2016 оны тавдугаар сар. Эрдэнэт үйлдвэрийн анхны “Инноватор” цом гардан, баярын нулимстай бие биеэ тэврэн зогсох төслийн багийнхны гайхалтай агшин. Засвар механикийн завод, Баяжуулах үйлдвэрийн эдгээр инженерүүдийн гурван жилийн хөдөлмөрийн үр шимээр бий болсон “Төвөөс зугтах хүчний шахуурга” бүтээлийг Монголын оюуны өмчийн газраас Инноваци мөн болохыг батламжлан, шинэ бүтээлийн патент олгосон. Эрдэнэт үйлдвэрийн өөрийн өртгийг бууруулахад үлэмж гавьяа байгуулсан үүсмэл бренд бүтээгдэхүүн бий болгоход гар бие оролцсон хүмүүсийн төлөөлөл өнөөдөр ийнхүү ярьж байна.
ЗМЗ-ын Механик цехийн дарга Д.ГАЛБЯМБА: “1970-аад онд ОХУ-д үйлдвэрлэсэн Баяжуулах үйлдвэрийн хүдэр нунтаглах тээрмийн булинга дамжуулах Грат-1400 насосны холхивчноос бусад бүхий л эд ангийг бид өөрсдөө үйлдвэрлэн, ЗМЗ-дад нутагшуулан “Төвөөс зугтах хүчний шахуурга” хэмээн нэрийдсэн. Энэ шахуурга дунджаар 200 цаг ажиллах төлөвлөгөөтэй ч 2000 оноос хамгийн ихдээ 150-170 цаг ажилласнаас үүдэн Баяжуулах үйлдвэр, ЗМЗ-ын хооронд ихээхэн маргаан өрнөдөг байлаа. Үйлдвэрийн удирдах ажилтны шуурхай хуралдаан дээр ч энэ л асуудлыг байнга хөнддөг байсан. Энэ нь жилд 16 сая тонн хүдэр боловсруулах хүчин чадалд зориулагдсан, цагт 240-250 тн хүдэр нунтаглах МШЦ-5,5х6,5 маркийн бөмбөлөгт тээрэмтэй хослон ажиллах зориулалттай насос юм. Үйлдвэрлэлийн хүчин чадал нэмэгдэж жилд 25 сая тонн болох үед Баяжуулах үйлдвэр манайхаас 400 насос авдаг болсон. Манай насосыг өндөр бүтээмжтэй гаднын насосоор солих тухай ч яригдаж эхлэв. Энэ үед Цутгуурын болон Механик цехийн инженер техникийн ажилтнууд ярилцаж байгаад насосны ажиллах цагийг уртасгахад чиглэсэн дорвитой ажил зохион байгуулъя гэж шийдсэн. Тухайн үед Варман, Фуракова, Миллмакс насосыг харьцуулж инженерийн шийдэл хайсан. Үүргээ гүйцэтгэсэн энэ насос дээр сайжруулалт хийгээд удаан ажиллуулах аргагүй. Ингээд хамгийн амархан элэгддэг ажлын дугуй, хамгаалах диск, улита буюу гадуур цамцны хийцийг өөрчлөх инженерийн шийдэл гаргасан. Тэр үед манайд одоогийнх шиг инженерийн программ хангамж нэвтрээгүй. Туршилтыг зөвхөн үйлдвэрлэл дээр явуулдаг байсан. Инженерүүдийн олон дахин хийсэн судалгаа, туршилтын үр дүнд насосны ажиллах цагт харьцангуй өсөлт гарч эхэлсэн. Баяжуулах үйлдвэрийнхний санаачилгаар насосны хөдөлгүүрийн хатуу холболтыг зөөлөн холболтоор сольсон нь ихээхэн үр дүнгээ өгсөн. Мөн насосонд булингын түвшнээс хамааруулан давтамж хувиргагчаар удирддаг хөдөлгүүр суурилуулснаар цахилгаан эрчим хүчийг маш ихээр хэмнэсэн. 2015 оны эхнээс үндсэндээ жигдрээд насос 250-300 цаг ажиллаж эхэлсэн. Ингээд 2015 онд насост дахин өөрчлөлт хийснээр дундаж цагийг 350 болгосон. Энэ үед насосны засварын үнэ дунжаар 19 сая төгрөг байсан. Тэгэхлээр манайх жилд 400 насос буюу 7,2 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн Баяжуулах фабрикт өгдөг байсан. Насосны ажиллах цаг уртсаж 350 цаг болоход Баяжуулах үйлдвэр ойролцоогоор 200 насос авдаг болсон. Энэ онд 180 насос авах тооцоо бий. Нөгөө талаас манай насосны үйлдвэрлэл багасаж байгаа. Энэ нь алдагдал мэт боловч бидэнд боломж бий болгосон. Дээрх тооны насосны оронд өөр нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлээд алдагдсан жингээрээ үйлдвэрлэлээ өсгөсөн. Ингэснээр бүтээгдэхүүний чанар сайжирч, нэр төрөл өссөн. Хоёрдугаарт, насосны үйлдвэрлэлд шаардлагатай цутгамал бүтээгдэхүүний нормчлогдсон материалын зардал, цахилгаан эрчим хүч хэмнэж байгаа. Энэ нь үндсэндээ манай дээр гарч буй эдийн засгийн үр ашиг.
