Enter.mn мэдээллийн сайтын сурвалжлах баг БНСУ-д ажиллаж, амьдардаг монгол иргэдийнхээ дуу хоолой болж байгаадаа баяртай байна. Гадаадын улс оронд сурч хөдөлмөрлөж, ажиллаж амьдардаг хэний ч өмнө манай сайтын үүд хаалга нээлттэй байх болно гэдгийг юун түрүүнд дурьдах нь зөв болов уу.
Энэ удаад бид БНСУ-д суралцангаа ажиллаж, амьдардаг оюутнууд болон гэрээтээр ажилладаг иргэдтэйгээ уулзаж санал бодлыг сонслоо. Тэд бүгд өөрсдийн гэсэн байр суурьтай, нийгмийн идэвхтэй, чадварлаг залуус. Тэдний хүсэл эрмэлзэл, хэлж буй үгс, Монголынхоо төлөө цохилох зүрх уншигч таньд нэгийг бодогдуулах биз ээ. “Нэг асуулт, өөр өнцөг” ярилцлагын буланд маань Солонгосын “Вэшин” сургуульд магистрантад суралцдаг, философийн багш Б.Бат-Эрдэнэ оролцлоо.
-БНСУ-д ирээд хэр удаж байна. Одоо юу хийдэг вэ?
-БНСУ-д сурч ажиллаад 3 жил болох гэж байна. Эхлээд хэлний бэлтгэлээ сурч төгсөөд одоо бол нийгмийн халамжийн чиглэлээр магистрантад суралцаж байгаа. Яг үндсэн мэргэжил бол философийн багш.
-Мэргэжил бүхэн сайхан. Тэгвэл таны мэргэжлийн сайхан нь юундаа байдаг вэ?
-Философийн багш мэргэжлийг би 2004 онд буюу зургадугаар ангид байхдаа сонгож 2008 суралцаж эхэлсэн. Философи бол аливаа зүйлийн үнэний асуудал, оршихуй, би-гийн эхлэл зэрэг маш олон танин мэдэхүйн шинжтэй асуултад хариулт өгөхийг хичээдэг. Гэхдээ энэ бол академик түвшний сургалт болоод явдаг. Гэтэл нөгөө талдаа философич хүн гэж хэн бэ гэдэг асуулт гарч ирдэг. Тэгвэл үе үеийн философчдыг судлахаар тухайн нийгэмдээ соён гэгээрлийн үүрэгтэй байсан. Монголоос бол Агваанбалдан, АгваанДандар, Данзанравжаа, Ренчин гуай гээд бүгд соён гэгээрүүлэх ажил хийсэн хүмүүс. Тиймээс би өөрийнхөө хэмжээнд энэ нийгмийн ямар соён гэгээрүүлэх ажилд хэрхэн, яаж оролцох юм бэ гэдгийг бодсон. Тэр ч утгаараа одоо миний хийж буй ихэнх ажлууд философийнхоо үүргийг ямар нэгэн байдлаар гүйцэтгэж байгаа гэж боддог. Тэгэхээр Философи мэргэжлийн онцлог нь нэг талаараа соён гэгээрлийн ажил, нөгөө талаараа танин мэдэхүйн ухаан юм.
-Энэ мэргэжлийн сонгох гэж байгаа залуустаа юу гэж зөвлөх вэ?
-Ер нь бүх мэргэжил 4 жилийн дараа капитал хөрөнгө бүтээх байдаг. Тэгтэл философийн мэргэжил бол ойрын 10 жилдээ мөнгө олохгүй шүү. Сургуулиа төгсөнгүүтээ мөнгөө олоод явчихдаг мэргэжил биш шүү гэдгийг залуучууддаа хэлмээр байна. Үнэхээр мэргэжилдээ дурлаад, шимтээд суралцах гэж байгаа бол “та өөрөө сайн байж чадвал үнэлэгддэг. Үнэ цэнэтэй лекц уншдаг” гэдгийг онцлон хэлье. Гэхдээ философийн чиглэлээр төгссөн хүмүүс хаана ч амьдрах чадвартай болдог юм шүү. Хөрвөх чадвартай мэргэжил юм.
-Философичид дотроо олон урсгалд хуваагдсан байдаг. Таны хувьд аль чиглэлийн философич вэ?
-Би идеалист талын буюу санаалаг ахуй, хүний оюун санаанд итгэдэг хүн. Бүр цаашилбал, рациональ, цэвэр оюун ухаанд итгэдэг. Тухайлбал, шалгалтанд орох гэж байлаа гэхэд эхлээд өөртөө найдна, хоёрт ээжээ хүүдээ залбираарай гэдэг. Хүн хаанаас эхлэлтэйгээ мэдэж байх ёстой. Гуравт, эрдэм номынхоо өргөө, багш нартай нэг мөргөчихөөд эхлүүлдэг. Ер нь өөрийнхөө оюун ухаанд илүү найдахыг чухалчилдаг. Хүнд өөрөөс нь өөр хэн ч туслахгүй шүү дээ.
Жил бүр зүрхний хагалгаанд орох монгол хүүхдүүдийг Солонгост авчирж үнэ төлбөргүй хагалгаанд оруулдаг
-Нийгмийн хөгжилд хувь хүний оролцоо гэсэн сэдвийн хүрээнд ярилцлагаа үргэлжлүүлье. Хувь хүний эерэг өөрчлөлт нийгэмд нөлөөлж чадах уу. Таны хувьд үүн дээр ямар бодолтой явдаг вэ?
