ЖИМСНИЙ МОД БА ТОГТВОРТОЙ ОРЛОГО
Сэтгүүлчийн тэмдэглэл
Хүүхэд ахуйдаа би яагаад ч юм геологич эсвэл мөрдөгч болно гэж боддог байлаа. Хүн, малын мөр хүрээгүй газарт очин, шинэ, хачирхалтай нууцуудыг ил болгож, түүх бүтээдэг болохоор тэгж сониучирхсан ч байж мэднэ. Хожим тэр бодол минь замхарч сэтгүүлч болчихсон ч гэлээ мөрөөдлөө биелүүлж, геологичдын ертөнцөөр аялах ховор боломж тохиов. Тэр дундаа тус салбарын “ноён оргил” гэж хэлж болохоор Монгол улсын зөвлөх, ахмад геологич Н.Амитан гуайтай ярилцах завшаан олдож, товлосон газарт нь уулзахаар яаран очсон юм. Өмнөөс том цүнх, бичиг цаастай нөхөрлөсөн ажил хэрэгч ахмад угтав. Цагтаа нэлээд хэнхэг явсан бололтой шүү. Жирийж, жимбийтэл бичиг баримтуудаа нямбайлан хийснээс үзэхэд ер одоо ч тэр зангаа тавиагүй бололтой. Дорноговийн “Зүүн цагаан дэл”-ийн хайлуур жонш, Баян-Өлгийн вольфрамын (ховор метал) ордыг анх илрүүлэхээс эхлээд геологийн салбарт амьдралынхаа 50 орчим жилийг зориулсан түүнийг амьд архив, ярьдаг ном гэж тодотгоход буруудахгүй санагдав. Тиймдээ ч бидний ярилцлага дан ганц геологи, ашигт малтмал гэлтгүй байгаль экологи, тогтвортой хөгжил, түүнийг дагасан өрхийн орлого, эдийн засаг хийгээд геологич хүний жаргал, зовлон, ажил амьдралын тухай өрнөв. Өдгөө 75 настай тэрбээр ажил, хөдөлмөрийг эрхэмлэдэг өнөөх л зангаараа ногоон эдийн засгийг хөгжүүлэхэд түүчээлж, “Айл бүрийн даацтай хөрөнгөжилтийн төлөө ногоон хөгжил” төслийг хэрэгжүүлэн, үүгээрээ олон арван гэр бүлд үлгэр дуурайлал үзүүлж, тогтвортой хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж явааг дурдах нь зүйтэй болов уу.
ГАДААДААС ДӨНГӨЖ ИРМЭГЦЭЭ ХАЙГУУЛ ХИЙХЭЭР ГОВИЙГ ЗОРИВ
Хотын хүү, нийслэл хүү гэхчлэн зарим хүнийг бид нэрлэдэг дээ. Миний төсөөллөөр бол, хар бор ажилд нухлагдаагүй, халтайж, хэнэггүйтэж явдаггүй “цэмбэгэр”-үүдийг тэгж хэлнэ. ОХУ-д сурч, мэдлэг боловсрол эзэмшээд ирсэн Н.Амитан цагаан хувцаснаас салдаггүй, цайвар царайтай, цэмцгэр ч гэж жигтэйхэн залуу хээрийн геологич болно гээд л харьяа яаманд хандсан гэдэг. Геологичид голчлон хөдөө хөхөрч, гадаа гандаж, хээрээр гэр хийж, хэцээр дэр хийж, ажил амьдралынхаа ихэнх хугацааг өнгөрүүлнэ. Тэгэхээс тэгж түүнийг анхны ажлын томилолт нь говийн аймагт таарчээ. Уг нь гангаръя гэж бодоогүй, говь халуун юм чинь цайвар хувцас өмсөж таараа гэж бодсон нь тэр гэнэ.
