Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус IX хуралдаанаар Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл арга хэмжээний талаар хэлэлцлээ. Иргэдээс санал авсны үндсэн дээр үр дүнгийг нь нэгтгэсэн бөгөөд орон нутгийн хөгжлийн сан нь иргэдийн оролцоотой төсвийн төлөвлөлт, төслийн эрэмбэ, хэрэгжилт, худалдан авах ажиллагаа, хяналт шинжилгээ үнэлгээ, хөрөнгийн удирдлага гэсэн 5 үе шаттай хэрэгжих хуультай. Энэ жилийн хувьд Сангийн яамнаас орон нутгийн сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрт иргэдийн саналыг улс даяар цахим хэлбэрээр авсан байна. Энэ оны дөрөвдүгээр сарын 15-наас хоёр сарын хугацаанд зохион байгуулсан санал асуулгын дүнгээр нийт 1,140,376 төсөл хөтөлбөрийг нэн тэргүүнд хэрэгжүүлэх саналыг иргэд ирүүлжээ. Тухайлбал, Улаанбаатар хотод нийтийн эзэмшлийн талбайд амралт чөлөөт цагаа өнгөрүүлэх тохижилт, тоглоомын талбай байгуулах 216,157 санал ирсэн байна. Мөн гэрэлтүүлэг, явган хүний зам, камержуулалт, орон сууцны байрны гадна дулаалгын засвар, цахилгаан шугам хүчдэлийг сайжруулах, өрхийн эмнэлэг, сургууль, цэцэрлэгт шаардлагатай тоног төхөөрөмж зэрэгт хамгийн олон санал иржээ. Мөн автозамын засвар шинэчлэл, орон сууцны байрны дээвэр засвар, үерийн ус зайлуулах суваг шуудуу, хоолой хийх, ногоон байгууламж нэмэгдүүлэх зэрэгт иргэд саналаа өгсөн бөгөөд эдгээрийг эрэмбэлж, хамгийн олон иргэний нийтлэг эрх ашгийг хангахуйц төслийг эхлээд санхүүжүүлэх юм.
Тус сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх ажлын санхүүжилт хэрхэн нэмэгдсэнийг Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч С.Эрдэнэбаяр тодруулсан юм. Улсын төсөв болон ОНХС-гийн нэгдсэн сангаас тодорхой аргачлалаар дүүрэг болон нийслэлд 50:50 гэсэн харьцаагаар санхүүжилт нь хуваарилагддаг. 2023 онд нийслэлд 32.4 тэрбум төгрөгийн төсвийг нийслэлийн ОНХС-д хуваарилжээ. Хөрөнгийн хуваарилалтыг хийхдээ иргэдийн санал асуулга дээр үндэслэн, хамгийн өндөр саналтай эрэмбээр хэрэгжүүлэх аж. Төлөөлөгч Л.Отгонбаатар ОНХС-гаас 2022 онд Хан-Уул дүүргийн 4 хороо, Вива сити хороололд ахмад настан, хүүхдүүдэд зориулсан чийрэгжүүлэлтийн ажлын явц удаан байна. Ямар шалтгааны улмаас ажил явахгүй байгаа талаарх мэдээллийг Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар төлөөлөгчдөд өгдөггүй бөгөөд тендер амжилтгүй болсон шалтгаанаар хийх ажил нь багасаж байгааг шүүмжиллээ. Уг ажил дээр нийт 5 удаа тендер зарласан бөгөөд батлагдсан төсөв нь хийх ажилдаа тэнцэхгүй байгаа учраас ажлын даалгаварт өөрчлөлт оруулсан гэдгийг Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын хэлтсийн дарга тайлбарлав. Төлөөлөгч Ү.Оюунзулын хувьд ОНХС-гаар хийсэн бүтээн байгуулалтын ажлын арчлалт хамгаалалтыг хэн хариуцдаг вэ гэдгийг тодруулсан юм. Мөн ажлыг хурдан шуурхай, чанартай гүйцэтгэхэд ажил хариуцсан хүмүүс анхаарч ажиллахыг сануулав. Танилцуулгатай холбоотойгоор Нийслэлийн ИТХ-аас тэмдэглэл гарч, Нийслэлийн Засаг даргад чиглэл хүргүүлнэ.
