигдрөөс /2023.1.16/ эхлэн хүүхдийн мөнгө олгох журам хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан “E халамж” систем рүү иргэд нэвтрэхэд мэдээллийн зөрөөтэй байдал гарч иргэдийг бухимдуулсан асуудал үүсээд байна. Үүн дээр тодорхой мэдээлэл өгөхгүй юу?
-Алдаа гарсныг бид хүлээн зөвшөөрөх ёстой. Хамгийн том алдаа нь өрхийн мэдээллийн нэгдсэн сан дээр гарч ирээд байна. Өрхийн мэдээллийн сан нь нэгжийн бага түвшинд мэдээллээс цохих асуудлыг хийдэггүй, мэдээллээ цаг тухайд нь шинэчлээгүйн улмаас давхардал зөрүү үүсэж алдаа болсон. Мөн хүүхдийн мөнгө бодох аргачлалд мэдээлэл өгч байгаа НДЕГ, ХХҮЕГ,АТҮТ, ҮСХ, УБЕГ, ТЕГ гэсэн төрийн зургаан байгууллага мэдээллээ хоорондоо хангалттай солилцдоггүй, уялдаа муутай, мэдээллийн давхцал зэргээс хамаарч тус асуудал нь үүсээд байгаа гэж харж байна. Иймд эдгээр алдаа дутагдлаас үүдэж олон нийтийг бухимдуулсан даа Монгол Улсын Засгийн Газрын зүгээс хүлцэл өчиж байна.
Монгол улс анх удаа төр өөрт байгаа мэдээллээ нэгтгэж олон улсын жишигт нийцсэн аргачлалаар хүүхдийн мөнгө олгох ажлыг зориглон эхэлсэн нь энэ юм.
Өрхийн мэдээллийг сангийн бүртгэл дээр асуудал үүсэж эхэлсэн учраас гарсан алдаануудыг арилгаж цаашид цахимжих ажлаа улам шинэчилж ажиллах болно гэдгээ илэрхийлж байна.
–Тэгэхээр одоогийн үүсээд байгаа нөхцөл байдалд хүүхдийн мөнгө хэрхэн олгогдоно гэсэн үг вэ?
-Системд хүүхдийн мөнгөө авна гэсэн өрхүүд мөнгөө ямар нэгэн асуудалгүйгээр авна. Харин байр, орон сууц, авто машины бүртгэлийн давхардлаас үүдэж өндөр орлоготой болж харагдаад байгаа, хүүхдийн мөнгөнөөс хасагдаж байгаа гэсэн ойлголттой иргэдийн мэдээллийг шинэчлэх ажлыг 14 хоногийн хугацаатайгаар Засгийн газраас зохион байгуулахаар зорин ажиллана.
Энэ хугацаанд төр иргэдтэйгээ хамтарч ажиллах юм. Мэдээллийн санг шинэчлэхэд анхан, дунд шатны бүртгэлийн байгууллагуудын идэвхтэй эрчимтэй үйл ажиллагаа чухал. Ингэснээр хүүхдийн мөнгө авах ёстой 91 хувь хүртэлх өрхүүдийг бүрэн хамруулах ажил дээр Засгийн газар анхаарч ажиллана.
Иймээс ард иргэдийг тайван байж Бүртгэлийн өрхийн мэдээллийн нэгдсэн сангийн шинэчлэлийн үйл ажиллагаанд цахимаар болон биечлэн идэвхтэй оролцохыг уриалж байна.
Засгийн газрын зүгээс цахим шилжилтийн ажлыг өнгөрсөн 2 жилийн хугацаанд хийж зохион байгуулж байгаа. Мэдээж энэ шилжилтийн үйл ажиллагаа процесс амаргүй явагдах нь тодорхой.
–Өрхийн мэдээллийн нэгдсэн сан дээр алдаа гарсан гол шалтгаан нь юу вэ?
-Иргэд хоорондоо байр, машин гээд эд хэрэглэл худалдаалдаг. Гэтэл цаг тухайд нь бүртгэл шинэчлэлийнхээ асуудлыг хийдэггүй зэргээс хамааран энэ асуудал бий болж байна гэж үзэж байна. Мэдээж Монголын төрд бүх талын мэдээлэл бүртгэгдсэн байдаг. Гэхдээ иргэд хоорондын шилжилт хөдөлгөөний үйл ажиллагааг иргэдийн зөвшөөрөлгүйгээр хийх боломж хууль эрх зүйн орчинд бүрэн байдаггүй. Иргэн зөвшөөрсөн тохиолдол шилжилт хөдөлгөөний бүртгэл хийдэг гэдгийг зөв ойлгож хүлээн авах хэрэгтэй.
Засгийн газраас энэ бүртгэл шинэчлэлтийн үйл ажиллагааг бүрэн дүүрэн хийж чадсанаар ирэх жилүүд болон цаашдаа дахин ийм алдаа дутагдал гаргахгүй байх гэж үзэж байна.
Өрхийн мэдээллийн шинэчлэлийг бий болгож чадсанаар дан ганц хүүхдийн мөнгө гэлтгүй халамжийн болон бүртгэлийн үйл ажиллагаа нэгдсэн системд орж, ямарваа алдаа дутагдал гардаггүй байх нөхцөл бий болох юм.
-Цахим бүртгэлийн системийг бий болгож Emongolia системийг ашиглалтад оруулснаар өнөөдрийн энэ асуудлууд илэрч байна гэж харж байна?
-Тэгэлгүй яахав. Монголын бүртгэлийн систем дээр байгаа Өрхийн мэдээллийн нэгдсэн сангийн алдаа дутагдлыг бүрэн дүүрэн илчилж гарган өгч байна.
Монгол улсын хувьд хүүхдийн мөнгийг олгох өрхийн амьжиргааны түвшнийг тодорхойлох энэ нөхцөл байдлыг зөвхөн өөрсдийн санаачилгаар гэхээс илүүтэйгээр дэлхийн олон улсын шалгарсан аргуудыг ашиглаж олгож байгаа гэдгийг энэ дашрамд хэлмээр байна.
Бэлтгэсэн: Н.Цацрал
More from Нийгэм
ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТЫГ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВӨӨС ЭХЛҮҮЛЛЭЭ
Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Золбоо “ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТ”-аа Эрүүл мэндийн төв, Өрхийн эрүүл мэндийн төвөөс эхлүүллээ. Эрүүл мэндийн төв 1963 …
ЭС, ЭД, ЭРХТЭН ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ ТӨВИЙН НАЙМАН ДАВХАР БАРИЛГЫН АЖИЛ ЭХЭЛЛЭЭ
Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах төвийн найман давхар, 120 ортой, 18 мянган метр квадрат 15 мэс …
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 14, 15 ДУГААР ХОРООНЫ ИРГЭД З.ТӨМӨРТӨМӨӨД ХҮҮХДҮҮДИЙН АЯ ТУХТАЙ СУРЧ БОЛОВСРОХ НӨХЦЛИЙГ ХАНГАСАНД ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЛЭЭ
Чингэлтэй дүүргийн 14, 15 дугаар хорооны иргэд үр хүүхдүүдийнх нь ая тухтай сурч хүмүүжих боломж нөхцлийг бүрдүүлэхийн төлөө их зүйл …