Монголд сэтгэхүйн төрөл жанрын киног хүмүүс тоогоод байдаггүй. Яагаад ч юм хүнд сэдэв болохоор тэгдэг болов уу? Тоотой хэдэн кино хийсэн ч зарим нь төрөл жанраасаа хэт хазайсан гэхэд буруудахгүй.
Сүүлийн үед кино урлагийн салбарт сайн уран бүтээл хийнэ гэхээсээ илүү урлагийг мөнгөөр харж ашиг хүртэхийг хүсэх нь элбэг болжээ. Илүү амар аргаар сэтгэж нэг төрлийг дагнаж кино хийх нь үзэгчдийн сонирхлыг татахаа больсон.
Харин содон хурц шийдэлтэй кино энэ цаг үеийн хамгийн эрэлт хэрэгцээтэй бүтээл гэж хэлж болно. Тэгвэл “Blue sky” энтертайнмент, “Сонор” фильм хамтран зоригтойгоор алхаж “Хайрцаг” уран сайхны киног бүтээжээ.
Сэтгэхүйн триллер төрлийн эл киноны зохиолыг Б.Баярхүү бичиж, М.Батмагнай найруулжээ. Гол дүрд Т.Номин-Эрдэнэ, бусад дүрд Гавьяат жүжигчин Т.Борхүү, Ш.Даваасамба, Ж.Пүрэвдорж, Б.Эрдэнэцэцэг, Л.Ариунболд, С.Сарангэрэл, П.Баярмагнай, Э.Мөнхбат, Б.Ууганбаяр нарын уран бүтээлч тоглосон байна.
Туршлагатай жүжигчид тоглосноос гадна нь шинэ залуу жүжигчин киноны гол дүрд тоглосон байна. Ихэнх кино маркетингаа бодож олны танил жүжигчинг киноны нүүр царай болгодог. Тэгвэл “Хайрцаг” киноны гол дүрийг сонгон авахын тулд олон газруудаар порбо зарласан байна. Ингээд жүжигчин Т. Номин-Эрдэнэ гурван удаа порбонд орж “Хайрцаг” киноны гол дүрээр шалгарчээ.
Т.Номин-Эрдэнэ: Дүрийн судалгаагаа хийх гэж сэтгэцийн эмнэлэгт очиж үзсэн
“Хайрцаг” уран сайхны кино нээлтээ хийж байгаад баяр хүргэе. Өнөөдрийн мэдрэмжээсээ хуваалцаач.
Маш их догдолж байна. Яг шалгалт өгөх гэж байгаа юм шиг санагдаж байна. Учир нь хамгийн анхны бүрэн хэмжээний кино бас гол дүр болохоор бүх зүйлээ дайчлан ажилласан. Тэр их хөдөлмөрөө ингээд үзэгчдэдээ шалгуулах гээд зогсож байна.
Энэхүү сэтгэхүйн триллер төрлийн кино нийгмийн гажуудал эмэгтэйчүүдийн эрх их хэмжээгээр зөрчигдөж байгааг харуулсан. Анх зохиолоо унших үед ямар санагдаж байсан бэ?
Хамгийн анх зохиолоо уншихдаа ийм амьдрал байдаг юм уу гэж бодсон. Яагаад ийм амьдралыг эмэгтэй хүн давж туулаад эцэс сүүлд нь хүүхэд төрүүлээд амьдраад байгаа юм бэ ? Зүгээр үхчихэж болоогүй юм байхдаа гэж бодож байсан. Анхнаасаа ийм амьдрал, хэцүү зам руу орох болсон нөхцөл эцэг, эхийн зөвлөгөө хүмүүжлээс нь шалтгаалж байсан. Эцэг, эх нь анхнаасаа бие хүн болгож төлөвшүүлээгүй улмаас тэр хүн нийгэм дээр гараад өөрийнхөө байр суурийг олж авч чадаагүй. Яаж ч амьдрахаа мэдэхгүй. Гэр бүлийн дарамт шахалтад дандаа ордог болохоор тэр эмэгтэй өөрчлөгдсөн. Энэ бүх зүйлийг тэвчсэн гэхээр зөвхөн эмэгтэй хүнээс гарах зориг тэвчээр л тэр хүнийг амьд үлдээсэн юм болов уу гэж бодсон.
