ОХУ-ын эсрэг АНУ-ын хориг арга хэмжээ чангарсаар Орос-Америкийн харилцаа улам муудахад хүргэнэ гэж Оросын шинжлэх ухааны академийн Олон улсын аюулгүй байдлын асуудал судлах хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, Дунд болон бага тусгалтай пуужингийн тухай гэрээний шинжээч Алексей Фененко РИА Новости агентлагийн сурвалжлагчтай ярилцахдаа мэдэгджээ.
Өмнө нь АНУ-ын Бүгд найрамдах намаас сонгогдсон сенатч Линдси Грэм болон Ардчилсан намаас сонгогдсон сенатч Боб Менендес нар “хориг арга хэмжээ авах замаар Орост үзүүлэх шахалтыг хүчтэй болгоход чилгэсэн бүх талыг хамарсан хуулийн төсөл боловсруулж эхэлсэн тухай” зарласан юм.
Оросын шинжээчийн үзэж байгаагаар, “хориг арга хэмжээ авах замаар Орост үзүүлэх шахалт эрчимжсээр ирсэн, ОХУ хатуухан хариу барих хүртэл цаашид ч улам өргөжих” ажээ. “Хельсинкид хийсэнтэй адилхан Орос-Америкийн хоёр дахь дээд хэмжээний уулзалт зохион байгуулсан ч хоёр талын харилцааг төдийлөн сайжруулж чадахгүй л болов уу. Орос даацтай хариу барьж чадахааргүй сул дорой байгаа хэмээн АНУ үзэж байгаа тул Линдси Грэм, Боб Менендес нарын санаачлага амьдрал дээр хэрэгжих магадлалтай юм” гэж Алексей Фененко тэмдэглэсэн байна.
Түүний хэлснээр, “Орос-Америкийн харилцаа цаашид муудсаар хоёр тал бие биеэсээ аажмаар тусгаарлагдаж, дипломат харилцаа тасардаггүй юмаа гэхэд хязгаарлагдаж болзошгүй” аж.