Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар тавдугаар сарын 12-13-ны өдрүүдэд Дорноговь, Говьсүмбэр, Хэнтий аймагт ажиллаад ирлээ. Сайдыг Дорноговь аймгийн МАК-ын Хөх цавын цементийн үйлдвэр, “Доншен газрын тос Монгол”, “Бадрах энержи”, “Мон- Атом”, “Монцемент”, “Сайншанд салхин парк” зэрэг компаниудад ажиллах үеэр УИХ-ын Б.Дэлгэрсайхан, Г.Мөнхцэцэг, Д.Гарамжав нарын гишүүд хамт явав.
Энэ үеэр мөн Засгийн газраас Дорноговь аймгийн Алтанширээ сумд Газрын тосны үйлдвэр байгуулахаар төлөвлөсөн газар дээр очиж нөхцөл байдалтай нь танилцсан юм. Байгалийн баялаг ихтэйгээс гадна дэд бүтэц сайн хөгжсөн гэдэг үүднээс тус газар нутагт Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулахаар сонгосон билээ.
Түүнчлэн Дорноговь аймагт байрлах Монголын хамгийн том хоёр цементийн үйлдвэртээ түшиглэн, гурван улсын хамтарсан босоо тэнхлэгийн хурдны автозам байгуулахаар төлөвлөөд буй аж.
Д.Сумъяабазар: Үндэсний үйлдвэрүүдээ дэмжиж байж хөгжинө
УУХҮ-ийн сайд болон холбогдох албаныхан хамгийн эхэнд Дорноговь аймгийн Даланжаргалан суманд байрлах Хөх цавын цементийн үйлдвэртэй танилцлаа. Тус үйлдвэр нь өнгөрсөн оны зургадугаар сард, жилд сая тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтайгаар байгуулагджээ. Мөн 150 мянган тоннын хүчин чадалтай шохойн үйлдвэр байгуулж, ирэх зургадугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөөн байна. Оюутолгой, Салхин парк зэрэг цөөнгүй компаниудаас бүтээгдэхүүн худалдаж авах захиалга ирсэн ч тээвэрлэлтийн асуудал хүндрэлтэй байгааг МАК-ийн тэргүүн дэд ерөнхийлөгч Г.Цогт онцлов.
Тус аймгийн Өргөн суманд 2015 оноос эхлэн үйл ажиллагаа явуулж байгаа цементийн бас нэгэн томоохон үндэсний үйлдвэр “Монцемент” ХХК юм. Орчин үеийн дэвшилтэт, байгальд ээлтэй буюу хуурай аргын технологиудыг нэвтрүүлсэн тус үйлдвэр жилд сая тонн, цагт 120 тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай. Монгол Улсад анхдагч Эко цементийн үйлдвэр гэдгээрээ онцлог тус үйлдвэр өндөр чанарын түүхий эдээр үйлдвэрлэсэн бүх төрлийн цементийг үйлдвэрлэдэг бөгөөд өдгөө 1000 гаруй мэргэжлийн ажиллах боловсон хүчнийг ажлын байраар ханган ажиллаж байна.
Компанийн удирдлагын зүгээс үйлдвэрийн байгаль орчинд үзүүлэх нөлөөллийг багасгах, түлш эрчим хүчний хэмнэлт хийх үүднээс үйлдвэрээс гарсан хаягдал хийг ашиглан эрчим хүч, дулаан үйлдвэрлэх үйлдвэрийг Монголд анх удаа барьжээ. Ингэснээр агаарт цацагдах хүлэмжийн хийн хэмжээг бууруулах, төвийн эрчим хүчний системээс хэрэглэх нийт эрчим хүчний хэмжээг 40 хувь багасгах зэрэг олон давуу талыг бүрдүүлсэн талаар компанийн үйл ажиллагаа хариуцсан захирал Д.Мөнхбат ярьсан юм.
