УИХ-ын гишүүн С.Батболдыг Тавантолгойн орд газрын нүүрсний хууль бус олборлолт, тээвэрлэлттэй холбоотой гэх мэдээлэл гараад буй. Уг мэдээлэлтэй холбогдуулан түүний ажлын албанаас дараах мэдэгдлийг гаргажээ.
МЭДЭГДЭЛ
Сүүлийн өдрүүдэд зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим сүлжээгээр УИХ-ын гишүүн Сүхбаатарын Батболдыг Тавантолгойн орд газрын нүүрсний хууль бус олборлолт, тээвэрлэлттэй холбоотой гэх түүний нэр хүндэд эрээ цээргүй халдсан, байж боломгүй худал хуурмаг мэдээлэл бүхий ээлжит гүжир гүтгэлгийг зохион байгуулалттайгаар тарааж байгаа тул дараах мэдэгдлийг гаргаж байна.
1. УИХ-ын гишүүн Сүхбаатарын Батболдтой холбоотой аж ахуйн нэгж нь 2007 онд Тавантолгойн орд газрын ашиглалтын лицензийг хууль ёсны дагуу эзэмшиж байхдаа энэхүү ордод шунасан гадаадын болон дотоодын бизнес, улс төрийн бүлэглэлүүдийн элдэв дарамт шахалтыг үл харгалзан тус ордоос нэг ч хүрз нүүрс ашиглалгүйгээр Монголын төр, ард түмэндээ шилжүүлэн өгсөн нь хэн ч маргахгүй түүхэн үнэн юм.
2. Үүний дараа 2011 онд С.Батболд Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа Монгол Улсын иргэн бүрт Тавантолгойн орд газрын 1072 ширхэг хувьцааг олгож, тус ордыг жинхэнэ ард түмний өмч болгох үндэс суурийг тавьсан бөгөөд энэхүү шийдвэр нь цаашдаа гадаад, дотоодын бизнес, улстөрийн бүлэглэлүүдийн тус ордыг өөрийн эрхшээлдээ авах гэсэн удаа дараагийн ил далд оролдлого, халдлагаас хамгаалж чадсан.
1072 ширхэг хувьцааг дотоодын хөрөнгийн биржид арилждаг болгон ард иргэд Эрдэнэс Тавантолгой төрийн өмчит компанийн үйл ажиллагаанд ил тод шууд хяналт тавьдаг, хувьцаа эзэмшигчийн эрхээ хэрэгжүүлдэг болгохыг тууштай шахаж шаардаж ирсэн, цаашид ч тэгэх болно.
3. Мөн 2009-2012 онд Ерөнхий сайд байхдаа төрийн өмчит Эрдэнэс Тавантолгой хувьцаат компанийг үүсгэн байгуулж, Монгол Улсын иргэн бүрт тус орд болон бусад уул уурхайн томоохон бүтээн байгуулалтыг эхлүүлсний ногдол ашиг 1 сая 500 зуун мянган төгрөгийг УИХ-ын шийдвэрийн дагуу олгосон нь монголчууд анх удаа байгалийн баялгаасаа хувь хүртсэн тохиолдол болсон.
Төрийн өмчит тус компани цаашид ч ард иргэддээ улам их ногдол ашиг үргэлжлүүлэн өгөх ёстой бөгөөд Засгийн газрын энэхүү ажлыг УИХ-ын гишүүн С.Батболд дэмжиж ажилладаг.
4. Ийнхүү гадна дотны шуналт этгээдүүдийн савраас хамгаалж, төр, ард түмэндээ хүлээлгэн өгсөн Тавантолгойн орд өнөөдөр улс орны эдийн засгийн гол хөдөлгүүрийн нэг болсон. Цар тахал, олон улсын хурцадмал байдалтай эдийн засгийн хүнд үед манай орны гадаад валютын орлого, цалин, тэтгэвэр, тэтгэмж, төсвийн хөрөнгө оруулалтаар босч буй бүтээн байгуулалтын гол санхүүгийн эх үүсвэр болж байна.
5. С.Батболд нь 1990 оноос бусдын адил хууль ёсны, хувийн бизнес эрхэлж, монголын анхны томоохон бизнес эрхлэгчдийн нэг болж чадсан. Монголчуудын “гэрээ засаад төрөө зас” гэх үг, гүн ухааны дагуу топ бизнесмэн болсон хойноо улс төрд орсон ба түүний үүсгэн байгуулсан “Алтай холдинг” групп өнөөдөр ч амжилттай үйл ажиллагаа явуулж байна.
