Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө болон салбар бүрийн холбогдох албаны мэргэжилтэн, удирдлагуудын хамтарсан баг иргэд, оршин суугчидтай уулзах уулзалтаа өнөөдрөөс эхлүүллээ.
Уулзалт Чингэлтэй дүүргийн 18 болон алслагдсан, зуслангийн бүсийн хороод болох 19, 24 дүгээр хорооны иргэдийн дунд болж өндөрлөв.
Энэ удаад Нийслэлийн нийтийн тээврийн газрын тээвэр, төлөвлөлтийн хэлтсийн дарга Б.Тамир, Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаны Орчны бохирдол, хог хаягдлын удирдлагын хэлтсийн мэргэжилтэн Б.Мөнхжаргал, хороодын засаг дарга нар гэхчлэн холбогдох албаныхан нийтийн тээвэр, автобусны буудлын чанар хүртээмж, хогны асуудал болон нохой, муур устгалаар иргэд, оршин суугчдад шаардлагатай мэдээллийг өгч, санал хүсэлтийг сонссон юм.
Мөн иргэдийн санал хүсэлтийн дагуу зарим зохицуулалтыг хийх, асуудлыг газар дээр нь шийдэх, саналыг нь холбогдох албаныхан төлөвлөгөөндөө тусгасан үр дүнтэй уулзалт болсноороо онцлог байлаа.
Ер нь иргэдтэй хийх уулзалт уулзаад, санал шидэлцээд өнгөрөх биш үр дүнтэй, шийдэлтэй, эргэх холбоотой, асуудалд аль аль талаасаа бодитой ханддаг, шууд шийдвэрлэх боломжтой асуудлыг хойш тавихгүйгээр гарц гаргалгааг гаргаад явах нь чухал.
Тэр ч утгаараа иргэдэд хамгийн ихээр тулгамддаг нийтийн тээврийн асуудал, хог хаягдал, нохой муур устгалын асуудлаар дээрх нэр бүхий албан хаагчдыг байлцуулж, шийдвэрлэх ажлыг үе шаттайгаар эхлүүлэхээр болсон юм.
З.ТӨМӨРТӨМӨӨ: НИЙТИЙН ТЭЭВЭР, ХОГ ХАЯГДАЛ, НОХОЙ МУУР УСТГАЛЫН АСУУДЛААР МЭРГЭЖЛИЙНХНИЙГ БАЙЛЦУУЛЖ, ИРГЭДТЭЙГЭЭ УУЛЗЛАА
Нийслэлийн Засаг даргын орлогч З.Төмөртөмөө “Энэ удаад нийтийн тээвэр болон хог хаягдал, нохой муур устгал зэрэг асуудлаар холбогдох албаныхныг нь байлцуулж, иргэдийн санал хүсэлтийг тэмдэглүүллээ. Зарим тодорхой асуудлыг шийдвэрлүүлж, ажлын төлөвлөгөө зорилтод нь тусгуулж ажиллалаа. Уулзалт болгон дээрээ иргэдэд тулгамддаг асуудлын дагуу холбогдох албаныхныг аваачиж, гарц шийдэл эрэлхийлэх, үүрэг даалгавар өгөх, бодит нөхцлийг ойлгуулах зорилготой байгаа. Өнөөдөр төрийн албаны зарим алба хаагч, мэргэжилтнүүд иргэдээ ялгаварлаж, ажлыг хойш тавьж, хүндрэл учруулж ажиллаж байна. Тиймээс бид хандлагын өөрчлөлтийг хийхийн тулд мэргэжлийн хүмүүсийг иргэдтэй хийх уулзалтад байлцуулж байгаа юм. Бид уулзалтыг долоо хоног бүрийн хагассайн өдөр зохион байгуулна. Ингэхдээ тулгамдаж байгаа нэг, хоёр салбарын хүмүүсийг авчирж иргэдтэй уулзуулна. Асуудлыг жижиг гэж орхиж болохгүй. Шийдвэрлэх боломж нь байвал шийдээд л явах хэрэгтэй. 2-3 км алхаж байж нийтийн тээвэрт суудаг, хог хаягдлын асуудал зэрэг бол шийдэж болох асуудал гэж би хувьдаа харж байна. Өнөөдрийн энд дурдагдсан олон асуудлыг яриад явах биш, шийдээд явна аа гэж хэлмээр байна” гэв.