Нийслэлийн ИТХ-ын 75 дугаар тоот захирамжаар байгуулагдсан Ажлын хэсэг
явцын мэдээллээ танилцуулав
Нийслэлийн нутаг дэвсгэрт зөвшөөрөлгүй барилга барих үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүд, байгууллагын үйл ажиллагаатай танилцах, илэрсэн зөрчлийг шалгах, шүүхийн байгууллагад маргаан бүхий актын талаар судлах болон холбогдох зөвшөөрлийг олгосон төрийн байгууллага, албан тушаалтны талаар цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал дүгнэлт боловсруулах зорилготойгоор Нийслэлийн ИТХ-аас 75 дугаар тоот Ажлын хэсэг байгуулсан. 15 хүний бүрэлдэхүүнтэй тус Ажлын хэсэг 4 удаагийн хурлыг зохион байгуулж, НЗДТГ-ын Хууль эрх зйн хэлтэс, Газар зохион байгуулалтын алба, Хот байгуулалт хөгжлийн газар болон Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас холбогдох мэдээллүүдтэй танилцсан байна. Ажлын хэсгийн явцын талаарх танилцуулгыг Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч, Хот байгуулалт, дэд бүтцийн хорооны дарга Б.Сүхбаатар хийлээ.
Ажлын хэсгээс мэргэжлийн чиг хандлагатай асуудалд хууль ёсны байгууллагыг байлцуулан шалгалт хийлгэх талаар хөндөж, мэргэжлийн хяналтын байгууллагад энэ талаарх хүсэлтийг хүргүүлжээ. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар түүврийн аргачлалаар хяналт шалгалтыг хийсэн байна. Төлөөлөгч Б.Сүхбаатар танилцуулгадаа НИТХ-ын 2014 оны 05/14 дүгээр тогтоолоор батлагдсан “Нийслэлийн нутаг дэвсгэрт барилга барих газрын эрх олгох, барилгын эх загвар зураг батлах, барилга угсралтын ажил эхлүүлэх, ашиглалтад оруулах үйл ажиллагааны журам”, Нийслэлийн Засаг даргын 2018 оны А/1148 дугаар захирамжийг зөрчсөн байна гэж хэллээ. Ингэснээр иргэд, оршин суугчдын эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах талаар нягтаршил ихтэй суурьшлын бүсийн хязгаарт инженерийн болон нийгмийн дэд бүтцийн барилга байгууламж, нийтийн эзэмшлийн зам, талбай барихаас бусад зориулалтаар, шинээр газар эзэмших, ашиглах эрх, барилга байгууламж барих зөвшөөрөл олгохгүй байх зохицуулалтыг хийсээр байхад барилга байгууламжтай холбоотой зөвшөөрлүүдийг олгосон гэж танилцуулгадаа дурдлаа. Уг танилцуулгатай холбогдуулан төлөөлөгчид ажил хариуцсан хүмүүсээс тодруулга мэдээллийг авч, саналаа хэлсэн юм.
Нийслэлийн ИТХ-ын Төлөөлөгч П.Наранбаяр “...Баянзүрх дүүргийн 6 дугаар хороонд Наран трейд компанийн барилга барихтай холбоотой асуудал энд яригдаж байна. Сүүлийн үед барилга барих зөвшөөрлийг хууль зөрчиж олгох явдал нэмэгдсэн нь Ерөнхий архитектур Н.Нацагдоржтой холбоотой гэж харж байна. Түүнээс гадна тогтолцооны асуудал бий. Наран трейд компанийн барилгатай холбоотойгоор сургуулиас бусад обьектыг бариулахгүй байх хүсэлтийг Нийслэлийн Засаг даргад бид хүргүүлсэн. Энэ хүсэлтийг хэрхэн шийдвэрлэж байна вэ…” гэдгийг тодрууллаа.