6. С.Батболд болон түүний үүсгэн байгуулсан компани, гэр бүлийн гишүүд нь төрийн тендер, концесс, сан, ЖДҮ-ийн болон хөнгөлөлттэй зээл, тусламжийг нэг ч удаа авч, ашиглаж, нэр холбогдож байгаагүйг жирийн иргэн ч нотлон хэлж чадна. Түүний хувьд “төрөөс төрсөн тэрбумтан” биш гэдгээ удаа дараа мэдэгдэж, хууль хяналтын байгууллагаар шалгуулан нотолж, шүүхээр нэр төрөө сэргээлгэж байсан.
7. Засгийн газраас авлига хээл хахуультай тэмцэх тэмцлийг эрчимтэй явуулан олон арван алдаа дутагдал, авлига хээл хахуулийн хэргүүд ил болж, эхнээсээ хуулийн байгууллагаар шийдэгдэж, шударга ёс жинхэнэ утгаараа хэрэгжиж эхлээд байна. Үүний нэг нь Тавантолгойн орд газрын баялгийг хууль бусаар олборлож, тээвэрлэж байсан хэргийг олон нийтэд ил болгосон явдал юм.
Ийнхүү Тавантолгойн үндэсний баялгаас хумсалж ирсэн бүлэглэл, гэмт этгээдүүд гэмт үйлдэл нь ил тод болж, хуулийн өмнө хариуцлага хүлээхээсээ “сүнс нь зайлтлаа айж” сандарч, Тавантолгойн ордыг ард түмэн эзэмших шийдвэрийг гаргасан С.Батболдыг гүтгэж байгаа нь шударга үнэнийг тогтоох ажлыг төөрөгдүүлэх гэсэн эрээ цээргүй үйлдэл юм.
8. С.Батболд нь Монгол Улсын иргэнийхээ хувиар Тавантолгойн орд газрын 1072 ширхэг хувьцаа л эзэмшдэг. Тавантолгойн орд газраас өөрөө болон хамаарал бүхий хэн нэгэн ямар нэг хувь, эзэмшил байхгүй, нүүрсийг нь ухдаггүй, зөөдөггүй болохыг хариуцлагатайгаар мэдэгдэж байна.
9. С.Батболд нь “Нүүрсний сонсгол”-ын үеэр нэр дурьдагдсан Тавантолгойн нүүрс тээвэртэй холбоотой гэх Ц.Амгалан, Б.Батдаваа нар болон бусад бизнес аж ахуйн нэгжүүдтэй ямар нэгэн бизнесийн хэлхээ холбоо, хамтарсан эсвэл хамаарал бүхий компани, аж ахуйн нэгжийн шууд болон шууд бус харилцаа байхгүй. Өмнө нь ч байгаагүй.
10. Тавантолгойн ордод шунасан гадаад, дотоодын бизнес улс төрийн бүлэглэлүүд С.Батболдыг олон жилийн турш янз бүрийн хэлбэрээр дайрч давшилж, гүжирдэж ирсэн.
Өнөөдөр ч жинхэнэ хулгайч, луйварчин, эх орноосоо урвагчид өөрсдийн хийсэн хууль бус үйлдлээ олон нийтийн анхаарлаас холдуулахын тулд энэ ордыг ард түмэндээ өгч, монголын баялгийг Монголдоо үлдээсэн С.Батболдыг гүтгэн доромжилж байна.
Энэхүү гүжир гүтгэлгийг санхүүжүүлж, зохион байгуулж, тарааж буй этгээдүүдийг холбогдох байгууллагуудад өгч, шалгуулан шударга үнэнийг тогтоолгохоо хариуцлагатайгаар мэдэгдэж байна гэжээ.
More from Улс төр
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ДАРГААР БАТ-ЭРДЭНИЙН ЗОЛБОО СОНГОГДЛОО
Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн үр дүнгээр Сонгинохайрхан дүүргийн Монгол ардын нам Нийслэл, дүүрэгтээ 100 хувийн …
ЕРӨНХИЙ САЙД ДОРНОГОВЬ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА
Дорноговь аймагт баригдаж буй Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа. Газрын тос боловсруулах үйлдвэр нь Хамтарсан Засгийн газрын …
ХАМТАРСАН ЗАСГИЙН ГАЗАР 2024-2028 ОНД 14 МЕГА ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛНЭ
Төсөл-1 "Гашуунсухайт-Ганцмод" "Ханги-Мандал" "Шивээхүрэн-Сэхээ" хилийн боомтуудын хил дамнасан холболтын төмөр зам, ачаа тээврийн шилжүүлэн ачих терминалыг ашиглалтад оруулна. Үр дүн: Экспортын …