МЯНГА гаруй эмэгтэйг ажлын байраар хангах зорилготой эхэлсэн “МONGOL MADE” төслийг мэдэхгүй хүн ховор биз ээ. Байгаль орчинд ээлтэй, хүн ардынхаа эрүүл мэндэд тустай органик бүтээгдэхүүн үйлдвэрлэж, импортын бүтээгдэхүүнд эзлэгдсэн салбараа чөлөөлөхөд томоохон түлхэц болсон эл төслийг санаачлагч Б.Пунсалмаатай ярилцлаа. Бизнес эрхлэх гэж байгаа бол шинэ трендийг сонирхоод үзээрэй, эмэгтэйчүүдийг жаахан л дэмжээд өгчихвөл гэх элдэв хачиргүй түүний ярианаас уншигч та нэгийг тунгаах биз ээ.
Хэдийнээ олны талархлыг хүлээгээд байгаа "Mongol Made" төслийн талаар ярилцлагаа эхэлье гэж бодож байна?
"Mongol Made" төсөл нь Монголын савангийн хэрэгцээний 50 хувийг дотооддоо үйлдвэрлэж, 1000 эмэгтэйг ажлын байраар хангах зорилготой.
Өнөөдрийн байдлаар 100 гаруй хүнийг ажлын байраар хангаад байгаа ба 3 жилийн хугацаанд 1000 эмэгтэйг ажлын байраар хангаж, төслийн үндсэн зорилгыг биелүүлэх төлөвлөгөөтэйгөөр ажиллаж байна. Төсөл 2021 оны гуравдугаар сард албан ёсоор хэрэгжиж эхэлсэн ба ариутгал, ахуйн хэрэглээ, арьс арчилгаа гэсэн үндсэн төрөлд нийт 21 бүтээгдэхүүн гаргахаар ажиллаж байна.
"Mongol Made" брэндийн бүтээгдэхүүнүүд Монгол эрдэмтэн судлаачдын судалгаа шинжилгээн дээр суурилан, монгол малын өөх тос, цэцэг ургамлын орц найрлагатайгаар 100 хувь байгалийн гаралтай бүтээгдэхүүнүүд байх ба биологийн, химийн, инновацийн, оюуны өмчийн чиглэлд мэргэшсэн 5 эрдэмтэн тогтмол ажиллаж байна.
Бүтээгдэхүүнүүдийн сав баглаа боодлын дизайныг Францын Messieurs агентлаг, сав баглаа боодлын хэвлэлтийг Хонг Конгийн Ming Fai групп, үнэрийн менежментийг Монакогийн Вант Улсын JB concept компаниуд тус тус хариуцан ажиллаж байна.
Та бол манай улсын бизнес эрхлэгч, хүчирхэг эмэгтэйчүүдийн нэгэн төлөөлөл. Тэгвэл эмэгтэй хүн гэдэг талаасаа бизнес эрхлээд, том компани удирдаад явахад бэрхшээлтэй зүйл тулгарч байв уу?
Монголд эмэгтэйчүүд бизнес эрхлэхэд саадтай зүйл байхгүй шүү. Хүн өөрөө хийнэ гэж зүтгээд, нэг зүйлээс бариад явахад боломжгүй зүйл гэж байдаггүй л санагддаг. Чи эмэгтэй, чи хүүхэдтэй юм чинь гэдэг байдлаар дардаг, эмэгтэй гэдгээр нь дутуу үнэлдэг, онцгүй хандлага гаргадаг удирдах түвшний хүн ховорхон гэж би хувьдаа итгэдэг. Гэхдээ дэмжлэг арай илүү олгодог байгаасай гэж хүсдэг. Тухайлбал, би өнгөрсөн зунаас гольф тоглож эхэлсэн л дээ. Гэтэл гольф дээр эрэгтэйчүүдийн цохих талбай арай хол, харин эмэгтэйчүүдийнх ойр байх жишээний. Энэ чинь эмэгтэйчүүдэд илүү боломж олгож байгаа байхгүй юу. Байгалиасаа тэр эмэгтэй хүний цохилтын хүч, эрэгтэйчүүдийг бодвол арай бага л байгаа шүү дээ. Үүнийг тооцоолсон байна. Яг үүнтэй ижил эмэгтэйчүүдийн үүрэг хариуцлага, ачааллыг бодолцож жаахан илүү бололцоог олгоосой л гэж боддог. Түүнээс биш эмэгтэй байснаараа эрх нь зөрчигдөөд, эмэгтэй гэдгээрээ даруулаад байгаа зүйл байдаггүй.