-Ямарч тоо нэгээс эхэлдэгтэй адил нэг хүн өөрчлөлт хийж эхэлвэл 2, 3 гээд өсөөд явах бүрэн боломжтой. Миний хувьд БНСУ-д ирчихээд хоёр зүйлийг их тунгаан бодсон. Энд байгаа хүмүүс 10 цаг ажиллаж, 10 цаг унтаж 4 цаг метроддог гээд бодъё. Өөрөөр хэлбэл, унтаж, ажлаад, метронд яваад амьдрал нь дуусчихаад байгаа юм. Ийм замаар явж байгаа мянга, мянга хүн бий. Мэдээж Солонгост метронд 4 цаг зарцуулах нь хууль. 10-12 цаг ажиллаж байж цалингаа авах нь тодорхой. Тэгвэл үлдсэн цагт нь өөрийгөө хөгжүүлж нийгэмдээ хувь нэмрээ оруулах тал дээр анхаарах зүйтэй юм. Хүмүүс амралтын өдрийг аль болох гэртээ өнгөрөөхийг хичээдэг. Харин би эсрэгээрээ амрахыг илүүд үзэхгүйгээр хаана туг баримаар байна, хаана хүнтэй уулзах шаардлагатай байна тэрийгээ хийгээд явдаг. Нэг юм хийж эхлэхэд өөр шинэ санаа урган гарч, хөгжсөөр байдаг. Тиймээс нэг хүн хөдөлмөрлөж, өөрчлөгдөж эхэлвэл тухайн хүний нөлөөллөөр мянга мянган хүн өөрчлөгдөх боломжтой болдог.
Одоогийн ерөнхийлөгчийг магтаж байгаа юм биш. Гэхдээ “Үүрд унтахаас хойш залуус минь бос” гэж сайхан үг хэлсэн байдаг. Миний хувьд үүнтэй санал нийлдэг. Харин байгаа боломжоо ашиглах хэрэгтэй.
-Таны хувьд богино хугацаанд Солонгост ирээд буй монголчууддаа аль болох туслахыг хичээдэг гэж сонссон. Магадгүй энэ ч таны өөрчлөлт байхыг үгүйсгэхгүй. Санал нийлэх үү?
-3 сарын визтэй ирсэн Монголчууддаа аль болохыг туслахыг хичээдэг. Гэртээ авчирж хооллож ундлаад, метроны буудал заагаад, цалин хөлсөө авч чадахгүй бол авах талаас нь хөөцөлдөж өгдөг. Гэхдээ би бүх хүнд тусалж чадахгүй. Монголоос жилд 100 000 хүн визэнд орж байхад бүгдэд нь туслана гэж байхгүй шүү дээ. Магадгүй 1 хувьд нь ч болтугай тусалчих юмсан гэж хичээдэг. Харин үлдсэн хүмүүст нь дуу хоолойгоо хүргэхийг зорьдог. Хариу нэхэхгүй тус эргээд буян болоод ирдэг гэдэгт би итгэдэг. Тэгэхээр нэг хүн өөрчлөгдөж эхэлвэл хажуудахдаа нөлөөлнө. Тэр хүн нөлөөлснөөрөө дараагийн хүнд гээд үржээд явдаг. Харамсалтай нь сайн үйлээрээ нөлөөлөхийн тулд хүн 10 үйлдэл хийж байхад, муу нөлөөлөлд ганцхан үйлдэл л хангалттай байдаг. Тэр дундаа нийгэм маань өөрөө салхи шиг байхад сайн талаараа нөлөөлнө гэдэг маш хэцүү.
Дашрамд хэлэхэд, нэг лаа нөгөө лаагаа асаахад юу ч хоргодохгүй. Тэгэхээр олуулаа л асая.
-Тэгвэл нийгмийн аль хэсэгт өөрийн дуу хоолойгоо хүргэхийг зорьж байна. Цаашдын зорилгоосоо хуваалцахгүй юу?
-Өөрийн сонирхол, чиглэлийнхээ дагуу нийгмийн сайн дурын ажилруу орсон. Үүнийгээ ч үргэлжүүлээд явна. Мөн үндсэн мэргэжил болох философийн багшийн ажлаа орхихгүй. Солонгост ирснийх магистрант, доктороо дуусгаад Монголдоо буцах байх.
Нийгмийн халамжийн ажил жинхэнэ утгаараа Солонгос улсад хэрэгжиж чаддаг. Энэ улсын нийгэм нь өөрөө хүнийг яавал эрүүл, аюулгүй, урт наслуулах уу гэдгийг л бүх талаас нь хангах гээд байдаг. Хүүхэд, настан, ганц бие ээжүүд, гадаад иргэн гээд бүгдийг цогцоор нь авч үздэг халамжийн бодлоготой. Тухайлбал, хотын захиргаанаас нь өвлийн цочир хүйтэнд иргэдээ дааруулахгүйн тулд автобусны буудлууд дээрээ саравч байршуулчихдаг. Тоосонцор ихтэй сарууддаа автобус, метро нь үнэгүй болчихдог. Энэ мэт хүний эрүүл аюулгүй амьдралын төлөөх бодлогууд их бий. Тиймээс би энэ орноос суралцаж, эндээсээ Монголруугаа нийгмийн халамжийн чиглэлийн ажлууд хийдэг болоод байгаа.
