Eрөнхийлөгчийн сонгуульд оролцох улс төрийн намууд нэр дэвшигчээ тодруулсан. МАН-аас У.Хүрэлсүх, Зөв хүн электорат эвслээс Датаком ХХК-ийн үүсгэн байгуулагч Д.Энхбат дэвшихээ зарлаад байгаа. Харин О.Цогтгэрэл даргатай АН-аас УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, М.Тулгат даргатай АН-аас С.Эрдэнэ нар дэвшихээр сонгогдсон.
Ямартай ч эдгээр дөрвөн нэр дэвшигчээс дараагийн Ерөнхийлөгч тодорно. Монгол Улсын үе үеийн Ерөнхийлөгчид үндэсний эв нэгдлийн бэлгэ тэмдэг байхаас гадна хилийн чанадад эх орноо төлөөлөх гол нүүр царай болсоор ирсэн. Ерөнхийлөгчийн гэргий, тэргүүн хатагтай нар ч энд онцгой үүрэг гүйцэтгэдэг нь олон улсын жишиг билээ.
Тэгэхээр сар хүрэхгүй хугацааны дараа болох Ерөнхийлөгчийн сонгуулиар Монгол Улс ямар тэргүүн хатагтайтай болох бол?
Н.Алтанхуягийн гэргий Х.Сэлэнгэ
УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийн гэргийг Х.Сэлэнгэ гэдэг.Тэрбээр Ардчилсан намын аппаратад ажиллаж байсан ажээ. Н.Алтанхуягийг Ерөнхий сайдаар ажиллаж байх үед тэрбээр 60 гаруй нярай хүүхдэд нэн шаардлагатай бүтээгдэхүүн бэлэглэж байсан юм.
Д.Энхбатын гэргий Д.Оюунцэцэг
“Форум” нэвтрүүлгээр олны танил болсон Монголын цахим технологийн анхдагч Дангаасүрэнгийн Энхбатын гэргийг Дашдаваагийн Оюунцэцэг гэдэг. Тэд Оросод суралцаж байхдаа танилцаж гэр бүл болжээ. Д.Оюунцэцэг хуучин нийгмийн үед төлөвлөгөөний комисст ажиллаж байсан, англи, орос хэлтэй бүсгүй. “Датаком” компаний үүсгэн байгуулагч Д.Энхбатын нийгмийн зүтгэлтэн болсон замналд гурван хүүхдийн ээж, өндөр боловсролтой гэргийнх нь нөлөө чамгүй их байсан гэлцдэг.
Олон нийтийн өмнө төдийлөн ил гараад байдаггүй Д.Оюунцэцэгийг ууланд алхагчид харин андахгүй. Тэрбээр “ХАЙРХАН аялагч клуб”-ийн гишүүн юм. Д.Оюунцэцэг 2014 онд Кавказын ууланд оршдог далайн түвшнээс дээш 3820 метр өндөртэй Пик МНР (Монгольская Народная Республика) оргилд авиралт зохион байгуулж байжээ.
У.Хүрэлсүхийн гэргий Л.Болорцэцэг
Монгол Улсын Ерөнхий сайд асан У.Хүрэлсүхийн гэргийг Л.Болорцэцэг гэдэг. Тэд анх утсаар танилцаж байжээ.
У.Хүрэлсүх энэ тухайгаа “Би цэргийн сургуулийн гуравдугаар курсын оюутан байлаа. Нэг удаа жижүүрээс буугаад амарч хэвттэл манай курсын хэдэн нөхөр нэгдүгээр курсын нэг оюутныг дундаа суулгачхаад “Танай ангийн хамгийн хөөрхөн охин хэн бэ?” гэж байцааж байгаа нь сонсогдсон юм. “Манай ангийн хамгийн хөөрхөн нь Цэндсүрэн, Болорцэцэг хоёр” л гэнэ. Болорцэцэг гэдэг нэрийг нь тогтоогоод авлаа. “Утасны дугаарыг нь мэдэх үү” гэсэн нөгөө нөхөр 322234 гэж байна. Тогтооход их амархан дугаар. Тэгээд сарын дараа жижүүрт гарахдаа шөнийн 23.00 цагт өнөөх дугаар руу утасдлаа даа. Нэг охин утас авсан. “Сайн байна уу намайг Хүрэлсүх гэдэг. Өөртэй чинь танилцъя” гэсэн чинь “Танихгүй хүнтэй ярихгүй” л гэж байна. Хамгийн анх бидний хооронд ийм яриа өрнөсөн. Түүнээс хойш утсаар ярьсаар байгаад 5 сарын дараа нэгэн сайхан бороотой өдөр анх уулзсан юм. Болзоонд явахын өмнөх өдөр би түүнийг яаж баярлуулах вэ гэж өдөржин бодож догдолж билээ” хэмээн дурссан байдаг.
У.Хүрэлсүх, Л.Болорцэцэг нар хоёр охины ээж, аав болсон бөгөөд хуримаа хийгээд 30 жил болж буй юм. Тэдний амьдралд 2012 онд том сорилт тохиож, хорт хавдрын мэс засал хийлгэсэн гэргийгээ асрахаар У.Хүрэлсүх УИХ-ын гишүүний ажлаа өгч байв. Түүний гэргий Л.Болорцэцэг цэцэрлэгийн багш мэргэжилтэй. Нөхрөө төрийн албанд зүтгэснээс хойш ар гэрээ дааж авч яваа.
С.Эрдэнийн гэргий Н.Нинжбадгар
С.Эрдэнийн гэргийг Н.Нинжбадгар гэдэг. Н.Нинжбадгар үйлдвэр комбинатад өссөн, эдийн засагч мэргэжилтэй. Баянгол дүүргийн иргэдийн төлөөлөгч, Молор трейд ХХК гүйцэтгэх захиралаар ажиллаж байна.
С.Эрдэнэ эхнэрийнхээ тухай “Яг үнэндээ миний амьдрал яахав дээ, тэгшхэн сайхан дардан замаар яваагүй ээ. Амьдралынхаа ханийг алдаж, хүүхдүүдтэйгээ үлдсэн. Ид сайхан амьдрах насан дээрээ хагацал зовлон амссан. Өтөл болтлоо ханилаад хорвоогийн жамаар одох нь энэ ертөнцийн жам. Гэсэн хэдий ч бурхан надад сайхан хань заяасан. Элэг бүтэн сайхан л амьдарч байна” гэжээ.
More from Uncategorized @mn
Б.ПҮРЭВДОРЖ ӨӨРИЙГӨӨ МАГТАВ
УИХ-ын өнөөдрийн чуулганаар Хүүхэд хамгааллын хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хэлэлцсэн юм. Чуулганы эхэнд …
ШЕЗ-ИЙН ДАРГААР Л.ЭНХБИЛЭГИЙГ СОНГОЛОО
Монгол Улсын шүүхийн тухай хуульд Ерөнхий зөвлөлийн даргыг гишүүд дотроосоо нэг жилийн хугацаагаар олонхын саналаар нууц санал хураалтаар зөвхөн нэг …
Д.АМАРБАЯСГАЛАН: 2024 ОНЫ ПАРИСЫН ОЛИМПОД МАНАЙ УЛС ЦАГААН ТУГИЙН ДОР ОРОЛЦОХ ЭРСДЭЛЭЭС ГАРЛАА
Монгол Улс 2024 оны Парисын олимпод цагаан тугийн дор оролцож болзошгүй болсон байсан. Тэгвэл манай улс уг эрсдэлээс гарсан байна. …