Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас хаврын их цэвэрлэгээний аяны үйл явц болоод нөөцийн махны борлуулалтын талаар мэдээлэл өгч байна.
Долоо хоног бүрийн баасан гарагт Улаанбаатар хотын Ерөнхий менежер цаг үеийн асуудлаар болон хийж байгаа, цаашид хэрэгжүүлэх ажлуудынхаа талаар мэдээлэл өгч буй. Өнөөдрийн хэвлэлийн бага хуралд нийт 3 асуудлыг ерөнхий мэдээлэл болгож хүргэлээ.
- Орчны хог хаягдал
- Нөөцийн мах худалдан борлуулах
- Нийслэл хотын гадна зар суртчилгаа байгууламжын талаарх мэдээллийг өглөө.
Захирагчийн албаны дарга М.Баяраа
“Улаанбаатар хотод их цэвэрлэгээ буюу 6 долоо хоногийн хугацаанд 6 багц ажлыг хийх төлөвлөгөөтэй ажиллаж байна. Өнгөрсөн 7 хоногт нийтийн цэвэрлэгээтэй холбоотойгоор нийтийн тээврийн машин, автобусыг угаах, цэвэрлэх, ариутгах ажлуудыг хийсэн. Нийслэлийн хэмжээнд нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч орон нутгийн өмчит хоёр, хувийн хэвшлийн 16 буюу нийт 18 аж ахуйн нэгжийн үндсэн чиглэлийн 996 тээврийн хэрэгсэл үйлчилгээнд явдаг. Энэ долоо хоногт эдгээр байгууллагын 2078 автобусанд угаалга цэвэрлэгээ, ариутгал хийж, 188 автобусны суудлын бүрээсийг сольсон байна.
Өчигдрийн байдлаар залуучуудын санаачилгаар багшийн дээдийн нүхэн гарц саравчит байгууламжийг угааж цэвэрлэсэн. Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба, залуучуудын клубтай хамтраад уриалга байдлаар өчигдрийн цэвэрлэгээг хийсэн. Энэ ажил дарааллынхаа хувьд ирэх долоо хоногт хийгдэх ажил байсан. Өчигдөр агаарын температур харьцангуй сайн байснаас үүдэж ажлаа урагшлуулан хийсэн. Үүнийг хараад ойр орчмынх нь аж ахуй нэгжүүд цэвэрлэгээ хийж байгаад талархаж байна. Хүмүүс маань хандлагаа өөрчилж байна. Хаврын цэвэрлэгээг нийслэл даяар өрнүүлнэ. Хүүхдийн тоглоомын талбай, автобусны дотор тал гээд бүх нийтийн цэвэрлэгээг өрнүүлнэ. Иргэдээ идэвхтэй оролцоорой гэж уриалж байна. Мөн залуучууд маань уриалгыг дэмжиж цэвэрлэгээ зохион байгуулахдаа аюулгүй байдлаа хангаж ажиллахыг хүсч байна”.
Түүнчлэн эзэнгүй нохой, муур устгалын ажлыг гүйцэтгэгч байгууллагууд төвийн зургаан дүүргийн нутаг дэвсгэрт ажиллаж, энэ сарын 4-9-ний хооронд эзэнгүй нохой, муур устгах ажлыг зохион байгуулжээ. Одоогоор эзэнгүй, нохой муурын тоо толгойг хязгаарлахад галт зэвсэг ашиглаж байна. Цаашид унтуулах арга, үржил хязгаарлах ажилбар зэрэг боловсронгуй аргуудыг ашиглахаар судалгаа хийж байна.
Нийтийн бие засах газрын тоог нэмэгдүүлнэ
Улаанбаатар хотод хийж буй бүтээн байгуулалт, мөн 2023 оныг Монголд зочлох жил болгон зарласантай холбогдуулан нийтийн бие засах газрын тоог нэмэгдүүлэх шаардлагатайг Улаанбаатар хотын Ерөнхий менежер М.Баяраа онцолсон. Тэрбээр “Нийтийн бие засах газар 24 байдгаас 19 нь тогтмол ажиллаж байна. Энэ жилийн хувьд 10 байршилд нэмж шинээр байгуулахаар төлөвлөсөн. Тиймээс 24 цагаар нийтийн бие засах газрын үйлчилгээг иргэдэд хүргэх, үйлчилгээ эрхлэх, ашиглалт хамгаалалтыг хариуцан ажиллах сонгон шалгаруулалтыг зарласан тул хувийн хэвшлийн аж ахуйн нэгж байгууллагуудыг оролцохыг урьж байна” гэсэн юм.
Нөөцийн махыг энэ сарын 15-наас борлуулж эхэлнэ
Энэ үеэр мөн нөөцийн махны борлуулалтын талаар мэдээлэл өгсөн юм.