Хэд хэдэн ч төсөл санаачилсан. Тухайлбал, жил бүр зүрхний хагалгаанд орох монгол хүүхдүүдийг Солонгост авчирж үнэ төлбөргүй хагалгаанд оруулж байна. Энэ жил л гэхэд 12 хүүхэд хагалгаанд орохоор төлөвлөгдсөн байгаа.
Энэ зургаадугаар сард Нийгмийн халамжаар сурдаг багш нарыгаа Монголд аваачиж нийгмийн халамжийн тогтолцоотой танилцуулах 4 өдрийн семинар зохион байгуулах гэж байна. Наймдугаар сард Ансан хотын Танвон эмнэлгийнхэн бүрэн бүрэлдэхүүнээрээ монголруу үзлэг оношлогооны ажлаар сайн дураараа явна. Энэ мэт миний хийж чадах зүйл бол эдгээр сайн үйлсийн ажлыг Монголруу холбож байгаа явдал.
-Монголд байхдаа нийгмийн халамжийн чиглэлийн ажил хийж байв уу?
-Хүүхдийн гэр цэцэрлэг хөтөлбрийг маш амжилттай хэрэгжүүлсэн. Баянзүрх дүүрэгт 4 гэр цэцэрлэг нээгдэхэд би төслөө бичээд оролцоод явж байсан. Ер нь нийгмийн халамжийн чиглэлийн ажилд их хоббитой.
Монголдоо костьюм пиджактай ажилладаг байсан бол Солонгост ирээд контейнэрт амьдарч, уулан дээрээс байцаа түүж цэвэрлэдэг ажил хийж эхэлсэн
-Анх энэ улсад ирэхэд ямар бэрхшээл гарч байв. Хүн л юм чинь эх орон, ээж ааваа санахаас эхлээд тэсвэр алдаж байсан мөчүүд их л байсан байх. Яг тийм үед өөрийгөө хэрхэн тайтгаруулж байв. Мөн гадны улсыг зорих гэж буй залуустаа хандаж юу гэж хэлмээр байна?
-Солонгос орныг би “жаргал нэмдэг зовлонгууд минь” гэдэг өгүүлбрээр тодорхойлдог. Энэ оронд ажиллаж хөдөлмөрлөөд жаргалтай байгаа юм шиг харагдаж байгаа ч яг мөн чанартаа зовоод байгаа юм л даа. Эх орон, ээж аав, үр хүүхдээсээ хол, хань ижил хоорондоо хол. Хүний нутгийн салхи нь хүртэл хүйтэн, хүүгээ хүлээж суугаа ээжрүүгээ хүсэл хорьсон хилийг нь даваад гүймээр болчихсон залуучууд маш олон бий. Даанч зорилго, хүсэл мөрөөдөлдөө уягдаад байгаад байдаг. Үнэхээр эх орондоо сайхан амьдраад болоод байвал Солонгос оронруу ажил хийхээр зүглэхгүй л байх хэрэгтэй. Солонгост ирээд л мөнгө хураагаад явчихдаг юм биш шүү. Хураахаасаа өмнө хөрсөө бэлдэнэ, тарьж, бордож, ургуулна гэдгээ бодолцох ёстой.
Сав болгон сүүдэртэй, цагаантай гэдэг шиг Солонгосын нийгэмд ч муухай зүйл их бий. Тухайлбал, Солонгос хүн монгол хүнийг хэрэгт түлхэж байна. Гадаадууд хоорондоо маргалдаж байна. Маргааны үндсийг Солонгосчууд тавьж байна зэрэг энэ нийгэмд олон муухай зүйл байдаг. Тэгэхээр ирэхээр шийдсэн залуучууд энэ бүгдийг тооцож сэтгэлзүйн бэлтгэлтэй ирэх ёстой.
Анх ирээд миний нус бол хацартаа биш дагзандаа наалдсан. Би Монголдоо костьюм пиджактай ажилладаг байсан бол энд ирээд контейнэрт амьдарч, уулан дээрээс байцаа түүж цэвэрлээд л явж байгаа юм. Өдөр нь хичээлдээ явж, шөнө нь нойргүй ажилладаг. Цурхиртал уйлсан үеүд зөндөө байдаг.
Монголдоо очоод таксинд суухад 10 хүний 7 нь Солонгост ажиллаж байсан хүмүүс байгаа юм. Тэд “Миний дүү Солонгост байх хугацаандаа мөнгөө сайн хурааж, мэдлэгээ сайн ахиул. Ах нь ирчихээд харамсч байна” гэж байгаа юм. Энд ажиллаж байгаад Монголын хөрсөн дээрээ очсон хүмүүс мэргэжлээрээ олон жил ажлаагүй гэдгээрээ ажлын туршлагагүйд тооцогдчихдог. Нөгөөтэйгүүр танилын хүрээ л байхгүй бол ямар ч ажил бүтэхгүй. Монголын нийгэм маань ийм л байна. Хүмүүс нь өр зээлэнд баригдсан, улс орон нь мөнгөний хомсдолтой. Гэхдээ Улаанбаатарын баарууд дүүрэн байна лээ. Тэгэхээр нэг хэсэг нь мөнгийг маш ихээр үрж байна. Үлдсэн хэсэг нь өлсгөлөн, ядуу байгаа юм. Ийм байж болохгүй. Магадгүй 1-2 үе золиослогдох ёстой гэж би харсан. Тэгж байж энэ нийгэм цэвэрших байх. Одоо бол маш том шуналын давалгаа явж байгаа. Гэхдээ яах вэ эх орондоо сайхан амьдрах боломж гарч ирнэ гэж найддаг юм.
