Нэгэн үес Оюутолгойн гэрээний хэрэгжилтийг шалгах ажлын хэсгийнхэнд “Рио Тинто” группээс уулзах санал тавьсан. Гишүүдийг хэд хэдэн удаагийн үйлдлээр лоббидохоор оролдсон гэх мэдээлэл түгсэн. Улмаар захиа хүртэл илгээсэн гэгдэж байв.
Тухайн үед ажлын хэсэгт багтсан гишүүд үүнийг эрс үгүйсгэж, “Огт тийм юм байхгүй” гэцгээсэн юм. Гэтэл өнөөх захианых нь асуудал явсаар Татварын багц хуулийн төслүүд дээр дахин гарч ирлээ. Тодруулбал, Татварын багц хуулиудад багтсан ААНОАТ-ын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Ч.Улаан Монгол дахь Америкийн худалдааны танхим буюу Ам Чам-аас гишүүдэд захидал илгээсэн болохыг тодотгосон юм.
Тэрээр “Захидал дахь саналууд хуулийн төслүүд яг үг өгүүлбэрээрээ явж байна. Та нар үнэхээр бодож энэ заалтуудыг хуульд тусгасан уу. Аль эсвэл хэн нэгний заавраар тусгасан уу. Энэ хуульд Ам Чамаар дамжуулсан “Рио Тинто”-гийн лобби явж байна” хэмээн Сангийн яамныхаас асуугаад амжсан юм.
Эндээс Ч.Улаан тэргүүтэй УИХ-ын гишүүдэд ирсэн захидлын агуулга юу байв. Яагаад Америкийн худалдааны танхим буюу “Ам Чам”-ын захидал “Рио Тинто”-той холбоотой вэ зэрэг асуултууд гарч байна. Хариулт нь бас их энгийн. Гишүүдэд ирсэн захидалд “Ам Чам”-ыг төлөөлж, монголчуудын сайн мэдэх Камерон МакРей гарын үсэг зуржээ.
Камерон МакРей нь “Оюутолгой” компанийн ерөнхийлөгч бөгөөд гүйцэтгэх захирлаар дөрвөн жил орчим ажилласан, Австрали улсын иргэн билээ.
Тэрээр уг албан тушаалаа өгснийхөө дараа “Би Монголоос мөддөө явах хүсэлгүй байна. Одоо ямар ажил эрхлэх талаараа судалж явна” гэсэн тодруулгыг хэвлэлд өгч байсан нэгэн юм.
Оюутолгойн татварын маргаан, гэрээ тойрсон дуулиан бүрд нэгэн үес эл эрхэм хариулт өгдөг байв. Түүний үед Оюутолгойн зэсийн баяжмал экспортлогдож байсан түүхтэй. Тиймээс ч Ч.Улаан гишүүний тодотгож хэлсэнчлэн “Ам Чам”-аар дамжуулж, “Рио Тинто” энэ хуулийг лоббидохоор оролдсон гэх тайлбар үндэслэлтэй болж таарч байна.
Нөгөө талаас Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хуулийн төслийг “вакумжсан” орчинд боловсруулсан болохоо тодотгож, “Та бүхэн энэ хуулийн төслийг “Рио Тинто”-гоор төлөөлүүлж харах нь зохимжгүй. Монголд ганцхан “Рио Тинто” гадны хөрөнгө оруулалт хийдэггүй” гэж тайлбарласан. Гэсэн ч тэрээр хуулийн төслөө хамгаалж чадаагүй билээ.
КАМЕРОН МАКРЕЙ: СҮҮЛИЙН УДАА ДАХИН ЛОББИ ХИЙХЭЭР ОРОЛДОЖ БАЙНА
“Оюутолгой” компанийн ерөнхийлөгч бөгөөд гүйцэтгэх захирал асан, “Ам Чам”-ын Удирдах зөвлөлийн даргын үүрэг гүйцэтгэгч Камерон МакРей УИХ-ын гишүүдэд илгээсэн захидалдаа үндсэн хоёр санаа тусгажээ. Тэр нь лиценз шилжүүлэхэд ногдуулах татвар болон эцсийн эзэмшигч тодорхойлох аргачлал.
Тэрээр хуулийн төсөлд тусгагдсан эл хоёр агуулга нь “Засгийн газар татвараас зугтах, дамлах явдлаас сэргийлэх зорилготой хийгдэж байгаа алхам боловч Монголын уул уурхайн олборлолт болон хайгуулын салбар гүн уналтад орж, олон улсын хөрөнгө оруулагчид өөр таатай зах зээл хайж байгаа энэ үед оновчтой шийдэл биш” гэж захидалдаа онцолсон байна.
Уг захидал нийт зургаан хуудас бөгөөд ААНОАТ-ын хуулийн шинэчилсэн найруулга дахь тодорхой заалтуудыг ингэж өөрчлөх ёстой гэсэн байдлаар нэг бүрчлэн задлан бичсэн нь анхаарал татна. Улмаар захидалдаа “СҮҮЛИЙН УДАА ДАХИН ЛОББИ ХИЙХЭЭР ОРОЛДОЖ БАЙНА” гэж бичсэн байна.