Нийслэлийн хүн амын хаврын улирлын махны хэрэгцээнд зориулан 12 аж ахуйн нэгж 7858.9 тонн махны нөөцийг бэлтгэсэн бөгөөд энэ сарын 15-наас нийслэлийн есөн дүүргийн 457 хүнсний дэлгүүрээр худалдан борлуулж эхлэх юм. Үүнтэй холбогдуулан нөөцийн махны хадгалалт, чанар, аюулгүй байдал, савлагаанд хяналт шалгалт хийж, худалдаанд гаргах бэлтгэл ажлыг хангаад байна. Үнийн хувьд үхрийн ястай мах 10700 төгрөг, хонины ястай мах 8600 төгрөг, ямааны ястай мах 6400 төгрөг буюу зах зээлийн ханшаас 2000-3000 төгрөгөөр хямдаар борлуулах юм.
Стандартын шаардлага хангахгүй болон зөвшөөрөлгүй байрлуулсан хаяг, хаягийн байгууламжийг цэгцлэх, буулгах ажлыг энэ сарын 1-нээс тавдугаар сарын 15-нд хоёр шаттай хийхээр дүүрэг бүрд эхлүүлээд буй. Энэ хүрээнд одоогийн байдлаар зөвшөөрөлгүй 428 байгууламжийг буулгаж, 1429 мэдэгдлийг хүргүүлээд байгаа юм.
Монголын cууц өмчлөгчдийн холбоодын дээд зөвлөл цэвэрлэгээний аянд нэгдэв
УБЗАА-наас зохион байгуулж буй Хаврын цэвэрлэгээний аянд Монголын cууц өмчлөгчдийн холбоодын дээд зөвлөл (МСӨХДЗ) нэгдэж байна.
МСӨХДЗ-ийн гүйцэтгэх захирал М.Галбаатар:
-МСӨХДЗ-өөс 2023 оныг СӨХ-ны эрх зүйн орчныг сайжруулах, мөн хүүхдэд таатай орчин бүрдүүлэх жил болгон зарласан. Энэ хүрээнд хийх эхний ажил маань Хаврын их цэвэрлэгээний аянтай уялдаж байна. Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй 1600 гаруй СӨХ хүүхдийн тоглоомын талбайнуудад үзлэг, шалгалт хийсэн. Үүний дүнд нийслэлийн хэмжээнд 138 тоглоомын талбайд засвар, үйлчилгээ хийх шаардлагатайг тогтоогоод байна. Тэгэхээр эхний ээлжид бид нийтийн зориулалтын орон сууцны ойр орчимд байгаа хүүхдийн тоглоомын талбайг угаах ажлыг зохион байгуулна. Мөн хороолол, хотхон, байрны фасад, хашлага, хайсыг цэвэрлэх арга хэмжээг авна гэлээ.
Энэ үеэр НЗДТГ-ын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар:
-Цаг агаар дулаарч, хөрсөн дээр нэмэх хэмтэй болохоор цэвэрлэгээний ажилд оролцох 100-140 хүнтэй иргэдийн бүлэг байгуулна. Ингэхдээ хагас цагаар буюу өдөрт таван цаг ажиллуулах тул иргэдийн бүлэгт ажиллах хүсэлтэй хүмүүс УБЗАА-ны Орчны бохирдол, хог хаягдлын удирдлагын хэлтэст хандах боломжтой. Орчноо цэвэр байлгахад иргэдийг уриалан, нүхэн гарцыг угаасан залуус болон эзэмшил газар, байшин барилгынхаа фасадыг цэвэрлэсэн аж ахуйн нэгжид нийслэлийн удирдлагуудын нэрийн өмнөөс талархсанаа мөн илэрхийлье” хэмээлээ.
More from Нийгэм
ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТЫГ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВӨӨС ЭХЛҮҮЛЛЭЭ
Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Золбоо “ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТ”-аа Эрүүл мэндийн төв, Өрхийн эрүүл мэндийн төвөөс эхлүүллээ. Эрүүл мэндийн төв 1963 …
ЭС, ЭД, ЭРХТЭН ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ ТӨВИЙН НАЙМАН ДАВХАР БАРИЛГЫН АЖИЛ ЭХЭЛЛЭЭ
Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах төвийн найман давхар, 120 ортой, 18 мянган метр квадрат 15 мэс …
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 14, 15 ДУГААР ХОРООНЫ ИРГЭД З.ТӨМӨРТӨМӨӨД ХҮҮХДҮҮДИЙН АЯ ТУХТАЙ СУРЧ БОЛОВСРОХ НӨХЦЛИЙГ ХАНГАСАНД ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЛЭЭ
Чингэлтэй дүүргийн 14, 15 дугаар хорооны иргэд үр хүүхдүүдийнх нь ая тухтай сурч хүмүүжих боломж нөхцлийг бүрдүүлэхийн төлөө их зүйл …