Дарханы Төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-ийн 2014-2021 оны хугацааны санхүү болоод үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалтын дүн мэдээллийг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар танилцуулжээ.
“ДАРХАНЫ ТӨМӨРЛӨГИЙН ҮЙЛДВЭР”-ЭЭС 2.6 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН ЗӨРЧИЛ ИЛЭРЧЭЭ
Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан “Монгол Улсын Засгийн газраас хуулийн дагуу үйл ажиллагаа явуулж буй хувийн хэвшлүүдэд бүх талын дэмжлэг туслалцааг үзүүлэх зорилготой байгаа. Хуулиндаа захирагдаж, хуулийн дагуу өрсөлдөөнийхөө зарчмыг хангаад явж байгаа хувийн хэвшлүүд Монгол Улсад төрийн аливаа шатны ямар нэгэн дарамт шахалтгүйгээр үйл ажиллагаагаа явуулж байх ёстой.
Харин Монгол Улсад улс төрийн болон хууль хяналтын байгууллагуудад нөлөөлөл үзүүлэх замаар илүү давуу боломжийг өөртөө олж авсан хэд хэдэн тохиолдол бий болсон. Үүний нэг жишээ нь “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК юм.
2022 оны дөрөвдүгээр сард болсон Засгийн газрын хуралдаанаас тус үйлдвэрт 25 хоногийн хугацаатай санхүүгийн үйл ажиллагаанд нь хяналт, шалгалт хийх ажлын хэсэг байгуулсан. ТӨБЗГ, Сангийн яам зэрэг мэргэжлийн байгууллагууд хамтарч байгуулсан ажлын хэсэг хяналт шалгалтаа явуулаад дууссан.
Энэхүү үйлдвэр нь 1990 онд байгуулагдаж, 1994 оноос ашиглалтад орж анхныхаа олборлолтын үйл ажиллагааг явуулж эхэлсэн байдаг. Улмаар 2010 оноос эхэлж тус үйлдвэрт хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг хийх санаачилгууд тухайн үеийн Засгийн газраас гарч, хийгдсэн. 2010, 2011 онд 48, 49 сая долларын хөрөнгө оруулалтыг QSC компани хийх саналыг Монголын Засгийн газарт тавьж, хийсэн. Оруулсан хөрөнгө оруулалтдаа төмрийн хүдрийн баяжмалыг авах гэрээ хэлцэлтэйгээр үйл ажиллагаа нь явагдсан.
Тэгвэл 2013 оноос эхлээд Концессын гэрээ байгуулах санаачилгыг мөн тухайн үеийн Засгийн газраас гаргаж, QSC компанитай хийж хэрэгжүүлсэн байдаг. Ингээд Концессын гэрээ нь 2014 онд албан ёсоор байгуулагдсан хэдий ч 2015, 2016 онуудад байгуулсан гэрээндээ тодорхой өөрчлөлтүүдийг оруулаад эхэлсэн.
Энд нэг асуудал байгаа нь, 2014 онд байгуулагдсан Концессын гэрээгээр концесс хэрэгжүүлэгч маань барих, ашиглах, шилжүүлэх замаар зургаан төслийг хэрэгжүүлэх үүрэг хүлээсэн байдаг.
Тэгвэл 2015 онд тэр Концессынхоо гэрээнд өөрчлөлт оруулаад барих, ашиглах, шилжүүлэх байсан концессоо барих, шилжүүлэх болгож хувиргасан. Улмаар 2016 онд байгуулсан гэрээнийхээ дагуу Монголын төрд хоёр төрлийн хэрэгжүүлсэн төслөө хүлээлгэж өгөөд, төсвөөс 240 тэрбум төгрөгийг гаргуулж авсан байдаг. Тэгвэл энэ 240 тэрбумыг концессын төлбөрт өгсөн нь хууль зөрчсөн, буруу үйлдэл болсон гэдгийг дүгнээд буцааж төрд төвлөрүүлэх үүргийг өгсөн. Гэвч тус компани буцаан олгохыг хэрэгжүүлэхгүй байсан учир 2022 оны дөрөвдүгээр сард Засгийн газрын шийдвэр гарч Концессын гэрээг цуцалсан” гэв.
