Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна. Өнөөдрийн хуралдаанаар нийт 31 асуудал хэлэлцэж, шийдвэрлэжээ.
Тухайлбал, “Эрдэнэс Монгол” ХХК-ийг олон улсын жишигт нийцүүлж групп компанийн хэлбрээр ажиллуулахаар шийдвэрлэж, удирдлагын багийг шинээр томилсон байна. Энэ хүрээнд Эдийн засаг, хөгжлийн дэд сайд С.Наранцогтыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар томилов. Одоогийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч О.Хуланг Ерөнхий менежерээр нь томилох шийдвэрийг тус тус гаргажээ.
Цаашлаад “Эрдэнэс Монгол” ХХК-ийг хөрөнгийн зах зээл рүү гаргах, баялгийн сан болж бүрдэх нөхцөл суурь бүрдэж байна гэж өнөөдрийн ЗГ-ын хуралдаанаар дүгнэв.
Мөн “Дарханы Төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-ийн 2014-2021 оны хугацааны санхүү болоод үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалтын дүн мэдээллийг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар танилцуулжээ.
Түүнчлэн Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар "Тавантолгой төмөр зам" ХХК болон "Зүүнбаян төмөр зам" ХХК-ийн удирдлагыг нэгтгэх шийдвэр гаргав.
Энэ тухай ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан хэлэхдээ “Засгийн газар олон талт, эмх замбараагүй, цэгцгүй, хоорондоо уялдаа холбоогүй, бодлогын хувьд дутагдалтай байгаа зүйлүүдийг барьж авч, ажиллаж байгаа.
Өнөөдрийн байдлаар Монгол Улсад "Улаанбаатар төмөр зам", "Монголын төмөр зам", "Тавантолгой төмөр зам", "Зүүнбаян төмөр зам" гэх мэт төмөр замын компаниуд хэд хэд бий болсон. Ийм олон төмөр замын компани ажиллаж байгаагийн уршгаар тухайн салбар нь өөрөө хөл дээрээ босох, өрсөлдөх чадвараа дээшлүүлэх тал дээр ихээхэн дутагдал бий болж байна.
"Улаанбаатар төмөр зам"-ын хувьд ОХУ-тай хамтарсан хувь нийлүүлсэн нийгэмлэг учраас дангаараа үйл ажиллагаа явуулна. Харин Монгол Улсын хувьд өөрийн гэсэн үндэсний төмөр замын томоохон компанитай болох зорилтыг тавьж ирсэн.
Тиймээс өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар хэдэн талд бий болчхоод байгаа төмөр замын компаниудыг нэгтгэх шийдвэр гаргалаа. Энэ хүрээнд "Тавантолгой төмөр зам" ХХК-ийн удирдлагын эрх мэдлийг "Монголын төмөр зам"-д шилжүүлэхээр боллоо.
Өмчлөлийн хувьд мэдээж төмөр зам нь "Эрдэнэс Тавантолгой" компаниас хийгдсэн хөрөнгө оруулалтаар бий болсон тул 66 хувь нь тус компанийн мэдэлд, 34 хувь нь "Монголын төмөр зам"-ын мэдэлд байна. Тэгвэл гүйцэтгэх удирдлагыг томилох болон мэргэжлийн удирдлагаар хангах үүрэг, эрхийг 100 хувь "Монголын Төмөр зам" компанид шилжүүлж байна. Ингэснээр Монголын төмөр замын нэгдсэн бодлого хэрэгжиж эхэлнэ.
Түүнээс гадна, "Зүүнбаян төмөр зам" ХХК байгуулагдсанаас хойш төмөр замын бүтээн байгуулалтыг гүйцэтгэж, комисст хүлээлгэж өгөх процесс одоо явагдаж байна. Тус компани байгуулагдаад өөрийн үүргээ гүйцэтгэлээ гэж Засгийн газраас үзэж байгаа тул 2023 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс "Зүүнбаян төмөр зам" компанийг татан буулгаж, удирдлага, менежментийн асуудлыг "Монголын төмөр зам" компанид 100 хувь шилжүүлэхээр болсон" хэмээв.
More from Улс төр
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ДАРГААР БАТ-ЭРДЭНИЙН ЗОЛБОО СОНГОГДЛОО
Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн үр дүнгээр Сонгинохайрхан дүүргийн Монгол ардын нам Нийслэл, дүүрэгтээ 100 хувийн …
ЕРӨНХИЙ САЙД ДОРНОГОВЬ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА
Дорноговь аймагт баригдаж буй Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа. Газрын тос боловсруулах үйлдвэр нь Хамтарсан Засгийн газрын …
ХАМТАРСАН ЗАСГИЙН ГАЗАР 2024-2028 ОНД 14 МЕГА ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛНЭ
Төсөл-1 "Гашуунсухайт-Ганцмод" "Ханги-Мандал" "Шивээхүрэн-Сэхээ" хилийн боомтуудын хил дамнасан холболтын төмөр зам, ачаа тээврийн шилжүүлэн ачих терминалыг ашиглалтад оруулна. Үр дүн: Экспортын …