Нийслэл хүрээ буюу одоогийн Улаанбаатар хотод 1834-1942 он хүртэл Монгол түмний шашин соёлын их шүтээн болон залагдаж байсан Хүрээ майдар бурхныг дуганы хамт дахин сэргээн бүтээсэн нээлтийн ёслол өнөөдөр боллоо.
Нээлтийн ёслолд Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан , Ерөнхийлөгчийн Соёл, шашны бодлогын зөвлөх Д.Бум-Очир, Монголын бурхан шашны хийдийн тэргүүд, лам хуврагууд, сүсэгтэн олон, гадаадын зочид төлөөлөгчид оролцлоо.
“Хүрээ Майдар” бурхныг дуганы хамт дахин сэргээн бүтээх үйлсийг 1990 онд Зүүн хүрээ Дашчойлин хийдийн Тэргүүн хамба Ч.Дамбажав бусад лам нарын хамт санаачилсан.
2007 онд Хүрээ Майдар бурхны эх загварыг Монголын урчуудын эвлэлийн барималч Н.Оршил Чойжин ламын сүм музейд залагдсан Өндөр гэгээн Занабазарын дэгийн дагуу бүтээгдсэн Майдар бурхнаас хуулбарлан томруулах аргаар бүтээжээ. Уг загварын дагуу Гончигдаш тэргүүтэй Төвд, Балба урчууд 2013 онд зэсээр урлаж дуусгасан байна. Харин дуганы барилгын ажлыг 2017 оноос эхлүүлж, ийнхүү өнөөдөр нээлтээ хийж байгаа юм.
Нээлтийн үеэр Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан “Хутагтын Их Хүрээ буюу өнөөгийн Монгол улсын Нийслэл Улаанбаатар хотод V Богд Жавзүндамбын санаачилгаар Хүрээ Майдар бурхныг бүтээж, энэ нь монголчуудын их шүтээн төдийгүй соёлын нандин бүтээл болон шүтэгдэж байсан. Гэсэн хэдий ч цаг төрийн ороо бусгаа үеэр устаж үгүй болсон тухай түүхийн баримтад хөдлөшгүй нотлогдож үлдсэн. Харин ийнхүү өнөөдөр Хүрээ Майдар бурхныг дуганы хамт ашиглалтад оруулж байгаад Нийслэлчүүд бид баяртай байна. Хүрээ Майдар төсөл бүрэн хэрэгжсэнээр Улаанбаатар хот олон улсын аялал жуулчлал, шашин соёлын төв болох төдийгүй гадаад дотоодын жуулчид, мөргөлчдийн заавал очих, ирж үзэх дурсгалт газруудын нэг болж, Нийслэл хотынхоо хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулах болтугай” хэмээн хэлсэн юм.
Майдар бурхан нь Бурхан багш Шагжмүни дараачаар Замбу тивд залран өөрийн сургаал номоо дэлгэрүүлэх сайн цагийн мянган бурхдын тав дахь бурхан юм. Майдар бурхны тэргүүн дээр залран буй суварга нь түүний багш Бурхан Буддаг бэлгэддэг. Ирээдүйд дээдийн номыг , дэлгэрүүлэхийн бэлгэдэл болгож Номын хүрдээр мутрын тэмдэг хийж, удахгүй Замбу тивд залрахын бэлгэдэл болгож хагас суугаа байдлаар залран байдаг аж.
Дуган нь орчин үеийн барилгын шаардлагад нийцсэн 6 давхар шилэн барилга бөгөөд дотроо бясалгалын өрөө, номын сан, музей, хурал уулзалтын өрөө, сургалт, семинар хийх зэрэг шашин, соёл, боловсрол сургалтын үйл ажиллагаа явуулах өрөө, танхимуудтай аж.
More from Нийгэм
ЭС, ЭД, ЭРХТЭН ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ ТӨВИЙН НАЙМАН ДАВХАР БАРИЛГЫН АЖИЛ ЭХЭЛЛЭЭ
Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах төвийн найман давхар, 120 ортой, 18 мянган метр квадрат 15 мэс …
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 14, 15 ДУГААР ХОРООНЫ ИРГЭД З.ТӨМӨРТӨМӨӨД ХҮҮХДҮҮДИЙН АЯ ТУХТАЙ СУРЧ БОЛОВСРОХ НӨХЦЛИЙГ ХАНГАСАНД ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЛЭЭ
Чингэлтэй дүүргийн 14, 15 дугаар хорооны иргэд үр хүүхдүүдийнх нь ая тухтай сурч хүмүүжих боломж нөхцлийг бүрдүүлэхийн төлөө их зүйл …
Ж БАТБАЯСГАЛАН Төрийн өмч гэхээр хамгийн бага үнэлгээтэй байх ёсгүй
Ж БАТБАЯСГАЛАН Төрийн өмч гэхээр хамгийн бага үнэлгээтэй байх ёсгүй https://www.youtube.com/watch?v=4NBzdJb5IJA