Боломж олгоод байхад, боломжийг эрэлхийлэх чадвар тэр болгон хүн бүрт суугаагүй санагддаг.
Санал нийлэхгүй байна. Эрэлхийлэх чадвар хүн болгонд байгаа. Зөвхөн эрэлхийлээд байгаа хэдий ч боломжийг боломж гэж хардаггүй, алддаг эсвэл боломж гардаггүй, боломж олгодоггүй, боломжоо булаалгадагт л учир бий.
Надад нэг зүйл ажиглагддаг. Суурь асуудлаа гаргаж ирж нэгдэж чаддаггүй байдал. Авч байгаа мэдээллүүд нь ч сарниад байна. Нөгөөтэйгүүр эмэгтэйчүүдийн ажиллах нөхцөл нь өөрөө хумигдмал байна. Үүнийг зөвхөн цагийн уян хатан байдалтай жишие л дээ. Ихэнх эмэгтэй өглөө хүүхдээ 09.00 цаг гэхэд цэцэрлэг, сургуульд нь хүргээд ажилдаа очдог. Энэ мэтээр арав хоног ажлаасаа хоцроход л байр суурь нь ганхаад эхэлчихэж байгаа юм. Байр суурь нь алдагдаад ирэхээр хэн түүнд итгэж зээл өгөх юм бэ. Ямар барьцаа үүсч, ямар хуримтлал бий болгож чадах юм. Ингээд бизнес эрхлэх бодол нь ч талаар өнгөрдөг. Хүүхдийн хажуугаар ажиллана гэж байхгүй юм байна гэдэг бодлоос л таны хэлээд байгаа боломжийг эрэлхийлэх чадвар нь алдагдаад эхэлнэ. Түүнээс биш боломжийг хүн бүр эрэлхийлдэг. Харин хүн бүрт боломж олгож байна уу гэвэл. Үгүй.
Улмаар ажил хийх боломж хумигдмал байгаагаас болж өнөөх нийгмийн сөрөг хандлагууд гарч ирээд байгаа юм. Хүүхдийн халамжийн мөнгөнд найдах, бусдаас хараат байдалруу орж эхлэх гэх мэт.
Тэгэхээр эмэгтэйчүүдэд боломж, бололцоог илүү гаргаж өгөх хэрэгтэй л гэх гээд байна. Тийм үү?
Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхэд эмэгтэйчүүдийн эрх зөрчигдөж байна гэхчлэн ер нь л хүчирхийлэлтэй холбоотой гэмт хэрэг зөрчлүүд буурахгүй байдаг. Энэ бүгдийн суурь шалтгаан нь эмэгтэйчүүдийн бие даасан байдал алдагдсан явдал гэж хардаг. Ээж нар нь өөрсдөө хангалттай орлоготой, нийгэмд биш юм аа гэхэд гэр бүлдээ хүлээн зөвшөөрөгдсөн байр суурьтай байж чадвал гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эрх зөрчигдөх явдал буурна гэж боддог. Эмэгтэйчүүд өөрсдөө хүчирхэг байвал байнгын хүчирхийлэлд өртөөд, тэрнийгээ тэсвэрлээд амьдраад байх шалтгаан байхгүй. Тэгэхээр бие даасан, чадавхтай байхад дээрх асуудал аяндаа шийдэгдэнэ гэж би хувьдаа үздэг. Макро эдийн засаг гэж байдаг бол микро эдийн засгийн түвшинд эмэгтэйчүүдэд жаахан илүү боломж олгосноороо нэлээн олон суурь асуудлуудыг шийднэ. Айлын эхнэрүүд ажилтай төрөлтэй, сэтгэл хангалуун явахад дагаад бүх зүйл сайжирна. Нөгөөтэйгүүр ганцаараа амьдралын төлөө зүтгэдэг эрчүүдийн сэтгэлзүй өөрчлөгдөнө. Халамж биш хөдөлмөрийн үр шимийг хүртэх боломжийг олгосон нийгэм байгаасай л гэж хүсдэг.
Яг энэ бодлын хүч таныг улстөр рүү түлхсэн үү. Яагаад ч юм тэгж л бодогдлоо. Та нэр дэвшиж байсан байх аа?
