Нийслэлийн удирдлагуудын их, дээд сургуулийн оюутнууд, багш сурган хүмүүжүүлэгчидтэй хийх уулзалт энэ удаад Сүхбаатарын одонт Анагаахын шинжлэх ухааны Үндэсний их сургууль /АШУИС/ дээр боллоо. Уулзалтад Нийслэлийн Засаг даргын орлогч, Нийслэлийн Залуучуудын хөгжлийн салбар зөвлөлийн дэд тэргүүн З.Төмөртөмөө болон холбогдох албаныхан оролцож, оюутнуудын санал санаачилгыг сонсож, төрийн байгууллагуудад байгаа бодит боломжуудын талаар танилцууллаа.
Аль ч салбарыг орхигдуулахгүй, нэн ялангуяа боломж олгож явдаг гэдгээрээ онцлогтой энэхүү уулзалтад 400 аруй оюутан залуус оролцож, салбарт нь тулгамдаж байгаа хийгээд ирээдүйд хийж хэрэгжүүлэхээр зорьж төлөвлөж байгаа гарц шийдэл, зөв зүйтэй уриалга саналаа уламжилсан юм.
Энэ үеэр Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж “Улс орны ирээдүй болсон, ирээдүйн эмч нар та бүхэндээ нийслэлийн эрүүл мэндийн салбарт хэрхэн хамтарч ажиллах бололцоо байгаа талаар мэдээлэл хүргэхээр ирлээ. Хүн олон дахин хийж давтах тусам мэдлэг сэргэж, чадваржиж байдаг. Эмч хүн болно гэдэг хандлага зөв, хүний төлөө, хүмүүнлэгийн төлөө өөрийн хүч хөдөлмөрийг зарцуулах чадвартай байх ёстой. Иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгоход оюутнуудтай хамтарч ажиллах хүсэлтэй байна. Ил тод шударга, онлайн суурьтай сайн дурын үйл ажиллагаанд оролцох боломжийг та бүхэнд олгож байгаа. Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Нийслэлийн эрүүл мэндийн газрууд хамтраад энэ ажлыг цогцоор нь хийж, сайн дурын ажилд оюутнуудаа татан оролцуулна” гэлээ.
Б.ОДГЭРЭЛ: ОЮУТНЫ ШИРЭЭНЭЭС АМЬДРАЛ ДЭЭР ГАРАХАД ЮУ ШААРДАГДАХ ТАЛААР БОГИНО ИЛТГЭЛ ТАВЬЖ ОРОЛЦЛОО
Нийслэлийн Хүүхдийн сэргээн засах төвийн дарга Б.Одгэрэл “Намайг оюутан байхад хэн ч хэлж өгөөгүй, хэрвээ хэлж өгсөн бол магадгүй одоо байгаагаасаа дээр байж болох нэг зүйлийн талаар ярьж өгье. Ямар зүйлийг чаддаг байх нь бусдаас өчүүхэн ч болтугай давуу талыг өгч болох вэ?. Мэргэжлээс гадна ямар ур чадвар хэрэгтэй вэ. Оюутны ширээнээс амьдрал дээр гарахад хэрэгтэй дөрвөн зүйл байна.
Нэгдүгээрт, англи хэл. Англи хэл бол мэдлэг, мэргэжил гэхээсээ илүү хэрэглээ болчихсон. Та бүхний мэдэж байх ёстой зүйл болсон гэсэн үг. Тэгэхээр ажил олгогч нар та бүхнийг англи хэлнээс гадна ямар хэлтэй байхыг анхаарч үзэх юм. Энэ утгаараа оюутнууд маань англи хэлээ сайжруулах хэрэгтэй. Илүү олон эх сурвалжаас мэдээллийг олж авдаг болох ёстой.
Хоёрдугаарт, Харилцаа. Бүх зүйл харилцаанаас эхэлдэг. Харилцааны хамгийн чухал зүйл нээлттэй байдал байдаг. Бид өөрсдийгөө илэрхийлэх, хүнд өөрийгөө ойлгуулах чадвар ажил, амьдрал дээр хамгийн чухал зүйл болно.
Гуравдугаарт, Өөрчлөлт. Өөрчлөлтөд бэлэн байх буюу өөрчлөлтийн сэтгэхүй гэж маш чухал зүйл байдаг. Та эмч болоод төгслөө, шууд программ дээр ажиллах хэрэгтэй болно. Өөрчлөгдөж чадахгүй бол бид хоцорно, хөгжлөөс холдоно. Өөрчлөлтөд бэлэн байж, бүх зүйл дээр тодорхой мэдлэг, чадварыг эзэмших хэрэгтэй. Аливаа зүйл өөрчлөгддөг гэдгийг хүлээн зөвшөөрөх ёстой.