Ингээд мань хүний төсөөллөөс шал өөр орчин угтаж, цайвар хувцастай түүнд суух газар ч олдохгүй хүндхэн өдрүүд байсан гэдэг. Дөнгөж сургуулиа төгссөн идэр насны залууд хийж бүтээж, хайж илрүүлэхээс өөр хүсэл үгүй байсан тул жижиг саад, бэрхшээлүүдэд үл түүртэн, галзуу дурласан ажилдаа ханцуй шамлан орсон байна. Сар гаруй хугацаа өнгөрөхөд Н.Амитан хөдөөгийн хүдэр залуусын адил болж, бакаль, дээл, нормын хувцсаар гангарч, эрдэс баялгийн орд нээж илрүүлэх их үйлсээ эхлүүлжээ. Анх очиход нь “Модон өмд өмссөн аятай зогсоод байх юм” гэж загнуулсан ч дахиж тэр үгийг лав сонсоогүй гэдэг. Тэр ингэж Дорноговь аймгийн Чойрт “Зүүн Цагаан дэл”-ийн хайлуур жоншны ордын хайгуулын ажилд томилогдсон түүхтэй. Энэ үед түүний хамгийн сайн хамтрагч Архангай аймгийн Тариат сумын геологич Т.Төртогтох байж.
Тухайн орд хайгуулын далд уурхайтай, дөрвөн өрөмтэй, уулын ил ажил гэж найгүй их. Геологийн судалгааны ажлыг шинээр томилогдсон хоёр геологич /Н.Амитан, Т.Төртогтох/ хийж, багийн үлдсэн 10 гаруй мэргэжилтэн нь зургаа зурж, тэдний хийсэн зүйлд дүгнэлт өгч, зааварчилна. Ингээд багаараа гурван жил гаруй хугацаанд уйгагүй зүтгэсний эцэст 7 сая тонн нөөц бүхий ордыг илрүүлж чаджээ. Тэндээс 1500 тонн дээж авч, Хиагтын жонш баяжуулах үйлдвэрт шинжилгээнд өгөх ажлыг гардан зохион байгуулж, үүнийг нь Оросууд жил гаруйн дараа баталсан гэдэг. Тухайн үед 7 саяын нөөцтэй гэх Н.Амитан гуайн тайланг Монголросцветмет нэгдлийн улаан номертой машин унадаг нэг том захирал нь буруутгах гэж үзэн, хэрэндээ л тэмцсэн гэдэг. Мань хүн бууж өгөлгүй, зүтгэсний хүчинд нөөц нь тайланд бичсэнчлэн тогтоогдож, түүний зөв байсныг баталжээ. Н.Амитан гуай хайгуулын ажлаас гадна далд уурхайн тог цахилгаанаас эхлээд бэхэлгээ, хөдөлмөр аюулгүй байдал, дээж авах, программ зохиож, кондицоо /эдийн засгийн тооцоо/ гаргах ажлыг ч зэрэг машиндчихдаг байж. “Зүүн Цагаан дэл”-ийн хайлуур жоншны уурхайн нөөц батлагдсаны дараа түүнийг тухайн үеийн Геологи, уул уурхайн яаманд ажиллахаар урьж, “түшмэл”-ээр томилж гэнэ. Гэвч ердөө хоёр жил хүрэхгүй хугацаанд ажилласан байгаа юм. Ямагт эрэл хайгуул хийж явдаг түүнд яаманд ажиллах дэндүү уйтгартай санагдаж. Тэгээд л гадаад, дотоодын том сургууль төгссөн залуусын хот, хүрээ бараадсан урсгалыг сөрж, хөдөөг зорьсон гэдэг.
ВОЛЬФРАМ ХАЙХ ДААЛГАВАРТАЙ ХҮН АЛТАНД “ШУНАЖ” БОЛОХГҮЙ
Ингээд баруун хязгаар болох Баян-Өлгий рүү явах дараагийн даалгавраа авчээ. Тэнд Вольфрам (ховор метал)-ын нөөц тогтоогдож, тэр ордыг хайж илрүүлэх ажилд томилогдсон байна. Тэр үед хайгуулчдад “Вольфрам хайж байгаа хүн зөвхөн түүнийгээ хайх” гэсэн хатуу зарчим үйлчилдэг байжээ. Алтны судалтай чулуу олчхоод хүртэл “Надад хамаагүй ээ” гээд холоо шидчихсэн гэж байгаа. Энэ жижигхэн үйлдлээр нь л түүнийг ямар хүн гэдгийг мэдэж болмоор. Түүний олсон чулуу хожмоо алтны том орд болсон гэдэг. Их хэмжээний хөрөнгө, мөнгө зарцуулаад эхлүүлсэн ажил бүтэлгүйтэх, зогсох өдрүүд олон гарна. Баян-Өлгийд яг л ийм асуудалтай тулгарсан гэж тэр хүүрнэсэн.
