Сүүлийн үед олон нийтийн анхаарлын төвд буй ХААН банкны томоохон хувьцаа эзэмшигч "HS Holdings"-т хөрөнгө оруулсан Японы бизнесмен, "WAYO Holding"-ийн ТУЗ-ийн дарга Хатори Жүничитэй "Bloomberg TV Mongolia" телевиз ярилцсаныг хүргэж байна.
-Ихэнх гадаадын шууд хөрөнгө оруулалт уул уурхайн салбарт чиглэдэг. Харин таны хувьд Монголын банк, санхүүгийн салбарт хөрөнгө оруулсан. Яагаад энэ салбарт хөрөнгө оруулах болсон бэ?
-Банкны салбар бол миний ирээдүйд анхаарлаа хандуулах гэж байгаа гол салбар биш л дээ. Бид Монгол Улсад уул уурхайн бизнес эхлүүлж байгаа учраас, мөн монголчуудтай ихээхэн харилцаа холбоотой ажилладаг гэдэг утгаараа ингэж таарсан. Ер нь нэг талаасаа бол тохиолдол гэх үү дээ. Би Савада гуайг эртнээс таньдаг байсан. Савада надад хандаж хувьцааг нь сонирхож байвал авахыг санал болгосон л доо. Би шууд ХААН банкны хувьцааг авч байгаа юм биш. Би Савадагийн "Sawada Holdings" буюу одоогийн "HS" компанийг авсан. "HS Holdings" компани ХААН банкны хувьцааг эзэмшдэг.
-ХААН банкны эзэмшлийн өөрчлөлтийн талаар хангалттай мэдээлэл төдийлөн гараагүй. Та энэхүү олон сая ам.долларын хэлцлийн талаар илүү дэлгэрэнгүй ярьж болох уу. Яг юу болж өнгөрсөн бэ?
-Тэгэхээр "HS Holdings" бол Токиогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй компани. Би худалдаж авах алхам хийсэн. Ноён Савада надад санал тавьсан учраас. Гэхдээ асуудал нь гэвэл эзэмшигч өөрчлөгдөхөд Монголбанкны зөвшөөрөл хэрэгтэй болсон. Тэгээд зөвшөөрөл авахад жил гаруйн хугацаа шаардагдсан. Эцэст нь Монголын төв банкнаас зөвшөөрлөө авч, ноён Савадагийн эзэмшиж байсан хувь надад шилжсэн. Бид ч тохиролцоонд хүрсэн. Токиогийн хөрөнгийн биржээр дамжуулж худалдан авахаар болсон. Харин ноён Савада Монголбанкнаас зөвшөөрөл авах шаардлага надад тавьсан л даа. Ингээд маш их бичиг цаасны ажил болсон. Миний таамаглаж байснаас ч их хугацаа орсон. Хэлцэл эхэндээ тийм ч амжилттай байгаагүй. Ингээд хэдэн сарын дараа Монголбанкнаас эзэмшлийг шилжүүлэх зөвшөөрөл олгосон. Би ноён Савадатай дахин холбогдож, хувьцаагаа худалдах сонирхол нь хэвээр байгаа эсэхийг асуусан. Зөвшилцөлд хүрч, түүний хувьцааг худалдаж авсан. Энэ оны тавдугаар сард Монголбанкнаас албан ёсны захидал хүлээж авсан л даа. Тэгээд ерөнхийдөө хэлцэл эцэслэгдсэн. Одоо "HS Holdings" ХААН банкны 55 гаруй хувийг эзэмшдэг. Харин би "Мета капитал"-тай холбогдох хамтын ажиллагааны хүрээнд "HS Holdings"-т хөрөнгө оруулсан. Тэгэхээр ХААН банкны хувьцааг би шууд байдлаар эзэмшдэггүй гэсэн үг. Харин "HS Holdings" хувьцааг шууд байдлаар эзэмшдаг. Миний хувьд "HS Holdings"-ийн хяналтын багцыг эзэмшдэг.
-Хэлцлийн дүн гээд үзвэл хэр их хэмжээний мөнгөний талаар ярьж байна вэ?
-Миний хөрөнгө оруулалтыг та асууж байна уу?
-Тийм ээ, хөрөнгө оруулалтын хэмжээ?
-Ойролцоогоор 200 сая ам.доллар. Би гэр бүлийн эзэмшлийн холдинг компаниа зарсан байсан.
-Энэхүү хэлцлийн онцгой тал нь юу байсан бэ. Яагаад Монгол гэж, яагаад ХААН банк гэж?
-Би үйлдвэрлэлийн салбарын "SEIKO" групптэй урт хугацаанд хамтран ажилласаар ирсэн. Миний хувьд хагас дамжуулагч болон LCD хавтан зэргийн үйлдвэрлэлийг хариуцдаг байсан. Өндөр чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд түүнд ашиглагдах материал чухал л даа. Гэхдээ шаардлагатай бүх материал гадаадаас орж ирдэг. Тиймээс би материал, түүхий эдийн бизнесийг маш их сонирхдог. Дөрвөн жилийн өмнө Монголд ирсэн. Газар доороо нөөц баялаг ихтэй улс. Энэ утгаараа Японы үйлдвэрлэлийн салбарынхны сонирхлыг ихээр татдаг. Тийм учраас хоёр улсын аль алиных нь ашиг тусын тулд хөрөнгө оруулах шийдвэр гаргасан. Ингээд үйлдвэрлэлийн гол бизнесээсээ шилжилт хийж, бараа бүтээгдэхүүн импортлоход анхаарах болсон. Банкны бизнес бол миний анхаарлаа хандуулдаг гол ажил биш.
Үргэлжлэлийг ЭНД-ээс сонсоно уу
More from Нийгэм
ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХАД БНСУ-ЫН ҮНДЭСНИЙ АВРАХ АЛБАТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
Баянзүрх дүүргийн Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөл гадаад хамтын ажиллагаагаа өргөжүүлэн тэлж БНСУ-ын Үндэсний аврах албатай хамтран ажиллахаар боллоо. …
“НОГООН ГЭРЭЛ-ЦАГААН ШУГАМ” АРГА ХЭМЖЭЭНИЙ ШИЛДГҮҮДЭД ШАГНАЛ ГАРДУУЛАХ АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО
Баянзүрх дүүргийн Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчдын дунд замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг олгох “Ногоон гэрэл-Цагаан шугам” тэмцээнийг зохион байгуулдаг. …
УРД ШӨНӨ ОРСОН ЦАСНААС ҮҮДЭН ХАЛТИРГАА ГУЛГАА ҮҮСЭХЭЭС СЭРГИЙЛЭН АЖИЛЛАЖ БАЙНА
Нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээний 6 байгууллага 28 техник хэрэгсэл, 260 хүний бүрэлдэхүүнтэй бэлэн байдлыг ханган ажиллаж авто замын зорчих …