Мөн энэ талаар Д.Гантулга төлөөлөгч асуусан бөгөөд Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн “Өнөөдөр албан ёсоор 14:00 цагт тус хорооны иргэдэд Засаг дарга өөрийн биеэр танилцуулна” гэлээ. Төлөөлөгч Б.Мөнхбат Улаанбаатар хотын нягтаршил ихтэй бүсэд ямар нэгэн барилга байгууламж барих, түүнтэй холбоотой зөвшөөрөл олгохгүй байх захирамж 2018 онд гарсан. Гэтэл 2022 онд уг захирамжийг хүчингүй болгосноор өнөөдрийн маргаан үүссэн. Тиймээс Ажлын хэсэг санал, дүгнэлтээ гаргахдаа мэргэжлийн комиссын бүтэц бүрэлдэхүүнд анхаарах талаар зөвлөмжийг хүргүүлэх саналыг гаргалаа.
16 байршлын 3.8 га газрын нийтийн эдэлбэрт бүртгэлээ
16 байршлын 3.8 га газрын нийтийн эдэлбэр газрын хамгаалалтад авах асуудлыг Нийслэлийн ИТХ-аар хэлэлцлээ. Уг асуудлыг хэлэлцэхийн өмнө Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас нийтийн эдэлбэр газарт бүртгэсэн тогтоолын хэрэгжилтийг төлөөлөгчдөд танилцууллаа. Нийслэлд нийт 219 байршилд 285.23 га газрыг нийтийн эзэмшилд баталгаажуулж авсан бөгөөд байршлын хилийн зааг болон эргэлтийн цэг тэмдэгтийг мэдээллийн санд бүртгэлжүүлэн ажиллаж байна. 2019-2022 онд нийтийн эзэмшилд бүртгэсэн 3 байршилд зөрчил гарчээ. Мөн Хан-Уул дүүрэг морин тойруулгын орчим, БЗД-т Жуковын талбай орчимд нийтийн эдэлбэр газрыг шүүхийн шийдвэрээр хүчингүй болсныг тэрбээр танилцуулгадаа дурдлаа. Хэлэлцүүлгийн үеэр Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Б.Пүрэвдаваа Баянзүрх дүүрэг, Жуковын талбай орчим болон Чингис зочид буудлын орчим дахь нийтийн эдэлбэр газарт орон сууцны хотхон барих зөвшөөрлийг хаанаас, хэн олгосныг тодрууллаа. Мөн Оросын соёл шинжлэх ухааны төв буюу РЦНК орчмын газрыг тэрбээр тодотгон асуусан юм. РЦНК орчмын хувьд тухайн хэсэгт газар эзэмшигч аж ахуйн нэгж нь шүүхийн шийдвэрээр эрх нь сэргэсэн тул нийтийн эзэмшилд бүртгэх боломжгүй байгаа аж. Энэ асуудалтай цуг “Усан сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүс”, “Ундны усны эх үүсвэрийн хориглолт болон хязгаарлалтын бүс”-д өөрчлөлт оруулах, цаашид авах арга хэмжээний санал боловсруулах үүрэг бүхий Ажлын хасгийн явц, үр дүнгийн талаарх танилцуулгыг Нийслэлийн Засаг даргын орлогч З.Төмөртөмөө хийлээ.
More from Нийгэм
ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТЫГ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВӨӨС ЭХЛҮҮЛЛЭЭ
Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Золбоо “ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТ”-аа Эрүүл мэндийн төв, Өрхийн эрүүл мэндийн төвөөс эхлүүллээ. Эрүүл мэндийн төв 1963 …
ЭС, ЭД, ЭРХТЭН ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ ТӨВИЙН НАЙМАН ДАВХАР БАРИЛГЫН АЖИЛ ЭХЭЛЛЭЭ
Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах төвийн найман давхар, 120 ортой, 18 мянган метр квадрат 15 мэс …
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 14, 15 ДУГААР ХОРООНЫ ИРГЭД З.ТӨМӨРТӨМӨӨД ХҮҮХДҮҮДИЙН АЯ ТУХТАЙ СУРЧ БОЛОВСРОХ НӨХЦЛИЙГ ХАНГАСАНД ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЛЭЭ
Чингэлтэй дүүргийн 14, 15 дугаар хорооны иргэд үр хүүхдүүдийнх нь ая тухтай сурч хүмүүжих боломж нөхцлийг бүрдүүлэхийн төлөө их зүйл …