Зохиолоо уншаад энэ дүр дээр би ажиллаж чадах болов уу гэж их бодсон. Гурвын гурван удаа пробонд орсон. Яг гурав дахь шалгалтаа өгөөд энэ дүр дээр би заавал ажиллана гэж өөртөө зорилго тавьсан. Яагаад гэвэл эмэгтэйчүүд, хүүхдийн хүчирхийлэл хайр гэсэн нэртэй “хайрцагт” байж болохгүй. Үүнийг би өөрөөрөө дамжуулаад нэг ч гэсэн хүнд ойлгуулахыг хүссэн.
Хүнд сэдэвтэй кино тул гол дүрээс их зүйл шаардагдана. Гарцаагүй хамгийн хэцүү хэсэг болон шантарсан үзэгдэл байсан уу?
Киноны гол дүр маань Шизофрени гэдэг өвчтэй. Дүрийн судалгаа хийхийн тулд сэтгэцийн эмнэлэг дээр очиж үзсэн. Ийм өвчтэй хүмүүсийн гаргадаг шинж тэмдгийг нь надад тайлбарлаад өгч болох уу гэж асуусан. Эмч надад тодорхой шугам, зөвлөгөө өгсөн. Уг өвчнийг нь судлаад удамшдаг гэдгийг мэдсэн.
Эхний зураг аваад мотор дуугарахад дүрээ ойлгоогүй явж байсан. Маш их асуулт дунд байгаад байсан. Тэгээд 2-3 зураг авалтын дараа энэ хүн ийм сэтгэл зүйтэй юм байна. Одоо ингэж харагдах ёстой юм байна гэж өөртэйгөө ярилцсан. Зохиолоо уншиж байхдаа өөрийн мэдэлгүй дүрдээ ороод гунигтай болчихдог.
Миний хувьд хамгийн хэцүү хэсэг эцэг, эх нь үхдэг сцень байсан. Тэр үед үнэхээр шантарсан. Тухайн үеийн сэтгэл зүй, мэдрэмжийг хүлээж авч чадахгүй байв. Нэгхэн сценийг надаас болж бүтэн өдөр авсан. Хайрцаг кино миний төсөөлж байснаас хүнд зураг авалтуудтай. Гэхдээ эргээд бодоход бүх зүйлийн ард гарч чадсандаа баярлаж байна.
“Хайрцаг” уран сайхны киног яагаад үзэх ёстой гэж бодож байна вэ?
Нэгдүгээрт, кино маань хүүхдээ зөв хүмүүжүүлэх хэрэгтэй гэх санааг хүмүүст маш сайн ойлгуулна гэдэгт итгэлтэй байгаа. Эцэг эхчүүд бид нар хайрлаж байна гэчхээд хайрцаглаад, хүүхдийн сэтгэл зүй, тэр хүүхдийн юу хүсэж мөрөөдөж байгааг ил гаргаж чадахгүй бас сонсохгүй байхав дээ. Тэр хүүхдийн ирээдүйг илүү өнгөлөг болгох хүмүүс нь эцэг, эх нь юм шүү. Сонсож чаддаг зөвлөгч нь байдаг байгаасай гэдэг үүднээс энэ киног бүтээсэн. Ийм учраас бүх хүмүүс манай киног үзээд нэгийг харж, хоёрыг тунгаах байх гэж бодож байна.
More from Энтертаймент
Б.МӨНХЧИМЭГ “MISS EARTH 2023”-ИЙН ТЭРГҮҮН МИССИЙН ТИТМИЙН ТӨЛӨӨ ӨРСӨЛДӨНӨ
“Miss Earth 2023” тэмцээнд Монгол Улсыг төлөөлөн үндэсний ялагч Батжаргалын Мөнхчимэг оролцохоор сонгогдсон билээ. Дэлхийн дулаарлын эсрэг эх орноо төлөөлөн …
ДУУЧИН ТЕМПО ДАХИН НҮЦГЭЛЭВ
Монголын ганц бие сайхан залуусын тоонд ордог реппер Темпо сүүлийн үед дуулахаас илүү загварын ертөнцөд илүүтэй үзэгдэх болсон. Тэр фитнессээр …
ФИТНЕСС МОДЕЛЬ АНУХАЙГИЙН СҮҮЛИЙН ҮЕИЙН ХАЛУУХАН ЗУРГААС
Бодибилдинг, фитнессийн мэргэжлийн тамирчин, дэлхийн хошой аварга Н.Анужин цахим орчинд фитнесс модель Анухай нэрээрээ танил болсон булчинлаг бүсгүйн сүүлийн үеийн …