Маш том Вольфрам орд байгаа гэх ч хайгаад, малтаад, метрлэж, хэмжээд байхад олдох шинжгүй. Цэмбийтэл, сайхан тохижуулсан анги хаах эсэх асуудал яригдаад л...
Гэтэл Н.Амитан гуай л зориглож, 172 метрт далд уурхай байгаа гэж ухуулснаар ордны судлаа нээж чадсан байгаа юм. Тэнд үйлдвэрлэл, амьдрал цэцэглэлээ гээд л нутгийн иргэд хөл хөөр болж, нулимстай талархал илэрхийлж байсан нь саяхан юм шиг санагдаж байна хэмээн ихэд бахархалтай ярих зууртаа залуу, халуун үеэ санасан уу гэлтэй нүд нь гялалзаж байлаа. Арга ч үгүй юм. Баян-Өлгийн вольфрамын олон ордны хайгуулын ажилд бүтэн 11 жилийг зориулсан хүн шүү дээ. Түүний уйгагүй хичээл зүтгэл, шантрахгүй хүсэл тэмүүлэл басхүү “тэнэг” зоригоор би ч бахархаж суусан юм. Одоо Баян-Өлгий, Ховдод олон тооны бүлэг вольфрамын орд нээгдсэн. Ингэж мэргэжлийнхээ сайханд дурлаж, шатаж явсаар 1988 онд дэд эрдэмтний шалгалтаа өгч, 40 гаруй насандаа аспрент болжээ. Аспрент гэдэг нь хайгуулчдын хувьд карьерын дараагийн шатаа эхлүүлж, судлаач болохыг хэлдэг аж.
БАЙЛДАН ДАГУУЛАЛТ ГЭЖ ЭНИЙГ Л ХЭЛНЭ
Төд удалгүй ардчилал гарч, айл бүхний амьдралын хэв маяг өөрчлөгдөж, хөлтэй бүхэн ганзагын наймаанд явж эхлэв. Н.Амитан гуайд ч амьдрал ахуйгаа өөд татах, өрх гэрийн тэргүүний үүрэг оногдов. Гэхдээ тэр наймаанд яваагүй. Дахиад л хөдөөг зорьсон. Эхнэр, хүүхдээ дагуулан төрсөн нутагтаа очиж, газар авч жимс, ногооны аж ахуй эрхэлж эхлэв. Хэдийгээр номын дууг нь сонсоогүй, өөрийн насандаа бол хожуу энэ чиглэлийн ажилд идэвхийлсэн ч тэр огт алзаагүй юм. Бод л доо, жилдээ тонн шахуу жимс өгдөг 250 ширхэг модтой болсон гэхээр уйгагүй хөдөлмөрч гэр бүл байгаа биз. Нэг жимсний мод сайн арчилбал дунджаар 5 кг жимс өгдөг аж. “Их өндөр, сайн мод наймын хувингаар 5-6 удаа жимс зөөлгөнө. Ус л их байвал жимс сайн гарна. Увсын Улаангомд хоёр жижиг горхи урсдаг байлаа. Айл бүр мод, ногоо тариад эхэлтэл өнөөх хоёр горхины ус хангалтгүй болж, ногоочдын дунд маргаан дэгдлээ. Багагүй тэмцэл үүссэн шүү. Үүнээс үүдэлтэй “Тарьсан ногоо ургана. Тасарсан чих ургах уу” гэдэг хэлц шахуу үгс, хэвлэлээр бичигдэж байлаа” хэмээн инээвхийлэн өгүүлэв. Хүүхдүүд нь тарьсан ногоогоо ширхэглэн зарж, амьдрал ахуйдаа тус нэмэр болж, аав, ээжийнхээ ажилд тусалдаг байжээ. Огурцыг 50 төгрөгөөр зарна. Тухайн үед юун огурцы вэ. Мэдэх хүн бараг үгүй. Ямартаа л ногоо авахаар ирсэн хоёр малчин “Толины өмнө зүүх чимэглэл” хэмээн андуурах хөгтэй явдал, хөөрхөн түүх ч болж байж. Н.Амитан гуай ажил хөдөлмөрийн үр шимээр бусдадаа үлгэрлэж, байлдан дагуулж чадсаныг өнөөдрийн Увсынхны ногоо, жимсээ өөрсдөө тарьж, ургуулан, зарж борлуулдаг болсноос харж болно.
