УИХ-ын дарга, эрхэм гишүүд ээ!
Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд чуулганы завсарлагаанаар орон нутаг, тойрогтоо ажиллан, ард иргэдийн захиа даалгавар, санал хүсэлтийг сонсч, өнөөдрийн Монгол орны дүр төрх,төр засгийн үйл ажиллагааны талаарх дүгнэлтийг та бүхэнд сонордуулж байна.
Энэ удаагийн УИХ-ын чуулганаар зөвхөн Засгийн газрын гишүүдийн тухай бус Монгол Улсын улс төр, нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал бүхэлдээ туйлын хүнд байдалд орсон байгааг ярилцах шаардлага үүсчээ.
Төрийн тасралтгүй үйл ажиллагаа доголдож, УИХ-ын дарга, Ерөнхий сайдын хоорондын үл ойлголцол газар авч, хуулийн хэрэгжилт, төрийн албаны үйл ажиллагаа алдагдаж, ҮАБЗ-ийн гишүүдийн нэгдмэл шийдвэр гаргах гарцгүй болсон нь нийгмийн бухимдлыг өдөөж, төр засгийн нэр хүндийг урьд хожид байгаагүйгээр унагаж байна.
2016 оны сонгуулиар ард иргэдийн саналыг олон том амлалтаар авсан эрх баригч нам дотроо зөрчилдөж, тогтворгүй байдлыг өдөөж байна.
МАН төрийн бодлого, залгамж чанарыг бүрэн алдагдуулж, зөвхөн намын, хувийн явцуу ашиг сонирхолд хөтлөгдөж, хоорондын зөрчил маргаан нь төрд итгэх түмний итгэлийг бүрэн алдагдууллаа.
Төрийн албыг үнэгүйдүүлж, улс төртэй хутгаж, 60 тэрбумаар арилжаалснаас үүдэн төрийн албаны мерит зарчим алдагдаж, үүний хор уршгаар мэргэшсэн, чадварлаг, ёсзүйтэй хүний нөөцөөр хангагдах ёстой төр үнэгүйдэн, бодлогогүй, шийдвэргүй, хариуцлагагүй үйл ажиллагааны улмаас нийгмийг цочирдуулж, бухимдуулсан асуудлууд шил даран гарсаар байна.
Төрийн бодлого хэрэгжих Засгийн газрын яам агентлаг, төрийн бусад байгууллагуудад улс төржилт хэрээс хэтэрч, архидалт, авлига хавтгайрч, аллага хүртэл гарсан нь энэ төр засагт хариуцлагагүйн зуд нүүрлэсний тод жишээ болж байна.
Зам Тээврийн Хөгжлийн яамны байранд төрийн өндөр албан тушаалтнууд архидан согтуурч, нэгнийхээ амийг онц хэрцгийгээр бүрэлгэсэн нь Монгол төрийн доройтлын хамгийн том илрэл юм. Энэ асуудалд одоо болтол хэн ч ямар нэгэн тайлбар хийгээгүй. Салбарын сайд Ж.Бат-Эрдэнэ огцорсон болж харагдсанаар асуудлыг намжаахгүй.
Мөн Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа БНТУ-ын иргэнийг хулгайлсан өдөр тус улсын тусгай үүргийн онгоц “Чингис хаан” ОУНБ-д буусантай давхцаж байгаад одоо хүртэл мөн л хэн ч тайлбар хийгээгүй.
Монгол Улсын нутаг дэвсгэрт тусгай үйл ажиллагаа явуулж, хүн хулгайлах оролдлого анх удаа гарсан нь манай улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, Ардчилсан Үндсэн хуулийг маш ноцтой зөрчсөн үйл явдал боллоо.
Монгол Улсын эдийн засгийн гол ачааг үүрдэг “Эрдэнэт” үйлдвэрийг зээлийн барьцаанд тавьж, Олон улсын арбитрын шүүхээс олон сая ам.долларын өр төлөх шийдвэр гарлаа. Өнөөдөр энэ бүгдэд хариулт өгөх, шийдвэр гаргах төр, засаг алга.
Эрх баригчдад бүгдийг тогтолцоо руу чихэх эрх байхгүй.
Үндэсний аюулгүй байдал алдагдаж, өр зээл нэмэгдэхийн хэрээр Монгол Улсын эдийн засаг нэг улсын хараат болох зам руу сүүлийн жилүүдэд эрчимтэй гулсан орлоо.
Засгийн газрын нийт өр 2016 оны 2 дугаар улиралд 16 их наяд 612 тэрбум төгрөг байсан бол 2018 оны 2 дугаар улиралд 22 их наяд 642 тэрбум болж даруй 6 их наяд 30 тэрбум төгрөгөөр нэмэгджээ.