Захидлынхаа төгсгөлд “Засгийн газрын сайд нар болон парламентын гишүүдээс эдгээр хийсэн өөрчлөлтүүдийг хууль тогтоомжид оруулах талаар авч хэлэлцэх байх хэмээн гүнээ итгэж байна” гэж дурджээ. Эндээс харахад, захидал Засгийн газрын гишүүд төдийгүй Сангийн яам, УИХ-ын нөлөө бүхий гишүүдэд ирсэн нь тодорхой байгаа юм. Харин шинээр сонгогдсон гишүүд ийм захидал хүлээж аваагүй гэдгээ учирлав.
КАМЕРОН МАКРЕЙН ЗАХИДАЛ ДАХЬ САНАЛ БА ХУУЛИЙН ТӨСЛИЙН ЗААЛТУУД
Камерон МакРейн захидалд туссан саналууд Засгийн газарт буцаагдаад буй ААНОАТ-ын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд хэрхэн туссаныг харьцуулж, доорх байдлаар харьцуулан бэлтгэв. Дээр бичсэнчлэн, захидалд лиценз шилжүүлэхэд ногдуулах татвар болон эцсийн эзэмшигч тодорхойлох аргачлал гэсэн хоёр үндсэн хэсэгт чиглэгдэж буй юм. Тухайлахад,
Захидалд эцсийн эзэмшигчийн шалгуур, эцсийн өмчлөгчийн шалгуур гэснийг ӨӨРЧЛӨХ хэрэгтэй гэж дурдсан байна. Ингэхдээ эцсийн өмчлөгч, эзэмшигчид тавих шалгуур доогуур байгаа учир түүнийг 50 хувиар НЭМЭГДҮҮЛЭХ шаардлагатай гэжээ. Улмаар олон улсын үндэсний хөрөнгийн зах зээлд бүртгэлтэй компаниудыг энэ шалгуураас ГАРГАХ ёстой гэсэн байна.
Хуулийн төсөлд, эцсийн эзэмшигчийн шалгуур, эцсийн өмчлөгчийн шалгуур гэсэн нэр томьёолол алга байна. Эцсийн эзэмшигч гэж ашигт малтмал, газрын тос, цацраг идэвхт ашигт малтмалын тусгай зөвшөөрөл, газар эзэмших, ашиглах эрх эзэмшигч этгээдийн 30 болон түүнээс дээших хувийн хувьцаа, хувь оролцоо, эсхүл саналын эрхийг өөрөө, эсхүл нэг болон түүнээс дээш үргэлжилсэн хэлхээ холоо бүхий хуулийн этгээдээр төлүүлэн эзэмшдэг, саналын эрхийг төлөөлөн хэрэгжүүлдэг, эсхүл ногдол ашиг хүлээн авах эрхтэй этгээдийг хэлнэ гэж тодорхойлжээ. Эндээс 50 хувь хүртэл нэмэгдүүлэх санал 30 хувиар явж буйг тодотгоё.
Түүнчлэн захидалд, татварын бааз суурийг хувьцаа борлуулсны өртөгт үндэслэн тогтоох, хөрөнгө оруулагч Монголд санхүүжилт татахын тулд оффшор тусгай зорилго бүхий байгууллагуудын сүлжээ үүсгэхийг хуулиар зөвшөөрч өгөх ёстой гэсэн санааг дурджээ.
УИХ-ын гишүүдэд ирсэн уг захидлыг доорх байдлаар нийтэллээ. Харин Засгийн газарт буцаагдаад буй ААНОАТ-ын тухай хуулийн шинэлчилсэн найруулгатай ЭНД ДАРЖ танилцаарай.
Ж.МЯДАГБАДАМ
ЭХ СУРВАЛЖ: MEDEE.MN
More from Улс төр
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ДАРГААР БАТ-ЭРДЭНИЙН ЗОЛБОО СОНГОГДЛОО
Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн үр дүнгээр Сонгинохайрхан дүүргийн Монгол ардын нам Нийслэл, дүүрэгтээ 100 хувийн …
ЕРӨНХИЙ САЙД ДОРНОГОВЬ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА
Дорноговь аймагт баригдаж буй Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа. Газрын тос боловсруулах үйлдвэр нь Хамтарсан Засгийн газрын …
ХАМТАРСАН ЗАСГИЙН ГАЗАР 2024-2028 ОНД 14 МЕГА ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛНЭ
Төсөл-1 "Гашуунсухайт-Ганцмод" "Ханги-Мандал" "Шивээхүрэн-Сэхээ" хилийн боомтуудын хил дамнасан холболтын төмөр зам, ачаа тээврийн шилжүүлэн ачих терминалыг ашиглалтад оруулна. Үр дүн: Экспортын …
2 Comments
322176 980044Amaze! Thank you! I constantly wished to produce in my internet site a thing like that. Can I take element with the publish to my weblog? 468375
410334 935778baby strollers with high traction rollers really should be a lot safer to use compared to those with plastic wheels- 721263