Нийслэлийн ИТХ-ын ээлжит XIX хуралдаан боллоо. Өнөөдрийн хуралдаанаар Хотын шуудын 2022 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай, Нийслэлийн 2023 оны төсөвт өөрчлөлт оруулах тухай болон нэн яаралтай хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийн талаар болон бусад асуудлыг хэлэлцсэн юм. Төсвийн төслийн танилцуулгыг Нийслэлийн Засаг даргын орлогч З.Төмөртөмөө танилцуулав.
Монгол Улсын Их Хурлын нэгдсэн чуулганаар энэ сарын 16-ны өдөр улсын нэгдсэн төсөвт болон дагалдах бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж баталсан. Үүнтэй холбогдуулан нийслэлийн төсөвт мөн тодотгол хийх шаардлага үүссэн юм. Нийслэлийн төсвийн орлогын хувьд 2023 оны эхний таван сарын байдлаар 740.3 тэрбум төгрөг төвлөрсөн байна. Энэ нь төсвийн орлогын төлөвлөгөө 26.5 тэрбум төгрөг буюу 3.5 хувиар тасарсан үзүүлэлт юм. Мөн хотын шуудын төсвийн орлогын төлөвлөгөө 0.3 хувиар, дүүргүүдийн төсвийн орлогын төлөвлөгөө 4.6 хувиар тус тус тасарсан дүнтэй байна. Сангийн яамнаас хянагдсан дүнгээр нийслэлийн төсвийн орлогыг 11 тэрбум 532.7 сая төгрөгөөр нэмэгдүүлэн 1 их наяд 928.2 тэрбум төгрөгөөр боловсруулсан байна. Харин хотын шуудын орлогыг 511 тэрбум 410.6 сая төгрөг байхаар тооцоолжээ.
Төсвийн орлогын төлөвлөгөөнд орж байгаа өөрчлөлтийг орлогын нэр төрлөөр танилцуулбал:
- 2023.07.01-нээс төрийн албан хаагчдын цалинг тодорхой хувиар нэмж байгаатай холбогдуулан дүүргийн төсөвт төвлөрч буй Цалин хөлс болон түүнтэй адилтгах ХХОАТ-ыг дүүргүүдийн татварын бааз, төрийн албан хаагчдын цалингийн сан, татварын ногдол, төлөлт, цалингийн өсөлтийг тооцсоны үндсэн дээр 24 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэхээр
- Байгаль орчны яам нь Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрээс Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр рүү шилжсэнтэй холбогдуулан тус яамнаас төвлөрч буй улсын тэмдэгтийн хураамжийн орлогын төлөвлөгөөг дүүрэг хороодод шилжүүлэх
- НӨААТҮГ-уудын 2022 оны санхүүгийн тайлангийн цэвэр ашиг болон ногдол ашгийн түвшинтэй уялдуулан хотын шуудын төсөвт төвлөрөх ногдол ашгийн орлогыг 1 тэрбум 362.5 сая төгрөгөөр нэмэгдүүлэхээр
- Хотын төсөвт төвлөрч буй газрын дуудлага худалдааны орлогыг 6 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх
- Соёлын төв өргөө болон Нийслэлийн архивын газрын үйл ажиллагааны орлого өссөнтэй холбогдуулан хотын шуудын төсөвт байгууллагын өөрийн орлогыг 214 сая төгрөгөөр нэмэгдүүлэхээр
- Нийтийн тээврийг хөгжүүлэх төслийн нэгжийн ашиглалтаас үүссэн зээлийн төлбөр дууссантай холбоотойгоор хотын шуудын төсөвт төвлөрч буй хүүгийн орлогыг 6 тэрбум 43.8 сая төгрөгөөр бууруулахаар тооцсон байна.
Харин төсвийн зардлын хувьд:
- УИХ-аас Төрийн албан хаагчдын цалингийн сүлжээг шинэчлэн тогтоосонтой холбоотойгоор нийслэл, дүүргийн төсвийн байгууллагын ажиллагсдын цалин, нийгмийн даатгалын шимтгэл, хороодын хэсгийн ахлагчдын урамшуулал цалингийн зардалд 10.5 тэрбум төгрөг нэмж тусгах
- Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийг нэгээр нэмэгдүүлэхэд шаардлагатай 505 сая төгрөгийг
- Газрын зөрчил арилгахад 2 тэрбум төгрөг, Хот тохижилтын бусад зардалд 20 тэрбум төгрөг
- Нийслэлд хэрэгжиж буй төсөл, арга хэмжээний зардалд 5.9 тэрбум төгрөг
- Нийслэлийн үнэт цаас гаргах бэлтгэл ажлын зардалд 11.4 тэрбум төгрөг
- Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны хүүгийн зардлын зөрүүд 7.4 тэрбум төгрөг
- Улаанбаатар хөгжлийн корпораци ХК-ийн үйл ажиллагааны зардалд 1 тэрбум төгрөгийг
- Эмээлт эко аж үйлдвэрийн парк ХК-ийн дүрмийн сангийн хөрөнгөд 1 тэрбум төгрөгийг
- Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг бууруулах төсөл арга хэмжээнд 187 тэрбум төгрөгийг
- Боловсролын салбарын их засварын зардалд 7.5 тэрбум төгрөгийг тус тус нэмж тусгахаар боловсруулсан байна.
Мөн нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2023 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг тодотгохдоо хэд хэдэн зарчмыг баримталсан байна. Тухайлбал, он дамжин хэрэгжиж буй төсөл арга хэмжээний хөрөнгө оруулалтыг гүйцэтгэл дээр суурилан нэмэх, шинээр хэрэгжих төсөл арга хэмжээнүүдийн тендер нь зарлагдаагүй бол хөрөнгө оруулалыг хасах, нийслэлийн иргэдээс гаргасан санал, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх шаардлагатай төсөл, арга хэмжээг нэмэх зарчмыг барин ажиллаж байна.
More from Боловсрол
🔴СҮХБААТАР ДҮҮРГИЙН АЖИЛ ОЛГОГЧДЫН УУЛЗАЛТ ХЭЛЭЛЦҮҮЛГЭЭС ШУУД ДАМЖУУЛЖ БАЙНА
🔴СҮХБААТАР ДҮҮРГИЙН АЖИЛ ОЛГОГЧДЫН УУЛЗАЛТ ХЭЛЭЛЦҮҮЛГЭЭС ШУУД ДАМЖУУЛЖ БАЙНА https://www.youtube.com/watch?v=NVUD4zfGtz0
Э.ХҮСЛЭН 2023 ОНЫ ӨСВӨРИЙН ШАТАРЧДЫН РАПИД ТОГЛОЛТЫН АЗИЙН АВАРГА БОЛЛОО
Эдгээр өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират хотноо зохиогдож буй 2023 оны өсвөрийн шатарчдын Азийн аварга шалгаруулах тэмцээнд нийт 20 өсвөрийн шатарчид …
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГТ 2020-2023 ОНЫ ХООРОНД ШИНЭЭР АШИГЛАЛТАД ОРСОН СУРГУУЛЬ БОЛОН ӨРГӨТГӨЛИЙГ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА
Дүүргийн хэмжээнд 2020 онд 21 сургууль 24,550 хүүхдийн хүчин чадалтай үйл ажиллагаа явуулдаг байсан бол 2023 оны байдлаар 27 сургуульд …