МАН засгийн эрхийг аваад “Чингис” Самурай бондын хэмжээний валютын өр тавьсан мөртлөө хийж бүтээсэн зүйлгүй гараа хумхин сууна. БНХАУ-аас авч байгаа зээлийн хэмжээ 1 тэрбум 500 сая.ам доллароос давж, Монгол банк 15 тэрбум юанийн свопын өр зээлтэй байгааг анхаарахгүй орхиж боломжгүй.
Ардчилсан нам эдийн засгийн хямралын үед эдийн засгийн тусгаар байдалд онцгой анхаарч, Олон улсын санхүүгийн зах зээлээс мөнгө босгож, дотоодын мөнгөний бодлого явуулж,хүндрэлийг давах нөхцөлийг бүрдүүлсэн нь зөв байсныг өнөөгийн нөхцөл байдал нотлон харуулж байгаа.
Эдийн засгийн хямралын үед хүн бүр хөдөлмөр хийхийг эрхэмлэж,бүтээн байгуулалт, ажлын байраа хадгалж,орон сууцанд орж, үнэ тогтвортой байсан тэр үе мартагдаж эхэлсэн.
Хувийн өмчид халдах, хүний эрхийн зөрчил түгээмэл болж, иргэдийн ирээдүйд итгэх итгэлийг төр засаг өөрөө үгүй болгож байна.
Ард нийтэд эрх баригчдын сайхан амлалт биелэхийг хүлээх хүлээлт байхгүй болсон.
Өнөөгийн төрийн арчаагүй байдалд бухимдсан, ажлын байргүй, цалингаа арай ядан амьдралдаа хүргэсэн, олон нэмэлт татварт дарлагдсан, хүүхэд залуучуудаа гадаадад ажиллуулах хүсэл тээсэн нийгмийн давхарга огцом нэмэгдэж, ард иргэдийн амьдралын чадамж огцом буурлаа.
Багш нарын цалингаа нэмүүлэх зорилготой хийсэн цуглаан, жагсаал энэхүү байдлын толь болж байгааг ойлгоход эрх баригчдын ухааны цар яалт ч байхгүй дутаж байна.
Боловсрол, соёл шинжлэх ухааны салбарт 2018 онд төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэхээр төлөвлөгдсөн ажлын биелэлт 10 дугаар сарын байдлаар дөнгөж 20 хувьтай явж байна.
Эрчим хүчний салбарын бодлогогүй шийдлүүд, хариуцлагагүйн улмаас гарсан ослууд улс оронд асар их хохирол дагуулж байна.
БНХАУ-аас зөвхөн хөнгөлөлттэй зээлээр 1.5 тэрбум ам.долларын өртөг бүхий 23 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байгаа дотор бодит үйлдвэрлэлийг дэмжих нэг ч төсөл ороогүй бөгөөд дэд бүтцэд 60 хувь, нийгмийн салбарт 30 хувь хамарч байгаа нь зөвхөн төсвөөс эргэн төлөх зээлийн эрсдэлийг нэмэгдүүлж байна.
Гадны зээлээр хэрэгжиж байгаа өндөр өртөгтэй хөрөнгө оруулалтууд улс орны хөгжилд тус болох гэхээсээ илүү гадны бодлогод хөтлөгдөөд байна уу гэдгийг Засгийн газар ялгаж, салгах чадамжгүй байна.
Монгол банк, Засгийн газар хоорондын ажлын уялдаа алдагдсанаас валютын ханш, инфляц өсөж байна.
Төсвөөс хулгайлагдсан авлигалын өртөг инфляцыг өдөөж, ханшийг хөөрөгдөх нэг шалтгаан болж байна.
Саяхан дуулиан болсон 1.3 сая ам.долларын хэрэг үүний тод жишээ юм. Мөн түүнчлэн:
Хэрэглээ огцом нэмэгдэж, импортын хяналт алдагдсан.
Өндөр өртөгтэй хөнгөлөлттэй зээлийн гадаадын хөрөнгө оруулалт зөвхөн дэд бүтцэд орж байгаа нь импортыг өсгөх шалтгаан болж байна.
Монгол Улсын дотоодын бодит үйлдвэрлэл зогсонги байдалд орж, хэрэглээний эдийн засаг хуучин үеийнх шиг дахин сэргэж байна.
Монгол Улсаас экспортод гарч байгаа уул уурхайн түүхий эдийн гарсан бодит бүтээгдэхүүний гаднаас орж ирэх төлбөр саатаж байна.