ӨРХ БҮР ЖИМС, НОГООГОО ТАРЬЖ УРГУУЛААД ОРЛОГО ОЛОХ БОЛОМЖТОЙ
Тэрбээр ингэж төрөл бүрийн мод бут тарьснаар дан ганц байгаль орчинд эерэг нөлөөтэй гэхээс илүү айл өрхийн орлогыг өсгөж, тогтвортой амьжиргааг бүрдүүлэх боломжтой гэсэн юм. Нээрээ л болохгүй юм биш шүү дээ. Өрх бүр хашаандаа, зусландаа жимсний мод бут тариад эхэлбэл тухайн өрхөд төдийгүй улс орны эдийн засагт эерэг өөрчлөлт авчрах нь дамжиггүй. Зөвхөн экологи, цөлжилт, уур амьсгалын өөрчлөлт, тоосжилт гэхээс илүүтэй өрх гэрийн тогтвортой орлогыг бүрдүүлэгч, улс орны эдийн засгийн эргэлт гэдэг талаас нь харвал магадгүй 10 жилийн дараа айл бүр хашаанаасаа алим, жүржээ түүгээд идчихдэг болохыг үгүйсгэхгүй юм.
“Явдаг ном” гэж тодотгосон Н.Амитан гуай ямар модыг, хаана, хэзээ, хэчнээн талбайд, хэд орчмыг суулгавал хэдий хугацаанд, хэр их жимс өгөхийг цээжээрээ мэднэ. Өөрийн амьдралаараа туршин баталж, хэрэгжүүлсэн энэ жишгээ “Айл бүрийн даацтай хөрөнгөжилтийн төлөө ногоон хөгжил” төсөл болгосон байв. Бүр нарийвчлан задлаад, төслийн гарааны I хэсэг, “Сумын төвүүдийн ногоон бүс” гэхчлэн ангилжээ. Үүндээ өөрийн туршлагаас гадна олон жилийн судалгаагаа ч хавсаргасан гэлээ.
Хүн нас явахын хэрээр бусдад тустай зүйл хийхийг илүүд үзэн, өнгөрсөн алдаагаа засаж, ирээдүй хойчдоо сургамж, үлгэрлэл үлдээхийг хүсдэг.
АЛТ УХААД БҮХ ЮМ СҮЙРЭЭД БАЙГАА ЮМ БИШ!
Түүнээс цөөн хэдэн асуултад хариулт авснаа элдэв хачиргүй дор сийрүүлье.
-Монголд Буддын шашин дэлгэрсэн, геологи дэлгэрсэн хоёр их төсөөтэй гэж салбарын тань нэг хүнээс сонсож байсан юм байна. Магадгүй та их сонирхолтой түүх өгүүлэх байх?
-Сүм хийд гэдэг нэршил сум хийдэг газраас үүдэлтэй. Сум хийдэг дарханы газрууд байсныг харийн гүрний колонид орсныхоо дараа сүм хийд болгоод хувиргачихсан хэрэг. Өөрөөр хэлбэл, сум хийдэг баахан эзэнгүй байшингууд үлдсэнийг лам нар овжиноор ашигласан нь энэ. Геологи үүнтэй ойролцоо. Халх голын байлдаанд 80,000 цэрэг, 8 дивиз орсон. Дайн дуусаж цэргүүд тарахад машин техник хэрэгслээс эхлээд бүх тоноглолууд нь үлдсэн. Тэр бааз суурин дээр геологичийн экспедицүүд байрласан. Хөрөнгө хаялгүй, байгаа юмаа ашиглаж байгаа санаа нь. Дайны үлдэгдэл дээр боссон шашин, геологи хоёр. Би гэдэг хүн дайнд явсан хурандаа нарын заримыг мэддэг байлаа.