-Цурхиртал уйлах үедээ яаж тайтгарч байв?
-Айлын бага болоод ч тэрүү ээжрүүгээ л ярьж тайтгарна. Ээжийн маань эгч гэж ахмад настай хүн байдаг. Асуудал гарч, шийдвэр гаргах болохоороо тэр хүнрүү залгаж зөвлөлдөнө. Настай хүнээс үг сонсох шиг сайхан юм байдаггүй. Уг нь эр хүн нулимсаа нуудаг л гэдэг. Би бол сайхан уйлаад тайтгарчихдаг. Мөн өөрийгөө зоригжуулна. Гэхдээ ямарч юмны эцсийг хүртэл явахаар боломж олддог. Солонгост оюутан байх амаргүй. Банкны баталгаа болон бусад төлбөрийн асуудлаа шийдэхгүй бол виз сунгагдахгүй. Тэглээ гээд гэрлүүгээ залгахад тэтгэврийн мөнгөө авч байгаа хүнээс юу харах вэ дээ. Гэхдээ би их азтай хүн. Их хөдөлмөрлөсөн хүнд их аз ирдэг гэж аугаа аварга М.Даваажаргал хэлж байсан. Энэ ч үнэн юм билээ.
-Өдөр шөнөгүй ажиллана. Хажуугаар нь элэг нэгтэндээ туслана. Бүр болоогүй Монголруугаа сайн үйлсийн төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлнэ. Тун завгүй, хөдөлмөрч, дайчин залуу нас. Тиймүү?
-Энэ бүхэн маань надад тайтгарал авчирдаг. Монголынхоо өвчин зовлонтой хүүхдүүдэд аян зохиогоод тусалчихдаг. Энд нэг хүүхэд өвдчихсөн байна гэвэл яваад очдог.
Монголд улаанбурхан өвчний дэгдэлт ихэсч байхад Солонгост байгаа Монголчууд маань хандив зохиож тусалсан. Энэ мэт хүний төлөө олон төрлийн компанит ажил хийнэ. Гэхдээ нэг зүйл нь өнөө цагт монгол хүн монгол хүнээ хараад баярлах биш зугтдаг, айдаг болчихсон байна. Монголчууд нэг дор ажиллаж чадахгүй нэгнээсээ болж ажлаасаа гардаг тохиолдлууд ч ихэслээ. Уг нь ийм байж болохгүй. Надад маш харамсалтай байдаг.
Монголд очиж буй буцалтгүй тусламжаас Сангийн яам такс нэхээд суучихдаг
-Солонгос орны хөгжлөөс эсвэл бодлогоос юуг нь Монголдоо бий болоосой гэж хүсч байна. Энэ орны ийм зүйлийг л эх орондоо нутагшуулчих юмсан гэсэн юм байна уу. Магадгүй таниас зөв шийдэл, шинэ санал санаачлага гарахыг үгүйгэхгүй шүү дээ?
-Монголчууд маань тэмцэл, жагсаал цуглаанаас илүү зөв шийдэл гарц эрэлхийлсэн оюунлаг талруугаа болж байгаа. Гэхдээ Солонгосын нийгмийн халамжийн бодлого Монголд ч хөгжөөд эхлээсэй гэж хүсч байна. Төрөөс хамааралгүйгээр хүчирхийллийн эсрэг тэмцэж чаддаг. Хувийн байгууллага нь хандиваараа хүчирхийллийн эсрэг, хүүхэд ахмадуудын төлөө дорвитой ажлууд хийчихдэг. Тухайлбал, асрамжын газарт яваад очиход төр нь 50 хувь, хувийн хэвшил нь 50 хувийн оролцоотой хувь нэмрээ оруулаад явж байх жишээний. Өөрөөр хэлбэл, төрийнхөө ачаанаас хуваалцдаг байгаа юм.
Хандив өгдөг хүмүүс нь ч бүр тогтчихсон. Цалингаасаа өдөрт 1 доллар ч гэдэг юм уу өгөөд сурчихсан. Яг иймэрхүү байдлаар юм л бол төр засаг гээд байхгүй өөрсдөө зохицуулаад явдаг жишигрүү орчихвол нийгмийн халамжийн зөв бодлого юм.
Нэг удаа би Японоос хоёр түргэний машин Монголруу буцалтгүй тусламжаар оруулахад татвар тавьчихсан. Нэг машинаас 7 сая төгрөг, 2 машин 14 сая төгрөг гээд. Япончууд замынхаа зардлыг даагаад манай улсад хоёр үнэгүй машин хандивлаад байна шүү дээ. Гэтэл Сангийн яамнаас хандив ч байсан хамаагүй манай улсын хуулинд захирагдаад таксыг нь төлөөд оруул гэж байгаа юм.
