Гудамжаар явж байхад хааяа түргэний машин дуут дохиогоо хангинуулсаар хажуугаар яаран өнгөрнө. Эдгээр машинд дийлэнх тохиолдолд өвчтөн тээвэрлэдэг бол заримдаа жирэмсэн эх, цус алдсан өвчтөнийг аврахаар цус цусан бүтээгдэхүүнийг шуурхай тээвэрлэх шаардлага гардаг байна.
Цус чухал үүрэг гүйцэтгэдэг, шингэн эрхтэн бөгөөд биед хүчилтөрөгчийг зөөвөрлөдөг. Хүний тархинд хэдхэн минут л цус очихгүй байхад тархи үхжиж эргэшгүй өөрчлөлтөд орох эрсдэлтэй. Гэмтлийн, төрөхийн, хавдрын гээд бүх эмнэлэгт ЦССҮТ, цусны салбар төвүүд шаардлагатай цус, цусан бүтээгдэхүүнийг захиалгын дагуу цагт нь нийлүүлж байна.
Өвчтөний амийг аврахаар цаг наргүй ажилладаг эмч нарын өвчтөнд нь сэлбэх цус дутуу бол хэдий алтан гартай эмч байгаад ч нэмэргүй. Иймд цус цусан бүтээгдэхүүний хангамж, чанар, аюулгүй байдал маш чухал. Донорын судаснаас авсан цусыг өвчтөнд сэлбэх хүртэлх бүх шат дамжлагууд стандартын дагуу зөв хийгдэж, эмнэлгийн тусламж үйлчилгээнд хэрэгцээтэй цус, цусан бүтээгдэхүүнийг шуурхай хангахыг цусны аюулгүй байдлыг хангах гэж нэрлэдэг. Тэгвэл манай улс цусны аюулгүй байдлаа хангаж чадсан уу?
ЦУСНЫ АЮУЛГҮЙ БАЙДАЛ ЯАГААД ЧУХАЛ ВЭ?
ҮАБЗ-ийн анхаарах асуудлын хүрээнд цусны аюулгүй байдал багтдаг. 2013 онд ҮАБЗ-өөс тогтоол гарган, цус, цусан бүтээгдэхүүний нөөц бүрдүүлэлтэд анхаарч ажиллахыг бүх шатны эрүүл мэндийн байгууллагад үүрэг болгожээ. Энэ баримт бичиг цусны салбарын дараа дараагийн баримт бичгүүдийг боловсруулан батлахад “жанжин шугам” болсоор иржээ.
Монгол Улс газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд байрладаг. Улаанбаатар хот газар хөдлөлтийн хэд хэдэн хагалбар дээр байршдаг юм. МХЕГ-аас хүчтэй газар хөдлөлт болбол олон барилга нурах аюултай гэж дүгнэжээ. Иймд олон нийтийг хамарсан осол, байгалийн гамшигт үзэгдэлд Онцгой байдлын байгууллагаас гадна эрүүл мэндийн бүх байгууллага байнга бэлэн байх ёстой. Энэ эгзэгтэй үед цус, цусан бүтээгдэхүүний эрэлт өсдөг тул нөөцтэй байх нь зүйн хэрэг. Мөн бүх нөөцийг нэг дор хадгалах нь эрсдэлтэй тул ЦССҮТ бүтээгдэхүүнээ төв байр болон Сүхбаатар цус цуглуулах төвд хуваан хадгалдаг байна. Гамшиг ослын үед хөлдөөгч гэх мэт тоног төхөөрөмжийн нөөцийг мөн бүрдүүлсэн байх ёстой. ЦССҮТ, ОБЕГ жил бүр нууцын зэрэглэлтэй гэрээ хийж, хамтран ажиллаж байна.
НЭГ. ЦУС ЦУГЛУУЛАЛТ ҮНДЭСНИЙ ХЭМЖЭЭНД 24 ХУВИАР ӨСЛӨӨ
АХБ-ны санхүүжилтээр ЭМЯ 2014-2019 оны хооронд Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр 5–ын хүрээнд цусны аюулгүй байдлыг хангах зорилготой төслийг амжилттай хэрэгжүүлэв. Энэ төсөл ЦССҮТ, 21 аймгийн нэгдсэн эмнэлэг, Бүсийн оношилгоо, эмчилгээний төвүүд, Өвөрхангай аймгийн Хархорин, Завхан аймгийн Тосонцэнгэл, Сэлэнгэ аймгийн Мандал сумын нэгдсэн эмнэлэгт хэрэгжсэн юм. Үүний үр дүнд цус цусан бүтээгдэхүүний нөөц тав дахин нэмэгдсэн гэж ЦССҮТ-ийн Цусны чанар, аюулгүй байдлын албаны дарга Т.Алимаа ярив.
