АМГТГ-ын Уул Уурхай, Судалгааны Хэлтсийн дарга С.Энхболдоос салбарын хэмжээнд мөрдөгдөж байгаа заавар журмыг шинэчлэх ажлын хүрээнд хийгдэж байгаа ажлын талаар тодрууллаа.
Ашигт малтмалын орд ашиглах ТЭЗҮ-г таван жил тутам сунгадаг нь уурхайн үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгжүүдэд ихээхэн хүндрэл учруулдаг байсан. Тэгвэл энэ журмыг өөрчилж, уян хатан бодлого барих гэж байгаа гэдэг таатай мэдээлэл дуулдах боллоо?
Эрдэс баялаг, эрчим хүчний сайдын 2012 оны 4 дүгээр сарын 17-өдрийн 74 дүгээр тушаалаар батлагдсан “Ашигт малтмалын баялгийн урьдчилсан үнэлгээ, ашигт малтмалын ордын нөөцийг ашиглах боломжийн урьдчилсан үнэлгээ, уул уурхайн төслийн техник, эдийн засгийн үндэслэлд тавигдах үндсэн шаардлагууд ба техник, эдийн засгийн үндэслэл хүлээн авах журам”,“Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн дүрэм”-ийн хүрээнд ашигт малтмалын ордыг ашиглах техник, эдийн засгийн үндэслэлийг хүлээн авах харилцааг зохицуулсан байдаг. Энгийнээр тайлбарлахад, уул уурхайн төслийг хэрэгжүүлэхэд ТЭЗҮ-д таван жил тутам тодотгол хийх, ТЭЗҮ-г зөвшөөрүүлэх хэрэгтэй болдог. Үүнийг түр журмаар өөрчилж өгөх юм.
Энэ жилийн тухайд хэчнээн уурхай ТЭЗҮ-ийн хугацаа дуусч байгаа вэ. Журмын шинэчлэл цаасан дээр буугаагүй байхад тэдгээр компаниуд яах ёстой юм бол. Хуучин журмаа дагаж мөрдөх үү?
Өнгөрсөн оны хувьд 40 гаруй уурхай ТЭЗҮ-ийн хугацаа дуусч нэмэлт тодотгол хийлгэх шаардлагатайгаас шалтгаалж ашигт малтмал ашиглах үйл ажиллагааны төлөвлөгөө нь зөвшөөрөгдөх боломжгүй болж байсан. Үйл ажиллагаа явуулахгүй буюу “Х” төлөвлөгөө ирүүлсэн 568 уурхайн 159 нь ТЭЗҮ болон тодотгол хийлгэж байгаа шалтгаантай байгаа нь судалгаагаар гарсан байдаг.
“Х” төлөвлөгөө ирүүлсэн уурхайнуудын үйл ажиллагаа явуулахгүй гэх шалтгааны эхэнд нь хөрөнгө оруулалтгүй, дараа нь энэхүү ТЭЗҮ-тэй холбоотой асуудал орсон байсан.
Нэн ялангуяа улирлын чанартай ажилладаг уурхайнуудын хувьд бичиг баримтыг бүрдүүлэхэд цаг хугацаа алдан үйл ажиллагаа нь оройтож эхлэх явдал жил бүр гардаг.
Мөн үйл ажиллагааны төлөвлөгөө зөвшөөрөгдөөгүй нөхцөлд банкны зээл, ялангуяа алтын салбарт олгож байгаа богино хугацааны жилийн 3 хувийн зээлийг авах нөхцөл боломжгүй байдалд хүрээд байгаа юм.
Журмыг шинэчлэн боловсруулах ажлын хэсэг гарсан гэсэн үү?
Дээрх нөхцөл байдалд дүгнэлт хийж, Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2021 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн А/48 дугаар тушаалаар “Ашигт малтмалын баялгийн урьдчилсан үнэлгээ, уул уурхай төслийн техник-эдийн засгийн үндэслэлд тавигдах шаардлагууд ба техник-эдийн засгийн үндэслэл хүлээн авах журам”-ыг шинэчлэх боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг би хариуцан ажиллаж байгаа. Мөн энэ ажлын хүрээнд Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн бүрэлдэхүүнд тус газрын төлөөлөл ажиллаж байна.
Аж ахуйн нэгж байгууллага, мэргэжлийн холбоо, төрийн бус байгууллагуудаас дүрэм, журмыг шинэчлэн боловсруулахад санал авч, Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй уялдуулах талаар анхаарч байна.
Ажлын хэсгийн санал боловсруулагдан өөрчлөлт орох хүртэл түр мөрдүүлэх журам ч юм уу, тийм зүйл гарсан уу?
Энэ асуулттай холбоотойгоор түр журам гаргах талаар УУХҮЯ-д саналаа хүргүүлсэн. Журмын төсөлд Эрдэс баялаг, Эрчим хүчний сайдын 2012 оны 074 дүгээр тушаалаар батлагдсан журмын 7.3-д “Уул уурхайн төсөлд хүчин чадал, техник, технологийн өөрчлөлт орсон, уг техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулснаас хойш ашиглалт явуулалгүй 3-аас дээш жилийн хугацаа өнгөрсөн, ордын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч өөрчлөгдсөн тохиолдолд болон тухайн техник, эдийн засгийн үндэслэлийг хүлээн авснаас хойш 5 жил тутамд төсөл хэрэгжүүлэгч байгууллага техник, эдийн засгийн үндэслэлийг тодотгох, шинэчлэх буюу шинээр боловсруулах үүргийг хүлээнэ” гэж заасныг өөрчлөх, мөн ахуйн нэгжүүдэд хүндрэл учруулдаг зарим заалтуудыг хасахаар төлөвлөж байна.
