Их Долоон гүрний уулзалтыг дундаас нь орхиж явсан АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампсүүлд уг уулзалтаас гаргасан хамтарсан мэдэгдлийг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ зарлаж, Канадын ерөнхий сайд руу хатуу үгс чулуудсан юм.
Тэгвэл үүнийг Ким Жон Унд сул дорой байдал харуулахгүйн тулд Трампын хийсэн үйлдэл гэж түүний эдийн засгийн зөвлөх Ларри Кудлоу Ням гарагийн орой CNN-ий “State of the Union” хөтөлбөрт орохдоо ярьжээ.
“Чухал уулзалтын өмнө манай ерөнхийлөгч Канадын ерөнхий сайдаас шаардлага хүлээн авах ёсгүй байсан. Тэр Хойд Солонгостой хэлэлцээр хийхээр явах замдаа ямар ч сул тал харуулах ёсгүй” гэж Кудлоу ярьсан юм.
Канадаас явахдаа Трамп Их Долоогийн уулзалтыг зохион байгуулсан Канадын ерөнхий сайд Жастин Трюдог “маш увайгүй, сул дорой” этгээд гэж твиттер хуудсандаа шүүмжилжээ.
Тэр бас өөрийн хүмүүст Их Долоогийн уулзалтаас гарах хамтарсан мэдэгдлийг дэмжихгүй байхыг тушаасан гэж бичсэн юм.
Хэвлэлийн хурал дээр Трюдо үндэсний аюулгүй байдлын улмаас Канадаас нийлүүлэх ган ба зэсийн импортын татварыг нэмсэн гэх АНУ-ын шийдвэрийг хатуу шүүмжилсэн байна. Тэр “Канадчууд даруу, хүлээцтэй хүмүүс, гэхдээ бид бусдад дээрэлхүүлэхгүй” гэж хэлжээ.
Харин Ларри Кудлоу түүнийг “тэр үнэндээ бидний ар нуруунд хутга шаалаа”, “Бид уг нь Канадтай тохиролцоонд хүрэхэд ойрхон байсан. Гэтэл Трюдо алдаа гаргалаа. Тэр хэлсэн үгээ буцаах ёстой” гэж ярьсан байна.
Европын удирдагчид ч Дональд Трампын үйлдэлд дургүйцлээ илэрхийлж, АНУ-ын импортын татварын эсрэг хариу арга хэмжээ авахаар бэлдэж эхэлжээ.
Францын ерөнхийлөгчийн үндэсний аюулгүй байдлын зөвлөх асан Франсуа Хэйсбург “Тохиролцсон зүйлээсээ хоёрхон цагийн дараа буцдаг аргаар яаж ажиллах юм бэ?” гэж хэвлэлд ярьсан байна. Тус улсын ерөнхийлөгч Эммануэл Макрон “Ерөнхийлөгч Трамп нэгдсэн фронт өмнө нь зогсож байгааг мэдэрсэн байх. Улс орнуудын нэгдлийн эсрэг ганцаар ялгарч зогсох нь Америкийн түүхэнд байгаагүй хэрэг юм” гэж твиттер хуудсандаа бичжээ.
Германы парламентын гадаад харилцааны хорооны дарга Норберт Роттген “Энэ бол гайхаад байх хэрэг биш. Бидний төсөөлж байснаар Трамп хүүхэд шиг ааш авир гаргалаа” гэж ярьжээ.
Германы канцлерь Ангела Меркель Ням гарагт ARD теле сувагт ярихдаа “Канадын нэгэн адил Европын Холбоо АНУ-ын татварын эсрэг хариу арга хэмжээ авна” гээд “Европчууд бид Япон, Канад улсуудтай хамтран өөрийн зарчмыг хамгаалахын төлөө зогсоно” гэсэн байна.
Гэхдээ тэр бууж өгөлгүй, Дональд Трамптай яриа хэлэлцээрээ үргэлжлүүлэхээ амласан юм.
Эх сурвалж: AFP
More from Улс төр
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ДАРГААР БАТ-ЭРДЭНИЙН ЗОЛБОО СОНГОГДЛОО
Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн үр дүнгээр Сонгинохайрхан дүүргийн Монгол ардын нам Нийслэл, дүүрэгтээ 100 хувийн …
ЕРӨНХИЙ САЙД ДОРНОГОВЬ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА
Дорноговь аймагт баригдаж буй Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа. Газрын тос боловсруулах үйлдвэр нь Хамтарсан Засгийн газрын …
ХАМТАРСАН ЗАСГИЙН ГАЗАР 2024-2028 ОНД 14 МЕГА ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛНЭ
Төсөл-1 "Гашуунсухайт-Ганцмод" "Ханги-Мандал" "Шивээхүрэн-Сэхээ" хилийн боомтуудын хил дамнасан холболтын төмөр зам, ачаа тээврийн шилжүүлэн ачих терминалыг ашиглалтад оруулна. Үр дүн: Экспортын …