20 гаруй жил бизнес хийлээ. Залуудаа хөгжиж яваа, хөгжсөн улс орныг хараад манай Монгол удахгүй ийм болно гэсэн горьдлого, хүлээлттэй байсан. Бидний хүүхэд насанд шилжилтийн үе таарсан. Социалист нийгмээс Ардчилал руу шилжих үеийг л шилжилтийн үе гэж бид ойлгосон нь тэр. Бид шилжилтийн үеийн сүүлээр ажил хөдөлмөрийн гараагаа эхэлж байсан. Тухайн үедээ гоё нийгэм ирэх нь. Сайхан нийгмийг бүтээнэ ээ гэсэн итгэл дүүрэн, дэврүүн сэтгэлтэй залуу хүн л явна шүү дээ. Гэтэл ажил хөдөлмөр, амьдрал ахуй, гэр орноо цэгцлэх гэж явсаар нэг мэдсэн 20 гаруй жилийг үдчихэж. Харамсалтай нь эргээд харсан чинь эдийн засаг уначихсан, нийгэм дээшилсэн бус дордсон ч юм шиг. Эргээд социалист нь сайхан байсан ч юм шиг. Нэг тийм хүнд, бараан нийгэм.
Манай компани шиг өндөр татвар төлдөг маш олон байгууллага бий. Бүх хүн татвар төлөгч болоод эх орныхоо төлөө зүтгээд, нийгмийн хариуцлагаа үүрээд, хариуцлагатай иргэний үүргээ биелүүлээд байхад яагаад нийгмийн байдал дээрдэхгүй, амьжиргааны түвшин дээшлэхгүй байгаа юм бэ гэж бодсон. Өөрөөр хэлбэл, бид татвараа улс орондоо төлөөд байдаг. Гэтэл тэр татварын төсвийн зохицуулалт, авч хэрэгжүүлж байгаа бодлогууд буруу яваад байна. Энэ бүгдийг иргэн хүнийхээ хувьд, баялаг бүтээж байгаа хүнийхээ хувьд дүгнэж үгээ хэлдэг. Гэтэл бизнес эрхлэгч хүн үнэлэлт, дүгнэлт хэлэхээр хүмүүс ойлгодоггүй. Чи яагаад ийм зүйл бичээд байгаа юм. Стресстэй байгаа юм уу, чамд улстөрийн нөхцөл байдал ямар хамаатай юм гэхчлэн сөргөөр хүлээж авах хүмүүс байдаг. Тэгэхээр нийгмийн ямарваа нэгэн зүйлд үзэл бодлоо илэрхийлж, сэтгэл зовниж л байгаа бол өөртэйгээ ижил байр суурьтай хүмүүстэй уулзаж, тэдгээр хүмүүсийн цуглуулсан мэдээлэл, судалгаа, туршлагатай өөрт байгаагаа нэгтгээд илүү том платформ болгож тавих нь хамгийн хүчтэй юм байна гэдгийг ойлгосон. Ингэж явж байгаад үзэл санааны хувьд нэгдэж чадсан хүмүүс бол Ардчилсан намынхан байсан. Бизнесийн орчныг дэмжих замаар дундаж давхаргын хүмүүсийг олноор бий болгох нь нийгмийг сайхан болгох юм байна гэдэг үзэл зарчим дээр л би улстөрд ороод явж байгаа. Угаасаа улстөрч хүн биш болохоор алдаа оноо бий. Маш олон жил хууль боловсруулсан хүн биш учир зарим зүйлийг яг бизнесийнхээ байр суурьнаас тайлбарлаж, ханддаг байхыг үгүйсгэхгүй. Тиймээс одоо ч суралцсаар л байна.
УИХ-ын гишүүн С.Одонтуяатай хамт лобби бүлэг байгуулсан гэж сонссон?
Америкт Сенатын танхимын гишүүд бүгд дэргэдээ лобби бүлэгтэй байдаг. Лобби бүлэгт нь тухайн гишүүний хууль боловсруулах, хууль тогтоох бүх ажиллагааных нь цөм оршдог. Тухайлбал, хүндрэлтэй асуудал тулгарсан хүмүүстэй уулзаж, тухайн асуудлыг шийдвэрлэх арга замууд, саналуудыг нь хуулинд хэрхэн яаж тусгах талаар судалж, хууль боловсруулах бүх судалгааны зүйлсийг хийж байдаг. Миний харж буйгаар энэ удаагийн парламент хамгийн олон лобби бүлэгтэй, орчин үеийн сайн парламентийн бүтэц бий болсон юм уу гэж харсан. Тэр утгаараа Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн тэгш оролцоог хангах зорилгоор "Тэгш боломж, тэнцвэртэй харьцаа" лобби бүлгийг байгуулж Ерөнхий зохицуулагчаар нь ажиллахаар болж байна. Ер нь эмэгтэйчүүдэд бизнес эрхлэхэд ямар хүндрэлүүд тулгардаг, хуулинд ямар өөрчлөлт орох ёстой юм, хуулийн хэрэгжилт, уялдаа холбоог хэрхэн хангах юм гэдэг тал дээр ажиллана. Эмэгтэйчүүдийг арай ойрхноос гүйх боломж олгооч ээ. Гүйлтийн бариаг нь арай ойртуулж өгөөч ээ гэдэг хүсэлт тавихын тулд бид энэхүү лобби бүлгийг байгуулсан.
