УИХ-ын Төсвийн байнгын хороо өнөөдрийн (2022.12.27) хуралдаанаараа гурван асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ.
Эхлээд Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд эрх зүйн дүн шинжилгээ хийлгэн, дүгнэлт гаргуулах асуудлыг хэлэлцэв. Улмаар байнгын хорооны гишүүдийн дийлэнх нь төсөлд эрх зүйн дүн шинжилгээ хийлгэн, дүгнэлт гаргуулахыг дэмжсэн юм.
Дараа нь Засгийн газраас 2022 оны арван хоёрдугаар сарын 14-ний өдөр өргөн мэдүүлсэн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэв. Төсөл санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан танилцууллаа.
Хуулийн төсөлтэй холбоотой онцлох заалтуудаас хүргэж байна.
- Төсөлд тендер шалгаруулалт дахь хүний оролцоог бууруулах, нээлттэй, ил тод байдлыг нэмэгдүүлэх, тендер шалгаруулалтыг түргэн шуурхай зохион байгуулах, хариуцлагын тогтолцоог шинэчлэх үндсэн агуулгыг тусгажээ.
- Худалдан авах ажиллагааг төлөвлөх шатнаас эхлэн гэрээ байгуулах, гэрээний гүйцэтгэлийг хянах хүртэлх үе шатыг цахим системээр зохион байгуулах
- Бүртгэлийн тогтолцоог захиалагч, аж ахуйн нэгж, бараа, үйлчилгээ зэргээр төрөлжүүлж, бүрдүүлэх
- Худалдан авах ажиллагааны ил тод, нээлттэй байдлыг нэмэгдүүлж, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх нөхцөлийг бүрдүүлэх
- Тендер шалгаруулалтын бүх үе шатыг ил тод болгож, тендерт оролцогчид шалгарсан оролцогчийн ирүүлсэн материал болон тендерийн үнэлгээний үе шаттай танилцах боломжийг олгох
- Иргэд, олон нийт болон эцсийн хэрэглэгч аливаа худалдан авах ажиллагааны гэрээний хэрэгжилтийн талаар санал хүсэлт гаргах, санал хүсэлтийн дагуу гэрээний үүргийг хянах эрх зүйн орчныг бий болгох
- Гэрээний мэдээллийн санг ил тод болгож аль компани, ямар ажлыг хийж байгаа, тухайн гэрээний гүйцэтгэл, санхүүжилтийг олон нийтэд нээлттэй мэдээлэх зохицуулалтыг шинээр тусгасан.
- Худалдан авах ажиллагаанд оролцогч болон шийдвэр гаргах этгээдийн хариуцлагыг
- Сонирхлын зөрчлөөс сэргийлэх зорилгоор захиалагч тендерийн баримт бичиг боловсруулах болон тендерийг үнэлэх ажлын хэсгийг тус тусад нь байгуулах
- Хууль бус шийдвэр гаргасан захиалагч, үнэлгээний хороонд зайлшгүй хариуцлага хүлээлгэх,
- Хариуцлагатай, чадвартай компанийг дэмжихийн тулд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлдэггүй, хуурамч материал бүрдүүлэн тендер шалгаруулалтад оролцдог хариуцлагагүй аж ахуйн нэгжүүдийг хар жагсаалтад үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчдийн мэдээллээр бүртгэж, олон нийтэд ил тод мэдээллэх
- Тендерийн баримт бичигт тавигдах шалгуур үзүүлэлтийг тодорхой болгож, ингэснээр өрсөлдөөнийг хязгаарлаж бусдад давуу байдал олгох боломжийг багасгах
- Ач холбогдолгүй баримт материал ирүүлэхийг тендерт оролцогчоос шаардахыг хязгаарлах зохицуулалтыг бий болгох
- Дотоодын барааг импортын бараатай өрсөлдүүлэхгүй ба зөвхөн Монгол бараа үйлдвэрлэгч хоорондоо өрсөлдөнө.
- Засгийн газар чанар, стандартын шаардлага хангасан барааны жагсаалтыг баталж, чанартай, стандартад нийцсэн дотоодын барааг цахим дэлгүүрт байршуулж, төрийн байгууллагад тогтмол нийлүүлэх боломжийг хуулиар бий болгох юм байна.
Ташрамд хэлэхэд, төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааг анх 2000 онд хуулиар зохицуулж эхэлсэн бөгөөд одоо хүчин төгөлдөр мөрдөж буй хуулийг 2005 онд баталсан ба тус хуульд 32 удаа нэмэлт, өөрчлөлт орсон байна. Засгийн газраас худалдан авах ажиллагааг үе шаттайгаар цахим хэлбэрт шилжүүлэх ажлыг 2011 оноос эхлэн тасралтгүй хийж байгаа боловч тендер шалгаруулалтыг цахим технологид тулгуурлан бүрэн шилжүүлэх шаардлага байсаар байна. Одоогийн байдлаар тендерт оролцогчдын бүрдүүлдэг материалаас зөвхөн 18 хувийг цахим хэлбэрээр төрийн болон хувийн хэвшлийн мэдээллийн сангаас татан авч тендерийн үнэлгээнд харгалзан үзэж байгаа аж. 2022 оны арван нэгдүгээр сарын байдлаар нийт 2,778 захиалагч байгууллагаас 15,792 тендер шалгаруулалтыг цахимаар зохион байгуулж байна. Худалдан авах ажиллагааны цахим систем (www.tender.gov.mn)-д нийт 16,780 хуулийн этгээд бүртгүүлэн тогтмол тендер шалгаруулалтад оролцож байна.
More from Улс төр
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ДАРГААР БАТ-ЭРДЭНИЙН ЗОЛБОО СОНГОГДЛОО
Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн үр дүнгээр Сонгинохайрхан дүүргийн Монгол ардын нам Нийслэл, дүүрэгтээ 100 хувийн …
ЕРӨНХИЙ САЙД ДОРНОГОВЬ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА
Дорноговь аймагт баригдаж буй Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа. Газрын тос боловсруулах үйлдвэр нь Хамтарсан Засгийн газрын …
ХАМТАРСАН ЗАСГИЙН ГАЗАР 2024-2028 ОНД 14 МЕГА ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛНЭ
Төсөл-1 "Гашуунсухайт-Ганцмод" "Ханги-Мандал" "Шивээхүрэн-Сэхээ" хилийн боомтуудын хил дамнасан холболтын төмөр зам, ачаа тээврийн шилжүүлэн ачих терминалыг ашиглалтад оруулна. Үр дүн: Экспортын …