Баяжуулах үйлдвэрт хоёр хоногт гурван насос сольдог байсан бол одоо гурав хоногт нэг насос сольж байгаа. Үүнээс шалтгаалан Баяжуулах үйлдвэрийн засварын зардал жилд 3 орчим тэрбум төгрөгөөр хэмнэгдэж байгаа. Баяжуулах машин дахь булингын түвшин хэдий чинээ хэлбэлзэл багатай байна төдий чинээ бага хаягдалтай жигд ажиллана. Насосны ажиллах цагийг 170-350 цаг болгосноор металл авалтад эерэг нөлөө үзүүлсэн.
Энэ ажлыг хийхэд тухайн үеийн Баяжуулах үйлдвэрийн удирдлага, механикууд бидэнд итгэл хүлээлгэн, дэмжиж ажилласанд их баярладаг.
ЗМЗ-ын Чанарын албаны тэргүүлэх мэргэжилтэн Б.БАЯНЖАРГАЛ: Тухайн үед би Механик цехийн Үйлдвэрлэлд бэлтгэх зохион байгуулах хэсгийн даргаар ажиллаж байсан. Манай насосны ажиллах цаг багассанаас үүдэн бид сард 35-40 насос үйлдвэрлэж, маш их ачаалалтай ажилладаг байлаа. Насосоо сайжруулах ажилд бид шинжлэх ухаанчаар хандаж маш их хичээсэн. Олон хүний 2-3 жилийн хөдөлмөрийн үр дүнд насос маань дунджаар 350 цаг ажилладаг болсон.
10-р сарын 20-ноос 27-ны хооронд манайд Баяжуулах үйлдвэрээс 356, 369, 372 цаг ажилласан гурван насос ирсэн. Баяжуулах үйлдвэрийн Нунтаглан баяжуулах хэсэгт Хятадын Варман, Найпу, Америкийн Миллмакс, Австралийн Варман, Японы Фуракова насосууд ашиглаж байсан. Одоо Варманы нэгээс бусад нь манай насос ажиллаж байна. Ирэх оноос Баяжуулах үйлдвэрт манай насос дангаараа ажиллах юм. Варман насос 100 гаруй сая төгрөгийн үнэтэй бол манай шинэ насос 49 сая, засварласан нь 18-19 сая төгрөгийн үнэтэй. Бидний сайжруулсан насос дөрвөн жилийн турш амжилттай ажиллаж, үйлдвэрийн эдийн засагт томоохон үр ашиг авчирч, импорт орлох бүтээгдэхүүн болж буйд бид баяртай байна.
ЗМЗ-ын Тэргүүлэх механикч М.ӨЛЗИЙБАЯР: “Тухайн үед насосаа удаан ажиллуулахын тулд олон арга хэмжээ авч байсны дотор манай бригад Баяжуулах үйлдвэр дээр сервис үйлчилгээ хийж байсан. 2014 онд байх. Балансын хурал дээр Үйлдвэрлэл эрхэлсэн захирал, насосны цагийг 175 болгож уртасга-сан ЗМЗ-ын инженерүүдэд баяр хүргэж байсныг санаж байна. Гэтэл одоо ажиллах цагийг түүнээс хоёр дахин уртасгасан байна. Энэ бол үндэсний инженерүүдийн гайхамшигтай бүтээл үйлдвэрлэлд үр ашгаа өгч байгааг харуулж буй томоохон баримт юм. Төвөөс зугтах хүчний шахуурга манай ЗМЗ-ын “үүсмэл” бренд бүтээгдэхүүн боллоо” гэв.
Ийнхүү шинэ бүтээлийн патент авсан үндэсний инженерүүдийн шинжлэх ухаан технологийн шийдэлд тулгуурласан бүтээл Эрдэнэт үйлдвэрт эдийн засгийн үлэмж үр ашиг авчирсан төдийгүй, Монгол улсын уул уурхайн салбарт гадагшлах мөнгөний урсгалыг багасгахад томоохон хувь нэмэр оруулах юм.
Я.ЭНХТУЯА
ФОТО: Б.БАТТӨГС
More from Нийгэм
ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХАД БНСУ-ЫН ҮНДЭСНИЙ АВРАХ АЛБАТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
Баянзүрх дүүргийн Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөл гадаад хамтын ажиллагаагаа өргөжүүлэн тэлж БНСУ-ын Үндэсний аврах албатай хамтран ажиллахаар боллоо. …
“НОГООН ГЭРЭЛ-ЦАГААН ШУГАМ” АРГА ХЭМЖЭЭНИЙ ШИЛДГҮҮДЭД ШАГНАЛ ГАРДУУЛАХ АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО
Баянзүрх дүүргийн Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчдын дунд замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг олгох “Ногоон гэрэл-Цагаан шугам” тэмцээнийг зохион байгуулдаг. …
УРД ШӨНӨ ОРСОН ЦАСНААС ҮҮДЭН ХАЛТИРГАА ГУЛГАА ҮҮСЭХЭЭС СЭРГИЙЛЭН АЖИЛЛАЖ БАЙНА
Нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээний 6 байгууллага 28 техник хэрэгсэл, 260 хүний бүрэлдэхүүнтэй бэлэн байдлыг ханган ажиллаж авто замын зорчих …