Лобби бүлэг маань хамгийн түрүүнд “Бизнес ба эмэгтэйчүүдийн тэгш оролцоо” уулзалтыг зохион байгуулах гэж байна. Худалдаа, үйлдвэрлэл эрхэлж байгаа эмэгтэйчүүд, олон нийтийн байгууллага буюу иргэний нийгмийн байгууллагууд, яг одоо өөрийн хийж буй ажил хөдөлмөрөөрөө гэр орноо авч явж байгаа иргэд, бүр цаашлаад гэртээ сууж байгаа ээжүүдтэйгээ хүртэл уулзая гэж зорьж байгаа. Уулзалтаар олон сайхан үр дүн гарна гэдэгт итгэлтэй байна. Тэвчиж болох зардал, дэмжлэг үзүүлэх шаардлагатай салбар, төсвийн хүртээмж гээд юуг ч орхигдуулахгүй судалж үзнэ. Эмэгтэй бизнес эрхлэгч, эмэгтэйчүүдээ дэмжье л гэж байгаа бол адаглаад эмэгтэй бизнес эрхлэгч, бизнесмэн гэдэг нэр томьёог хуулинд оруулж ирэх хэрэгтэй байна. Тэгж байж бидэнд ялгамж үүснэ.
Төрөөс бодлогын түвшинд эмэгтэйчүүдийг дэмжих, эмэгтэйчүүдэд тэгш боломж олгох гээд л ярьдаг. Улстөрд нэр дэвших квот эмэгтэйчүүдийнх бага байдаг атлаа хэн ч эмэгтэйчүүдийг боож хаагаагүй. Өөрсдөө гараад ир л дээ гэх нь бий. Та үүн дээр ямар байр суурьтай байдаг вэ?
Скандинавын орнууд болохоор хүүхэд, эмэгтэйчүүд аз жаргалтай амьдарч чадах нийгэм бүтээчихсэн байна. Шинэ хүүхэд төрөнгүүт аавуудын өдөр, ээжүүдийн өдөр, цаашлаад ажлын газрын дэргэд нь хүүхдийн цэцэрлэг гэх зэргээр ер нь л хүний төлөө нийгэм бий болчихоод байна шүү дээ. Тэнд маш олон эмэгтэй удирдах түвшинд ажлаад байдаг. Тухайлбал, Финландын Засгийн газрын кабинатын 12 гишүүний долоо нь эмэгтэй. Тэгэхээр олон эмэгтэйчүүд удирдах түвшинд байх тусам хүний төлөө нийгмийг бүтээдэг юм байна гэж ойлгосон. Тэдгээр улс эмэгтэйчүүдээ бодлогоор дэмжсэн байна. Харин манайд Сонгуулийн болон намын тухай хуульд эмэгтэй нэр дэвшигч, залуучууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд гэхчлэн нийгмийн нэг хэсгийн төлөөллүүдийг дэмжих дэмжлэг оруулж ирнэ гээд байгаа мөртлөө тодорхой зааж өгөхгүй өдийг хүрсэн. Яагаад эмэгтэй тойрог гэж байж болохгүй гэж. Зөвхөн эмэгтэйчүүд хоорондоо өрсөлддөг тойрог. Хэн нь ч ялсан нэг эмэгтэй нь л парламентэд сууна. Тэгэхээр өнөөх эмэгтэйчүүдийн квотоо барьчихаж байгаа юм. Эсвэл улс төрийн намууд мэдлэг боловсрол судалгаа бүх зүйл нь хангагдсан эмэгтэй нэр дэвшигчдээ сонгуульд ороход нь эдийн засгийн дэмжлэг үзүүлж оруулдаг байвал, олон эмэгтэйчүүдэд боломж олгож байгаа хэлбэр. Сонгуулийнхаа пиарыг хийх үү, хандиваа цуглуулах уу гэсээр байтал сонгуулийн 20-иод хоног нь дуусчихдаг. Эмэгтэйчүүдээ бодлогоор дэмжинэ гээд хаа хаанаа хэлж яриад байдаг ч яг яаж дэмжих нарийвчилсан арга замаа тодорхой гаргах цаг нь болсон. Эмэгтэйчүүдийн оролцоо сайтай, хөгжил өндөр, хүнлэг энэрэнгүй нийгмийг бүтээчихсэн орнуудаас суралцая.