Тодруулж хэлбэл, дараах байдлаар оруулахаар төлөвлөж байна.
Журмын 7.3-т “Уул уурхайн төсөлд хүчин чадал, техник, технологийн өөрчлөлт орсон, уг техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулснаас хойш ашиглалт явуулалгүй 3-аас дээш жилийн хугацаа өнгөрсөн, ордын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч өөрчлөгдсөн тохиолдолд болон тухайн техник, эдийн засгийн үндэслэлийг хүлээн авснаас хойш 5 жил тутамд төсөл хэрэгжүүлэгч байгууллага техник, эдийн засгийн үндэслэлийг тодотгох, шинэчлэх буюу шинээр боловсруулах үүргийг хүлээнэ.” гэж заасныг “Уул уурхайн төсөлд хүчин чадал, техник, технологийн өөрчлөлт орсон тохиолдолд төсөл хэрэгжүүлэгч байгууллага техник, эдийн засгийн үндэслэлийг тодотгох, шинэчлэх буюу шинээр боловсруулах үүргийг хүлээнэ.” гэх.
Мөн ЭБМЗ-ийн дүрмийн 6.1, 6.4.1, 8.2, 9.9 зэрэг заалтуудад техник, эдийн засгийн үндэслэл, тодотголыг төрийн захиргааны байгууллагын тухайн асуудал хариуцсан нэгжээр хянуулахаар зохицуулсан нь 2012 оны журмын 8.1-д заасан санал, дүгнэлт гаргах гэсэн зохицуулалттай зөрчилдөж байна. ЭБМЗ-ийн дүрэмд заасан ТЭЗҮ-ийг шинжээч танилцаж санал дүгнэлтээ өгсний дараа хянах үйл ажиллагаа нь танилцах, засвар хийлгэхээр буцаах, засварыг хийж ирүүлэхэд цаг хугацаа ихээр шаардагддаг. Энэ байдлыг ч гэсэн анхаарч ажиллах шаардлагатай байна.
Төгсгөлд нь хэлэхэд ажлын хэсэг түр журмыг эцэслэн боловсруулж, албажуулахаар шуурхай ажиллаж байна.
Салбарын хэмжээнд мөрдөгдөж байгаа заавар журмын хэрэгжилтэд үнэлэлт дүгнэлт өгөх ажлын хэсэг газрын даргын тушаалаар 2021 оны 3 сард байгуулагдан ажиллаж байна.
Мөн Шинэ сэргэлтийн бодлого болон, чиглэлийн хүрээнд коронавируст халдварын цар тахлын улмаас эдийн засагт үзүүлж байгаа сөрөг нөлөөллийг бууруулах, хөгжлийг хязгаарлагч хүчин зүйлсийг цаг алдалгүй шийдвэрлэж, амьдралд нийцдэггүй, хүндрэл бий болгож байгаа хууль тогтоомж төдийгүй заавар журамд ч өөрчлөлт оруулан сайжруулах, хөнгөн шуурхай болгохоор ажиллаж байна, энэ чиглэлийн хүрээнд уул уурхайн аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажиллахад бэлэн байна.
More from Уул уурхай
УУЛ УУРХАЙ, ГАЗРЫН ТОСНЫ ТӨВ ЛАБОРАТОРИЙН ЗАСВАР, ШИНЭЧЛЭЛИЙН АЖЛЫН НЭЭЛТИЙН АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО
Ашигт малтмал, газрын тосны газарт БНСУ-ын Олон Улсын Хамтын ажиллагааны байгууллагын (КОЙКА) буцалтгүй тусламжаар “Монгол улсын агаарын чанарыг сайжруулах хүрээнд …
УУХҮЯ-НААС ЗОХИОН БАЙГУУЛСАН ЗЭСИЙН БАЯЖМАЛЫН БИРЖИЙН АРИЛЖАА ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ БНХАУ-ЫН ЖҮНТЯОШАНЬ ГРУПП ОРОЛЦОЖ БАЙНА
Монгол Улс 56.5 сая.тн зэс металлын баталгаат нөөцтэй ба 2023 оны гүйцэтгэлээр 1,525.0 мянган.тн зэсийн баяжмалү экспортод гаргасан. Цаашид Оюу …
СХД-ИЙН АВТО ЗАМУУДАД 26 ТН ДАВС, 40 ТН БОДИС ЦАЦАН АЖИЛЛАЖ БАЙНА
11 дүгээр сарын 04-ний өдрийн орсон цаснаар нийтийн эзэмшлийн зам талбайд халтиргаа гулгаа үүсээд байна. Тиймээс дүүргийн зам цэвэрлэгээний 8 …
1 Comment
Ашиглалт явуулж буй уурхайд ТЭЗҮ тодотголыг хийлгэх нь нэг их дарамт болоод байх юм байхгүй. Харин ч алдаа үр ашгийн тооцоогоо шинэчлээд авна.
Юмны үнэ бараг өдрөөр өөрчлөгдөж байна. Хууль эрх зүй, аргачлалууд, техник технологи, программ хангамж байнга шинэчлэгдэж байна
Хулхи нөөцтэй, Лицензийн наймаачдад таатай болох нь…