Үүгээр зогсохгүй, Солонгосоос үнэгүй үзлэг, оношлогоо хийлгэхэээр эмч нар аваад очно. Нөгөөдүүл нь эм тариа, тоног төхөөрөмж, аппаратаа авч очихыг хүснэ. Гэтэл гааль дээр татвар нэхээд суучихдаг. Энэ мэт манай улсын бодлогооороо хандивын үйл ажиллагаанд хүртэл хүндрэл гаргаж байдаг. Гэтэл бусад оронд хандив тусламж очиход ядаж л замын зардлынх нь 50 хувийг Засгаасаа гаргаад өгчихдөг. Ямар нэгэн татвар байдаггүй.
Тэгэхээр Монголд нийгмийн халамжийн бодлогыг илүү гоё нутагшуулах ёстой. Хэрэгцээ шаардлага нь ч байгаа. Харамсалтай нь ийм зүйлд Монголын төр хөдөлж өгдөггүй. Хуулиараа зохицуулдаггүй. Манай орныг ядуу буурай гэсэндээ биш, өөрсдөд нь мөнгө нь илүүдсэндээ ч биш зүгээр л нийгмийн сайн үйлсийн ухамсартай болчихсон ард түмэн байхгүй юу. Өөрсдөө зовж, өлсөж үзсэн хүмүүс.
Нөгөөтэйгүүр сайны хажуугаар саар гэгчээр, тусламж болгон сайхан сэтгэл биш байдаг юм билээ. Гуравдахь ч орноор дамжуулж мөнгө угаадаг гэх зүйл ч байдаг. Тиймээс хамгийн гол нь энэ тусламж эзэндээ хүрнэ гэдгийг батлаад өгчихсөн байхад хуулиараа зохицуулах л шаардлагатай. Тусламж, хандив, халдлага дээрмийг ялгаж салгадаг байх хэрэгтэй.
-Манай улсад сайн дурын аян, тусламж гээд явдаг. Гэхдээ нийгмээрээ нийтээрээ биш хэсэгхэн хүмүүсийн дунд л болоод өнгөрчихдөг. Гэтэл энэ улсад эсрэгээрээ юм гээч?
-“Лантуун дохио” төрийн бус байгууллагын “Ид шидийн орон” гээд төсөл байдаг. Уг үндэс нь Солонгост ажиллаж амьдарч байсан талийгаач Солдат Гүлсара гэж хүний санаачилсан төсөл. Тэр бол төрийн ачаанаас хуваалцсан анхны маш том аян. Монгол улс иргэдтэйгээ нийлээд 1 тэрбум төгрөгний төсөв босгосон. Энэ бүхнээс сайхан гэрэл харагдаж байгаа биз. Энэ мэт нийгмийн халамжийн бодлогыг цааш нь улам дэмжээд явуулах хэрэгтэй гэж харж байна.
БНСУ-д суугаа Монголын Элчин сайдын яам, Консулын үйл ажиллагаанд сэтгэл дундуур байдаг
-БНСУ-д суугаа Монголын элчин сайдын яам, консулын газар болон бусад төрийн байгууллагуудын үйл ажиллагааг хэрхэн дүгнэх вэ. Ер нь Монголынхоо төрийн байгууллагуудаас үйлчилгээ авч байсан уу?
-Миний хувьд Солонгост суугаа Монголын элчин сайдын яаманд шүүмжлэлтэй ханддаг хүмүүсийн нэг. Нэгдүгээрт, элчин сайдын яамны бүс гэдэг чинь Монгол Улсын газар нутаг гэсэн үг. Харин элчин сайд нь тухайн улс оронд ажиллаж амьдарч байгаа монгол иргэддээ эрхзүйн бөгөөд бусад нийгмийн байдлаар хариулт өгч туслах үүрэгтэй томилогдсон хүн. Тэнд байгаа ажилчид хуулийн үйлчилгээ бусад шаардлагатай тусламжийг үзүүлэх ёстой үйлчилгээний ажилчид шүү дээ. Гэтэл энд эсрэгээрээ. Хэн нэгэн монгол хүн өвдөж, нас барахад бараг өөрөө ир гээд сууж байдаг улс. Солонгос шиг харилцаа холбоо, унаа хөгжчихсөн оронд байж өөрсдөө иргэддээ үйлчлэх хэрэгтэй шүү дээ.
Хоёрдугаарт, элчин сайдын яаман дээр очоод үйлчилгээ авах гэхээр ёс суртахууны хувьд маш их доголдолтой, хүнд сурталтай. Үүнийг Солонгост байгаа монголчуудын ихэнх нь дуу нэгтээ хэлнэ.
Гуравдугаарт, төрийн үйлчилгээ гээд төсвөөс мөнгө гаргуулаад байж байгаа энэ хүмүүс яг юу хийж байгаа юм бэ. Нийгмийн гал гарсан халуун цэгүүд дээр тусалж чадаж байгаа юм уу. Яг үнэнийг хэлэхэд, Солонгост байгаа төрийн байгууллагууд гэхээсээ төрийн бус байгууллага, клубууд монгол иргэддээ хүрч үйлчлээд байдаг. Тэд ядаж л сагсан бөмбөгийн тэмцээн зохиогоод түүнд орж ирсэн мандатын орлогоо 100 хувь нэг өвчтэй монгол хүүхдэд хандивлаж байна. Уг нь үүнд Солонгост байгаа Монголын төрийн байгууллагууд гар бие оролцоод явах ёстой.
