Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх дүүргийн иргэдтэй хийх 15 дахь удаагийн уулзалт боллоо. Уулзалтад санал хүсэлтээ илэрхийлэхээр ирсэн иргэдээс гадна Засаг даргын Зөвлөх Б.Галцог, Засаг даргын орлогч Г.Жаргалсайхан, Тамгын газрын дарга И.Баттөгс болон дүүргийн харьяа алба, хэлтсийн дарга нар оролцсон юм.
Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Э.Түвшинбаяр уулзалтын эхэнд өмнөх уулзалтуудад ирсэн иргэдийн хүсэлтийг шийдвэрлэсэн талаарх танилцуулгыг хийсэн. 14 уулзалтаар нийтдээ 360 гаруй иргэдийн гомдол саналыг сонсож ажилласнаас 50 гаруй хавийг нь шийдвэрлэсэн. 35 хувийг нь шийдвэрлэх шатандаа яваа бол үлдсэн 10 гаруй хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй хэмээн үзэж хүсэлт гаргасан иргэдэд нь мэдээлэл өгч ажилласан байна.
Иргэдийн уулзалтад хүрэлцэн ирж санал хүсэлтээ илэрхийлсэн иргэдийн дийлэнх нь газрын асуудалтай холбоотой санал хэлдэг бол үлдсэн хувь нь халамжийн үйлчилгээ, нийтийн аж ахуй, хүнс худалдаа үйлчилгээтэй холбоотой санал хүсэлтээ уламжилжээ.
Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх уулзалтад хүрэлцэн ирсэн иргэдэд талархал илэрхийлээд “Уулзалтад оролцсон иргэдийн дийлэнх нь газрын асуудлаар санал хэлдэг. Тиймээс нэг зүйлийг анхааруулж хэлэхэд Орон нутгийн төсвийг батлахдаа ДИТХ-аар газар зохион байгуулалтын төлөвлөгөөг мөн батлуулдаг. Тиймээс газрын асуудалтай байгаа иргэд өөрийн хорооноос ДИТХ-ын Төлөөлөгчөөр сонгогдсон Төлөөлөгч нартаа асуудлаа уламжилж ажиллах шаардлагатай. Тухай айлын газар Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд ороогүй бол олгох боломжгүй” хэмээн хэллээ.
Энэ удаагийн уулзалтад алслагдсан 11 дүгээр хорооны иргэдийн төлөөлөл оролцож тог цахилгаан, худгийн асуудлаа уламжилсан бөгөөд тухайн хорооноос ДИТХ-д Төлөөлөгчөөр сонгогдсон, Засаг даргын орлогч Г.Жаргалсайхан газар дээр нь ажиллахаар болов.
Баянзүрх дүүрэгт гэр хорооллын дахин төлөвлөлт эрчимтэй өрнөж шинэ орон сууцны барилгууд баригдаж байгаа. Тэгвэл шинээр баригдсан орон сууцуудыг давхардуулж худалдсан, улсын комисс хүлээж аваагүйгээс тог цахилгааны гэрээ хийгдэхгүй, халаалт дулаангүй зэрэг асуудлаас иргэдийн эрх зөрчигдөж байгаа талаар ч мөн иргэдийн төлөөлөл асуудлаа уламжилсан юм. Хэдийгээр хуулийн байгууллагаар энэ асуудлыг шийдвэрлэх шаардлагатай ч хүйтний улирал эхэлж буй энэ үед иргэдийн эрхийг хамгаалах үүднээс дүүргийн Засаг даргын Тамгын газраас ажлын хэсэг байгуулагдан маргаантай орон сууцны барилгуудад ажиллахаар боллоо хэмээн Баянзүрх дүүргээс мэдээллээ.
Энэ үеэр Засаг дарга Н.Баярмөнхөөс шинээр баригдсан орон сууцтай холбоотой маргаан, асуудлаар товч хариултыг эрэлхийллээ.
Тэрбээр “Дахин төлөвлөлтийн талаар хэлэлцүүлэг өрнүүлж тодорхойгүй асуудлуудыг шийдвэрлэнэ. Баянзүрх дүүрэгт гэр хорооллын дахин төлөвлөлт эрчимтэй өрнөж шинэ орон сууцны барилгууд баригдаж байгаа. Энэ хэрээр шинээр баригдсан орон сууцуудыг давхардуулж худалдсан, улсын комисс хүлээж аваагүйгээс тог цахилгааны гэрээ хийгдэхгүй, халаалт дулаангүй зэргээс үүдэн иргэдийн эрх зөрчигдөж буй асуудал ихээр гарч байна.
Хэдийгээр нэгэнт шүүхэд шилжсэн, улсын комисс байрыг нь хүлээж авахгүй байгаа зэрэг асуудалд орон нутгаас оролцох эрх зүйн зохицуулалт байхгүй ч дүүргийн иргэдийн эрх зөрчигдөж байгаа учраас ДИТХ, НИТХ-ын Төлөөлөгч нараараа дамжуулан энэхүү асуудлыг шат шатанд нь уламжлан, иргэдийн дуу хоолой болон ажиллах болно” гэв.
More from Нийгэм
ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТЫГ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВӨӨС ЭХЛҮҮЛЛЭЭ
Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Золбоо “ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТ”-аа Эрүүл мэндийн төв, Өрхийн эрүүл мэндийн төвөөс эхлүүллээ. Эрүүл мэндийн төв 1963 …
ЭС, ЭД, ЭРХТЭН ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ ТӨВИЙН НАЙМАН ДАВХАР БАРИЛГЫН АЖИЛ ЭХЭЛЛЭЭ
Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах төвийн найман давхар, 120 ортой, 18 мянган метр квадрат 15 мэс …
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 14, 15 ДУГААР ХОРООНЫ ИРГЭД З.ТӨМӨРТӨМӨӨД ХҮҮХДҮҮДИЙН АЯ ТУХТАЙ СУРЧ БОЛОВСРОХ НӨХЦЛИЙГ ХАНГАСАНД ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЛЭЭ
Чингэлтэй дүүргийн 14, 15 дугаар хорооны иргэд үр хүүхдүүдийнх нь ая тухтай сурч хүмүүжих боломж нөхцлийг бүрдүүлэхийн төлөө их зүйл …