“Ковид-19” халдвараас урьдчилан сэргийлэх вакцины талаар Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадоржтой ярилцлаа.
-“КОВИД-19”-өөс урьдчилан сэргийлэх вакциныг олон сонголттой улсын хэмжээнд хийдэг болсоор багагүй хугацаа өнгөрч байна. Вакцинд хамрагдаж буй иргэдийн идэвх ямар байна вэ?
-Цар тахалтай нүүр тулж, түүнээс сэргийлэх, халдвар авсан тохиолдолд эмчилж эдгээх ажлыг зохион байгуулаад багагүй хугацаа өнгөрч байна. Энэ хугацаанд нийслэлийн эрүүл мэндийн салбарынхан маань хамгийн их ачаалалтай өдөр шөнөгүй ажиллаж байна. Иргэддээ хандаж хэлэхэд, “КОВИД-19” вирусээс сэргийлэх хамгийн том хүчин зүйл, хамгийн үр дүнтэй сэргийлэлт бол хувь хүний хариуцлага. Эхлэхдээ ч тийм байсан, одоо ч ач холбогдолтой хэвээр байна. Халдвар авах хүний тоо буурч байгаа. Тэглээ гээд иргэд тайвширч болохгүй. Вирусний халдвараас сэргийлэх үндсэн зарчим болох амны хаалт зүүх, амны хаалтаа хоёр цаг тутамд солих, олон хүн цугларсан газраар явахгүй байхыг дахин сануулъя. Хүнсний томоохон зах, худалдааны төвүүдээр хүмүүс хүүхдээ дагуулаад олноороо явж байна. Олон хоног, сараар үргэлжилсэн дэглэмээ одоо ч баримтлах хэрэгтэйг дахин дахин сануулъя. Аль болох онлайнаар, хүргэлтээр ажлаа амжуулахын зэрэгцээ онцын шаардлагагүй бол олон хүн цугларсан газраар үйлчлүүлэхгүй байх хэрэгтэй. Халдвараас хайртай бүхнээ хамгаалах нь хамгаас чухал шүү дээ. Өөрөө өвдөөд эдгэрсэн, эсвэл вакцинаа бүрэн тунгаа хийлгэчихсэн гэж тайвширч болохгүй. Вирус хамар залгиур болон амьсгалын замаар тээгдэн очиж, халдвар тараах эрсдэл байгаа учир болгоомжлох хэрэгтэй.
Дараагийн шинжлэх ухааны ололтод суурилсан урьдчилан сэргийлэлт бол вакцин. Вакциныг Монгол Улсад 2021 оны хоёрдугаар сарын 23-ны өдрөөс эхлэн тарьж байгаа. Нийт хүн амаа вакцинжуулах хөтөлбөр амжилттай хэрэгжиж байна. Энэ ажилд эрүүл мэндийн байгууллагынхан эрвийх дэрвийхээрээ ажиллаж байна. Хэдий тийм боловч зорилтдоо 100 хувь хүрч чадахгүй байгаа нь иргэдийн оролцооноос хамаарч байгаа. “КОВИД-19” вирусээс сэргийлэх насан туршийн дархлааг тогтоож чадахгүй гэдгийг ДЭМБ-аас зарлаад байгаа. Тиймээс дараа дараагийн эрсдэлээс сэргийлэхийн тулд нэмэлт тун зайлшгүй хийлгэх хэрэгтэй гэдгийг зөвлөж буй юм. Манай улсын Засгийн газраас ч нэмэлт тунгийн вакцинжуулалтыг эхлүүлсэн. Одоогоор нийслэлийн нийт хүн амын 25.2 хувь нь хамрагдаад байна. Тиймээс нэмэлт тунгийн вакцинжуулалтад идэвхтэй хамрагдахыг уриалъя. Та өөртөө хамгийн ойрхон вакцины цэгт очоод хийлгэж болно. Түүнчлэн 70-аас дээш ажилтантай албан байгууллага, аж ахуйн нэгжид бид дуудлагаар очиж, вакцин хийж байгаа.
Нийслэлийн хүн амын 50-аас дээш хувь нь вакцинжуулалтад хамрагдчихвал улбар шар түвшнээс шар түвшинд шилжинэ.
-Хүмүүсийн дунд вакцин гурван тун байхгүй, хоёр тун хангалттай гэсэн төөрөгдөл байна. Вакцины III тун хийлгэсний сөрөг нөлөө байх уу?