Бизнес эрхлэхийг хүсч байгаа залуус, энэ салбарт шинээр орох эмэгтэйчүүддээ хандаж юу зөвлөмөөр байна?
Бодож суухаар оролдоод л үзэх хэрэгтэй. Сайн болж чадвал сайн. Муу болсон ч сайн гэж хэлмээр байна. Учир нь тэндээс туршлага сууж байна. Залуу, шинэ хөдөлмөрийн зах зээл дээр гарч байгаа хүмүүс туршлагатай хүмүүсээс зөвлөгөө их авдаг байх хэрэгтэй. Өөрийн гэсэн ментортэй, зөвлөхтэй, бизнест амжилт гаргасан хүмүүсээс туршлага судалдаг, ичиж зовохгүй асуудаг байх чухал. Сүүлийн үеийн шинэ тренд загвараар бизнесээ эхлүүлвэл зүгээр. Бүр тодруулбал, хамтын эдийн засгийн загвар дэлхий дахинд хөгжиж байна. Нэг зүйлийг олон талаас нь хэрэглэдэг, нэг зүйлээр олон юм бүтээж болдог хамтын эдийн засгийн загвар гэж байдаг.
Тухайлбал, нэг оёдлын үйлдвэр байлаа гэхэд тэр хүн хоёр ширхэг оёдлын машин авчихлаа. Өнөөдөр өглөө 09.00 цагаас оройн 18.00 цаг хүртэл ажлаад тарлаа. Харин тэр оёдлын машин шөнөжингөө хоосон маргаашийг хүлээж байгаа. Гэтэл тэнд маш гоё юм оёдог, уран хүн оёдлын машин авчих юмсан гээд анхныхаа санхүүжилтийг хүлээгээд сууж байдаг. Тийм хүмүүс хоорондоо холбогдоод орой хэрэглэхгүй байгаа цагт нь хэрэглэдэг, 10мкв оффис байлаа гэхэд хэрэглэх үедээ хэрэглээд, хэрэглэхгүй үедээ түгждэг биш бусад хүмүүс хэрэглэхгүй цагт нь хэрэглэдэг ийм шэйрийн хамтын эдийн засгийн загвараар явбал залуу хүмүүст хамгийн тохиромжтой. Нэг ёсондоо шинэлэг аргаар ажиллавал зүгээр гэж хэлэх гээд байгаа юм. Туршаад, хийгээд үзэх л хэрэгтэй.
Ярилцсанд баярлалаа.
More from One VS One
Б.БАТЦЭЦЭГ: ОЛОН УЛСЫН ТАВЦАН ДАХЬ МАНАЙ УЛСЫН НЭР ХҮНД МЭДЭГДЭХҮЙЦ ӨССӨН
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгтэй ярилцлаа.-Энэ онд манай улс гадаад харилцааны чиглэлээр идэвхтэй, олон онцлог үйл явдлуудаар дүүрэн жил болж өнгөрлөө. …
С.СҮХБОЛД: МОНГОЛ УЛС АНУ-ТАЙ ШУУД НИСЛЭГ ҮЙЛДЭХ ШУУД НИСЛЭГ ҮЙЛДЭХ ЭРХ ЗҮЙН ОРЧНОО БИЙ БОЛГОХОД БЭЛЭН БОЛСОН
Өнөөдрийн ярилцлагын зочноор Гадаад харилцааны яамны Олон улсын гэрээ, эрх зүйн газрын захирал Сүхээгийн Сүхболдыг урьж оролцуулж байна. Юуны өмнө …
Г.ГАНБИЛЭГ: “ШИНЭ СЭРГЭЛТИЙН БОДЛОГО”-Д УЛС ОРЫНХОО ЭДИЙН ЗАСГИЙГ ХӨЛ ДЭЭР БОСГОХ ТОМООХОН ТӨСЛҮҮД ХЭРЭГЖҮҮЛЭХЭЭР ТУСГАГДСАН БАЙНА ЛЭЭ
ШУТИС, ГУУС-ийн Эрдэс боловсруулалт, инженерчлэлийн салбарын эрхлэгч, доктор(Ph.D) Г.Ганбилэгтэй уул уурхайн салбарт мэргэжилтэн бэлтгэхэд гарч буй хүндрэл, өнөөгийн нөхцөл байдлын …