Өнгөрсөн оноос хойш цар тахлын аюул дэлхий дахинд нүүрлэж, зарим оронд цус цуглуулалт ихээхэн буурчээ. Манай улсад өнгөрсөн арваннэгдүгээр сарын 10-нд дотоодод коронавирусын анхны халдварыг бүртгэв. Үүнээс хойш нийслэлд хэд хэдэн удаа урт хугацаагаар хөл хорио тогтоосон ч ЦССҮТ, цусны салбар төвүүд ердийн болон онцгой үед хэрэглэхээр хадгалсан цус цусан бүтээгдэхүүнээ эмнэлгүүдэд нийлүүлсээр байна. КОВИД-ын онцгой нөхцөлд ч цус цусан бүтээгдэхүүний тасалдал огт үүссэнгүй. Энэ нь сайн дурын, авлагагүй доноруудын ач тус юм.
35 мянган сайн дурын доноруудын тусламжтайгаар цус цуглуулалт үндэсний хэмжээнд 24 хувиар, бүтээгдэхүүн үйлдвэрлэл 33 хувиар өсчээ.
Цус, цусан бүтээгдэхүүний гэнэтийн шаардлага гарахад цусны төвүүд тохирох бүлгийн цустай доноруудтайгаа утсаар холбогдон, цусаа өгөхийг хүсдэг байв. 2013 онд буюу ЭМСХХ-5 төсөл хэрэгжиж эхлэхээс өмнө манай улсын нийт донорын тоо 20 мянга байжээ.
2016 онд 32 мянга гаруй донор цусаа бэлэглэж, 2020 онд энэ тоо 35600 болсон байна. Доноруудын эгнээ ингэж өргөжсөн тул одоо ЦССҮТ, цусны салбар төвүүд донорын эрэлд гарах шаардлагагүй болсон. Мөн нийт доноруудын 65 хувь нь байнгын донорууд буюу тогтмол хугацаанд цусаа өгдөг донорууд байгааг мэргэжилтнүүд онцлов. Нийт доноруудын дунд байнгын доноруудын эзлэх хувь нэмэгдэх нь цус, цусан бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлыг хангах, тасралтгүй нөөц бүрдүүлэхэд чухал ач холбогдолтой юм.
Нийт цус цуглуулалтын тоо, 2013-2020 он
35 мянган сайн дурын доноруудын тусламжтайгаар цус цуглуулалт үндэсний хэмжээнд 24 хувиар, бүтээгдэхүүн үйлдвэрлэл 33 хувиар өсчээ. Эрүүл мэндийн хөгжил, хөтөлбөр 5 төслийн хүрээнд цус цуглуулах, шинжлэх, үйлдвэрлэх, хадгалах, тээвэрлэхэд ашиглах, олон улсын жишигт хүрсэн шинэ тоног төхөөрөмжөөр ЦССҮТ болон орон нутгийн салбар төвүүдийг бүрэн тоноглож, 15 шинэ технологи нэвтрүүлсэн юм. Бүтээгдэхүүний нэр төрөл нийслэлд 12-16 байсан бол одоо 34 болж, аймгийн төвүүдэд 4-8 төрлийн цус, цусан бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг байсан нь 12-16 болжээ. Хотоос хөдөө рүү цус цусан бүтээгдэхүүн тээвэрлэх шаардлага ч буурсан байна.
ЦССҮТ-ийн шинэ барилгыг 1.9 сая ам.доллараар барьж ашиглалтад оруулан, тоног төхөөрөмжүүдийг бүрэн шинэчилжээ. ЦССҮТ-ийн захирал Н.Эрдэнэбаяртай ЭМСХХ-5 төслийн хүрээнд хэрэгжүүлсэн ажлууд, эдгээрийн үр дүнг танилцуулсан юм.
-Аль ч улсын эрүүл мэндийн салбар цус сэлбэлтэд онцгой ач холбогдол өгдөг. Цусны аюулгүй байдал өргөн хүрээг хамарна.