-Ардчилалтай зэрэгцээд геологийн салбарынхан алт руу хошуурсан гэж ярьдаг юм билээ. Та яагаад тийшээ орсонгүй вэ?
-Ардчилалтай зэрэгцээд шахуу “Алт” хөтөлбөр гарч ирж байсан. Харин 1995 онд байна уу даа, хууль ёсных болж батлагдсан. Хүн болгон алт руу орсон доо. Манай геологийн салбарынхан өөрсдийнхөө хийсэн зүйлийг л ноолохоос улсын хайгуул хийсэн орд руу орох зоригтой нэг ч хүн байгаагүй. Яагаад гэвэл тухайн ордны нөөцийг тогтооход асар их хөрөнгө ордог гэдгийг мэддэг учраас. Тэр үед мэргэжлийн бус хүмүүс дайраад л орчихсон. Би ч ялгаагүй “Алт” хөтөлбөрийн дагуу явж байгаад, алтны хайгуул хийж, орд нээсэн. Том алттай ч нөөц багатай орд байсан. Өөрөө багаж зэрэг байдаг юм бүх юмыг нь хийгээд, хайгуулдаа орсон. Оросын нэг жижиг трактор олж аваад л ухсан түүхтэй. Энэ орд маань үнэ хүрсэн. Орос улсад хамт сурч байсан найз маань 90 хувийг нь эзэмшихээр болж, би 10 хувиа аваад явсан.
Тэр үеийн сайд дарга нар судалгааны дүнг сайтар ойлгож, дэмжсэн бол сумын төвүүд “Тариачин анги” болох байлаа. Тариачин анги өөрийн алга дарам газраас ургац алдана гэж түүхэнд байхгүй. Маш хүнд жилүүд үргэлжилсэн. Хүмүүс ажилгүй, дэлгүүрийн лангуун дээр бараа байхгүй байсан. Тэр үед Ерөнхий сайд асан П.Жасрай гуайтай хамтран ажиллах, улс орны нөхцөл байдлыг сайжруулах, бодлогын түвшний хөгжлийн төлөвлөгөөнд оюун санааны хувьд санал сэтгэгдлээ “дайх” боломж надад олдсон.
Ерөнхийдөө нэгдүгээрт, монголчууд гэж ямар хүмүүс юм. Түүх соёл нь юу юм. Социалист нийгмийн үед манай улс өөрийн түүхгүй болчихсон байлаа шүү дээ. Хоёрдугаарт, ирээдүй рүү, капиталист нийгэм рүү бид яаж шилжиж орох ёстой. Гуравдугаарт, үйлдвэрлэл байгуулах, дөрөвдүгээрт, баялаг бүтээж байгаа малчдын цалин 1000 төгрөгөөс эхлэх ёстой гэхчлэн. Эдгээр асуудлаар судалгаа хийгээч гэдэг саналыг надад тавьсан. Ингэж л жинхэнэ аспрентурынхаа ажилд орж байгаа юм.
Тухайн үед Монгол орны эрчим хүчний асуудалд хэрэгтэй гээд өртөг өндөр, үнэтэй салхин сэнс авах гэж байсныг би хувьдаа эсэргүүцэж байсан санагддаг. Бас болоогүй тэр үед “Ногоон хувьсгал” гэдэг санал гаргасан. Тэр нь явцын дунд “Хүнсний программ” гэж өөрчлөгдөөд Засгийн газрын хуралдаанаар батлагдаж байсан. Ахиад Ардчилал ялахад “Ногоон хувьсгал” гэдэг төсөл болоод явсан. Энэ төслөөр бол сумын төвүүд хүнснийхээ ногоог өөрсдөө тарих учиртай байлаа. Мөн нөгөө талаараа томоохон сангийн аж ахуйнуудыг газар хагалдгийг нь болиулах санал, зорилготой байв. Түүнчлэн бага газраас их тариа авах сонирхолтой байсан. Манай улсын экологи, цаг уурын нөхцөл байдлаас шалтгаалаад, арван жилд нэг удаа их хэмжээний ургац гардаг. Бусад үед дандаа алдагдалтай явдаг. “Ногоон хувьсгал” төсөл тухайн жилүүдэд Увс аймагт өндөр үзүүлэлттэй хэрэгжсэн.