Хууль эрхзүйн туслалцаа авахад үнэгүй өмгөөлөгч байдаг л гэсэн. Гэхдээ хэзээ ч би тэр хүнтэй уулзаж байгаагүй. Миний хувьд эрхзүйн тусламж авах гэсэн олон хүнийг элчин сайдын яамтай холбож өгч байсан. Гэтэл өмгөөлөгчийн туслалцаа авсан нэг ч иргэн байгаагүй.
Тухайлбал, 3 сарын визтэй ирээд өчнөөн асуудалд орноо.. Зодуулна Цалингаа хулхидуулна. Гудамжинд хоного төөрүүлнэ. Өөрсдөө газар мэдэхгүй төөрнө. Яаа маш их бэрхшээл дунд л зүтгэнэ шдээ.. Ийм тохиолдолд энэ охин хэнд хандах юм. Төрдөө л хандана шүү дээ. Мөн хуримаа хийж, гэрлэлтээ батлуулахаар очсон хоёр хосыг загнаж, зандараад гаргаж байх жишээний. Уг нь тэдгээр хүмүүсийн хамгийн нандин мөч шүү дээ. Анх удаагаа гэрлэж байгаа хүмүүс хаана гарын үсэг зурахаа ч мэдэхгүй сандарч тэвдэж болно. Гэтэл загнаад гарын үсэг зуруулаад, батлахыг нь нүүрлүү нь шидэх шахуу гаргаж байгаа юм. Ийм төрийн үйлчилгээ байж болохгүй. Үүнийг харж, хянадаг байгууллага байгаасай гэж боддог. Монгол Улсаа төлөөлөн суугаа төрийн албан хаагчдыг Гадаад хэргийн яамнаас томилж байгаа. Магадгүй нэг хүн томилоод тэр нь багаа бүрдүүлээд ирдэг байх. Тиймээс миний хувьд янз бүрийн асуудлаар Гадаад хэргийн яамруу захиа хэд хэдэн удаа бичиж байсан.
Гадаад харилцааны яамнаас Элчин сайдын газартаа ядаж нэг АТМ тавиад өгчихөж болдоггүй юм уу?
-Захидлынхаа хариуг авч байв уу?
- Нэг ч удаа хариу авч байгаагүй.
Б.Хурц гэдэг хүн ирээд хэрхэн өөрчлөгдөхийг би хэлж мэдэхгүй. Өмнөх Ганболд гэдэг консул чухам тууз хайчлахдаа л гарч ирдэг. Солонгост болж буй үйл ажиллагаа, арга хэмжээнд Ганболд консул л явж байна лээ. Бусан хот дахь консулын газар ч ялгаагүй. Монгол хүний алтан амь хилийн чанадад эрсдэх тохиолдол их гардаг. Ядаж үүн дээр төрийн байгууллагууд маань хүрч ажиллаасай.
Бусад ажиллах хүч илгээдэг гадны улсынхан хүнээ дээдэлж чаддаг. Өөрийнх нь улсын нэг гэрээт ажилчин солонгос эзэндээ зодуулахад интернет даяараа, дэлхий даяараа эсэргүүцэж байна. Гэтэл Монголын нэг иргэн хуруугаа гэмтээхэд архичин, арчаагүй болоод үлддэг. Уг нь төр нь хамгаалах ёстой байхгүй юу. Дахин нэгэн жишээ ярихад, 3 сарын визтэй ирсэн ах хүү Солонгост цочир хүйтэрсэн үед ирээд мөсөн дээр хальтирч унасан байгаа юм. Гэтэл бүдүүн нарийн гэдэс нь тасарсан гэдгийг мэдэхгүй хоёр хоног явчихсан. Энэ хүний хувьд 7 хоногийн дараа нас барсан. Ах хөөрхий өөрөө мөнгө олох гэж ирсэн. Өвдсөн сургаар нь ар гэрийнхэн нь өр тавиад л ирж байгаа юм. Тэгэхэд элчин сайдын яамны нэр бүхий хүн өндөр өртөгтэй воны үнэтэй тариа шүү хийх үү гэж асуусан. Хүнээ үхүүлэхгүйн тулд хэдэн төгрөг ч байсан хийе л гэнэ шүү дээ ар гэрийнхэн нь. Гэтэл эмнэлгийн төлбөр төлбөр маш их болсон . Эхнэр нь ханиа алдаж, хүүхэд нь эцгээ алдчихаад маш хүнд байхад эмнэлгийн зүгээс энэ төлбөрийг өгөөгүй бол цогцсыг өгөхгүй.
Бид нарын зүгээс эмнэлгийн захиралд нь тухайн төлбөрийн ядаж тодорхой хувийг ч болов хандиваар цуглуулж өгсөн. Тэгээд үлдсэн хувийг нь эмнэлгийн захиргаанаас цайруулж байгаа юм. Эмнэлгийн дарга нь маш сайн хүн байсан. Ингээд хамгийн бага зардлаар талийгаачийн ар гэрийнхнийг гэрт нь хариулахад тусалсан. Энэ бүхнийг Солонгост байгаа монгол залуучууд, төрийн бус байгууллагууд л хийсэн. Төрийн оролцоо байхгүй. Үүнд төр оролцож, иргэдээ хамгаалах ёстой.