Донорын судаснаас цус авахаас эхлээд өвчтөнд цус сэлбэн, түүний дараах 72 цагийн ажиглалт хүртэлх бүх шат дамжлагыг цусны аюулгүй байдал гэдэг. Донороос цус авах нь зорилтот бүлгээ тодорхойлохоос эхэлнэ.
Эхлээд хэнээс цус авахаа сонгох хэрэгтэй. Сүүлийн жилүүдэд олон улсын байгууллагууд аль болох залуу хүмүүсээс цус авахыг зөвлөж байна. Монгол залуусын орон тул бидэнд давуу тал болдог ч манай улс элэгний өвчлөл, нас баралтаар дэлхийд тэргүүлдэг тул тэр хэрээр донор болох боломжтой хүмүүсийн тоо 300-400 мянгаар буурдаг.
2010 оны байдлаар 100 хүн цусаа өгөхөд 20 хүний цус шинжилгээгээр хасагддаг байв. 2019 онд энэ үзүүлэлт 3.5 хүн болж буурсан.
Цусаа цуглуулсны дараа шинжилгээний аюулгүй байдал их чухал. Бид бүх донорын цусанд гепатитын В, С, ДОХ, тэмбүүгийн халдвар илрүүлэх шинжилгээ хийдэг юм. Сүүлийн 20 жилд чанарын шаардлага хангаагүй буюу хасагдддаг цусны хувь эрчимтэй буурсан. Гэсэн ч бусад улсуудтай харьцуулахад өндөр. 2010 оны байдлаар 100 хүн цусаа өгөхөд 20 хүний цус шинжилгээгээр хасагддаг байв. 2019 онд энэ үзүүлэлт 3.5 хүн болж буурсан. Үүнд ЭМСХХ-5 төсөл, Засгийн газраас хэрэгжүүлсэн “Элэг бүтэн Монгол” хөтөлбөр эерэгээр нөлөөлсөн юм. В, С вирусын улмаас хасагдаж буй хүмүүс нийлээд 1.5 хувь байна. Сүүлийн жилүүдэд тэмбүүгийн халдвар манай улсад нэмэгдэж байна.
Хүн нэг удаа тэмбүүгээр өвчилсөн бол цусны донорт тэнцэхгүй. Тэмбүүгийн халдварын улмаас 100 хүн тутмын 2 хувь хасагдаж байгааг бид 2025 он гэхэд нэг болгон бууруулах зорилт тавьсан. Эндээс шинжилгээний найдвартай байдал хэр чухал болохыг та бүхэн төвөггүй ойлгоно. Манай төвийн шинжилгээний мэдрэг болон өвөрмөц чанар олон улсын жишигт хүрсэн.
Цус сэлбэлтээр дамжих халдвар илрүүлэх шинжилгээгээр хасагдалтын хувь, 2013-2020 он
ХОЁР. ЦУС ЦУСАН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛ НЭМЭГДЭВ
Монгол Улсад шинээр нэвтэрч буй эмчилгээ оношилгоонд цус сэлбэлтийн салбар дэмжих үүрэг гүйцэтгэдэг. Нэг донороос авсан авсан цусаар гурван төрлийн бүтэгдэхүүнийг олон шат дамжлагаар үйлдвэрлэдэг юм. Цус, цусан бүтээгдэхүүний үйлдвэрлэлд орчин үеийн багаж, урвалж бодис ашиглаж байна.
ЭМСХХ-5 төслийн хүрээнд 5.6 сая ам долларын үнэтэй, 188 төрлийн 980 ширхэг эмнэлгийн болон эмнэлгийн бус тоног төхөөрөмжийг эмнэлгүүдэд нийлүүлжээ. Ингэснээр улаан эс, сийвэнгийн тус бүр 10-аад төрлийн бүтээгдэхүүн, ялтаст эсийн таван нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Төслийн хүрээнд 15 технологи нутагшуулсны долоо нь цус, цусан бүтээгдэхүүн үйлдвэрлэлтэй холбоотой, Монгол Улсад өмнө нь огт ашиглаж байгаагүй технологи юм.
Эрүүл мэндийн салбар хөгжиж, манай эмч нар элэг, бөөр шилжүүлэн суулгах, өвдөгний үе солих мэс заслыг дотоодод хийдэг болсон. Энэ нь цус, цусан бүтээгдэхүүний хэрэглээг нэмжээ. Өсөн нэмэгдсээр буй энэ эрэлтийг ЦССҮТ, цусны салбарууд 2015 оноос хойш бүрэн хангаж байна.