-Нам, улс төрийнхний нэрээр хаяглагдаад явчихсан болохоос санаа нь таных байжээ.
-Тийм гэж хэлж болно оо. Тариачин ангиа гэж.
-Дээр та сангийн аж ахуйнуудыг газар хагалдгийг нь болиулах зорилготой байсан гэлээ. Үүнийгээ тайлбарлаж өгч болох уу?
-Ер нь хамгийн экологид хохирол учруулдаг зүйл бол газар тариалан байдаг. Хуурай, усалгаагүй хагалдаг. Говийн тоос гээд л яриад байдаг. Тийм биш шүү дээ. Манай газар тариалангийн бүсээс боссон тоос. Яагаад гэвэл тухайн бүсэд ургамлын үлдэгдэл ихтэй байдаг. Чулуу бол жижиг ширхэгтэй байсан ч доошоо чангааж байдаг.
-Тэгэхээр газар хагалахгүйгээр ногоогоо яаж тариалах юм бэ?
-Энэ чинь л миний хэлээд байгаа хүлэмжийн аж ахуй, жимсний мод бут тарих ажил шүү дээ. -Айл өрхийн тогтвортой хөгжил гэж чухам юу вэ? -Өрх бүрийн бүх гишүүдэд хөдөлмөр хүрэх ёстой. 60x50 метр газарт нэг өрхийг багтаая гэж бодъё. Үүндээ 1000 мод тарья л даа. Баталгаатай 5 тонн ургац авна. Хэдэн доллароор зарагдах уу. Асар их тоо гарна. Энэ чинь л бидний амьдралд хэрэгтэй. “Ногоон хөгжил” төсөлдөө энэ бүхнийг багтаасан байгаа. Төсөл маань уг нь батлагдсан. Харамсалтай нь эрх баригчид хөлөө жийлцэж байгаад бүр байхгүй болгочихлоо.
-Одоо таны хэлж яриад байгаа төсөлтэй тун ойр “Тэрбум мод” төсөл яваад байгаа шүү дээ. Гагцхүү өрхийн эдийн засаг руу л чиглээгүй болохоос биш?
-”Тэрбум мод” үндэсний хөтөлбөрийг л битгий буруу яваасай гэж бодож байна. Гэхдээ уулын энгэрт бургас тариад эхэлсэн байна лээ. Бургас услаад ургуулчхаж болно. Харин ган болоход яах билээ. Уулын энгэр дагаж биш, гол дагаж бургас ургадаг. “Мод дагаж ус тогтдоггүй. Усаа дагаж л мод ургадаг”... гэж ахмад геологич Н.Амитан гуай хэлэв. Монгол улс “Тэрбум” модтой болохоор идэвхийлж буй энэ цаг үед түүний хэлсэн эл эшлэл чимхээд авах шиг часхийсэн голч үг байлаа.
-Тэгэхээр буруу тариад байна гэсэн үг үү?
-Тийм ээ, хүчээр ургууллаа гэхэд ган болоход ургамал нэг хэсгийгээ золиосолдог. Хуурай түлээ болчихно. Ганц хоёр ногоон мөчир л үлддэг. Устай газар өөрөө ургадаг мод шүү дээ. Бас мод тайраад, ус алга боллоо гээд байдаг. Тийм зүйл байхгүй. Ус байгаа газар мод, ургамал байдаг. Гол усны саваа буруу хамгаалаад байна. Үхмэл ус гэж харин бий. Ус эргэж, хөдөлж байх ёстой. Ус хөшиж зогсоод, тогтонги болчихоороо намагшиж байгаагийн шинж. Ус харгиа үүсгээд ирэхээр цэвэршээд эхэлнэ. Бас Ерөө суманд экологийн асуудал гэж яриад хадуураад байна. Алтаа харамласан ухаан байж болно. Үүнийг зөвшөөрнө. Гэхдээ алт ухуулаад, бүх юм сүйрээд байгаа юм шиг буруу ойлголт хүмүүст өгөөд байгаа юм. Гэтэл нүүрс түр зуурынх шүү дээ. Удахгүй нүүрс хэрэглэхээ больж, үнэ унана. Үүний цаана алтаа л үнэ хүргэнэ гэдгээ бодолцох хэрэгтэй.