Гэр бүлийн тогтвортой байдлыг хангах үүднээс гэр бүлийн хүмүүсийг авч ажиллуулах нь олонтаа тул тэднийг компанийн зүгээс шинээр барьсан орон сууцанд үнэ төлбөргүй амьдруулж, хүүхдийн цэцэрлэг, дунд сургуулийн өргөтгөл зэргийг Өргөн суманд байгуулжээ. Ажилчдын дийлэнх хувийг орон нутгаас авч ажиллуулдаг байна. Сайд Д.Сумъяабазар “Монгол Улсын бүтээн байгуулалтад хувь нэмрээ оруулж байгаа үйлдвэр бол яах аргагүй “Монцемент” юм. Дорноговь аймгийн болон Оюутолгой зэрэг томоохон компанийн бүтээн байгуулалтын ажилд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ нийлүүлэн ажиллаж байна. Өнөөдөр Монгол Улсад дэд бүтцийн хүрээнд хийх маш олон ажлууд байгаа. Уул уурхайн салбарын бүтээн байгуулалт, Тавантолгой-Оюутолгой-Ханги мандалын чиглэлийн 500 гаруй автозам, Тавантолгой- Гашуунсухайт чиглэлийн 258 км автозам, Улаанбаатар хотын гэр хорооллыг барилгажуулах хөтөлбөр, цэвэрлэх байгууламж зэрэг олон бүтээн байгуулалтын ажилд үндэсний үйлдвэрүүдээ бид дэмжиж байж урагшаа хөгжих болно” гэв. Компанийн хувьд түлш, эрчим хүчний үнэ тариф, түүхий эдийн огцом үнийн өсөлт тулгамдаж байгаа тул төр- хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хамтран ажиллаж, асуудлаа шийдвэрлэхээр ажиллаж байгааг хэлж байв.
Орон нутагт бодитой хөрөнгө оруулалт хийж ажиллахыг үүрэг болгов
Салбарын сайдаар ахлуулсан яам, агентлагийн газар хэлтсийн дарга нарын очсон дараагийн компани нь Зүүнбаянгийн газрын тосны дэд сав газарт үйл ажиллагаа явуулж буй “Доншен газрын тос Монгол” ХХК байлаа. Засгийн газартай байгуулсан Бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу сардаа 33.000 баррель буюу 4700 орчим тонн газрын тос экспортлож байна. Лондонгийн Хөрөнгийн биржийн тухай өдрийн ханшнаас хамаарч борлуулалтын үнийг тогтоодог байна. Энэ жил 343 мянган баррель газрын тос олборлож, экспортлох төлөвлөөгтэй байгаа аж.
Тус компанид нийт 206 хүн ажилладагаас 129 нь Монгол ажилчин байна. Монгол ажилчдын 115 нь Зүүнбаянгийн, 14 нь Сайншанд болон Улаанбаатарын иргэн ажиллаж буй юм. “Доншен газрын тос Монгол” компанийн ашиглалтын баталгаат нөөц 14.9 сая баррель буюу хоёр сая тонн юм байна. Энд цахилгаан эрчим хүч дамжуулах шугамууд, хатуу хучилттай авто зам, газрын тос цуглуулах, хадгалах, ялгах, ачиж байгууламж, ажилчдын дотуур байр зэргийг байгуулжээ. Дорноговь аймгийн Засаг даргатай жил бүр хамтран ажиллах гэрээ байгуулан ажилладаг бөгөөд энэ хүрээнд 50 хүүхдийн ортой цэцэрлэг байгуулах, шугам сүлжээний засвар зэрэг ажлууд хийж байгаа гэлээ.
Компанийн удирдлагуудын зүгээс Бүтээгдэхүүн хуваах гэрээ зарим талаар татварын хуультай зөрчилдөж байгааг салбарын сайдад хэлэв.
Д.Сумъяабазар: Баргилтын төмрийн хүдрийн нөөцийг өсгөж, гангын үйлдвэртэй болох ёстой
Сайд Д.Сумъяабазар болон холбогдох хүмүүс энэ сарын 12-нд Хэнтий аймгийн Бор- Өндөр сумын нутагт орших “Монголросцветмет” компанийн “Бор- Өндөр” Уулын баяжуулах үйлдвэр /УБҮ/ дээр зарим тулгамдсан асуудлыг шийдвэрлэхээр ажиллалаа. Энэ үеэр ЗТХ-ийн сайд Ж.Бат-Эрдэнэ, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ нар хамт ажилласан бөгөөд үүний дараа Бор- Өндөр сумын иргэдтэй уулзалт хийлээ.
“Бор- Өндөр” УБҮ-ийн 45 жилийн ой энэ онд тохиож байгаа тул үйлдвэрийн зүгээс ойн хүрээнд олон ажлыг хийхээр төлөвлөсөн тухай таатай мэдээлэлтэйгээр УИХ, Засгийн газрын гишүүдийг угтав. Энэ үеэр тус үйлдвэрийн 200 метрын гүнд байрлах далд уурхайн ажилтай салбарын сайд танилцсан юм.
Гүний уурхай жилд 300 мянган тонн хүдэр олборлох хүчин чадалтай бөгөөд хүдрийг гүний цооногийн ба ангилан олборлох аргаар олборлодог байна. 2017 онд экспортын зах зээлтэй холбоотойгоор тус уурхай найман сарын хугацаатай бүрэн зогсолт хийжээ. 26.76 хувийн агуулгатай хайлуур жонш олборлож байгаа гүний уурхайгаас энэ жил 103.5 мянган тонн хүдэр олборлох төлөвлөгөөтэйгөөр хэвийн ажиллаж байна. Эхний улирлын байдлаар төлөвлөгөө 103 хувийн биелэлттэй байгаа аж.