НЭН ТЭРГҮҮНД АВТОБУСНЫ БУУДЛУУДЫН ХҮЛЭЭЛГИЙН САНДЛЫГ БҮРЭН БҮТЭН БОЛГОНО
Нийслэлийн нийтийн тээврийн газрын тээвэр, төлөвлөлтийн хэлтсийн дарга Б.Тамир “Чингэлтэй дүүргийн 18, 19, 24 дүгээр хороонд ажиллалаа. Зарим чиглэлд нийтийн тээврийн чиглэлийг оруулах, автобусны буудлын тохижилтыг сайжруулж өгөөч гэсэн хүсэлтүүд тавьж байна. Үүний дагуу манай Тээврийн газраас холбогдох ажлуудыг хийнэ. Нэн тэргүүнд автобусны буудлуудын хүлээлгийн сандлыг бүрэн бүтэн болгох, зарим шинэ чиглэлрүү нийтийн тээвэр оруулах боломж байгаа эсэх дээр судалгаануудыг хийж эхэлнэ. Жолооч нарын харилцаа хандлага дээр манай иргэдээс багагүй санал хүсэлтүүд ирж байна. Үүний дагуу холбогдох сургалт, зөвлөгөөг зохион байгуулж ажиллана” хэмээлээ.
ИРГЭДИЙН ХҮСЭЛТИЙН ДАГУУ НОХОЙ, МУУР УСТГАЛЫГ ЭРЧИМЖҮҮЛНЭ
Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаны Орчны бохирдол, хог хаягдлын удирдлагын хэлтсийн мэргэжилтэн Б.Мөнхжаргал “Чингэлтэй дүүргийн 5 аманд байгаа хогийн цэгүүдийн ихэнх нь эвдэрч нураад, хог хаягдал нь хийсдэг асуудлыг иргэд ярьж байна. Бид үүнийг битүүлж, янзлах ажлыг дүүрэгтэй нь хамтраад хэрэгжүүлнэ. Мөн 18, 19, 24 хорооны оршин суугчдын хэлсэн саналын дагуу долоо хоног бүрийн Мягмар гарагт нохой, муур устгалыг ажлыг хийж, эрчимжүүлнэ” гэдгийг онцлов.
Харин иргэдийн зүгээс Шадивлангийн эцэс орчимд автобус туршилтаар явуулах хүсэлт тавьж, нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэх, нохой муур устгалыг эрчимжүүлэх, жорлон, муу усны асуудлыг шийдвэрлэж өгөх санал, хүсэлт хэлж байв.
Тухайлбал, Шадивлан орчимд нийтийн тээвэр явахгүй, автобусны буудал нь сандалгүй байна. Хог ачилт манай хороонд явагддаг учир, хогоо ангилж, ялгадаг, тэндээс мөнгө босгодог шийдэлрүү ормоор байна.
Мөн хог гадагшаа хийсэхгүй, нохой мал орж самрахгүй хогийн савтай болгож өгөөч. Зуслангийн бүсрүү хөрсний ус ихтэй. Үүнээс болж зам талбай сүйтдэг. Зуны цагт бороо орохоор машин явах аргагүй болдог. Айл, өрхүүдэд маш хүнд байна” гэсэн юм.
More from Нийгэм
ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТЫГ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВӨӨС ЭХЛҮҮЛЛЭЭ
Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Золбоо “ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТ”-аа Эрүүл мэндийн төв, Өрхийн эрүүл мэндийн төвөөс эхлүүллээ. Эрүүл мэндийн төв 1963 …
ЭС, ЭД, ЭРХТЭН ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ ТӨВИЙН НАЙМАН ДАВХАР БАРИЛГЫН АЖИЛ ЭХЭЛЛЭЭ
Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах төвийн найман давхар, 120 ортой, 18 мянган метр квадрат 15 мэс …
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 14, 15 ДУГААР ХОРООНЫ ИРГЭД З.ТӨМӨРТӨМӨӨД ХҮҮХДҮҮДИЙН АЯ ТУХТАЙ СУРЧ БОЛОВСРОХ НӨХЦЛИЙГ ХАНГАСАНД ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЛЭЭ
Чингэлтэй дүүргийн 14, 15 дугаар хорооны иргэд үр хүүхдүүдийнх нь ая тухтай сурч хүмүүжих боломж нөхцлийг бүрдүүлэхийн төлөө их зүйл …