Монголын төрийн байгууллагуудаас миний ажигласнаар ганц гайгүй ажлаа хийж байгаа нь Нийгмийн хамгааллын яамны харьяа Нийгэм халамжийн хэлтэс. Тэд нийгмийн даатгалаа сайн төлдөг монголчуудаа урамшуулж, халамжийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй төрийн бус байгууллагуудаа дэмжиж ажилладаг. Тухайн үед н.Өнөрзаяа дарга байсан. Одоо дарга нь бас өөрчлөгдсөн байна лээ.
Энэ дашрамд Гадаад хэргийн яаманд хандаж нэг зүйл хэлмээр байна. Улаан паспорт сунгадаг хэвлэдэг машин улсын бүртгэл дээр байх шиг байгаа юм. Энэ элчин сайдын яамдуудад нэгийг тавьчихаж болдоггүй юм уу. Энд байгаа хүмүүс Элчин сайдын яаман дээр очоод паспортоо сунгуулахад 1-2 сар болдог. Бүр Монголд байгаа ах дүү хамаатан садандаа захиж пасспортоо сунгуулдаг. Төрийн үйлчилгээг харснаас бараг хувиараа хөөцөлдсөн нь хурдан тусдаг. Ийм байж болох уу. Бүр болдоггүй юм аа гэхэд, Элчин сайдын яамандаа ядаж нэг Солонгосын банкны АТМ тавиад өгчихөж болдоггүй юм уу.
-Хамгийн сүүлийн асуултаараа визний талаар ярилцая. Өөрийн таньд хувьд оюутны визтэй. Тэгэхээр оюутны визний талаар манай уншигчдад мэдээлэл өгөхгүй юу?
-Солонгост байгаа Монголчуудад виз гэдэг маш чухал асуудал. Бурханы виз буюу харласнаасаа болж дарамтлагдах, шантаажинд орох явдлууд гарна. Хууль ёсны визтэй амьдраснаараа олон төрлийн давуу тал, эрхүүдийг эдэлнэ. Тэр дундаа оюутны визний талаар ярихад, хэлний бэлтгэл, бакалавр, магистр, доктрант гэсэн түвшинд л хуваагддаг. Хэлний бэлтгэлийн виз бол харьцангуй сунгагдана. Бусад түвшнийх хүндхэн байдаг. Одоо бол магистрын визний сунгалтан дээр ч нутаг буцаах тохиолдлууд гарч байгаа. Өнөөх л банкны хуулга, дансны үлдэгдлээс шалтгаалж шүү дээ. Өөрөөр хэлбэл, бусад визийн адил оюутны виз ч чангарч байгаа.
Оюутнууддаа хандаж хэлэхэд, виз сунгахад ирц, дүн, дансны хуулга зэрэг чухал байдаг. Манайхны хувьд шөнө ажиллачихаад маргааш нь тасалж, хоцордог. Мэдээж хичээлээ таслаад шөнөжин ажилласан хүүхэд хичээлийн дүнгийн үзүүлэлт муу байна. Үүнээс болж виз сунгалтанд нь асуудал үүснэ.
Бүр 3 сарын аялалын визтэй хүн оюутны визрүү хөрвөж сольж болдог байсан. Одоо бол ийм зүйл байхгүй болчихсон.
Одоо оюутны визийг сунгахад банкны баталгаа буюу дансан дахь амьжиргааны зардалд шаардлагдах мөнгө байгаа эсэхийг шалгаж байна. Тэр мөнгийг түр байшуулж өгдөг хүмүүсээс тусламж аваад үзүүлдэг байсан бол оюутны визэнд өөрчлөлт орж Монголоос Солонгосын банкинд шилжүүлэг хийсэн хуулгыг шаарддаг болсон. Нөгөөтэйгүүр энд байгаа зарим оюутнууд асуудал үүсгэж байна. Үүнээс болж монголд байгаа оюутнуудын визэнд нөлөөлдөг. Өнөөх хичээл таслалт, дүнгийн үзүүлэлт, хичээлээ хаях зэргээс болж дараа дараагийн оюутнуудад хүндрэл учруулаад байдаг. Мөн оюутнууд хэрэгт их холбогдож байна. Архидан согтуурч, хулгай дээрмийн хэрэгт холбогдож харлах явдал ихэсч байгаа. Энэ бүгдээс болж сүүлийн үед бүр нас заагаад эхэлсэн. 25-аас дээш насны хүмүүсийн визийг сургалтаар гарахыг багасгасан.
-Дөнгөж суралцахаар БНСУ-д ирээд буй мөн суралцах гэж буй залуустаа зарим мэдээллийг өгмөөр байна л даа. Оюутнууд маань сургуулиа сольж болно биз дээ?
-Болохгүй яахав. Гэхдээ сургууль солихдоо санаатай санаандгүй алдаанууд их гаргадаг. Мөн нэг зүйл нэмж хэлэхэд, жижиг сургуулиар визэнд ороод дэмий. Тэр сургуулиуд чинь энд аль хэдийнэ нэр хүндээ алдчихсан. Оюутнуудаа захирч, удирдаж чадахгүй болчихсон байдаг. Харин том сургуулиуд бол сур, үгүй бол яв гэдэг. Гадаадын иргэн харьяатын газраа ч ийм сургуулиуд нь үнэлгээ өндөртэй байдаг. Сөүлийн их сургууль л гэхэд банкны баталгаа шаардагдахгүй визийг нь сунгаж байх жишээний.
