“Утаагүй, угааргүй, ухаалаг хэрэглэе” уриатай аяны нээлт өчигдөр “Тавантолгой түлш” ХХК-ийн Хэрэглэгчид үйлчлэх төвд зохион байгуулагдлаа.
2019 оноос Засгийн газраас агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр түүхий нүүрсийг хэрэглээнээс халж, сайжруулсан түлшийг нэвтрүүлсэн. Ингэснээр агаарын бохирдол, тоос тоосонцорын хэмжээ 40-50 хувь буурсан байгаа. Харамсалтай нь сайжруулсан түлшний буруу хэрэглээ, хүний хайхрамжгүй байдлаас үүдэлтэй угаартах явдал буурахгүй байгааг албаныхан онцолж байна.
Өнгөрсөн жилээс “Яндангаа хөөлье” аяныг зохион байгуулж, энэ хүрээнд 147.000 дуудлага хүлээн авч 17.000 гаруй өрхийн янданг хөөлж, 12.000 гаруй өрхийн пийшинг шинэчилж, засварлажээ. Мөн угаарын хий мэдрэгчийг гэр хорооллын өрхүүдэд үнэгүй тараах ажил үе шаттайгаар үргэлжилж байна.
Тоон мэдээлэл,
- 2019-2020 оны галлагааны улиралд 900 гаруй өрхийн 2970 хүн
- 2020-2021 оны галлагааны улиралд 350 гаруй өрхийн 786 хүн
- 2021 оны 9 сарын байдлаар 20 гаруй өрхийн 44 хүн угаарт өртжээ. Үүнээс харахад авч хэрэгжүүлсэн арга хэмжээний үр дүнд угаарын хийн дуудлага, мэдээлэл эрс багассан байна.
Мөн сайжруулсан түлш хэрэглэгч 200.000 орчим өрхөд эрсдлийн үнэлгээ хийхэд 63.620 өрх эрсдэлтэй буюу анхаарах шаардлагатай бүлэгт ангилагджээ. Энэ бүлэгт өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хүүхдээ харах хүнгүй үлдээдэг болон нэн ядуу өрхийг багтаасан байна. Тухайн айлуудын яндангийн битүүмжлэл алдагдаж, пийшин, зуух хуучирч муудсан зэргээс үүдэж, эдгээр өрхөд угаар мэдрэгч дохиолол суурилуулж, хэрэглэгчдэд үйлчлэх төвөөс 24 цагаар хянаж эхэлсэн байна.
Ч.Буянжаргал: Тухайн айлын иргэд унтаж байсан ч Хяналтын дэлгэц дээр бүх мэдээлэл ирнэ
Хэрэглэгчид үйлчлэх төвд нэг ээлжиндээ 10 хяналтын ажилтан ажиллана. Дээрх анхаарах шаардлагатай өрхөд угаар алдагдах үед тус төвд мэдээлэл ирэх аж.
Энэ талаар Хэрэглэгчдэд үйлчлэх төвийн дарга Ч.Буянжаргал “Эрсдэлтэй 63.000 гаруй өрхийн угаарын хийн мэдрэгч дээр давхар хяналтын дохиолол суурилуулсан. Өөрөөр хэлбэл, тухайн айлын иргэд унтаж байсан ч Хяналтын дэлгэц дээр бүх мэдээлэл ирнэ. Дохиолол мэдээлэл дамжуулахад хажууд нь тухайн айлын хаяг, утасны дугаар гарна. Хяналтын ажилчид тэр даруй тухайн айл руу утасдаж, угаарын хий ялгарч байгаа тухай эхний сэрэмжлүүлэг, мэдээллийг өгнө. Хэрэв тухайн өрхийн гишүүдийн утас холбогдохгүй бол хөрш рүү залгана. Мөн түргэн тусламжийн 103 дугаарт давхар мэдэгдэх олон зохицуулалттай” гэлээ.
Дохиоллын санхүүжилтийг БОАЖЯ-ны дэргэдэх Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооноос гаргажээ. Энэ жилийн хувьд нийт угаарын дуудлагын 70 орчим хувь нь борооны улиралд гал түлсэн айлуудаас ирсэн гэнэ. Хүмүүс бороо ормогц гал түлчихээд үдэш нь түлш бүрэн шатсан эсэхийг шалгалгүй, өрхөө битүүлээд унтаж байгаагаас угаарын хийд өртөх тохиолдол гардаг аж. Түүнчлэн яндан, зуухаа хөөлөөгүй, зуухны соролт таталт муудсан, зуух, яндангийн битүүмж алдагдсанаас угаарын хий ялгарч байгааг анхаарууллаа.
Сайжруулсан түлш хэрэглэхтэй холбоотой гэр хорооллын өрхүүдэд угаарын хийн мэдрэгчийг үнэ төлбөргүй олгожээ. Өрх бүрт олгосон угаарын хийн мэдрэгчийг энэ жил шалгахад ихэнх тохиолдол зай нь дууссан байсан тул баттерейг сольж, байнгын ажиллагаатай байлгах зааварчилгааг өгчээ. Түүнчлэн угаарын хий мэдрэгчийг эвдсэн тохиолдол цөөнгүй гарсан байна.
More from Нийгэм
ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХАД БНСУ-ЫН ҮНДЭСНИЙ АВРАХ АЛБАТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
Баянзүрх дүүргийн Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөл гадаад хамтын ажиллагаагаа өргөжүүлэн тэлж БНСУ-ын Үндэсний аврах албатай хамтран ажиллахаар боллоо. …
“НОГООН ГЭРЭЛ-ЦАГААН ШУГАМ” АРГА ХЭМЖЭЭНИЙ ШИЛДГҮҮДЭД ШАГНАЛ ГАРДУУЛАХ АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО
Баянзүрх дүүргийн Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчдын дунд замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг олгох “Ногоон гэрэл-Цагаан шугам” тэмцээнийг зохион байгуулдаг. …
УРД ШӨНӨ ОРСОН ЦАСНААС ҮҮДЭН ХАЛТИРГАА ГУЛГАА ҮҮСЭХЭЭС СЭРГИЙЛЭН АЖИЛЛАЖ БАЙНА
Нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээний 6 байгууллага 28 техник хэрэгсэл, 260 хүний бүрэлдэхүүнтэй бэлэн байдлыг ханган ажиллаж авто замын зорчих …