-Гэхдээ алтны ордуудыг хувь, хувьсгалынхан хамчихсан биз дээ?
-Энэ олон төмөр зам тавьж болон нүүрсний асуудалдаа дүгнэлт хийх хэрэгтэй. Нефть, нүүрс ашгаа өгөх нь явцын дунд буурна. Тэгээд ч нүүрс, жонш, нефть гээд ашигт малтмалын баялгууд маш хямд гарч байгаа. Харин алт, зэс үнэд хүрч байна. Алт, зэсээ ухах л хэрэгтэй. Алтны нөөц их байгаа. Хангалттай шүү. Бэлэн байгаа алтны нөөц дандаа хувь хүмүүсийн гарт орчихсон. Тэд ашиглах сонирхолгүй, зарах л сонирхолтой. Эзэд нь хэн байгаа нь ч мэдэгддэггүй. Гадаад хүний нэр дээр л яваад байдаг. Хайгуул хийчихсэн ордууд дээр ийм хүндрэлтэй. Шинэ ордуудыг хайж олоход цаг хугацаа хэрэгтэй. Тэгэхээр үүнд төр засгийн зүгээс бодлогын хэмжээнд анхаарах шаардлагатай.
Зэсийн ордууд болох “Оюутолгой”, “Цагаан суваргын орд” ашиглалтад орохыг дэмжих хэрэгтэй. Зэсийн шинэ ордуудыг бүгдийг ашиглалтад оруулах учиртай. Зэс бол яаж ийж байгаад л үнээ барина.
Хийж бүтээе гэсэн оргилсон их хүсэл, тэмүүлэл зөвхөн залуучуудаас ундардаг гэвэл хэтэрхий өрөөсгөл. Сэтгэхүй нь үргэлж залуугаараа, өөрчлөлт, өнөөгийн нийгмийн шинэ өнгийг сэтгэл дотроо аль хэдийн зурчихсан ахмадууд байдаг гэдгийг Н.Амитан гуайгаас харж болно. Тэд зөвхөн өөрийг нь сонсох, хэн нэгнийг эрэлхийлсээр амьдарч байна. Харамсалтай нь түүний талаар мэдээлэл хайж үзвэл зөвлөх геологич, ахмад геологич гэдгээс өөр зүйл үл олдоно.
Сэтгүүлч Д.УНДРАХСҮРЭН
More from One VS One
Б.БАТЦЭЦЭГ: ОЛОН УЛСЫН ТАВЦАН ДАХЬ МАНАЙ УЛСЫН НЭР ХҮНД МЭДЭГДЭХҮЙЦ ӨССӨН
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгтэй ярилцлаа.-Энэ онд манай улс гадаад харилцааны чиглэлээр идэвхтэй, олон онцлог үйл явдлуудаар дүүрэн жил болж өнгөрлөө. …
С.СҮХБОЛД: МОНГОЛ УЛС АНУ-ТАЙ ШУУД НИСЛЭГ ҮЙЛДЭХ ШУУД НИСЛЭГ ҮЙЛДЭХ ЭРХ ЗҮЙН ОРЧНОО БИЙ БОЛГОХОД БЭЛЭН БОЛСОН
Өнөөдрийн ярилцлагын зочноор Гадаад харилцааны яамны Олон улсын гэрээ, эрх зүйн газрын захирал Сүхээгийн Сүхболдыг урьж оролцуулж байна. Юуны өмнө …
Г.ГАНБИЛЭГ: “ШИНЭ СЭРГЭЛТИЙН БОДЛОГО”-Д УЛС ОРЫНХОО ЭДИЙН ЗАСГИЙГ ХӨЛ ДЭЭР БОСГОХ ТОМООХОН ТӨСЛҮҮД ХЭРЭГЖҮҮЛЭХЭЭР ТУСГАГДСАН БАЙНА ЛЭЭ
ШУТИС, ГУУС-ийн Эрдэс боловсруулалт, инженерчлэлийн салбарын эрхлэгч, доктор(Ph.D) Г.Ганбилэгтэй уул уурхайн салбарт мэргэжилтэн бэлтгэхэд гарч буй хүндрэл, өнөөгийн нөхцөл байдлын …