-“КОВИД-19 “халдварт цар тахал бол шинэ төрлийн өвчин. Эргэн санахад, хэдхэн жилийн өмнө улаан бурхан өвчин дэгдэлт хэлбэрээр гарсан. Бид хоёр тун вакцин хийгээд улаан бурхан өвчний насан туршийн дархлаа тогтдог гэж итгэж байсан. Гэвч дэгдсэн. Тиймээс насан хүрэгчид, залуучуудын дунд нэмэлт тунгийн вакцин тарьсан. Жил бүр тарваган тахлын вакциныг хүмүүс тариулдаг даа. Вирус бүрийн онцлог өөр. Тиймээс “КОВИД-19” халдварт цар тахлын тухайд ч нэмэлт тун хийж байж баттай хамгаална гэсэн үг. Судалгааны байгууллагын дүгнэлтэд ч вакцинд хамрагдсан хүмүүс өвдөх нь бага, өвдлөө ч эрсдэлгүй гэсэн байгаа. Засгийн газраас вакцины нөөцийг хангалттай бэлдсэн.
-Дэлхий нийтэд вакцин нь хүрэлцэхгүй улс орон цөөнгүй байгаа харагдсан?
-Тийм ээ, вакциныг сонголттой хийлгэх боломж олгож чадсан нь том амжилт. Вакцины ач тус гарч байна. Учир нь халдвар авах, эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх хүний тоо буурч байгаа. Энэ бол вакцинжуулалтын үр дүн. Тиймээс нийслэлийн хүн амын 50-аас дээш хувь нь вакцинжуулалтад хамрагдчихвал улбар шар түвшнээс шар түвшинд шилжинэ.
-Энэ сарын эхнээс урлаг, соёл, спортын үйл ажиллагааг эхлүүлсэн. Үр дүн ямар байгаа бол?
-Нийслэлийн иргэд бүрэн тун хийлгэсэн бол түргэвчилсэн шинжилгээ хийгээд үзвэр, үйлчилгээнд хамрагдаж болно. Гурван тунгийн вакцинтай бол шинжилгээгүй үйлчлүүлэх боломжтой.
-Зарим хүн “КОВИД-19”-өөр өвдөөд эдгэрчихвэл дархлаа тогтчихно, вакцин тариулах шаардлагагүй гэж ойлгоод байгаа. Энэ зөв үү?
-Дархлаа тогтоно. Гэвч тэр дархлаа насан туршид хамгаалахгүй. 3-6 сар хамгаалах магадлалтай. Тиймээс өвдөөд эдгэрсэн хүмүүс 21 хоногийн дараа нэмэлт тунд хамрагдах нь зүйтэй.
-Эмнэлгийн орны хүрэлцээ хэр байна вэ?
-Эрүүл мэндийн сайдын тушаалын дагуу ор зохицуулалт хийдэг. Гэвч сүүлийн үед зарим дэлгэсэн орыг цөөлж, үндсэн тусламж, үйлчилгээ рүү шилжүүлж байна. Шаардлагатай бол буцаагаад дэлгэх юм. Дэлхий дахинд хөнгөн хүмүүст гэрийн нөхцөлд хяналт, эмчилгээ хийж байгаа. Өндөр настан, архаг хууч өвчтэй болон жирэмсэн эхчүүдийг эмнэлэгт дараалал харгалзахгүй хэвтүүлэн эмчилж буй юм. Хүнд, хүндэвтэр хүмүүсийг шууд хэвтүүлж эмчилсэн нь үр дүнгээ өгч байгаа.
Эрүүл мэндийн салбарынхан маань амралтгүйг завсарлагагүй, ядарлаа гэж ялархалгүй ажиллаж байна. Эмнэлгийн ажилтан, эмч, сувилагч, асрагч, бүх ажилтнуудад баярлалаа. Иргэд маань эдгээр ажилтны итгэл, зүтгэлийг ойлгоосой гэж хүсэх байна. Вакцин тариулах нь боломж төдийгүй нийтийн сайн сайхны төлөө хийж буй таны хувь нэмэр байх болно гэдгийг хэлье.
More from Нийгэм
ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХАД БНСУ-ЫН ҮНДЭСНИЙ АВРАХ АЛБАТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
Баянзүрх дүүргийн Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөл гадаад хамтын ажиллагаагаа өргөжүүлэн тэлж БНСУ-ын Үндэсний аврах албатай хамтран ажиллахаар боллоо. …
“НОГООН ГЭРЭЛ-ЦАГААН ШУГАМ” АРГА ХЭМЖЭЭНИЙ ШИЛДГҮҮДЭД ШАГНАЛ ГАРДУУЛАХ АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО
Баянзүрх дүүргийн Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчдын дунд замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг олгох “Ногоон гэрэл-Цагаан шугам” тэмцээнийг зохион байгуулдаг. …
УРД ШӨНӨ ОРСОН ЦАСНААС ҮҮДЭН ХАЛТИРГАА ГУЛГАА ҮҮСЭХЭЭС СЭРГИЙЛЭН АЖИЛЛАЖ БАЙНА
Нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээний 6 байгууллага 28 техник хэрэгсэл, 260 хүний бүрэлдэхүүнтэй бэлэн байдлыг ханган ажиллаж авто замын зорчих …