-Бидний асуугаагүй орхигдуулсан, таны хэлэхийг хүссэн зүйл бий юу. Яг одоо хэлэх боломжийг таньд олгож байна. Учир нь ярилцлагаа энэ хүрээд өндөрлөе ?
-Ер нь хүн хүнээрээ дутаж явдаг хорвоо. Тиймээс Солонгост байгаа Монголчууд минь нэг нэгэндээ дэмтэй байгаарай гэж хэлмээр байна. Бид анх ирэхдээ юу ч мэдэхгүй л ирдэг. 1-2 жилийн дараа юм болгоныг мэдчихээд мэдэхгүй хүнийгээ юу ч мэдэхгүйгээр нь битгий дээрэлхэж, дарамталж байгаарай. Бүгд л хүнээр заалгаж хүн болдог. Гэтэл ажлаа мэддэг, хэл сайн хүнийг ажилд авна гэж байх жишээний. 3 сараар ирсэн хэл ус муу, учраа ч олоогүй Монгол таун дээр ачаагаа чирчихсэн яваа залуу хэрхэн наад шалгуурт чинь яаж тэнцэж, яаж очих юм бэ.
Явж явж Солонгост удсан хүмүүс л шинээр ирж байгаа хүмүүсээ айлгачихдаг. Хил гарах гэж байгаа хүмүүст, монгол хүнээсээ л болгоомжтой байгаарай, уулзая гэсэн хүндээ л хандаарай зэрэг захиас хэлж байна. Тиймээс би энд байгаа хүмүүстээ хэлэхэд, бүгд адилхан юу ч мэдэхгүй ирж байснаа санаж шинээр ирж буй хүмүүсээ битгий гадуурх. Адилхан л өр тавиад л ирж байгаа шүү дээ. Тэдэндээ нэг туслаад өгчихөж байгаач ээ. Ирж байгаа хүмүүс маань ч, уулыг нураана, усыг эргүүлнэ гэж ирчихээд нэг ажилд гараад л ахыгаа юунд гаргачихав аа гэж шантараад, нэр баастаад л явдагаа болиочээ. Шүд зуугаад тэмцэх ёстой. Бүгд л тэгж өдийг хүрсэн. Уг нь ямарч ажил хийж чадна гэж ирсэн баймаар юм. Гэтэл ямар ч ажил хийж чадахгүй, гологдоод байж болохгүй.
“Хүн чамд туслахгүй байна уу тэ. Угаасаа тэгдэг юм. Бүгд л адилхан зовж байгаа болохоор битгий түүнд гомд. Амьдрал шударга бус гэдгийг хүлээн зөвшөөр” гэж Б.Мөрөн найз минь дүүдээ захиж хэлсэн байна лээ. Энэ үгийг ч би ярилцлагынхаа төгсгөлд хэлмээр байна.
Энэхүү ярилцлагыг маань унших бүх хүмүүстээ зориулаад “Санасандаа хүрч сарвайснаа атгаад эх орондоо хариарай. Унших бүх хүний нүд нь баясаж, сэтгэл нь өөдрөг байх болтугай” гэж ерөөе.
Ярилцсанд баярлалаа.
Бэлтгэсэн: Д.Ундрах, Э.Жаргалан
More from One VS One
Б.БАТЦЭЦЭГ: ОЛОН УЛСЫН ТАВЦАН ДАХЬ МАНАЙ УЛСЫН НЭР ХҮНД МЭДЭГДЭХҮЙЦ ӨССӨН
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгтэй ярилцлаа.-Энэ онд манай улс гадаад харилцааны чиглэлээр идэвхтэй, олон онцлог үйл явдлуудаар дүүрэн жил болж өнгөрлөө. …
С.СҮХБОЛД: МОНГОЛ УЛС АНУ-ТАЙ ШУУД НИСЛЭГ ҮЙЛДЭХ ШУУД НИСЛЭГ ҮЙЛДЭХ ЭРХ ЗҮЙН ОРЧНОО БИЙ БОЛГОХОД БЭЛЭН БОЛСОН
Өнөөдрийн ярилцлагын зочноор Гадаад харилцааны яамны Олон улсын гэрээ, эрх зүйн газрын захирал Сүхээгийн Сүхболдыг урьж оролцуулж байна. Юуны өмнө …
Г.ГАНБИЛЭГ: “ШИНЭ СЭРГЭЛТИЙН БОДЛОГО”-Д УЛС ОРЫНХОО ЭДИЙН ЗАСГИЙГ ХӨЛ ДЭЭР БОСГОХ ТОМООХОН ТӨСЛҮҮД ХЭРЭГЖҮҮЛЭХЭЭР ТУСГАГДСАН БАЙНА ЛЭЭ
ШУТИС, ГУУС-ийн Эрдэс боловсруулалт, инженерчлэлийн салбарын эрхлэгч, доктор(Ph.D) Г.Ганбилэгтэй уул уурхайн салбарт мэргэжилтэн бэлтгэхэд гарч буй хүндрэл, өнөөгийн нөхцөл байдлын …
13 Comments
Сайн байна уу
зарим хэсгийг нь уншаад ягаад ч юм уйлчихлаа ….
Танд амжилт хусэe
Мундаг залуу байна даа… Солонгост очихдоо танилцана аа гэж төлөвлөж байна… Ажил гуйхгүй ээ хэхэ