УИХ-ын гишүүн бодлогоо тараах ёстой болохоос бэлэг тараадаг байж таарахгүй, хуулиар хориглохгүй бол алсдаа мөнгөний уралдаан болох нь гэх шүүмжлэл цахим орчинд тархаад буй. Тэгвэл энэ асуудлаар УИХ-ын гишүүн С.Одонтуяа байр сууриа илэрхийлжээ.
Тэрбээр “Сонгуулиар хууль тогтоох дээд байгууллага болох УИХ, ИТХ-д гишүүдээ сонгоод 30 жил өнгөрчээ. Энэ хугацаанд улс төрийн нам, шат шатны сонгуульд оролцогчдын хөгжил тодорхой түвшинд ахиж ирсэн ч анхаарах асуудлууд байсаар байна. Түүний нэг нь улс төрчид тэмдэглэлт ой, баярыг тохиолдуулан өөрийн сонгогдсон тойргийн иргэдэд төрөл бүрийн бараа бүтээгдэхүүн бэлэг нэрийн дор өгч ирсэн явдал юм. Энэ нь цаад утгаараа сонгогчдыг дорд үзэх, төсвийн мөнгийг үрэн таран хийх, дараагийн сонгуульдаа бэлтгэх ажилдаа орсон нь нийгэмд сөрөг сэтгэгдлийг төрүүлээд удаж байна. Мөн эмэгтэйчүүд, залуучууд улс төрд ороход хэт өндөр зардал, өртгийн босго болж буй нь маш том саад болж байна.
УИХ-д сонгогдсон бол хууль тогтоох ажилдаа, ИТХ-д сонгогдсон бол иргэдийн эрх ашгийг хангах ажилдаа төвлөрч, улс орноо, аймаг дүүргээ хөгжүүлэх үүрэгтэй юм. Гэтэл өдгөө тэтгэвэр нэмэхийг эсэргүүцсэн мөртлөө тавгийн идээгээр хуурах, ажлын байр бий болгохыг дэмжээгүй мөртлөө нэг удаа бэлэг өгөх, татварын таатай орчин бүрдүүлээгүй хэрнээ цугласан татвараас янз бүрийн бараа бүтээгдэхүүнээр хишиг хүртээж буйгаас бид зоригтой салах ёстой юм. Аль болгон нэг удаагийн аар саархан зүйлээр сонгогч иргэдээ аргалж хуурч ирэх билээ. Иргэд маань ч биднээс нэг удаагийн бэлэг, гурил будаа, тавгийн идээ өгөөчээ гэж шаардаагүй байх. Харин тэтгэврээ амьдралд хүрэхүйц болгох, үр хүүхдээ эрүүл аюулгүй орчинд өсгөх, сурагчдад чанартай боловсрол олгох, ажил хөдөлмөр эрхлэх таатай боломж бүрдүүлэхийг илүү хүсч байгаагаа байнга илэрхийлсээр байна.
Хорт хавдарын өвчлөлөөр дэлхийд тэргүүлж буй улсын хувьд эрүүл мэндийн оношлогоо, эмчилгээний чанарыг сайжруулах, эрүүл хүнс тарьж ургуулах, хүлэмжийн аж ахуйг эрхлэх иргэдэд туслах, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдээ дэмжих төсөл хөтөлбөрийг зарим гишүүд хэрэгжүүлж эхэлсэн нь иргэдийн талархлыг хүлээж байна.
Хааяа нэг загас өгөх биш үргэлж хэрэг болох загас барих аргыг бид зааж өгөх хэрэгтэй. Ийм учраас сөрөг хүчний төлөөлөл болсон бид УИХ-ын болон Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хуулинд дараах өөрчлөлт оруулахаар өргөн барих гэж байна.
“УИХ болон ИТХ-д сонгогдсон аливаа этгээд сонгогдсон хугацааны турш өөрөө болон бусдаар дамжуулж иргэдэд мөнгө, эд зүйл тараах, бараа, эд зүйл хөнгөлөлттэй үнээр худалдах”-г хориглоно.Энэхүү өөрчлөлтийг хийснээр аливаа сонгогдсон этгээд хуулинд заасан ажил үүрэгтээ анхаарах, сонгогчид ч хуулинд заасан ажил үүргийн биелэлтийг шахаж ажиллуулахад нэг алхам ахиц гарна гэдэгт итгэж байна” гэжээ.
More from Улс төр
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ДАРГААР БАТ-ЭРДЭНИЙН ЗОЛБОО СОНГОГДЛОО
Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн үр дүнгээр Сонгинохайрхан дүүргийн Монгол ардын нам Нийслэл, дүүрэгтээ 100 хувийн …
ЕРӨНХИЙ САЙД ДОРНОГОВЬ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА
Дорноговь аймагт баригдаж буй Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа. Газрын тос боловсруулах үйлдвэр нь Хамтарсан Засгийн газрын …
ХАМТАРСАН ЗАСГИЙН ГАЗАР 2024-2028 ОНД 14 МЕГА ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛНЭ
Төсөл-1 "Гашуунсухайт-Ганцмод" "Ханги-Мандал" "Шивээхүрэн-Сэхээ" хилийн боомтуудын хил дамнасан холболтын төмөр зам, ачаа тээврийн шилжүүлэн ачих терминалыг ашиглалтад оруулна. Үр дүн: Экспортын …