Эдийн засаг өсч байхад хэрэглээний үнэ өсөөд байгаа, валютын ханш яагаад саваад байгаа юм гэдэгт бодит дүгнэлт хийх цаг нь болсон учраас бид Ерөнхий сайдад асуулга тавьсан.
Төсвийн орлого маш их нэмэгдэж эдийн засагт өсөлт гарсан гэж байгаа боловч өсөлт нь ард түмэн, аж ахуйн нэгжид хүртээлгүй байна. Зөвхөн төгрөгийн ам.доллартой харьцах ханшны өсөлтөөс болоод, ам.доллар тутмаас 602 төгрөг алдаж байна. Тухайлбал,
- 2016 оны зургадугаар сарын байдлаар 1950 байсан ханш өнөөдөр 2552 болсон. 602 төгрөгөөр төгрөг суларсан. Одоо ханш 2600 төгрөг хүрэх гэж байна.
- 2016 оны зургадугаар сард 1.2 хувьтай байсан инфляц 8.8 хувьтай буюу 6.6 хувиар өссөн байна.
Бензин шатахууны үнэ АИ 92 19 хувиар,АИ95 бензин 25 хувь, дизель 30 хувиар тус тус нэмэгдлээ.
Олон зуун сая төгрөг заран байж, хэвлэл мэдээллийг цензурдэж, өгч байгаа гол ярианы гол сэдэв, үг улстөржилт чинь ард иргэдийн сэтгэлийг хуурахаас биш амьдралыг нь тэтгэсэнгүй.
Уул уурхайн өсөлтөөс орж ирж байгаа мөнгө, ОУВС-аас нэмж өр зээл тавьж байгаа 5.5 тэрбум ам.доллар хаана шингэж, юунд зарцуулагдаж байгааг ард түмэн асууж байна
Татвар нэмэгдэхийн хэрээр үнэ өсч, амьдрал хүндэрч байгаад иргэд хариулт нэхэж байна.
Арагш харж бусдыг гоочлохын оронд урагш харж улс орондоо ганц ч гэсэн хэрэгтэй зүйл хийхийг тэд эрх баригчдаас шаардаж байна.
Монгол Улсад хариуцлага хүлээх эзэн байхгүй болсон хэнэггүй байдлаас иргэд залхаж байна
60 тэрбумаар авлигыг гааруулж,төрийн албыг улстөржүүлэн арилжаалж, үнэгүйдүүлэн хариуцлагагүй үйлдэл гаргаж, Монгол Улсын Үндсэн хууль,бусад хуулиудыг удаа дараа ноцтой зөрчсөн У. Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулах нь төрийн эрх барих дээд байгууллага УИХ-ын үүрэг мөн.
Ардчилал бол Ард түмний засаглал мөн хэдий ч Засгийн газрын алдаа завхрал нь ард түмний нэр барьсан анархизм, популизмыг услан ургуулж байна.
Дээрхи хариуцлагагүйн тоо жишээ баримтууд нь асуудлууд бугшиж, Монгол төрийн үнэлэмж унасныг тодхон харуулж байгаа бөгөөд энэ цаг үед гал унтраах төдийхнөөр асуудалд хандаж, хэдэн хүнд хариуцлага тооцсон мэт харагдсанаар У.Хүрэлсүхийн Засгийн газрыг авч үлдэх гэсэн оролдлогыг Монгол төрд хор уршигтай гэж Ардчилсан намын бүлэг үзэж байна.
Хэрэв Засгийн газартаа хариуцлага тооцож чадахгүй бол УИХ өөрөө тарах ёстой гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна.
Анхаарал тавьсанд баярлалаа
More from Улс төр
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ДАРГААР БАТ-ЭРДЭНИЙН ЗОЛБОО СОНГОГДЛОО
Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн үр дүнгээр Сонгинохайрхан дүүргийн Монгол ардын нам Нийслэл, дүүрэгтээ 100 хувийн …
ЕРӨНХИЙ САЙД ДОРНОГОВЬ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА
Дорноговь аймагт баригдаж буй Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа. Газрын тос боловсруулах үйлдвэр нь Хамтарсан Засгийн газрын …
ХАМТАРСАН ЗАСГИЙН ГАЗАР 2024-2028 ОНД 14 МЕГА ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛНЭ
Төсөл-1 "Гашуунсухайт-Ганцмод" "Ханги-Мандал" "Шивээхүрэн-Сэхээ" хилийн боомтуудын хил дамнасан холболтын төмөр зам, ачаа тээврийн шилжүүлэн ачих терминалыг ашиглалтад оруулна. Үр дүн: Экспортын …
1 Comment
230611 964319excellent post. Neer knew this, thanks for letting me know. 866498