Улаанбаатар хотын агаарын чанарыг сайжруулах зорилтын хүрээнд нийслэлд түүхий нүүрсний хэрэглээг халж, сайжруулсан шахмал түлш хэрэглэх болсоор дөрөв дэх өвөлтэй золгох гэж байна.
Намрын сэрүүн орж, нийслэлчүүд галлаж эхлэхээс урьтан нийслэлийн хэмжээнд есдүгээр сарын 15-ны өдрөөс сайжруулсан шахмал түлшний борлуулалтын цэгийг ажиллуулж эхэлсэн. Энэ жил нийслэлийн хэмжээнд шахмал түлш борлуулах 670 цэг ажиллуулахаас одоогийн байдлаар 450 нь борлуулалтаа эхлүүлээд байгаа юм.
Нийслэлийн тухайд сайжруулсан шахмал түлшний тээвэрлэлт, агуулах /нөөц бүрдүүлэх/ асуудлыг хариуцдаг бөгөөд Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас түлшний чанарыг орхигдуулалгүй, долоо хоног тутамд хяналт тавьж ажиллаж байгааг тус газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Даваасүрэн тодотгож байлаа.
Тэрбээр цааш нь хэлэхдээ “Манай мэргэжлийн хяналтын байгууллага “Таван толгой түлш” ХХК-ийн үйлдвэрлэж буй болон агуулахад хадгалж байгаа түлшний чанарт байнгын хяналт тавин ажиллаж байна. Нийт 32 агуулах болоод үйлдвэрүүдээс гарч буй бүтээгдэхүүний дээж авч шинжилсэн. 2022 оны 4-9 дүгээр саруудад үйлдвэрлэн хадгалж буй түлшнээс дээж авч шинжлээд байна.
Стандартад дурдсанаар сайжруулсан шахмал түлшний чийглэг зургаан хувиас ихгүй, илчлэг 4,800 ккал-аас өндөр, бат бөхийн чанар 80 хувиас дээш байх учиртай. Тэгвэл 4-7 дугаар сард баруун үйлдвэрт үйлдвэрлэж агуулахад шилжүүлсэн түлшний чийглэг 1.1-2 хувь, илчлэг 6,000-6,400 ккал, бат бөхийн чанар 93-98 хувьтай байгаа нь маш сайн үзүүлэлт юм. Баруун үйлдвэрийн нэгдүгээр үйлдвэрийн 1, 2, 3 дугаар шугамаас дээж авч шинжлэхэд нэгдүгээр шугамын чийглэг 3.4-6.8 хувьтай гарсан.
Ийнхүү чийглэг өндөр байгаа нь утаа үүсэх эрсдэлтэйг сануулсан. Зүүн үйлдвэрийн тухайд чийглэг 1.3-2 хувьтай, илчлэг 6,200-6,300 ккал, бат бэхийн чанар 92-98 хувьтай сайн чанарын түлш үйлдвэрлэж байгаа нь шинжилгээгээр тогтоогдсон. Зүүн үйлдвэрийн хоёрдугаар шугамаас гарч буй түлшийг байгалийн 60 цагийн хатаалгад оруулсан. Тэндээс авсан шинжилгээгээр чийглэг бага гарсан ч бат бэх чанар нь 85 хувьтай гарсан. Тиймээс байгалийн хатаалт тийм ч оновчтой биш гэж үзэж байна” гэсэн юм.
“Таван толгой түлш” ХХК-ийн Санхүүгийн албаны дарга Г.Ундармаа "Өнөөдрийн байдлаар Чингэлтэй дүүрэгт 71, Сүхбаатар дүүрэгт 44, Баянзүрх дүүрэгт 100, Сонгинохайрхан дүүрэгт 146, Хан-Уул дүүрэгт 41, Баянгол дүүрэгт 22, Налайх дүүрэгт 26 цэг нийт 450 цэг үйл ажиллагаагаа эхлээд байна.
Энэ жилээс агаарын чанарыг сайжруулах бүсэд Налайх дүүргийг багтаасан. Тиймээс Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын мэргэжилтнүүд Налайх дүүрэгт ажиллаж, айл өрхүүдэд сайжруулсан шахмал түлшний зөв хэрэглээний талаар мэдээлэл, заавар хүргэжээ. Түүнчлэн шахмал түлшний түүхий эд болох мидлинг, барьцалдуулагчид сар тутамд шинжилгээ хийж байгаа юм. Өнөөдрийн байдлаар түлшний чанар стандарт хангагдаж байгааг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас онцолж байлаа.
More from Нийгэм
ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТЫГ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВӨӨС ЭХЛҮҮЛЛЭЭ
Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Золбоо “ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТ”-аа Эрүүл мэндийн төв, Өрхийн эрүүл мэндийн төвөөс эхлүүллээ. Эрүүл мэндийн төв 1963 …
ЭС, ЭД, ЭРХТЭН ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ ТӨВИЙН НАЙМАН ДАВХАР БАРИЛГЫН АЖИЛ ЭХЭЛЛЭЭ
Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах төвийн найман давхар, 120 ортой, 18 мянган метр квадрат 15 мэс …
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 14, 15 ДУГААР ХОРООНЫ ИРГЭД З.ТӨМӨРТӨМӨӨД ХҮҮХДҮҮДИЙН АЯ ТУХТАЙ СУРЧ БОЛОВСРОХ НӨХЦЛИЙГ ХАНГАСАНД ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЛЭЭ
Чингэлтэй дүүргийн 14, 15 дугаар хорооны иргэд үр хүүхдүүдийнх нь ая тухтай сурч хүмүүжих боломж нөхцлийг бүрдүүлэхийн төлөө их зүйл …