Монгол Улс болон Оросын Холбооны Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг тэмдэглэх хүрээнд Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо, Оросын Холбооны Улсын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн Гадаад хамтын ажиллагааны хороо хоорондын “100 жилийн ойд зориулсан цахим уулзалт” өнөөдөр (2021.10.12) боллоо.
ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн Гадаад хэргийн хорооны дарга Г.Б.Карасин цахим уулзалтыг нээж хэлсэн үгэндээ, Монгол Улстай найрсаг харилцаа, хамтын ажиллагаагаа бэхжүүлэх нь Оросын Холбооны Улсын гадаад бодлогын тэргүүлэх зорилтын нэг хэвээр байгааг онцлон тэмдэглэлээ. Тэрбээр, манай хоёр улсын уламжлалт, сайн хөршийн найрсаг харилцаа нь олон жилийн хамтын ажиллагааны түүх, мөн худалдаа, эдийн засаг, соёл болон олон улсын тавцан дахь хамтын ажиллагаа дээр тулгуурладаг. ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин 2019 оны есдүгээр сард Монгол Улсад айлчлах үеэр “Найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай Монгол Улс, ОХУ хоорондын гэрээ”-г хугацаагүйгээр байгуулсан. Энэ нь уламжлалт, сайн хөршийн найрсаг харилцааг бүхий л салбар, чиглэлд тогтвортой өргөжүүлэн хөгжүүлэхийн илрэл юм. Орос, Монголын хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 100 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан өргөжүүлсэн арга хэмжээг ирэх арваннэгдүгээр сарын 5-нд хамтран зохион байгуулахаар төлөвлөж байна. Орос, Монголын харилцаа, тэр дундаа хоёр улсын парламент хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө тус хороо ихээхэн ач холбогдол өгч, ажиллаж байна гэлээ.
Монгол Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Баттөмөр хэлсэн үгэндээ, “Найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай Монгол Улс, ОХУ хоорондын гэрээ”-г соёрхон батлах явцад ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн Гадаад хамтын ажиллагааны хороо дэмжлэг үзүүлсэнд талархал илэрхийлэв. Тэрбээр, Монгол, Оросын парламент хоорондын хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд идэвхтэй өргөжиж байна. Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар энэ оны есдүгээр сард Вена хотод болж өнгөрсөн Дэлхийн парламентын спикеруудын V дугаар бага хуралд оролцох үеэр ноён К.И.Косачёвтай богино хэдий ч ажил хэрэгч, үр дүнтэй уулзалт хийснийг тэмдэглэв.
Мөн хоёр улсын харилцааны нэгэн чухал механизм бол Монгол, Оросын Засгийн газар хоорондын комисс юм. Тус комиссын ээлжит 23 дугаар хуралдаан энэ оны сүүлд зохион байгуулагдахаар байна. 2021 оны эхний 8 сарын байдлаар хоёр улсын худалдааны хэмжээ 1,4 тэрбум ам.долларт хүрч, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 35 хувиар нэмэгдсэн. Цар тахлын амаргүй үед энэ нь сайн үзүүлэлт гэж бид дүгнэж байна.
Түүнчлэн ОХУ-ыг БНХАУ-тай холбосон байгалийн хийн хоолойг манай улсын нутаг дэвсгэрээр дамжуулан барих төслийн судалгааны ажил амжилттай өрнөж байна. Өнгөрсөн хугацаанд Монголын тал “Газпром” компанитай хамтран ажиллах суурь баримт бичгүүдийг байгуулсан. Энэхүү томоохон төсөл нь Монгол, Оросын харилцаа болон гурван улсын хамтын ажиллагааны түүхэнд тодоор үлдээх бүтээн байгуулалт болж хэрэгжинэ гэж найдаж байгаагаа илэрхийлэв. Мөн дипломат харилцаа тогтоосны 100 жилийг ойг амжилт бүтээлээр дүүрэн угтаж байгаад баяртай байна гээд хоёр улсын хамтын ажиллагаанд парламент хоорондын хамтын ажиллагаа ч өөрийн жинтэй хувь нэмэр оруулах нь дамжиггүй юм гэлээ.
Үргэлжлүүлэн ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизов, Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Даваа нар Монгол, Оросын харилцаа, хамтын ажиллагааны хүрээнд үг хэлсэн юм.
Дараа нь бүс нутаг болон хил орчмын хамтын ажиллагааны талаар ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн Гадаад хэргийн хорооны дэд дарга, Холбооны Зөвлөлийн Монгол Улсын Их Хуралтай харилцах бүлгийн гишүүн Б.Б.Жамсуев, Монгол Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Оросын парламентын бүлгийн дэд дарга Ц.Анандбазар үг хэлэв.
Цахим уулзалтын хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Оросын парламентын бүлгийн дарга Н.Энхболд, ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн Нийгмийн бодлогын хорооны нэгдүгээр орлогч дарга, Холбооны Зөвлөлийн Монгол Улсын Их Хуралтай харилцах бүлгийн гишүүн А.Г.Варфоломеев нар Парламент хоорондын харилцаа, хүмүүнлэгийн хамтын ажиллагааны хөгжлийн талаар мэдээлэл хийв.
Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Баттөмөр цахим уулзалтыг хааж хэлсэн үгэндээ, хамтын ажиллагааг бодит шинэ арга хэмжээ, төслүүдээр баяжуулах чиглэлээр хоёр улсын Засгийн газрын байгууллага, аж ахуйн нэгжүүдийн зүгээс авч хэрэгжүүлж буй санаачилга, хүч чармайлтыг хууль тогтоох байгууллагуудын зүгээс идэвхтэй дэмжих тухай санал дэвшүүлсэн гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
More from Улс төр
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ДАРГААР БАТ-ЭРДЭНИЙН ЗОЛБОО СОНГОГДЛОО
Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн үр дүнгээр Сонгинохайрхан дүүргийн Монгол ардын нам Нийслэл, дүүрэгтээ 100 хувийн …
ЕРӨНХИЙ САЙД ДОРНОГОВЬ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА
Дорноговь аймагт баригдаж буй Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа. Газрын тос боловсруулах үйлдвэр нь Хамтарсан Засгийн газрын …
ХАМТАРСАН ЗАСГИЙН ГАЗАР 2024-2028 ОНД 14 МЕГА ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛНЭ
Төсөл-1 "Гашуунсухайт-Ганцмод" "Ханги-Мандал" "Шивээхүрэн-Сэхээ" хилийн боомтуудын хил дамнасан холболтын төмөр зам, ачаа тээврийн шилжүүлэн ачих терминалыг ашиглалтад оруулна. Үр дүн: Экспортын …