Сайд Д.Сумъяабазар “Одоо УБҮ маань 26 хувийн агуулгатай жонш олборлож, үүнийгээ баяжуулах фабрикт баяжуулаад ФФ-95 флотацийн жоншны баяжмал гаргаж байгаа. Энэ нь бол хуучин ЗХУ-ын стандарт тул цаашид дэлхийн зах зээлд өрсөлдъе гэвэл чанарыг нь улам сайжруулах шаардлагатай. Тиймээс би үйлдвэрийн удирдлагуудад бусад улстай өрсөлдөхийн тулд ойрын хугацаанд БНХАУ-д очиж энэ чиглэлийн үйлдвэрүүдээс туршлага судлах үүрэг өгсөн. Мөн дэлхийд тэргүүлдэг Мексикийн жоншны үйлдвэрийн технологийг судлах, сайн технологийг улсдаа нэвтрүүлэх, өрсөлдөх чадвараа сайжруулах ёстой” гэлээ.
“Бор- Өндөр” УБҮ Баргилтын төмрийн хүдрийн ил уурхайд 2011 оноос эхлэн ашиглалтын үйл ажиллагаа явуулж буй юм. 2013 оноос жилд 600 мянган тонн төмрийн хүдэр боловсруулах, 300 мянган тонн төмрийн баяжмал үйлдвэрлэх хүчин чадалтай бөгөөд Fe-65 маркийн төмрийн нойтон баяжмал боловсруулан үйлдвэрлэж байна.
Цаашид Баргилтын төмрийн хүдрийн нөөцийг өсгөх, дагалдах жижиг гангын үйлдвэрийн ТЭЗҮ-г боловсруулж, яаманд яаралтай танилцуулах чиглэлийг УУХҮ-ийн сайд үйлдвэрийн удирдлагуудад өгсөн юм. Сайд “Баргилтын уурхай дээр түшиглэн жижиг гангын үйлдвэр байгуулах нь зүйтэй гэж харж байгаа” гэлээ.
Уул уурхайн салбарт 45 жилийн туршлагатай “Бор- Өндөр” УБҮ-т өнөөдрийн байдлаар 1200 орчим хүн ажиллаж байна. Үйлдвэрийн хувьд эргэн тойрны газрыг хувийн хэвшлийн байгууллагуудад лиценз олгосны улмаас үйл ажиллагаа явуулахад хүндрэл учирч байгааг хэллээ. Мөн Зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх салбараас Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээгээр дамжуулан эрчим хүчээр хангагддаг байна. Гэтэл тус сүлжээ нь цаанаасаа 1квт эрчим хүчийг 44 төгрөгөөр авч, “Бор- Өндөр” УБҮ-т 159.5 төгрөгөөр нийлүүлж байгаа нь хүндрэлтэй байгааг хэлж байв. Түүнчлэн үйлдвэрийн бүтээгдэхүүнийг олон улсад өрсөлдөх чадвартай болгох үүднээс олон улсын хөнгөлөлттэй зээл тусламжинд хамруулж өгөхийг салбарын яамнаас хүслээ.
More from Уул уурхай
УУЛ УУРХАЙ, ГАЗРЫН ТОСНЫ ТӨВ ЛАБОРАТОРИЙН ЗАСВАР, ШИНЭЧЛЭЛИЙН АЖЛЫН НЭЭЛТИЙН АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО
Ашигт малтмал, газрын тосны газарт БНСУ-ын Олон Улсын Хамтын ажиллагааны байгууллагын (КОЙКА) буцалтгүй тусламжаар “Монгол улсын агаарын чанарыг сайжруулах хүрээнд …
УУХҮЯ-НААС ЗОХИОН БАЙГУУЛСАН ЗЭСИЙН БАЯЖМАЛЫН БИРЖИЙН АРИЛЖАА ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ БНХАУ-ЫН ЖҮНТЯОШАНЬ ГРУПП ОРОЛЦОЖ БАЙНА
Монгол Улс 56.5 сая.тн зэс металлын баталгаат нөөцтэй ба 2023 оны гүйцэтгэлээр 1,525.0 мянган.тн зэсийн баяжмалү экспортод гаргасан. Цаашид Оюу …
СХД-ИЙН АВТО ЗАМУУДАД 26 ТН ДАВС, 40 ТН БОДИС ЦАЦАН АЖИЛЛАЖ БАЙНА
11 дүгээр сарын 04-ний өдрийн орсон цаснаар нийтийн эзэмшлийн зам талбайд халтиргаа гулгаа үүсээд байна. Тиймээс дүүргийн зам цэвэрлэгээний 8 …