Цус, цусан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, 2013-2020 он
ГУРАВ. БҮТЭЭГДЭХҮҮН ХАДГАЛАЛТАД ДЭВШИЛ ГАРЛАА
Цус, цусан бүтээгдэхүүнээ үйлдвэрлэсний дараа чанарыг нь алдахгүйгээр хадгалах нь чухал. ЦССҮТ 2016 оныг хүртэл зориулалтын хөлдөөгч хангалтгүйн улмаас зарим тохиолдолд ахуйн хөлдөөгч ашигладаг байжээ. Цусны сийвэнг ялган ахуйн хөлдөөгчид хийхэд маргааш өглөө нь зайрмагтах янзтай байдаг байсан аж. Одоо аппаратны тусламжтайгаар 30 минутад л тас хөлдөөгөөд, -80 градусын хөлдөөгчид 5-10 хүртэл жил хадгалж байна. Мөн ЭМСХХ-5 төсөл хэрэгжихээс өмнө сийвэнгийн бүтээгдэхүүнийг нэг жил хүртэл хугацаагаар хадгалдаг байжээ. Сийвэнг түлэгдсэн болон бусад өвчтөнүүдэд сэлбэдэг байна.
Бүтээгдэхүүн хадгалах хугацаа уртассанаар манай улсын цус, цусан бүтээгдэхүүний нөөц нэмэгдэж, гэнэтийн осол, гамшиг тохиолдсон ч бидэнд хангалттай нөөц бий гэж ЦССҮТ-ийнхэн үзэж байна.
ЦУС, ЦУСАН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЗОХИСТОЙ ХЭРЭГЛЭЭ
ЦССҮТ улсын болон хувийн 80 орчим эмнэлэгт бүтээгдэхүүнээ нийлүүлдэг. Тус төв улсын хэмжээнд буюу бүх эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн орлогч дарга, эмнэл зүйн эмч, лаборант нарт сургалт явуулж, хэрэгцээтэй, шаардлагатай хүнд л цус, цусан бүтээгдэхүүүнийг зөв тунгаар сэлбэх сургалтыг тогтмол зохион байгуулдаг. Эмнэлгүүд зохистой хэмжээндээ анхаарах ёстой гэсэн судалгааны дүгнэлт гарсан тул сургалтыг явуулдаг байна.
Мөн Эрүүл мэндийн сайд 2010 оны 51 тоот тушаалаар “Зонхилон тохиолдох өвчний үе дэх цус, цусан бүтээгдэхүүний хэрэглээний удирдамж” баталж, эмнэлгүүд энэ удирдамжийг хэрэгжүүлж эхэлсэн нь цус, цусан бүтээгдэхүүний зохистой хэрэглээнд эерэгээр нөлөөлжээ.
ШИНЭ ЖУРМУУД БАТЛАВ
Дараах дүрэм журмуудыг боловсронгуй болгосон байна:
ЭМСайдын 2016 оны А/01 тушаал: Цусны салбар төвийн үйл ажиллагааны дүрэм, Донорын сургалт, сурталчилгаа, донор элсүүлэх, бүртгэх, хадгалах зэрэг долоон журам
ЭМСайдын 2016 оны А/02 тушаал: Цусны донор сонгох эрүүл мэндийн шалгуур үзүүлэлт, донорын эрүүл мэндийн карт, донороос шинжилгээний сорьц авах, ийлдсийн сан бүрдүүлэх, шинжлэх зэрэг долоон журам.
ЭМСайдын 2017 оны А/03 тушаал: Зонхилон тохиолдох өвчний үед цус, цусан бүтээгдэхүүн сэлбэх заавар, цус сэлбэх үйл ажиллагаанд мөрдөх аргачлал, цус сэлбэх ажиллагааг үнэлэх журам
ЭМСайдын 2017 оны А/361 тушаал: ЦССҮТ, цусны салбар төвүүдийн эмнэлгийн болон эмнэлгийн бус тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээг зохицуулан ажиллах журам;
ЭМСайдын 2018 оны А/506 тушаал: Цусны аюулгүй байдлын хяналт, үнэлгээ хийх журам
Эдгээр журам эмч нарын үйл ажиллагааг ойлгомжтой болгосноороо давуу талтай.