Үргэлжлүүлэн хяналт, шалгалтын нэгдсэн дүнг танилцууллаа.
Хяналт шалгалтын нэгдсэн дүнгээр, 2014-2021 онд буюу нийт долоон жилийн хугацаанд концессын эрхийг хэрэгжүүлсэн этгээдүүд нь 2 их наяд 620 тэрбум төгрөгийн зөрчил гаргаж, шамшигдуулалтыг бий болгосон талаарх дүгнэлт бодитоор гарч ирсэн. Эдгээр зөрчлийг хянаж, шалгах ажил АТГ-т явагдаж байна. Засгийн газрын зүгээс дүгнэлтийг үндэслээд үлдэгдэл хохирлууд дээрээ нэмэлтээр гомдол гаргах процесс явагдаж байна.
Түүнчлэн санхүүгийн тайланд хийсэн хяналт, шалгалтаар 1.2 их наяд төгрөгийн зөрчил илэрсэн байна. 240.8 тэрбум төгрөгийн концессын төлбөрийг авсан зөрчил байгаа. Үүнийг 2018 онд гаргасан шийдвэрээр буцаан төвлөрүүлэх ёстой ч өнөөдрийг хүртэл төлөгдөөгүй явж байна.
Мөн 312.4 тэрбум төгрөгийн зээлийн асуудал бий. Худалдаа хөгжлийн банк болон Улаанбаатар банкнаас Дарханы Төмөрлөгийн үйлдвэрийн нэрээр зээл авахуулаад шууд "QSC" ХХК-руу шилжүүлж авсан гэсэн үг. Өнөөдрийг хүртэл буцааж төлөгдөөгүй байгаа төлбөр.
Түүнчлэн 840.9 тэрбум төгрөгийн төмрийн хүдрийг зарж борлуулсны зөрүү гарч байна.
Гааль дээр тооцогддог жишиг үнээс хэт доогуур үнээр төмрийн хүдрийн баяжмалыг зарж борлуулсан байна. Энэ дундаа өөрсдийн хамаарал бүхий компаниудад хүртэл зах зээлийн үнээс хэт доогуур үнээр үнэлж гэрээ хэлцэл хийж өгсөн байна гэсэн үг.
Зөвхөн долоон жилийн хугацаанд борлуулсан төмрийн хүдрийн баяжмалын үнийн зөрүү нь 840.9 тэрбум төгрөг бодитоор тогтоогдсон” хэмээв.
Төгсгөлд нь “Ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс Засгийн газраас Уул уурхайн биржийн үйл ажиллагааг эхлүүлж, гэрээ тус бүрээр нь тооцох нөхцөл боломжийг нээнэ. Ингэснээр нүүрс болон уул уурхайн бүтээгдэхүүний олборлолтын үйл ажиллагаа шилэн ил тод болно гэж үзэж байгаа” гэсэн юм.
More from Улс төр
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ДАРГААР БАТ-ЭРДЭНИЙН ЗОЛБОО СОНГОГДЛОО
Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн үр дүнгээр Сонгинохайрхан дүүргийн Монгол ардын нам Нийслэл, дүүрэгтээ 100 хувийн …
ЕРӨНХИЙ САЙД ДОРНОГОВЬ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА
Дорноговь аймагт баригдаж буй Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа. Газрын тос боловсруулах үйлдвэр нь Хамтарсан Засгийн газрын …
ХАМТАРСАН ЗАСГИЙН ГАЗАР 2024-2028 ОНД 14 МЕГА ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛНЭ
Төсөл-1 "Гашуунсухайт-Ганцмод" "Ханги-Мандал" "Шивээхүрэн-Сэхээ" хилийн боомтуудын хил дамнасан холболтын төмөр зам, ачаа тээврийн шилжүүлэн ачих терминалыг ашиглалтад оруулна. Үр дүн: Экспортын …