Дөрөвдүгээрт, Ямар нэг зүйл. Ямар нэгэн зүйлийг чаддаг байх. Эрүүл мэндийн байгууллагад ажиллана гэдэг эмч байхаас гадна хэн нэгний хамт олон болно. Нэг хүн бүх зүйлүүдийг хийх боломжгүй. Та зарим зүйлүүдийг зүгээр хийж чаддаг, харин 1-2 зүйлийг маш сайн хийдэг байх хэрэгтэй. Аливаа нэг зүйлийг хийж чаддаг байна гэдэг хамт олноо манлайлж, удирдахад дөхөм болдог” хэмээв.
З.ТӨМӨРТӨМӨӨ: ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН ОЮУТНУУДЫГ САЙН ДУРЫН АЖИЛ, ЦАГИЙН АЖИЛД ИДЭВХЖҮҮЛНЭ
Уулзалтын төгсгөлд, Нийслэлийн Засаг даргын орлогч, Нийслэлийн Залуучуудын хөгжлийн салбар зөвлөлийн дэд тэргүүн З.Төмөртөмөө “Оюутнуудтай адил үзэгчдийн суудлаас салбарын дарга нарын баримталж байгаа бодлого шийдвэрийг сонслоо. Олон зөв зүйтэй санаачилга, зөвлөмжийг хэлж ярьж байна.
Улаанбаатар хотын удирдлагууд салбар болгоны оюутнуудтай уулзалт хийж байгаа. Өнгөрсөн удаад соёлын салбарын оюутнуудтай уулзсан. Хий хоосон яриа биш, зөв зүйтэй шийдэлтэй уулзалт болсон. Бид төр засгийн ажил хийж байна. Заримдаа хайрцаглагдсан, шүүмжлэлтэй шийдвэр гаргадаг байхыг үгүйсгэхгүй. Бодит амьдрал дунд явахаар нийцэхгүй хууль тогтоомжууд их байдаг. Тиймээс оюутан та бүхний санаа бодлыг салбар тус бүрээр нь сонсох зорилготой цуврал уулзалтыг хийж байгаа нь энэ.
Өнөөдөр эрүүл мэндийн салбарын оюутнуудтай хамтарч ажиллахын тулд санал тавихаар ирлээ. Ер нь эрүүл мэндийн салбарын оюутнууд, эмнэлэг, эмнэлгийн ажилтнууд өдөр болгон суралцах ёстой. Технологи маш их хөгжиж байна. Үүнтэйгээ хөл нийлүүлэх учиртай. Тэр ч утгаараа бид бүхэн ирээдүй хойч үе болсон та нартайгаа одооноос тулж харилцаж, хамтарч ажиллах хэрэгтэй байгаа юм.
Анагаахын оюутнууд эрүүл мэндийн салбартаа ажиллаж, туршлага хуримтлуулж, сайн дурын ажил, цагийн ажилд идэвхтэй хамрагдмаар байна. Бид 200 хүн дээр сайн дурын ажлыг эхлүүлнэ. Цалин урамшуулал өгнө. Харин та бүхэн зөвхөн чөлөөт цаг заваараа л ажиллана. Онол, практик хосолж байж сайн мэргэжилтэн болдог. Сайн дурын ажилтан болсон цагаас олон зүйл суралцдаг.
More from Улс төр
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ДАРГААР БАТ-ЭРДЭНИЙН ЗОЛБОО СОНГОГДЛОО
Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн үр дүнгээр Сонгинохайрхан дүүргийн Монгол ардын нам Нийслэл, дүүрэгтээ 100 хувийн …
ЕРӨНХИЙ САЙД ДОРНОГОВЬ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА
Дорноговь аймагт баригдаж буй Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа. Газрын тос боловсруулах үйлдвэр нь Хамтарсан Засгийн газрын …
ХАМТАРСАН ЗАСГИЙН ГАЗАР 2024-2028 ОНД 14 МЕГА ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛНЭ
Төсөл-1 "Гашуунсухайт-Ганцмод" "Ханги-Мандал" "Шивээхүрэн-Сэхээ" хилийн боомтуудын хил дамнасан холболтын төмөр зам, ачаа тээврийн шилжүүлэн ачих терминалыг ашиглалтад оруулна. Үр дүн: Экспортын …