ЭМСХХ-5 ТӨСӨЛ ХЭРЭГЖСЭН ЗУРГААН ЖИЛД ЦУСНЫ АЛБАНД ҮСРЭНГҮЙ ӨӨРЧЛӨЛТ ХИЙВ
ЭМСХХ-5 төсөл хэрэгжсэн таван жилийн хугацаанд цусны алба үсрэнгүй өөрчлөлт хийж, барилга байгууламж, тоног төхөөрөмж, хүний нөөц, үйл ажиллагааны цар хүрээний хувьд бэхэжжээ. АХБ-ны бүсийн мэргэжилтнүүд 2018 онд манай улсад ажиллах явцдаа ЦССҮТ-д очиж, төслийн үр дүнтэй танилцсан байна. Тэд төслийн хэрэгжилтийг бусад улсуудад туршлага болох хэмжээнд, сайн хэрэгжсэн гэж үнэлсэн аж.
Япон улс 47 аймгаас бүрддэг. Өмнө нь аймаг тус бүрт цус цуглуулан, бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг байсан бол одоо 7 төвд үйл ажиллагаа нь төвлөрчээ.
Төслийн хүрээнд 502 мянган ам.долларын өртөг бүхий барилга засварын ажлыг гүйцэтгэн, 5.9 сая ам.долларын өртөг бүхий 60 төрлийн1750 ширхэг тоног төхөөрөмж нийлүүлсэн. Энэ нь 1963 оноос эхлэлтэй манай улсын цус сэлбэлтийн салбарт хийсэн томоохон хөрөнгө оруулалтад тооцогдоно. Шинэ тоног төхөөрөмжүүдийг ашиглах 3000 эмч, инженерийг 89 удаагийн сургалтад хамруулжээ.
Цусны салбар өнөөгийн хүрсэн түвшнээсээ ухралгүй, цаашид улам боловсронгуй болж, цус, цусан бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн GMP стандартыг нэвтрүүлэх шаардлагатай. Ингэснээр ЦССҮТ Азид хүлээн зөвшөөрөгдсөн цусны алба болох зорилтдоо хүрэх юм.
Дэлхий нийт цус, цусан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, судалгаа шинжилгээг нэг газарт төвлөрүүлэх бодлого баримталж байна. Жишээ нь Япон улс 47 аймгаас бүрддэг. Өмнө нь аймаг тус бүрт цус цуглуулан, бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг байсан бол одоо 7 төвд үйл ажиллагаа нь төвлөрчээ. БНСУ-д 6 төв бий. Гэхдээ бусад төвөө хаалгүй, цус цуглуулах үйл ажиллагаа нь үргэлжилдэг. Монгол Улс ч цаашдаа аюулгүй байдал, эдийн засгийн өгөөж талаасаа илүү ашигтай нь (тоног төхөөрөмжийн урсгал зардал бага) батлагдсан тул энэ чиг хандлагаар ажиллана гэж ЦССҮТ-ийн Ерөнхий Н.Эрдэнэбаяр онцлов.
АХБ-ны эрүүл мэндийн салбар хариуцсан ахлах мэргэжилтэн Ж.Алтантуяа “Манай улс цусны аюулгүй байдлаа бүрэн хангасан. Учир нь ЦССҮТ дотоодын болон гадаадын магадлан итгэмжлэх авч, дотоод зохион байгуулалт нь олон улсын түвшинд хүрсэн гэдгээ баталсан” гэж дүгнэсэн юм.
More from Нийгэм
ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХАД БНСУ-ЫН ҮНДЭСНИЙ АВРАХ АЛБАТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
Баянзүрх дүүргийн Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөл гадаад хамтын ажиллагаагаа өргөжүүлэн тэлж БНСУ-ын Үндэсний аврах албатай хамтран ажиллахаар боллоо. …
“НОГООН ГЭРЭЛ-ЦАГААН ШУГАМ” АРГА ХЭМЖЭЭНИЙ ШИЛДГҮҮДЭД ШАГНАЛ ГАРДУУЛАХ АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО
Баянзүрх дүүргийн Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчдын дунд замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг олгох “Ногоон гэрэл-Цагаан шугам” тэмцээнийг зохион байгуулдаг. …
УРД ШӨНӨ ОРСОН ЦАСНААС ҮҮДЭН ХАЛТИРГАА ГУЛГАА ҮҮСЭХЭЭС СЭРГИЙЛЭН АЖИЛЛАЖ БАЙНА
Нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээний 6 байгууллага 28 техник хэрэгсэл, 260 хүний бүрэлдэхүүнтэй бэлэн байдлыг ханган ажиллаж авто замын зорчих …